Сергей Бодровын найруулсан “Монгол” киноны Бөртэ хатны дүрээр монголчуудын танил болсон жүжигчин Ч.Хулантай ярилцлаа. Тэрбээр Казахстан улсад ажиллаж, амьдарч байна.
-Ярилцлагаа таны тоглож буй “Казахское ханство” олон ангит киноноос эхэлье. Энэ кинонд тоглох саналыг танд хэрхэн тавьсан бэ?
-Уран бүтээлчид киноны дүрийн шалгаруулалтад намайг урьж, Монголын ханы хатны дүрд тэнцсэн.
-Н.Назарбаев ерөнхийлөгчийн санаачлагаар улсынхаа ойд зориулж хийж байгаа энэ кинонд “Монголын жүжигчдийг тоглууллаа” гэсэн шүүмж Казахстанд гарсан гэсэн?
-Энэ киног Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаевын санаачлагаар найруулж байгаа. Дэлгэцнээ хараахан гараагүй болохоор үзэгчдийн зүгээс хүчтэй шүүмж, сэтгэгдэл ирээгүй байна. Монголчууд уг кинонд Ойрадын язгууртнуудын дүрийг бүтээж байгаа учраас урлагийнхан болон иргэдийн зүгээс айхавтар шүүмж гарахгүй болов уу гэж бодож байна.
-Таныг монголчууд Оросын найруулагч Сергей Бодровын “Монгол” киноны Бөрт Үжиний дүрээр мэднэ. Энэ дүрд санаандгүй тохиолдлоор тоглосон гэдэг байх аа?
-Би “Монгол” уран сайхны кинонд тун санаандгүй тохиолдлоор тоглосон. Монгол Улс дахь Хятадын Элчин сайдын яамны байранд бичиг баримт хөөцөлдөж яваад Гука Оморавтай (“Монгол” киноны кастинг директор) таарсан юм. Гука намайг чиглэж ирээд “Та монгол хүн үү” гэж асууж билээ. Гукатай хамт Солонго хэмээх орчуулагч бүсгүй хамт явж байлаа. Би түүний асуултад гайхсан ч “Тийм ээ би монгол хүн” гэж хариулсан юм. Надад түүхэн киноны нэгэн дүр хайж буй тухай яриад “Та пробонд ороод үзээч” гэсэн санал тавьсан. Тэгээд миний утасны дугаарыг асуухад нь би “Та өөрийнхөө дугаарыг өгөөч. Би ярьж байгаад очно” гэж худлаа ярьсан боловч миний дугаарыг гуйж байгаад авсан. Би гэртээ ирээд болсон явдлыг эцэг эхдээ ярилаа. Гэрийнхэн минь “Миний охин шалгуулаад үз” гэсэн. Пробны урилга ирсэн тухайгаа дунд сургуулийн найз охиндоо хэлтэл “Шалгуулаад тэнцэх ч юм билүү” гэхээр нь хамтдаа пробонд орохоор очсон доо.
-Тэгээд пробонд ороод шууд тэнцсэн үү. Олон улсын баг найруулсан кино учраас гадаад дотоодын олон жүжигчин шалгуулсан байх?
-“Eurasia”, “CTB”, Andrey’s banner”, “X-Filme Creative Pool” “Kinofabrika Gmbh”, “Picturehouse” кино компанийн хамтын бүтээл болох тус киноны хэсэг уран бүтээлч Бөртэ хатны дүрд тоглох жүжигчнийг хайж Монголд ирээд хэд хэдэн эмэгтэйг пробонд оруулсан юм билээ. Гэсэн ч ерөнхий болон хоёрдугаар найруулагчийн сонголтод нийцэх дүр төрхтэй эмэгтэй олдоогүй байсан. Пробонд тэнцсэний дараа найруулагч надтай уулзахад “Би мэргэжлийн жүжигчин биш. Би зүгээр л шалгуулаад үзье гэж бодсон” гэж хэлсэн. Тэгээд Бөртэ хатны дүрд тэнцэж, тоглосон юм.
-Сергей Бодров бол Оросдоо дээгүүрт бичигдэх кино найруулагч. Түүнтэй ажиллахад ямар байв?
-Сергей Бодровтой ажиллахад сонирхолтой бас амар байсан. Надад кино зураг авалтын талбайд өрнөж буй бүх явц сонирхолтой байлаа. Ер нь кино урлагт хөл тавьсан минь“Монгол” кинонд тоглосонтой холбоотой. Би Бөртэ хатны дүрийг бүтээх хүртлээ кинонд тоглоно гэж огт бодож байгаагүй.
-Кино зураг авалт хэдэн жилээр үргэлжилсэн гэсэн. Таны дүрийн аль хэсэг нь бүтээхэд дөхөм байсан бэ?
-“Монгол” уран сайхны киноны зураг авалт 2005-2007 оны хооронд үргэлжилсэн юм. Би морь унаж өссөн учраас морьтой зураг авалтууд амархан байсан.
-Сергей Бодров нэгэн ярилцлагадаа “Монгол” бол гурамсан ангит киноны эхлэл байсан гэж хэлснийг уншсан юм байна. Тэгэхээр энэ киноны дараагийн ангийг хэзээ хийх бол?
– “Монгол” бол гурамсан ангит киноны нэгдүгээр анги нь. Яг хэзээ дараагийн ангийг нь найруулах талаар тодорхой шийдвэр гараагүй гэсэн. Гэхдээ удахгүй найруулах байх гэж найдаж байна.
-Дараагийн ангид та мөн Бөртэ хатны дүрд тоглох уу?
-Хэрвээ надад тийм санал ирвэл дуртайяа Бөртэ хатны дүрийг бүтээнэ.
-“Монгол” киноны дараа хэчнээн уран бүтээлд тоглов?
-“Монгол” киноны дараа дүр бүтээж буй томоохон хэмжээний дэлгэцийн бүтээл нь“Казахское ханство” болж байна.
-Дэлгэцийн бүтээлүүдэд дүр бүтээгээгүй ч бүрэлдэхүүнд нь багтаж ажиллаж байгаа биз дээ?
-Би хэд хэдэн киноны найруулагчийн бүрэлдэхүүнд ажилласан. Тухайлбал, “Лавэ”, “Меч победа” зэрэг бүтээлд Өвөрмонголоос ирсэн Хонтонг Бату жүжигчний орчуулагчаар ажилласан. Одоо найруулж буй “Казахское ханство” олон ангит кинонд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд жүжигчний орчуулагчаар ажиллаж байна.
-Та кино урлагт хөл тавихаасаа өмнө сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг байсан. Хааяа мэргэжлээрээ ажиллахсан гэсэн бодол төрдөг үү?
-Хааяа тийм бодол төрдөг шүү. Гэхдээ кино урлаг намайг мэргэжлээс минь илүү ховсодсон.
-Та Казахстанд олон жил амьдарч байна. Тэндхийн кино урлаг манайхаас хэр ялгаатай вэ?
-Би Монголын кино урлагийн салбарт ажиллаж үзээгүй болохоор яг ийм тийм гэж хэлж мэдэхгүй юм.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Unen.mn