– Үлдсэн амьдралаа эзэнгүй арал дээр ганцаардан өнгөрөөх болжээ гэж бодъё, өнөөх Робинзон Крузо шиг. Тэгвэл, ямар ном аваачиж унших вэ?
ВВС радиогоор олон жил нэвтрүүлж буй, сонин сайхнаа одоо ч алдаагүй Эзэнгүй арлын пянз хөтөлбөр яг ийм асуулт тавьдаг юм. Бас ВВС-гийн олон улсын сувгаар цацагддаг болохоор дэлхий даяар андахгүй.
Арал руу аваачиж сонсох найман аязыг хамтдаа сонссоны дараа нэвтрүүлгийн зочинд тавьдаг хоёр асуултын нэг нь дээрх санаа юм. “Цөлөгдөгч” өөрийн хүссэн өөр нэг зүйлийг авч явах эрхтэй. Харин энэ нь юу байх бол! Хариулт ихэвчлэн ер бусын байх бөгөөд зарим нь аминдаа хор хийх үрэл хүсч байхад нөгөөх нь Нью Йорк хотын Урлагийн музейг сонгох жишээний. Хортой үрэл авч явсан талийгаачаас Библи (эсвэл аль нэг шашны судар), Шэкспирийн бүтээлүүд үлдсэн гэж тооцоод, өөр ямар ном хэрэг болохыг дашрамд бас сонирхоно.
Би энэ нэвтрүүлгийг 1942 оноос хойш 50 жил чагнаж байна. Зочид арал дээрх ганцаардмал амьдралдаа хань болгохоор утга зохиолын сонгодог бүтээлүүдээс ихэвчлэн нэрлэдэг. Сонирхолтой нь, сүүлийн жилүүдэд Жэйн Остин (алдарт Робинзон Крузо аман хүзүүнд нь явж байгаа) хамгийн эрэлттэй зохиолчоор шалгарч байгаа. Бас нэг сонин юм ажиглагдсан нь урьд өмнийн мянга мянган нэвтрүүлгийн зочин-цөлөгдөгч их төлөв уншчихсан номоо сонгодог явдал.
Ийм сонголт уран зохиолын талаар бидэнд нэгийг өгүүлэх мэт ээ. Юуны өмнө, уран зохиол бидний амьдралд томоохон байр суурь нэгэнт эзэлснийг хэлж байна. Хоёрдугаарт, утга зохиолыг шимтэн хүртдэгээрээ оройн зоогтой төстэй мэт боловч, шимтэн хүртснээс хойш ч амт шимт нь үлддэг онцлогтой аж. Харин ч анх амссан үеийнх шигээ хорхой хүргэсээр байдаг.
Хэдэн жилийн өмнө тэр нэвтрүүлгээр орохдоо өөрийн редакторлаж, найруулсан Тэккэрэйн Вэнити хотын яармаг зохиолыг сонгож байлаа, би. Бараг зуун удаа уншсан ч, дуртай хөгжмөө сонсох мэт унших тоолонд тааламжтай сайхан.
Утга зохиол унших тусам гайхалтай сэтгэл ханамж өгдөг. Ийм гайхалтай болгодог зүйлийн нэг бол уран зохиолын өгөөж шим өөрөө дундаршгүйд оршино. Эргэн зочлох бүрийд шинэ зүйл ойлгож, мэдэрч авдаг.
Танд толилуулан буй ном хэдийгээр “товч түүх” нэртэй боловч, утга зохиол өөрөө товч зүйл яавч биш ээ. Насаараа уншаад ч барахгүй арвин их туурвил тэнд бий. Эндээс шилээвэр дээжсийг нь түүж гаргах нь бидний зорилго. Харин хэрхэн яаж сонгон, шигших нь тун ч яггүй дээ.
Энэхүү товч түүх нь төгс төгөлдөр гарын авлага огт биш (зүгээр л уншаад үз), харин “Олон хүнд таалагдсан бүтээлүүд учир танд ч бас үнэ цэнэтэй санагдаж магадгүй юм. Эцсийн эцэст та өөрөө л шийднэ шүү дээ” хэмээсэн зөвлөгөө төдий юм.
Аливааг бодож тунгаах дуртай хүмүүний амьдралд утга зохиол томоохон үүрэг гүйцэтгэдэг. Гэртээ, сургууль дээрээ, найз нөхдөөсөө болон илүү мэдлэг боловсролтой хүний амнаас их зүйл сурдаг ч хамгийн чухал мэдлэг ойлголт уншсан зохиолоос маань соёолон дэлгэрдэг. Хэрвээ сайн бүтээл унших аваас өнгөрсөн болон одоо үеийн сор ухаантнуудтай мөр зэрэгцэн сууж, ярилцах мэт сэтгэгдэл хүртэл төрнө. Уран зохиол уншиж өнгөрөөсөн мөчүүд л хамгийн ашигтай өнгөрүүлсэн цаг хугацаа мөн. Өөр хэн юу ч гэсэн битгий тоогоорой!
За тэгвэл, уран зохиол гэж яг юу вэ гэсэн асуулт гарна. Амархан асуулт биш л дээ. Утга зохиол руу сайтар өнгийвөл санаанд нийцэх сайхан хариулт гарч ирж магадгүй л юм. Нэн ялангуяа амьдралдаа анх уншиж байсан номуудаа эргэн сөхөх хэрэгтэй. Хүүхдийн зохиолууд (Хүүхдүүд бичсэн бус, тэдэнд зориулж томчуудын бичсэн ном). Бидний ихэнх нь номын ертөнц рүү унтлагын өрөөнөөсөө л хөл алдаж эхэлсэн. (Харин хичээл дээр бичиж сурсан) Хайртай дотны хүмүүс маань дэрэн дээр минь үлгэр, домог уншиж өгдөг байсан нь танин мэдэхүйн энэ урт аяллыг эхлүүлсэн гэлтэй.
Улмаар, өсч том болсон хойноо уйдаагаа гаргах гэж уншдаг байсан нь дадал болон үлддэг. Амьдралынхаа турш унтахаар хэвтэх бүрийдээ ном өвөртлөн гарчиглаж эсвэл BBC радио нэвтрүүлэг Унтлагын цагийн ном сонсон хэвтэнэ.
Унтлагын хувцсаа өмсчихөөд шууд дугжрахын оронд хөнжил дотроо, гар чийдэнгийн гэрэлд ном уншин зугаацаж байсан л байлгүй. Харин хуяг дуулга болсон үлгэрийн баатрын хувцас маань өрөөний буланд шүүгээнд эвхээстэй байхаасаа илүүтэй, гадны аюултай ертөнцтэй нүүр тулахад хэрэглэгдэнэ.
Ах дүү дөрвөн Пэвэнз хөдөө рүү дүрвэж нүүсэн түүх нь телевиз хэмээх технологийн буянд кино, жүжиг болж найман настай балчраас наян настай өтгөс хүртэл хамаг амьтанд танигдсан билээ. Үйл явдал 1940-өөд онд, дайны үед өрнөх бөгөөд сайхан сэтгэлт Профессор Киркийн (Кирк гэдэг нь шотланд хэлээр сүм гэсэн үг ба уран зохиолд иймэрхүү жижиг бэлгэдлийг байнга хэрэглэдгийг сануулах юун) буянаар Лондонг сүйрүүлсэн шөнийн бөмбөгдөлт тэднээс холуур өнгөрнө.
Бодит амьдралын ертөнц хүүхдүүдэд дэндүү аюултай газар болж, учир нь үл мэдэх шалтгаанаар тэнгэрээс аюул заналхийлж хүмүүсийг алах гэж оролдож буй талаар уг номд өгүүлдэг. Хүүхдэд улс төрийн бодлого, түүх зэргийг тайлбарлахад төвөгтэй. Харин уран зохиол бүх насныхантай холбогдож чаддагаараа гайхамшигтай.
Бороотой нэг өдөр, Киркийн харштай танилцаж явахдаа тэд нүсэр том хувцасны шүүгээ бүхий өрөө олдог талаар зохиолд гардаг. Бага дүү Люси нь сониуч зангаа барьж дийлэлгүй шүүгээнд орно. Дараа нь юу болдгийг Арслан, Шулам, Хувцасны шүүгээ номыг уншсан хүмүүс санаж байгаа биз ээ. Люсигийн орхисон Лондон тэр л хэвээрээ бодит атлаа, давхар төсөөллийн өөр нэгэн шинэ ертөнц рүү хөл тавина. Түймэрдүүлж буй Лондонгоос дээрдэх юмгүй газар. Нарниа хот аюулгүй газар биш ээ. Ер нь тэгээд арслан, шулам мэттэй нөхөрлөнө гэдэг аюулгүй ч юм бас биш.
Зохиолд өгүүлснээр, Нарниа хот Люсигийн төсөөлөл ч юм уу, зүүд биш юм. Аль 85 жилийн өмнө Люис Кэрролигийн зохиолын баатар Алиса охин гайхамшгийн орон руу аялдаг шиг, тэр модон шүүгээ бол биелсэн гайхамшиг ажгуу.
Гэхдээ Нарниа яаж бодит мөртлөө төсөөллийн ертөнц болохыг ойлгохын тулд уран зохиолын цогц бүтцийг ухаарах хэрэгтэй. (Хүүхдүүд хэлний зүй тогтлын цогцлолыг багадаа амархан сурдаг шиг мэдлэгийг ч мөн адил төрөлх зөнгөөрөө, хурдан олж авдаг.)
Арслан, Шулам, Хувцасны шүүгээ бол ёгт үлгэрийн зохиол. Юу гэсэн үг вэ гэхээр, ямарваа нэг зүйлийг өөр зүйлээр орлуулан үзүүлж, аль нэг бодит зүйлийг бодит бус зүйлтэй жишин харуулна гэсэн утгатай. Одон орон судлаачдын хэлж байгаачлан орчлонт ертөнц хязгааргүй тэлж яваа аж. Гэвч хорвоо хэчнээн тэллээ ч Нарниа тэндээс олдохгүй.
Нарниагийн ертөнц, түүн дээр амьдардаг Люси хоёр зохиолч С.К.Люисийн уран сэтгэлгээний бүтээл юм. Хэдий тийм ч бид Нарниагийн хийсвэрлэлийн хаа нэгтээ үнэний улбаа байгаа гэдэгт итгэдэг. (зохиолчийн санаа ч тэр байсан байх)
Цаашлаад Арслан, Шулам, Хувцасны шүүгээ зохиолыг шашны утга санаатай гэхэд хилсдэхгүй. (Люис зохиолчоос гадна шашин судлаач хүн байсан) Амьдралын орчин нөхцөлийг зохиолч илүү бодит үнэн гэж үзсэн үзлээр номонд тайлбарласан. Хэдий энгийн байсан ямар ч утга зохиол Бид хэн болох, яагаад энд оршин байна вэ гэсэн асуудлыг ямагт хөнддөг. Энэ асуултанд гүн ухаантнууд, шашны төлөөлөгчид, эрдэмтэд өөр өөрийнхөөрөө хариулдаг. Уран зохиолын хувьд төсөөлөл гол хариулт нь болно.
Арслан, Шулам, Хувцасны шүүгээ номыг унших нь бид шүүгээний орноор (мөн номын хуудсаар) дамжуулан дээрх асуудлыг илүү ухварлахад хүрдэг. Хүний ертөнцийн мөнхийн асуудлуудыг ойлгоход туслаад зогсохгүй, амтанд нь орж улам цааш унших хүсэл, таашаалаар шагнуулдаг. Нарниагийн түүхүүд хүүхэд насны ертөнцөд хөтөлж явсан бол насанд хүрсэн хойноо уншсан ном зохиолууд хүмүүний амьдралын гүн рүү дагуулдаг. Эмма ч юм уу, эсвэл Диккэнсийн аль нэг зохиолыг нас ахисан хойно дахин эргүүлэхэд сурагч ахуйдаа уншсанаасаа илүү ихийг мэдэрч гайхах баярлах зэрэгцэх нь бишгүй. Хэзээ, хаана, ямар хэлбэрээр ямар хэлбэрээр танилцсанаас үл хамааран сайн зохиол үргэлж өгөөжөө хайрласаар байдаг.
Орчин үеийн орчуулгын салбарын хөгжлийн үрээр өөрийн болоод дэлхий дахины утга зохиолын үр шимийг хүртэх боломж олгосон алтан үед амьдрах хувьтай эриний тухай удаах бүлгүүдэд давтан өгүүлэх юм. Бидний үеийнхний өмнө нээгдсэн утга зохиолын бүтээлийн яндашгүй баялаг хүртээмжийг, дараа дараагийн хуудсуудад намтар түүх нь амилах их зохиолчид харсансан бол атаархсандаа шар нь хөөрөх байсан биз.
Асар өргөн хүрээтэй утга зохиолын ертөнц харж танилуах нэг өнцөгт хураангуйлагдаж байгаа онцлогтой. Энэ бол энд дурдагдан буй зохиолын алийг нь ч англиар унших боломж юм. (Таныг бүгдийг нь уншина гэдэгт ч найдаж байна)
Утга зохиол, түүний олон төрөл жанрыг (Платоны үеийн шүлэг, жүжиг, туульсыг оруулаад) залуу үеийнхний хүмүүжилд халтай хэмээн үзэгсэд Эртний Герегийн гүн ухаантан Платоны үеэс л байсан юм. Тэднийхээр бол, уран зохиол хүмүүнийг бодит амьдралаас холдуулдаг, сэтгэл татам боловч хуурмаг ертөнцөд гацаадаг аж. Тэр ч утгаараа илүү аюултай. Платонтой санал нийлэх аваас, аугаа бүтээлээс төрсөн сэтгэл хөдлөл хүний эрүүлээр сэтгэлгээг булингартуулдаг гэж үзэх учиртай. Нээрээ ч, Ч.Диккэнсийн зохиолд, сахиусан тэнгэр шиг бяцхан Нэллийн үхлийг хэрхэн дүрсэлсэнийг уншиж, нус нулимсандаа хутгалдаж суухдаа хүүхдийг зөв сурган хүмүүжүүлэх талаар нухацтай бодож чадахсан бил үү?
Эрүүл сэтгэхүй үгүй болох аваас нийгэм аюултай байдалд орно хэмээн Платон үздэг байсан. Тэгвэл, хүүхдээ нойрсохын өмнө Эндроклс, арслан хоёрын тухай Эзопийн ёгт үлгэр уншиж өгөхөө болиод Евклидийн геометрийг тайлбарлах хэрэг үү! Яаж ч бодсон, амьдрал дээр ийм юм байхгүй л дээ. Эзопийн үлгэрүүд Платоны үеийнхнийг хоёр зууны турш хүмүүжүүлээд зогсоогүй, хоёр мянганы хойно ч өнөөгийн биднийг бахдуулсаар бөлгөө.
Утга зохиолыг тэгвэл яаж тайлбарлавал хамгийн зохистой вэ? Энгийнээр бол, цагаан цаасан дээр 35 (кирилл монгол үсгээр жишээлэв) жижиг хар тэмдэгтийн өвөрмөц зохиомж. (Өөрөөр хэлбэл үсгүүдээс бүтсэн үг, үгсээс бүтсэн утга зохиол гэдэг утгаар)
Гэтэл энэхүү зохиомж нь ямар ч мундаг илбэчний бортогон малгайнаасаа гаргах шидийн зүйлээс илүү увидастай. Утга зохиол гэдэг бол хүрээлэн буй ертөнцөө ойлгож, илэрхийлэх чадварын оргилд хүрсэн билигт хүмүүсийн оюун санаа юм. Утга зохиолын талаарх хамгийн оновчтой хариулт энэ л байх аа. Зохиолд гарсан зүйлтэйгээ тэр болгон санал нийлдэггүй ч гэсэн уншсаар байдаг үе хүнд бий. Иймэрхүү үе буюу аливаад шүүмжлэлтэй хандах чадвар суух хүртэл бидний оюуныг тэлж, мэдрэхүйг хурцалдаг зүйл бол утга зохиол. Хүмүүс яагаад зохиол уншдаг вэ, гэж үү? Бидний амьдралыг өөр юутай ч зүйрлэшгүйгээр баяжуулдаг учраас л тэр. Биднийг илүү хүмүүнлэг болгодог. Уншиж танихын хэрээр, илүү хүмүүнлэг болгоно л гэсэн үг.
НЭПКО хэвлэлийн газар