Дого багшид Сошин гэдэг залуу шавь оржээ. Жир ёсоор сургуульд хичээл заадаг шиг Зэнгийн ном заах болов уу гэж тэр горилж байлаа.
Хүмүүс ийм л маягаар загварчлагдсан болохоор аргагүй. Амьдралынхаа 1/3-ийг та нар онол суртлын хичээл сургуульд үрж, түүндээ ижил дасал болдог. Тэгээд “Хоёр хоёрын хэд вэ?” гэж асууж, хариулдаг дадлаараа хайр, бурхан, амьдрал, бясалгалын тухайд эрэл сурал болдог.
Үнэн хэрэгтээ энгийн асуулт ч хариулт онооход бэрх. “Хоёр хоёрын хэд вэ?” гэсэн асуулт жинхэнэ математикч хүний хувьд хариултгүй. Хоёр адилхан юм хорвоод байхгүй шүү дээ. Хоёр хүн дээр хоёр хүнийг нэмсэн ч тус тусдаа хүмүүс байна. “Хоёр хоёрын дөрөв” гэдэг бол энгийн доод математик. Дээд математикт үүнийг харьцангуй болохоос үнэн биш гэдгийг мэддэг. Тэгвэл бүх математик, логикоос хэтийдсэн хайрын тухайд юу ярих вэ? Хайрын агаарт нэг дээр нэгийг нэмээд хоёр биш, нэг л байна. Гүн хайран дунд хоёр тусдаа бодгаль арилж, нэгдмэл оршихуйг мэдэрдэг. Тийм зүйлийг яаж сургууль суртлын аргаар заах билээ?
Жир ёсоор сургуульд хичээл заадаг шиг Зэнгийн ном заах болов уу гэж тэр горилж байлаа.
Жирийн… Гэхдээ ухамсаргүй төлөв. Жир ёсонд хоёр төрөл бий. Нэг нь нойрны буюу ухамсаргүй төлөв. Хэн нэгэн чамайг доромжлоход уур чинь дүрсхийнэ. Байгаагаараа боловч ухамсаргүй. Хэрэв Буддаг доромжилбол тэрээр уурлахгүй, харин нигүүлсэх болно. Ямар ч хүчлэлгүй, ая зөнгөөрөө. Энэ бол жир байхуйн өөр нэг төрөл…
Би та нарт сайн үйл хийх буюу зөв хүн болоход чинь шууд тусалж чадахгүй. Илүү бясалгагч болоход чинь л тусалж чадна. Өнгөн талдаа сайн үйл хийх, бясалгах хоёр хамааралгүй санагдах вий. Гэвч нойрмоглол дундаа хүн сайныг үйлдэж байна гэж бодоод мууг үйлдэж болно, бусдыг хорлож байна гэж бодоод тус болж мэднэ. Зүүд нойрон дунд юм бүхэн санамсаргүй. Сайн үйлстэн гэгдэх хүмүүс энэ дэлхийд хамгийн их гай төвөг удах нь бий. Тэд өөрсдийгөө хэн бэ гэдгийг таниагүй, дотоод аниргүмийг амсаагүй мөртлөө сайн үйл хийх гээд байдаг. Унтаа хүн сайныг байтугай саарыг ч үйлдэж мэдэхгүй шүү дээ. Юу ч хийсэн түүнд өөрийн эрх, ухамсар сэхээ байхгүй.
Зүү эмчилгээ нээгдсэн түүхийг мэдэх үү? Нэг хүн өштнөө алах гэж сум харважээ. Харвасан сум нь нөгөө хүний хөлийг онож. Уг явдлаас болж, хохирогч хүний насан туршийн шаналгаа болсон толгойн өвчин илааршжээ. Тэрээр оточ дээр очиж, “Таны эмчилж чадаагүй өвчнийг миний дайсан эдгээчихлээ. Уул нь, намайг алахыг хүссэн байх. Гэтэл эсрэгээр болж, толгойн өвчин өргөс авах шиг арилж орхилоо. Би тэр хүнд үнэн голоосоо талархаж байна” гэж хэлжээ. Мөнөөх оточ учрыг мөшгөсөөр зүү эмчилгээний аргыг нээсэн гэдэг. Тодорхой оньс цэгийг хөндөж хатгахад биеийн цахилгаан гүйдэлд өөрчлөлт ордог. Зүү эмчилгээний онол, үр дүнг орчин үеийн шинжлэх ухаан улам баталгаажуулж байна. Таван мянган жилийн тэртээ нэг хүн бусдыг хөнөөх гэж сум харваад нөгөө хүндээ төдийгүй бүх хүн төрөлхтөнд үлэмж гавъяа үйлджээ.
Ухамсаргүй төлөвт хүн сайн, муугийн алиныг ч мэдэхгүй. Түнэр харанхуйд тэмтчих мэт. Бүх зүйл тохиолдлын чанартай байна…
Сургуульд хичээл заадаг шиг Зэнгийн ном заах болов уу гэж тэр горилж байлаа.
Зэн бол номлол биш. Та нарын унтаж байгааг мэддэг болохоор юугаа номлох вэ, зүгээр л сэрээх гэдэг. Зэн бол сэрүүлэг. Тийм болохоор Зэн багшийг номлогч мэтээр ойлгож болохгүй. Тэр бол мастер. Номлогчтой байх, мастертай байх хоёр асар ялгаатай. Гэвч та нар мастер дээр ирэхдээ номлогч дээр очиж байгаа шигээ л санадаг. Түүнээс гүн ухаан, сургаал ном хүртэнэ гэж горилдог. Жинхэнэ мастерын ажил номлогчийнхоос тэс өөр, илүү бэрх. Маш цөөхөн хүн л мастер-багштай үлдэж чаддаг. Түг түмэн төрөл дамжин үргэлжилсэн балар зузаан нойроос сэрэх ер бусын зориг зүрх шаардана. Өөрийг чинь сэрээж чадах нэгэнд агуу их итгэл, асар их буулт хийх хэрэгтэй.
Зэн багш сэрэх чөлөө учрал бүрдсэн хүнд л авшиг хүртээдэг. Түүнээс наана шавь нар эхлэн суралцагч хэвээрээ байна. Шал угаах, хоол хийх, түлээ хагалах, ус зөөх мэтийн хар бор ажил хийсээр олон сар, жилийг элээж магад. Багш тэднийг ажигласаар л. Эгэл үйлээр дамжуулж илүү сэрэмж сэхээтэй болоход нь тусалдаг.
Энэ коммунд мянган санъяасин өөр өөр ажил хийж байгааг та нар харна. Анх удаа энд ирсэн энэтхэгчүүд гайхаж хоцордог. Тэд дацан хийд – ашрам, хуврагийн чуулган – коммуныг тэс ондоогоор харж, төсөөлж дассан. Тэнд хүмүүс хурал ном хурж, мөргөл тахилга үйлдэж суудаг. Гэтэл эндэхийн хүмүүс хоол хийж, юм оёж, зураг зурж, хөгжим тоглож, яруу найраг туурвиж, хар ажил хийж, дуулж бүжиглэж байдаг. Ёс жаягт хүлэгдсэн амьгүй сүг сүүдрүүдийг л харж дассан тэдний нүд анх удаа ийм амьд оргилуун үзэгдлийг хараад алмайрч таараа.
Эрхи эргүүлж, маань тоолохоос өөр юм хийдэггүй амьдралаа ариун буянч гэж тооцдог хүмүүсийг Зэн элэглэдэг. Зэн бүтээлч чанарт итгэдэг. Зэн эгэл ертөнцөд итгэдэг. Эглийг эгэлгүйд хувиргахыг тэр хүсдэг. Тиймээс эхлэн суралцагчид өгдөг эхний илгээлт нь: Ажилла, гэхдээ сэргэг бай. Тарни давтаж сууснаас ажил хийх үед илүү сэргэг байх боломжтой. Зүгээр л тарни уншаад суувал тэр чинь нойрсуулагч эм шиг үйлчилнэ…
Сургуульд хичээл заадаг шиг Зэнгийн ном заах болов уу гэж тэр горилж байлаа.
Хүн биеийн хувьд өсөвч оюун санааны хувьд нялхас хэвээр үлддэг. Хүний оюун санааны нас арван гурваас хэтэрдэггүй гэж сэтгэлзүйн ухаанд тогтоожээ. Гаднаа далан настай өвгөн байлаа ч дотроо арван гуравтай жаал хэвээр явдаг гэсэн үг. Та нарын бурхан тэнгэр ийм л хүүхдийн төсөөлөл – эцгийн дүр байдаг. Төрсөн эцэг чинь талийгаач болсон байж магад. Үгүй ч бай нэгэн өдөр нөгчиж таараа. Гэтэл та нарт цаг ямагт харж хамгаалдаг мөнхийн эцэг хэрэгтэй.
Нэг хүн Гүржиевээс: “Яагаад бүх шашин эцэг, эхээ хүндлэхийг сургадаг юм бэ?” гэж асуужээ. Гүржиев: “Энгийн шалтгаантай: Хэрэв чи эцэг, эхээ хүндлэх юм бол бурхан тэнгэрийг ч хүндлэх болно. Учир нь, бурхан тэнгэр бол үнэмлэхүй эцэг, эх. Эцэг, эхээ тоохгүй хүн бурхан тэнгэрийг ч тоохгүй шүү дээ” гэжээ.
Энэ бол гүнзгий хараа: Бурхан тэнгэр бол агаа их эцэг, та нар бол төөрсөн үрс. Эцгээ эрж, өмөг түшиг, аврал ивээл хүлээгсэд. Шашин шүтлэг, мөргөл залбирал чинь ийм л нялхсын сэтгэхүйгээс төрдөг.
Зэн бол нялхсын сэтгэхүйг тэжээн тэтгэгч биш. Тиймээс эзэн бурхан, эцэг тэнгэрийн дүр төс, санаа оноо түүнд огтоос байхгүй. Тэрээр та нарыг жинхэнэ утгаараа эрийн цээнд хүрээсэй гэж хүсдэг учир орь ганцаар ахуй руу түлхдэг. Учир нь, гаднаас горилох, бусдаас хүлээх аврал хамгаалалт үгүй орь ахуй дотор л хүн боловсорч хөгждөг. Боловсрох нь эрх чөлөө юм. Боловсрох нь хорвоогоос гэтлэхүй юм.
Гэтэл Дого түүнд ямар ч ном заасангүй. Сошины урам хугарч, сэтгэл үймэрчээ.
Тэр залуу чээжилж тогтоох ном судар, ягшин баримтлах дүрэм журам хүсч байлаа. Тэр нь түүний өөртөө баясаж, өрөөлд гайхуулах эрдэм мэдлэг болох байлаа. Гэтэл Багш ямар ч тусгай ном хүртээсэнгүй. Ингээд тэр сэтгэлээр унажээ. Чи горьдлогод автсан л бол цөхрөлд автах жамтай. Горьдлого бүхэн цөхрөл дагуулдаг.
Нэгэн өдөр тэрээр:
– Энд ирээд нэлээд удлаа. Гэвч Зэнгийн тухай та надад нэг ч үг хэлсэнгүй гэж Багшид өчив.
Хүмүүс үргэлж яардаг. Ирээд гурав хоносноо л “Би гурван хоног бясалгалаа шүү дээ. Яагаад гэгээрэхгүй байна?” гэж асуудаг хүн бий. Өдөрт нэг цаг бясалгасан бол гурван өдөрт ердөө л гурван цаг. Гэхдээ тэдний бясалгалыг шинжихэд зүгээр л нүдээ аниад сэрүүн зүүдэлж суудаг. Ямар ч амар амгалан, сэрүүн тунгалаг ухамсар үгүй, мянган бодол, түмэн дурсамж, хүсэл шунал хөврөөстэй. Тэгж гурван өдрийг өнгөрөөчихөөд “Ошо, ийм удаан бясалгаж байхад учрах болмоор сон?” гэнэ. Хэр удаандаа биш, хэр утгатайдаа л байгаа юм. Яг одоо учирч болно. Эсвэл өчнөөн жил, төчнөөн төрлийг элээж болно.
Хариуд нь Дого:
– Ирсэн цагаас чинь хойш би чамд Зэн зарчмыг зааж байна гэлээ.
Жинхэнэ мастерийн зам мөр ийм нарийн нууцлаг. Тэрээр Зэнгийн сургаал ном гээгүй, зарчим гэснийг анзаар.
– Та ямар ном заасан юм бэ?
– Өглөө цай авчрах бүрт чинь би хүлээж авдаг. Хоол хийж барихад чинь мөн хүртдэг. Өвдөг сөгдөхөөр чинь хариу толгой дохидог. Өөрөөр яаж Зэнг заалгах гээв?
“Чи намайг ажигладаг уу?” гэж Багш сануулж байна. Ажиглах, сэхээрэх – Энэ бол Зэнгийн зүрхэн тольт. “Өглөө бүр цай авчрахад чинь ямар талархалтайгаар хүлээн авч, ямар бишрэлтэйгээр цайгаа уудгийг минь анзаардаг уу? Энэ бол зүгээр нэг цай биш!” гэж Багш хэлжээ.
Зэнгийн мэлмийд ердийн юм гэж нэгээхэн ч үгүй. Бүх юм ер бусын, бүх оршихуй бурханлаг. Зэн мастерууд цай уух мэтийн жирийн үйлийг ч номын ариун хурим болгож хувиргадаг. Зэн хийд бүхэнд цайны ёслолд зориулсан тусгай сүм бий.
Багшийн цайнд уригдсан хүн угаал үйлдэж, бясалгал хийж, эрхэм дээд цэнгүүнд бэлдэж өөрийгөө ариусгадаг. Тэгээд чулуун жимээр алхам бүрээ ухамсарлаж, аажуухан алхана. Сүмд ойртох хэрээр түүний ухамсар улам сэрнэ. Шувуудын жиргээг анирдаж, цэцэгсийн анхилгыг мэдэрнэ. Цайны сүмд дөхөхүйд самоварын чимээ ч сонстоно. Сүмийн гадаа гутлаа тайлаад дотогш орно. Багшийн өмнө дуугайхан мөргөл үйлдээд, нэгэн буланд нам жим сууна. Самоварын хүржигнэх чимээ нам гүмийн хөгжим болж, цайны өвөрмөц анхилам үнэр өрөөг дүүргэнэ. Энэ бол залбирлын гэгээн хором. Багш өөрөө аяга, дийз авч өгөөд цай аягална. Түүний хөдөлгөөн бүхэн авшиг хүртээлт. Ингээд бүгдээрээ цайгаа намуухан бөгөөд сэрэмж сэхээ төгөлдөр ууна. Энэ бол дияан бясалгал.
Хэрэв чи цай уухаа бясалгал болгох юм бол өөр юуг ч бясалгалд урвуулж чадна. Хувцас угаах, хоол хийх, гэр цэвэрлэх гээд эгэл үйл бүхэн чинь дияан байх боломжтой.
– Өглөө цай авчрах бүрт чинь би хүлээж авдаг. Хоол хийж барихад чинь мөн хүртдэг. Өвдөг сөгдөхөөр чинь хариу толгой дохидог. Өөрөөр яаж Зэнг заалгах гээв?
“Үйлдэл бүрээ ухамсарлаж, тохиол тутамд зохирч байгааг минь анзаарахгүй нойрмог явдаг юм уу, чи? Бүх оршихуйд талархаж, учрал бүрийг бүрэн дүүрэн хүлээн авдгийг минь хар л даа. Намайг ажиглах юм бол чи Зэн зарчмыг аяндаа ойлгоно. Үүнээс өөр ном үгүй. Үлгэр жишээ авч, түүнчлэн үйлдэх учиртай” гэж Багш хэлсэн байна.
…Өөрөөр яаж Зэнг заалгах гээв?
Гэвч та нар хардаггүй, сэхээрдэггүй. Адгаж яарсан, алгасангуй сэтгэлээр үйл бүрээ хайш яйш үйлддэг. Тиймдээ л ижил нүхэнд эргэн эргэн ойчдог. Энэ амьдралд та нар бусад бүх зүйлийг сурч мэдэх гэдэг мөртлөө өөрсдийг чинь хувиргаж чадах цорын ганц ур ухаан болсон ухамсар сэхээнд суралцдаггүй.
Багшийн хачирхалтай үгийг сонсоод Сошин толгой унжуулан бодлогошров.
– Харахыг хүсч байгаа бол шууд л хар. Бодоод эхэлбэл төөрнө шүү! гэж Багш түүнд хэлжээ.
Дорнын уламжлалд философи гэдэг үг биш, даршан гэдэг үг л бий. Ердийн төвшинд философийг даршан гэдэг үгээр орлуулж орчуулах болжээ. Утгын хувьд тун буруу. Даршан бол үзэхүй гэсэн үг. Философи бол сэтгэн бодохуйн нэр. Үзэх, сэтгэх хоёр өдөр, шөнө шиг зөрүүтэй.
Багшийн дэргэд чимээгүй, сэрүүн тунгалаг байх юм бол түүнийг харж чадна. Толгойгоо унжуулаад бодоод эхэлбэл өөрийнхөө үгэнд төөрч, Багшийг алдах болно. Багшийг чи өөрийн үг хэл рүү орчуулах гэдэг. Тийм дээд, тийм гүнзгийг гуйвуулж л орчуулна шүү дээ. Тиймээс элдэв бодолгүй зүгээр л сонс.
“Юу ч асууж лавлахгүйгээр таныг аялдан дагаж сонсох нь хараат болох зам биш үү?” гэж саяхан надаас нэг хүн асуусан. Намайг дэмжиж, зөвшөөрч байгаа чинь намайг өөрийнхөөрөө орчуулж байгаа хэрэг. Чимээгүй сонсох нь аялдах, эсвэл сөргөлдөхийн аль нь ч биш. Аялдах нь эерэг, сөргөлдөх нь сөрөг боловч хоёулаа идэвхийлэл юм. Идэвхийлсэн хүн чимээгүй байж чадахгүй. Чимээгүй байх гэдэг нь ямарваа идэвхийлэл үгүй, зүгээр л нээлттэй, энд-одоо байхын нэр…
Аялдах, сөргөхөөс ангид чимээгүй байхын урлагийг Дорно дахин зуун зуунаар мэддэг. Бидний дотор үнэн угаасаа байдгийг энд нээсэн. Гаднаас үнэнийг сонсох үед чиний дотоод үнэн сэрдэг. Тиймдээ л аль хэзээний мэддэг юм шиг “Тийм ээ” гэж дуу алдана. Энэ бол эргэн санахуй. Багштай зүгээр л хамт байснаараа чи мартсан зүйлээ нэхэн санадаг юм…