Монголчууд хавтгайдаа архидаж байна. Оросууд ч бас, хятадууд ч тэр. Ер нь хүн төрөлхтөн тэр чигээрээ хөлчүүрч байгаа гэдэг нь European alcohol policy alliance байгууллагын судалгаанаас харагджээ. Энэ фронт дээр монголчууд дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхаж явна. Тус байгууллагын илтгэлээс үзвэл азийнхан урьдынхаасаа шунаг, зүүн европийнхон өмнөхөөсөө илүүгээр ууж байгаа бол, харин баруун европийнхон уухаа бага зэрэг татжээ. Энэ бүхэн цаанаа тайлбартай аж. Архи шиг хүний амьдралтай нягт холбоотой химийн бодис ховор.
1. Спирт буюу алкохол
Спирт бол хүмүүн төрөлхтөн хөрст дэлхийд мөрөө гаргасан үеэсээ л хэрэглэсэн, хамгийн түгээмэл сэтгэл сэргээгч юм. Энэ шингэн шаналал амирлуулж, бузрыг ариутгаж, өвчнийг намжааж, хоолыг шингээхийн зэрэгцээ үнэт бараа таваар болдог бөгөөд хувь заяаны тохиолоор хүний соёл бүхэн магнайдаа залсан идээнийх нь дээд билээ. Харьцангуй энгийн бүтэцтэй энэ химийн нэгдэл байгаль дээр маш элбэг, тэр байтугай хүн, амьтны мах цусанд ч тодорхой хэлбэрээр агуулагддаг. Нэг суурин дээр ихээр хэрэглэвэл давс шиг аюултай боловч тунг нь тааруулаад хүртвэл хүмүүний сэтгэлийг хөхиүлэн баясгах шидтэй.
Мэргэжлийн үүднээс спирт хэд хэдэн төрөл байх боловч этилийн спирт буюу C2H5OH л хүний ходоодод хал балгүй. Ганцхан энэ спиртийг устай хольсон байхад онцын муухай амтгүйн дээр хэтрүүлээд уучихгүй л бол амь насанд хал багатай. Монгол хэлнээ орсон “спирт” гэх үг уул нь латин хэлний “амьсгал, сэтгэл, сүнс” гэдэг утгатай “spiritus” гэх үг бөгөөд англи хэлээс Орос газар Их Петр хааны үед дэлгэрээд, зуугаад жилийн хойно Монголд улаан хувьсгалтай хамт ирж нутагшжээ. Харин монголчууд коммунизм байгуулж чадаагүй ч спиртийг тун гарамгай нэрж сурсан билээ. Уулаасаа коммунизм нь бурхны тааллын эсрэг ойлголт байсан бол харин спирт түүний бүтээлийн охь нь биш юмаа гэхэд адаг нь яав ч биш. Өдгөө дэлхий нийтээр спиртийг “alcohol” хэмээн ярьж хэвшжээ.
2. Хөлчүүрэх уламжлал
Оросууд цагаан архитай, шотландууд вискитэй, хятадууд байжутай, мексикүүд тэкилатай, монголчууд шимийн архитай… Энэ гаригийн үндэстэн бүхэн өөрт заяагдсан орчин нөхцөлөөсөө яаж ийгээд өөр өөрийн архи гарган авчээ. Гэхдээ спирт анх нэрэгчдийн нэг нь хятадууд. МЭӨ XVI зууны үед хятадууд бог будааны болон алтанзул цэцгийн дарсыг зэрэг зиндаагаар нь “жанжин”, “цэрэг” гэж ангилдаг байсныг яст мэлхийн хуяг дээр бичиж үлдээсэн нь өдгөө хадгалагдан үлджээ. Ерөөс хүмүүс диван галваас архи дарсыг шашин шүтлэгтээ хэрэглэдэг байсан нь эртний соёл иргэншлүүдийн ул мөрөөс харагддаг. Монголчууд бөө мөргөлд ч, шарын шашинд ч архийг өргөн хэрэглэж ирсэн бөгөөд шарын шашинд ийм зан үйлийг “сэржим өргөх” гэдэг. “Сэржим” нь “алтан умдаа” гэдэг утгатай түвэд үг. Нэг ёсондоо бурхдад өргөдөг шингэн тахил. Бурхад ч архинаас татгалздаггүй бололтой.
Шинэ эринийг зарлахаар ирсэн бурхны хүү гэх Есүс усыг дарс болгож хүмүүс дайлсан тухай Библид бахдан өгүүлдэг. Энэ эриний ёс зүйг тогтоогч байлаа гээд “Хэрээ мэдэж уу” гэснээс бус огт амсаж болохгүй гэж ер хэлсэнгүй. Харин сархдыг тэвчигч лалын шашны Куран сударт “Диваажинд заларсан хэн боловч согтоодоггүй диваажингийн дарс хүссэнээрээ хүртэнэ” гэж өгүүлдэг. Яаж ийгээд архи уучих гэсэн хүний хүслийн илэрхийлэл ариун сударт нь хүртэл мөрөө үлдээжээ.
Монголчууд өнө эртнээс айргаа исгэж, архиа нэрж ирсэн нь зайлбаргүй. Малынхаа сүүнээс гаргаж авсан архиа “нэрмэл” эсвэл “шимийн архи” гэдэг. Хэдэн усаар авснаас хамаарч архины градус тодорхойлогдоно. Нэрмэл дээд тал нь арван таван градус байдаг. Шимийн архиа дахин нэрдэг, “Архийг нэрвэл арз, арзыг нэрвэл хорз, хорзыг нэрвэл хор” гэх хэлц байдаг ч практик дээр тэр нь байсангүй. Юутай ч “архи” гэдэг үгийг монгол бичгээр “арахи” гэж бичдэг. Хуучин дуудлагаар бол “араки” бөгөөд эртний арабаас авсан хэлбэр нь. Өдгөө ч турк зэрэг үндэстнүүд архийг “раки” гэнэ. Арабууд VIII зууны үеэс Дундад Азийг эзэгнэсэн гэвэл монголчууд лавтай 1200 жил “архи” гэдэг нэршил хэрэглэж иржээ.
Хүн төрөлхтөн даяараа ууж идэж ирсэн боловч Дэлхийн II дайнаас хойш, тодруулж хэлбэл эдийн засгийн интеграцчилал хүчээ авсан үеэс улам их уух болсон нь судалгаагаар тодорхой харагдаж байна. Техник технологийн дэвшлийг дагаад архи сархдын үйлдвэрлэл ч эрчимжиж жилээс жилд шинэ шинэ брэнд зах зээл дээр нийлүүлэгдэх болжээ. Нөгөө талаар бүс нутгийн аар саар мөргөлдөөнийг эс тооцвол манай бөмбөрбөгт бараг дайн байлдаангүй энх тунх цаг ирсний үрээр хүмүүс наргиж цэнгэх завтай болсон аж.
3. Залгамж халаа
Хүмүүс амьдрал ахуйтайгаа холбоотой элдэв судалгаа байнга хийдэг. Тэдний дотроос архиных илүү жин дарна. НҮБ-ын Эрүүл мэндийн хяналтын газраас сар тутам гаргадаг “Согтууруулах ундаа ба эрүүл мэнд 2011” тайланд согтууруулах ундааны хэрэглээ нь цаашид өсөх магадлал өндөртэй үндэстнээр молдавчууд шалгарчээ. Нэг молдав жилдээ 18.2 литр цэвэр спирт уудаг гэнэ. Улс гүрэн бүхний түлхүү хэрэглэдэг согтууруулах ундаа нь янз янз болохоор статистикт цагаан архи, дарс, шар айраг мэтэд агуулагддаг спиртийн хэмжээг нь нэгж болгон авдаг юм. Хоёрдугаарт, нэг хүнд нь жилдээ 16.4 литр цэвэр спирт ногдсон Чех, гуравдугаарт 16.2 литр цэвэр спиртээр унгарчууд оржээ. Чухам уух гэж төрсөн улс гэж бидний боддог оросууд энэ жагсаалтад 15.7 литрээр дөрөвдүгээрт багтжээ.
Гэхдээ архинаас шалтгаалсан үхлээр оросууд толгойд явна. Оросын 10 000 хүн тутмын 20 нь архинаас болж үхдэг бол Шведэд энэ үзүүлэлт дөнгөж 2.7 байна. Оросуудын хэрэглэж буй согтууруулах ундааны 63 хувийг цагаан архи эзэлж байгаа нь үхлийн шалтгаан гэнэ. Харин уг судалгаанд хоёрт бичигдсэн Чехийн архичдын 57 хувь нь шар айраг уудаг байна. ДЭМБ-ын судалгаагаар цагаан архи нь шар айраг, дарснаасаа илүү амь насанд хортой болох нь тогтоогджээ. Хэдий архины хор хөнөөлийн талаар хүн төрөлхтөн эрт дээрээс ярьсаар ирсэн боловч хэрэглээ нь буурсан түүх үгүй. Яахав, Баруун Европийн зарим оронд согтууруулах ундааны хэрэглээ багасч байгаа мэт харагдавч үнэндээ “хөгшин Европ” ууя гээд сачий нь л хүрэхгүй байгаа юм. Гэхдээ басчиг хуурайгүй, дарсны хэрэглээ нь өмнөхөөсөө өсчээ. Түүнээс бус хурдацтай хөгжиж буй, хүн ам нь улам залуужиж яваа Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгос мэтийн Азийн орнууд архийг цөлж өгч байна. Хөгжлийн гараан дээрээ зогсоо гэх, залуусын орон Монгол ч бусдаас ер дутахгүй. Үндэсний статистикийн хорооны гаргасан дүнгээр монголчууд 2005 онд 7 772 500 литр архи ууж байсан бол таван жилийн дараа буюу 2010 онд архины хэрэглээгээ 20 249 800 литрт хүргэж, бараг гурав дахин ихийг хөнтөрсөн бахдам “амжилт” байна. Энэ тоонд шар айраг болоод импортын сархад багтаагүй.
Олон улсын судлаачдын үзэж буйгаар дэлхийн цагаан архины хэрэглээ жилдээ 2-3 хувиар өсч байгаа гэнэ. Саяхан манай гаригийг нэрвэсэн эдийн засгийн хямрал согтууруулах ундаа, тэр дундаа цагаан архины зах зээлд сөрөг нөлөө үзүүлээгүй ажээ. Харин ч төдийлөн нарийн технологи шаарддаггүй цагаан архины үйлдвэрлэл хамгийн тогтвортой бизнесээр шалгарав. Америк болон Европт цагаан архиар найруулдаг коктейл цэсэнд түрж орсноор дээрх бүтээгдэхүүний хэрэглээ улам өсчээ. Эдгээр орнуудын хүүхнүүд коктейл голчлон шимдэг болохоор нийлбэр дүнгээрээ манай эрчүүдээс ч илүү цагаан архи ууж таарна.
Nielson компаний 55 оронд хийсэн судалгааны дүнгээр согтууруулах ундааны зах зээл нь тогтмол өсч байгаа, нэг тэрбум ам.доллароос илүү эргэлттэй орнуудын эхний долоод Украин 43 хувь, Венесуэл 29 хувь, Аргентин 23 хувь, Орос 17 хувь, Польш 15 хувь, Бразил 12 хувь, Таиланд 12 хувийн өсөлтөөр бүртгэгджээ. Энэ долоогийн хоёр нь буюу ОХУ, Бразил нь хурдан хөгжиж буй орнуудын БРИКС холбооны гишүүн. Мөн энэ холбоонд багтдаг, хүн ам нь саяхан 1.2 тэрбумаас давсан Энэтхэгт www.wrongdiagnosis.com сайтын бичсэнээр 60 сая орчим хүн ирээдүйд архины улмаас энэ хорвоог орхихоор байгаа гэнэ. Өнгөрсөн үеийн хандлагыг ирээдүйд нь харьцуулан авч үзсэн энэ үзүүлэлтээр манайд архинаас үхэх хүний тоо 152 738 болжээ. Энэ гэхдээ яг таг гаргачихсан бодлогын хариу биш, ердөө л таамаг.
4. Ашиггүй тэмцэл
Хүн төрөлхтний архитай тэмцсэн түүх ихэвчлэн эмгэнэлтэй төгсчээ. Чингисийн үеийн Их засагт энэ талын хатуу зүйл анги байсан гэж зарим хүн мэтгэдэг боловч Чингисийн хүү Өгөөдэй, Тулуй хоёр архинд орж энэ амьдралыг орхижээ. Их засагт архины тухай заалт байсан гэдгээс илүүтэй энэ хоёр бол Монголын албан ёсны, анхны архичид гэдэг нь үнэн.
Дэлхийн зүг чиг болсон америкчууд үндсэн хуульдаа өөрчлөлт оруулан байж архитай тэмцээд эцэстээ мафи гэгчийг бойжуулж, эвэр нь ургасан хойно эгээтэй л элгэ дүүрээгээ дэлбэ мөргүүлээгүй. Америкчууд архинаас гарсангүй, харин Аль Капонэ мэтийн аймшигт алуурчид л төрсөн. Баатар цагаан хаан Дэлхийн I дайны үед “хуурай хууль” гаргаж, “За пьянство” медаль хийж, архичдаа “шагнан шийтгэж” үзлээ. Медаль нэртэй л болохоос 7 кг жинтэй төмөр дөнгө юм, тэр нь. Гээд ч ахицаар тааруухан. Хожим Зөвлөлт улсыг засаж залруулах гэсэн М.Горбачев архинд дайн зарлаад коммунизмаа л нэгмөсөн булшилсан.
Монголчууд ч Зөвлөлтийн жишгээр архитай тэмцээд тусыг олсон нь бас л үгүй. Дэлгүүрийн лангуун дээрээс спирт агуулсан үнэртэй ус, лосьон л алга болж билээ. Зах зээлийн үед дампуураагүй ганцхан үйлдвэр нь архин завод байсан ч төр хэрэглээг нь хязгаарласны гайгаар “шаг” үүссэн. Удалгүй Өвгөнт айлын авдар дээр заларч, араас нь Рояль спирт халааг нь аван, чанарын шаардлага хангахгүй архины хэрэглээ гаарч, үхлийн аюултай метилийн спирт ч хэрэглээнд орсон.
Аль ч улсын төсөвт архины үйлдвэрлэл чамгүй нэмэр болдог бол архины эсрэг тэмцэл төрийн бус байгууллагуудын санхүүгийн том эх үүсвэр нь болдог юм. Дэлхий нийтээр архины эсрэг ухуулга сурталчилгаанд зарцуулсан хөрөнгийг тоолж чадах хүн алга. Энүүхний ганц жишээ татахад МҮОНТР, Монголын мянганы сорилын сан (ММС)-тай хамтарч, гурван үе шатаар явагдах “Архи тамхи шинэ үеийн сонголт биш” кампанит ажил эхлүүлэв. Архи, тамхинд орох насыг хойшлуулах зорилготой уг төсөлд гурван тэрбум төгрөг зарцуулах гэнэ. Ажлынхаа үр дүнг яаж шалгахыг нь сонирхвол ММС-ийн Эрүүл мэндийн дэд захирал Б.Мөнхбат “өөрсдөө судалгаа хийнэ” гэж хариуллаа. Өөрөө өөрийгөө шалгадаг ийм төсөл олон бий. Харин Ц.Оюундарь захирал хэдэн шторк хийгээд далимд нь нэг олон ангит кино хийх мөнгөө олов бололтой.
5. Эцсийн арга
Өнгөрсөн онд манай улс зөвхөн дотоодын архины үйлдвэрлэлээс онцгой албан татвараар 68 039 900 000 төгрөг олжээ. Мөн онд машины онцгой татвар гэж авсан мөнгөнөөс даруй 13 тэрбумаар илүүг төсөвт нэмэрлэсэн ч гэлээ бид архидалттай тэмцэх нь зүй. Манайд Архидан согтуурахтай тэмцэх хууль бий. Харин архидалт буурахгүй байна. Дэлхийн хандлагыг харвал архины хүнд учруулах хорыг багасгах, хэрэглээний соёл нэвтрүүлэх тал дээр түлхүү анхаарч байгаа аж. Төр засаг нь баар, рестораныг элдэв захирамж, тэмдэгтийн хураамжаар хаахын оронд хатуу стандартын дор хөгжүүлж байна. Тийм газар хүмүүс цагаан архи бус шар айраг, коктейл ихэвчлэн захидаг тул цагаан архийг дангаар нь, даруулгагүй дугтрах хүн ховор. Эндээс архидалттай хийх өрнүүн тэмцэл цэмцийтэл эхлэх учиртай юм. Орос ах нар бидэнд цагаан архи уулгаж сургахдаа “закусывать надо” гэж байнга хэлдэг байсан ч бид даанч сураагүй. Уушийн газар зарагдах 100 грамм цагаан архи тутамд тодорхой хэмжээний даруулга дагуулдаг болбол яадаг бол?
Нас бие гүйцсэн хүн төдий хэмжээний согтууруулах ундаа уувал зохистой гэдэг норм тогтоох маш ярвигтай. Тухайн хүний дуршил болоод архи даах чадвар зэргээс хамаарахаас гадна тэр өдрийн санаа сэтгэлийн байдлаас ч согтолт шалтгаалдаг. Харин хэзээ зогсохоо хувь хүн шийдэх бүрэн боломжтой гэж сэтгэл судлаачид үзэж байна. Архи уухыг нь хорих гэсэн хөндлөнгийн оролдлого бүтэлтэй болоогүй өнөөг хүртэлх түүх гагцхүү хувь хүний дур зоригт л ихээхэн найдаж байна. Мөн хойч үеэ архинаас хол хүмүүжүүлэх тал дээр төрөөс шат дараатай, урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлага Скандиновын орнуудад бий. Түүнээс нэгэнт уугаад сурчихсан хүмүүстэй зууралдах нь утга учраар тун бага.
6. Энэ тухай товчхон
Хойд хөршүүдийн үндэстний ундаа нь водка буюу цагаан архи. Цагаан архины үндсэн орц этилийн спирт, ус хоёрын хамгийн зохистой харьцааг химич Д.И.Менделеев олсон гэдэг. Тэрээр хольцын 40 хувь спирт байх нь зүйтэй гэсэн ба энэ жишгээр оросууд 40 градусын цагаан архи хүртэх болжээ. Социализмын үед цагаан архи Баруун Европоос Польшоор дамжин Орос оронд дэлгэрсэн хэмээн “хөрөнгөтнүүд” ярьж эхэлснээр асуудал улс төрийн хэмжээнд хүртлээ өндөр авч, оросууд социализмаа бус цагаан архиа аврах хэрэг мандаж байлаа. Ашгүй В.В.Похлёбкин “Гагцхүү Орос оронд үйлдвэрлэсэн цагаан архи л жинхэнэ орос цагаан архи” гэж нотлосон Цагаан архины түүх номоо бичиж оросуудын санааг амраасан юм. В.В.Похлёбкин номдоо “водка” хэмээх нэршлийн язгуураас аваад ямар даруулгыг хэрхэн хэрэглэх гээд цагаан архитай холбоотой бүхнийг хамж шимэн оруулжээ.
Хэдийгээр аль VI зуунд арабууд спирт нэрэх арга нээж, улмаар XI зууны сүүл гэхэд Өрнөдөд түгсэн ч гэлээ оросууд улаан цайм цагаан архийг өмчилдөг. “Водка” гэх үг нь яалт ч үгүй польш гаралтайгаар барахгүй финланд, норвеги, шведүүд ч цагаан архийг ингэж нэрлэдэг. Харин XVI-XVII зуунд талхны спирт гэгчийг устай хольж хүртдэг байсан Орос оронд Польшоос цагаан архи хууль бусаар нэвтэрч улс үндэстнээрээ хүртдэг умдаа нь болсон түүхтэй юм. Өдгөө харвал цагаан архи Оросынх бус, Орос өөрөө цагаан архиных болчихсон мэт.
7. Баярын бонус
Энэ өдрүүдэд Аугаа эх орны дайны ялалтын баярыг оросууд өргөн тэмдэглэж байна. Ууж өгч байгаа. Харин танд баярын бэлэг болгож өгүүлэлдээ нэг гарчиг нэмлээ. Сто граммын тухай энэ бичлэг огт согтоохгүй тул уншихэд гэмгүй. Оросууд хуйгаараа архидах болсныг энэ дайнтай холбон үзэх нь ч бий. 1941 оны есдүгээр сарын 1-ний өдөр Зөвлөлтийн Улсын батлах хамгаалах комисс фронтод тулалдаж буй Улаан армийн дайчин бүрт, өдөр болгон 40 гардусын, 100 грамм цагаан архи олгох тогтоол гаргажээ. Харин Сталин хойтон хавар нь дээрх тушаалд өөрчлөлт оруулж, гавъяа байгуулсан дайчдыг 200 грамм цагаан архиар мялаахаар болгожээ. Үүнийг оросууд “Наркомовские 100 грамм” гэх бөгөөд үүний хүчээр ялалтад хүрсэн ч гэж ярьдаг. Дайны жилүүдэд Улаан арми хэдэн тонн цагаан архи уусныг багцаалах ганц тоо хэлье, 1942 оны эцэс гэхэд орос цэргүүд 5 сая 691 мянган литр цагаан архиар зүрхээ чангалсан баримт байна.
PS: Та өнөөдөр хатуу дарс тогтоох бол заавал даруулга хэрэглээрэй
Үндэстний тойм сэтгүүл. № 18
Нийтлэлч: Д.Батбаяр