Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Б.Мөнхдорж: Кино урлагийг зоосны нүхээр харж болохгүй
Үндэсний хөгжим

Б.Мөнхдорж: Кино урлагийг зоосны нүхээр харж болохгүй

Урлаг Урлаг24/06/2016Сэтгэгдэл байхгүй9 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3806f73d3e7e33e7original7901628602016-06-24-10-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Мөнхдоржтой тайз, дэлгэцийн урлагийн талаар ярилцлаа.
 
-Байгаль дэлхий дэлэгнэж хур бороо орсон сайхан өдөр бид ярилцаж байна. Тиймээс танд байгаа сайхан мэдээнээс ярилцлагаа эхэлье гэж бодлоо?
 
-Сайхан мэдээ олон байна. Миний шавь, Ардын жүжигчин С.Сарантуяагийн удирдсан байгууллага өнгөрсөн тавдугаар сард олон улсын “Гэгээн Муза” наадмаа хийлээ. Уран бүтээлчдийг цуглуулж, туршлага солилцсон наадам сайхан боллоо. Тэр дундаа манай СУИС-ийнхан “Гэгээн Музад” идэвхтэй оролцож, наадмын моно жүжгийн төрөлд манай сургуулийг төгссөн оюутнууд зохих байрт шалгарсан. Бид үүнд баяртай байгаа. Бас Азийн сургуулиудын фестивалийг СУИС зохион байгууллаа. Энэ наадмыг уржнан Бээжинд зохион байгуулж байсан юм. Харин энэ удаагийн наадмыг зохион байгуулахад бидэнд маш их үүрэг ачаа оногдсон. Ялангуяа манай Театр урлагийн сургууль маш том үүрэг, ачаалалтай байлаа. Жүжиг бэлтгэхээс эхлээд илтгэл тавихад бүх оюутан багш идэвх санаачлагатай оролцсон. Ер нь он гарснаас хойш бид энэ ажилд бэлтгэхэд манай залуу багш нар идэвхтэй оролцсонд би өндөр сэтгэгдэлтэй байна. Энэ үеэр би эрдэм шинжилгээний хуралд Д.Равжаа хутагтын театрын тухай илтгэл тавьж хэлэлцүүллээ. Гадаадын хүмүүс “Монголд ийм найруулагч, театр байсныг таны илтгэлээс мэдлээ” гээд өндөр сэтгэгдэлтэй хүлээн авч театрын мэргэжилтнүүд надад баяр хүргэсэн. Энэ бол бас л манай сургуулиас хийж байгаа бидний ажлын үзүүлэлт гэж ойлгож байна.
 
-Сүүлийн үед театр, дэлгэцийн наадам олон боллоо. Та шүүгчээр нь ажилласан уу?
 
-Шүүгчээр ажиллахгүй. Яагаад гэвэл аль ч наадамд нь миний оюутнуудтайгаа хийсэн ажил багтчихаад байдаг юм. Тухайлбал, “Гэгээн Муза”-д Кино урлагийн дээд сургууль төгссөн Б.Дамдинсүрэн шавийнхаа бие даасан ганц хүний жүжгийг найруулж, жүжгийн зохиолыг бичлээ. Сонирхолтой зохиол болсон. Зураачаар Т.Аянга, хөгжмийн зохиолчоор С.Соронзонболд ажиллалаа. Энэ мэт өнгөрсөн нэгдүгээр сараас хойш завсаргүй их ажилтай байжээ. Дээр нь энэ жил миний даасан анги төгсч байна. Найруулагч, жүжигчний хос мэргэжил эзэмшүүлсэн анхны төгсөлт боллоо. 16 хүүхэд төгслөө, одоо ажлын байр л хэрэгтэй байна. Саяхан тэднээс нэг нь УДЭТ-ын студийн шалгаруулалтад оролцоод тэнцжээ. Энэ бас л сайхан мэдээ.
 
-“Academy awards” наадам хэд хоногийн өмнө болсон. Наадмын талаар уран бүтээлч болон үзэгчид байр сууриа сайн, муу янз бүрээр л илэрхийлэх юм. Таны хувьд?
 
-Энэ наадамд би шүүгчээр ажилласан болохоор байр сууриа илэрхийлэхэд хэцүү. Наадмыг шүүхэд үнэхээр хэцүү байсан. Учир нь, олон сайн уран бүтээлч гарч ирсэн байна. Монголын кино урлагт зам мөрөө гаргасан, кино урлагийн хөгжилд үзэл бодол, уран бүтээлийн ертөнцөө нээх гэсэн илэрхийллүүд залуусын уран бүтээлд их байлаа. Үүнд нь би сэтгэл маш их өндөр байгаа юм. Мэргэжлийн киноны хэллэгийн талаар ярихад тун хэцүү юм. Сонирхолтой төрлүүдэд олон залуу уран бүтээлч оролцсонд нь талархаж байна. Дээр нь Монголын кино урлагт залуус хүч түрэн орж ирж байгаа нь өндөр шалгуур, босго юм гэж ойлгож байна. Энэ босго руу залуус хошуурч, дэлгэцийн урлагийг хөгжүүлэхийн төлөө үзэл бодлоо илэрхийлэх гэж оролдсон нь уран бүтээлээс харагдаж байсныг хэлэх хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд, сайхан кино олон байсан шүү. Тэдний нэгээр найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээлийг нэрлэнэ. Түүний бүтээл дүрслэлийн арга, хэлбэр хийцийн хувьд ч шинийг эрэлхийлж хийсэн, эвлүүлгийн бүтэц, төрлийнх нь хувьд ч маш сонирхолтой шийдлүүд харагдсан. Энэ мэт шинийг эрэлхийлсэн бүтээлийг манай залуус хийж байна. UBS телевизийнхэн хийсэн “Содура”-г сайн бүтээлийн нэгээр нэрлэж болно. Өнгө будаг, хийц, уул устай холбоотой домог, цаатангуудын амьдралыг харуулсан өнгөт хөрс нь цаанаасаа бодож боловсруулсан байна. Түүнээс гадна С.Болормаа, П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар дүрээ маш сайн гаргажээ. Мөн талийгаач Ц.Батхуяг, ард түмэн Амбий нэрээр нь дуудаад заншсан энэ уран бүтээлч ямар сайхан дүр бүтээж, бидэнд үлдээсэн юм бэ. Тоглосон киног нь үзэхэд дурсамжтай сайхан байлаа. “Содура” кино нэлээд тулхтай, мэргэжлийн хэмжээнд нэрлэхүйц уран бүтээл болжээ гэж бодсон. Жилийн дөрвөн улиралд хийдэг киноны хөрөнгийг гаргах хэцүү шүү дээ. Тиймээс UBS телевизийн захиргаанаас уран бүтээлд хандсан хандлагад нь талархмаар байна.
 
-Энэ наадмын шалгаруулалтад зарим уран бүтээлч, үзэгч сэтгэл дундуур байгаагаа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим ертөнцөөр илэрхийлсэн. Шилдгүүдийг шалгаруулахад шүүгчдэд хүндрэлтэй байсан уу?
 
-Ерөнхий шүүгч биш учраас энэ асуултад хариулж чадахгүй. Шүүгчид тусдаа оноогоо тавьсан. Бид хоорондоо юу ч яриагүй. Үүнийг ил тод хэлнэ. Бас ямар ч киноны уран бүтээлчтэй уулзаагүй. Сураг сонсоход, тэр хавиар хоёр, гурван хүн дээгүүр доогуур явж байна гэж дуулдсан. Тэр талаар бид мэдээгүй, шүүгчид оноогоо өгөөд л явсан. Түүнээс биш шүүгчид хоорондоо “Энэ кино ийм тийм байна” гэж яриагүй. Ер нь ямарваа нэгэн киног үнэлж дүгнэхдээ шүүгчид хоорондоо яриад байвал тэр шүүлт биш болчихно шүү дээ. Энэ бичигдээгүй журам театрт үйлчилдэг. Тиймээс шүүгчид өөрсдийн бодлыг мэргэжлийн төвшинд бүх зүйлээр нь дүгнэсэн үнэлгээг зөв дүгнэж гаргах хэрэгтэй. Тийм болоод ч “Academy awards”-ийн шагнал гардуулах ёслол дээр очиход гомдсон хүн байгаагүй. Харин ч “Сайхан шүүлээ, баярлалаа” гэж хэлсэн. Гэхдээ шагнал авсан хүмүүс бус жирийн үзэгчид тэгж хэлж байсан шүү. Тэдгээр уран бүтээлд миний хоёр ч шавийн бүтээл явж байсан. Гэхдээ би хоёр шавиа өөд нь татъя гэж бодоогүй. Зохих дүнг нь тавиад л гаргасан. Тиймээс ямар нэгэн жиргээ явах ямар учир байгааг би ойлгохгүй байна. Ер нь аливаа шалгаруулалт тэгдэг юм л даа. Наадмын дараа тийм жиргээ явдаг л юм. Тэр жиргээнүүдийг тодорхой үр дүн өгсөн байна гэж ойлгох хэрэгтэй.
 
-Монголын дэлгэцийн урлагт нэгэн шинэ өнгө нэмсэн продакшн бол “Хувьсал”. Сүүлийн үед үзэгчдийн сонирхлыг татсан хэдэн бүтээлийг хийсэн энэ хамт олны ажлын үр дүн танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?
 
-Бүтээлийг нь үзээд хэлбэр, хийцийнх нь хувьд их зүйл бодогдсон. У.Уранчимэг их бүтээлч хүн шүү дээ. УДЭТ-т байхын шинэ зүйлийг сэдсэн, санаачилсан уран бүтээлч. “Атганд үлдсэн эрдэнэ” киноны хийц сонирхолтой байсан. Харин театр руу бага зэрэг ойртсон юм шиг санагдсан шүү.
 
-“Атганд үлдсэн эрдэнэ” киноны гол дүрийг бүтээсэн А.Ганчимэгийг наадмын шилдэг эмэгтэй жүжигчин шагнал хүртэнэ гэж таамаглаж байсан хүн олон. Гэтэл өөр жүжигчин авсанд гайхах хүн олон байна?
 
-Надад найруулагч Ж.Сэнгэдоржийн “Lovers” кино хийцийн хувьд үнэхээр шинэлэг санагдсан. Жүжигчдийн тоглолт ч сайн болсон гэж бодож байна.
 
-Сүүлийн үед кино борооны дараах мөөг шиг олноор гарах болжээ. Энэ нь Монголын дэлгэцийн урлагт байх ёстой үзэгдлүүдийн нэг үү?
 
-Гарч л байг л дээ. Уран бүтээлүүд аяндаа шигшигдээд зах зээл, мэргэжлийн гэж ялгарна. Энэ бол цаг хугацааны асуудал. Шүүгчдээс гадна үзэгчдийн үнэлгээ гэж айхавтар зүйл байхад олон кино хийж байна гэж санаа зовох хэрэггүй. Ганцхан бидэнд оюунлаг ертөнцийн хаана нь явж байгааг үнэлж дүгнэх шүүмж судлаачид дутагдаж байгаа юм. Ер нь манайхан бүтээл хийгээд байдаг мөртлөө шүүмжлэх хүн үнэхээр алга байна. Яагаад энэ салбар хөгжихгүй байна гэхээр уран бүтээлийг ойлгоод бичиж өгч байгаа хүн байдаг ч шүүмжилчихээр гомдоод байгаа юм. Дандаа магтуулах гээд байна шүү дээ. Алдаа оноо олж байж ололт амжилтаа дүгнүүлнэ биз дээ. Одоо болохоор уран бүтээлчид сав л хийвэл өөрсдийгөө магтах гээд байна. Тийм учраас аливаа уралдааныг дүгнэхэд судлаачид чангахан дуугарч байх хэрэгтэй. Холливудын сайн кинонууд алга болдог л биз дээ. Гэтэл бид юундаа нялхраад байгаа юм. Хүн өөрийгөө хөгжүүлье гэж байвал хүнээс үг сонсч сурах хэрэгтэй. Тэгж л ахиж дэвшинэ шүү дээ. Магтуулаад байвал хөгжих нь битгий хэл, өөрөөсөө өөр зүйл харахаа болих аюултай. Сүүлийн үед хүмүүс өөрсдөө зохиолоо бичээд найруулах болжээ. Энэ бол даварсан асуудал. Яагаад гэвэл зохиолчдыг кинонд татан оруулж чадахгүй байна. Зохиолчид ч кино, жүжгийн зохиол бичихгүй байна. Үүнээс болоод зарим хүн кино зохиолыг сонирхогчийн нүдээр хараад байгаа юм. Зарим зохиол бичих гэж оролдож байгаа хүний философи сэтгэлгээ үгүйлэгдээд байна. Тиймээс найруулагч гэдэг мэргэжил юу юм бэ, зохиолыг яаж нээж олж харах вэ, зохиолоо дүртэй нь яаж бий болгох вэ гэсэн асуултад хариулахын тулд оюуны эрэл хийх хэрэгтэй. Энэ эрлийг хийхгүй болохоор бүтээл нь тодрохгүй байгаа юм. Найруулагч болох хүн үүнийг өөртөө хэвшүүлэхгүй бол яваандаа сонирхогч болно.
 
-14 хоногт кино зохиол бичиж сургана гэх юм. Үүнийг сонсоод ёстой таны инээд хүрч байгаа биз дээ?
 
-Жинхэнэ сонирхогч бэлтгэх дамжаа. 14 хоногт киноны зохиол бичих боломжгүйг манай киночид сайн мэднэ. Бүр киноны зохиолгүй мөртлөө зураг авч байгаа хүн байна гэж би сонссон. Энэ бол хэтэрхий сонирхогчийн хэмжээнд очоод хэт өөртөө итгэсэн байдлаас үүдэлтэй. Киноны зохиолыг хөрсөн дээр буулгасан нөхцөлд жинхэнэ бүтээл болоход дөхнө гэж би боддог.
 
-Эдүгээчилсэн монгол кино төслийн хүрээнд “Өнөр бүл 2” киног бүтээжээ. Ер нь өмнө нь гарсан киноны хоёрдугаар ангийг эдүгээчлэн хийнэ гэдэг хэр оновчтой санаа вэ?
 

-Кино тааруухан болсон байна лээ. Өмнө нь гарсан монгол киног эдүгээчлэх тун хэцүү. Хуучин тоглож байсан агуулга, зохиол нь хэвээрээ учраас үзэгчдийн сэтгэлд хүрэхгүй байгаа юм. Тиймээс тэр нөхцөлийг өөрчилсөн тохиолдолд, тэс ондоо хийж байж “Өнөр бүл өнөө цагт” гэж гарах ёстой. Дүр, зохиолыг нь өөрчлөөгүй зөвхөн дүрийн гадаад өнгө, орчин солигдлоо гээд өөр болохгүй шүү дээ. Үүнийг би уран сайхан сэтгэлгээний ядуурал гэж хэлнэ. Уран сайхнаар сэтгэж боловсруулахад ядуу хандаж дээ, яарчихсан юм болов уу гэж би бодоод байгаа юм. Ер нь найруулга бол сэтгэн бодох урлаг юм шүү дээ.
 
-Энэ мэт зүйлээс болоод уран бүтээлчдийн манлайлах чадвар үгүй болсон юм шиг?
 
-Өнөөдөр битгий хэл социализмын үед ч энэ талаар ярьдаг байсан. Кино арилжааны урлаг руу орчихоор үзэгчдээ дагаж давхиад байгаа юм. Одоо хошин урлагийнхан энэ баригдмал зүйлээс гарчихсан байна. Шал өөр зүйл рүү орох гэж явна. Уран бүтээлчид нь цаг үе биш боллоо гэдгийг мэдсэн болохоор шинэ зүйл эрэлхийлж байна. Гэтэл дэлгэцийн урлагийнхан арилжаандаа баригдаад зоосны нүхээр хараад байна. Ингэж болохгүй ээ. Тиймээс зөвхөн кино гэлтгүй ийм урлаг байж болохгүй. Тэр чинь дагадаггүй, дагуулах ёстой юм. Энэ нь манай төрийн бодлого урлаг руу ороогүйтэй холбоотой. Соёлын яам байхгүйн алдаа нь энэ байгаа юм. Яамтай байж соёл урлагийн бодлогыг чиглүүлэх ёстой. Манайд урлагийн бие даасан холбоод бий. Яамгүй болохоор тэд юу хийх юм бэ.
 
-Сүүлийн үед гарсан дэлгэцийн бүтээлээс таны санаанд нийцсэнийг нэрлэвэл?
 
-“Содура”, “Lovers” хоёр мэргэжлийн төвшинд нэлээд ойртсон бүтээл. Энд ганцхан жүжигчний талаар яриагүй. Кино багийн хувьд сайн ажилласан гэдэг утгаар хэлж байгаа юм. Эдгээрээс гадна дажгүй кино олон бий. Нэрийг нь санахгүй байна.
 
-Үзэгчид даацтай уран бүтээл хүлээгээд байна. Гэтэл тийм бүтээл төрөхгүй байгаа нь юутай холбоотой вэ?
 
-Төрөхгүй байгаадаа биш юм. Уран бүтээлчид тийм кино хийж болно. Хамгийн гол нь тэдэнд туршлага дутаад байна. Бас залуучуудын урлах эрдэм дутаж байна. Сайн бүтээл төрөхийн тулд асар их туршлага хэрэгтэй. Энэ дүр, түүхээр бид Монголын юуг хэлэх вэ гэдгийг бодож олсон философи сэтгэлгээ хэрэгтэй байгаа юм. Тэгж боловсорсон найруулагч цөөхөн байна. Тиймээс залуус ахмад уран бүтээлчдээ ашиглаж байх хэрэгтэй. Ахмад залуу уран бүтээлчдийн холбоо бага байна даа.

 
Б.Сэлэнгэ
www.unen.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Диснэйн баатруудын парад болно

31/05/2025

Жүжигчин, найруулагч Клинт Иствүүд 95 нас хүрлээ

31/05/2025

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг “Эгшиглэнт Цэцэрлэг” тоглолтоо толилуулна

31/05/2025

ФОТО: “Тамгагүй төр” жүжгийн Цэцэр хатны зургаас

30/05/2025

Аймшигт Чаки хүүхэлдэйн дүрийг бүтээсэн жүжигчин Эд Гейл 61 насандаа таалал төгсжээ

30/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.