Босоо ятга
Танин мэдэхүйн өнгө төрх бүхий ээлжит цуврал нийтлэлээ эртний хөгжмийн зэмсгүүдийн нэг болох босоо ятгаар эхэлж байгаа нь түүний ур хийцийн гоо зүй болон үнэт түүхийг харгалзан үзсэнийх болов уу. Учир нь хөгжмийн хаан төгөлдөр хуур гэх хүн олон ч гэлээ чухам түүний гол эх үндэс босоо ятга байсан гэдэгтэй санал нийлэх хүн мөн л олон байх биз.
Сонгодог галбирын бүтэц
МЭӨ 3000 жилийн алсаас бүтсэн түүхтэй гэх олон чавхдаст уг хөгжмийн зэмсэг нь босоо хэлбэрээр байрлах бөгөөд уруугаа шовхорсон маягтай гурвалжиндуу галбир бүхий түүний өндөр гол төлөв нэг метр орчим байдаг гэнэ. Мөн нүүрэн тал нь хавтгай, ар тал нь дугуйрсан хайрцган цартай агаад могойрон тахийсан дээд хүрээ, хатуу модон тулгуур баганаас тогтох эл зэмсэгт 46-48 чавхдас, долоон гишгүүр оногдсон байх аж. Ерөнхий бүтцийг нь доорх зурагт үзүүлэв:
Дан ятгын босоо даяаршил
Гишгүүрийнх нь тусламжтай бемоль, бекар, диез хагас хөг гаргаж болох босоо ятгын нэн эртний түүх нь Шумерийн үед хамаарах ба Африк, Европ, Хойд болон Өмнөд Америк, Азид төрөл бүрээрээ тархаж улмаар Испанийн эзэнт гүрний үеэс босоо ятга илүү боловсронгуй болж хөгжсөн бөгөөд XVIII зуунд симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнд багтах болсон аж. Харин энэ цаг үед мэргэжлийн босоо ятга хөгжмийг Америк, Япон, Испани, Герман зэрэг улсад үйлдвэрлэж байна.
Сэтгэл мэт торгон мэдрэмж
Дуурь, балетын хамгийн уянгалаг, хамгийн эмзэг нарийн сэтгэлийн хөдлөлийг илэрхийлэх аялгууг гагцхүү босоо ятгаар гаргах ба чавхдасууд болон хөлийн гишгүүр нь тухайн хөгжимчний арга барилтай хослон 150 гаруй төрлийн өнгө гаргах чадалтай гэдэг. Энгийн жишээ нь гэхэд л 48 чавхдас дээгүүр нь хурууны өндгөөр имрэн өнгөрөх төдийд булгийн ус боргилох мэт уран аялгуу эгшиглэх нь хэний ч туршиж болох үнэн гэх юм билээ.
Хөгжмийн хаан ч хүрэхгүй зэмсэг
Ердөө таван октав мөн дээр нь гишгүүргүй байсан гэх босоо ятгыг Якоб Хохбрукер гэгч нь анх 1720 онд гишгүүртэй болгон өөрчилснөөр энэхүү хөгжмийн зэмсгийн дуугаралтын цар хүрээ илүү нэмэгдсэн байна. Магадгүй энэ нь төгөлдөр хуурыг цохилуур хөгжим, босоо ятгын нийлбэр зохицлоос үүссэн гэх түүхтэй холбоотой байж мэдэх. Гэсэн ч тоглож буй хүндээ зайтай сонсогдох төгөлдөр хуурын аялгууны дэргэд утсанд нь хүрмэгц өмнө нь сонсогдох босоо ятганы аялгуу илүү амьд мэдрэмж төрүүлнэ гэдэгтэй санал нийлэх нь илүү олон байх болов уу.
Нийтэлсэн П.Нарангэрэл
Эх сурвалж:www.ave.mn