Монголын оюутны байгууллагын 73 жилийн ой болох гэж буйтай холбогдуулан МОХ-оос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тодруулбал ойн арга хэмжээг угтан МОХ-оос “Эрх нь хамгаалагдаж, ялгаварлалаас ангид оюутан” болон “21.700 оюутныг ажлын байртай болгох” сэдэвт хөтөлбөрийг анх удаагаа хэргэжүүлэх гэж байгаа юм байна. Тиймээс уг хөтөлбөрөө боловсруулан УИХ болон Засгийн газарт хүргүүлэхэд бэлэн болжээ.
Мэдээлэл технологийн үндэсний паркийн хойд талбайг засгийн газраас 2002 онд “Оюутны талбай” хэмээн тогтоож байжээ. Оюутны талбайд оюутны хөгжилд зориулсан барилга байгууламж баригдах, цаашлаад амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлөөр хангасан байдлаар тохижуулах ёстой байтал одоо “Blue moon”-ий авто зогсоол болсон талаар МОХ-ныхон онцолсон юм.
Уг асуудлаар МОХ-ноос шаардлага тавьж, Оюутны талбайг ашиг олох зорилгоор авто зогсоол хэлбэрээр ашиглаж буйг эсэргүүцсээр ирсэн боловч тодорхой үр дүнд хүрч чадаагүй байгаа юм байна. Тиймээс МОХ-ны зүгээс холбогдох газруудад Оюутны талбайг чөлөөлөх асуудлаар дахин шаардлага хүргүүлэхээр болжээ. Оюутнууд өөрсдийн талбайгаа зохих ёсоор нь ашиглаж, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж байхын төлөө тэд ийн тэмцэхээр шийдсэн аж. Тодруулбал ирэх гуравдугаар сарын 4-ны14.00 цагаас буюу оувны байгууллагын эрхийн өдрөөр “Blue moon”-ы авто зогсоолын талбайд МОХ-оос санаачлан оюутнуудыг хамруулсан тайван жагсаал зохион байгуулах юм байна.
МОХ-ны дэд ерөнхийлөгч З.Төмөртөмөө ярихдаа “Оюутан залуусыг зөвхөн төр засгаас бэлэн зүйл болон мөнгө төгрөг нэхэхээс өөрийг хийж, бүтээж чаддагүй мэтээр олон нийт үзэж байгаа. Нийгэмд тэднийг үнэлэх үнэлэмж ч энэ хэрээр унаж байна. Энэ байдлыг өөрчлөхийн тулд Монголын их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудын дунд “Эрх нь хамгаалагдаж, ялгавараас ангид оюутан” болон “21,700 оюутны Ажлын байртай болгох” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж, оюутны байгууллагын ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд 70.200 төгрөгийг 2015 оны ёсдүгээр сараас хойш олгоогүй байгаа асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө ажиллана” гэв.
Мөн “21,700 оюутны Ажлын байртай болгох” хөтөлбөрийн хүрээнд 18 мянган оюутныг судалгаанд хамруулж, тэдний хөдөлмөр эрхлэлтийн байдлыг гаргажээ. Өнгөрсөн оны 11,12-р саруудад явуулсан уг судалгааны үр дүнгээс үүдэн “21.700 оюутныг ажлын байраар хангах” үндэсний хөтөлбөрийг боловсруулсан аж. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр оюутнууд өөрсдийн хөдөлмөрлөж олсон орлогоороо сургалтын төлбөрөө төлөхөөс гадна хэрэглээний мөнгөө олох боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл оюутнуудыг амралтын өдрүүдээр нь ажлуулах боломжтой цагийн ажлыг бий болгож өгөхийг МОХ-оос анхаарч ажиллаж байгаа ажээ.
Мөн АСЕМ-ын үеэр зохион байгуулах хөтлөгч, орчуулагч, урлаг соёлын арга хэмжээ болон хот тохижилт зэрэг ажлуудад оюутнуудыг ажлуулахаар төлөвлөсөн байна.
Мөн үүнээс гадна оюутан цагдаа, оюутан орчуулагч, оюутан хөтөч хөтөлбөрүүдийг өргөжүүлж, оюутанд олгох урамшууллыг нэмэгдүүлэх гэсэн зүйлүүдийг тусгажээ.
Түүнчлэн цагаар болон амралтын өдрүүдэд, ажиллаж зуны цагт хөдөлмөр эрхэлж байгаа оюутнуудын эрхийг хамгаалах үүднээс тэднийг заавал хөдөлмөрийн гэрээтэй ажлуулж, даатгал болон бусад зохицуулалтад оруулах асуудлыг хуульчлах тухай саналыг ч гарган ажиллахаар болсон байна.
Б.Элбэрэл