Түүх зарим талаар тайлагдашгүй оньсого хэвээр ажээ. Төрсөн жилийн төөрөг гэж монголчууд эртнээс хэлэлцэн ярьж ирсэн нь түүх судлалтай ихээхэн холбогдолтой байсан, одоо ч олон хүний гайхлыг татсаар байна. Хүчит лууг тэнгэрийн амьтан гэж Азийнхан билэгшээн ярьдгийг бид мэднэ. Гэтэл тэнгэрийн их элч луу нэртэй жил нь зарим түүхэн хүмүүсийн амьдрал, тэмцэл, үйл ажиллагаанд санаанд оромгүй нөлөө үзүүлж байсныг тайлбарлахад хэцүү юм. Мөнх Тэнгэрийн хүч хүмүүст илч гэрлээ өгч дэмждэг нь үнэн ажээ. Монголын нам, төр, засгийг 44 жил тасралтгүй удирдсан Ю.Цэдэнбалын амьдрал тэмцлийн хамгийн гол үйл явдлууд нь зөвхөн луу жилд л болж байсан нь судлаачдын анхаарал их татдаг.
1916 оны луу жил. Ю.Цэдэнбал одоогийн Увс аймгийн Давст сумын Хандгайтын Цагаан бураад мэндэлжээ. Юмжаа, Заяа нар хүүтэй болж байх үед нэгэн мэргэн ламтан ирж: “Танай гэрийн чинь тооноор таван өнгийн солонго татаж байхыг үзээд би ном айлдав. Танайд тэнгэрийн заяат хүү мэндэлжээ. . . Хүү чинь хар нялхаараа гэрээсээ гарч алс хол одох юм байна. . . Их эрдэм ном сурч явсаар байгаад аяндаа л Монгол Улсын Эзэн хааны суудалд суух юм байна даа” гэж айлджээ.
1928 оны луу жил. Ю.Цэдэнбал суралцахын хажуугаар авьяас чадвараараа шилэгдэн аймгийн яам, Эвлэлийн хороо, бусад газруудад тал бичээчээр ажиллаж, 12 наснаасаа эх орныхоо хөгжлийн төлөөхи хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Олсон мөнгөөрөө тэр үеийн сурагчдын мөрөөдөл, боловсролтой хүний нэрийн хуудас хэмээгддэг байсан бийр, янтай худалдан авсан нь эрдэм ном, гэгээрлийн замаар явах нэг ёсны баталгаа нь болжээ.
1940 оны луу жил. Гадаадад 10 жил эрдэм номын мөр хөөсөн Монголын анхны дээд боловсролтой эдийн засагч залууг тэр үеийн Монголын удирдлага, намын олон нийт анхаарч, багш, орлогч сайд, сайдын ажилд тавьж туршин танилцаад, эрх баригч МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосноор Ю.Цэдэнбал Монголын удирдлагын тэргүүн эгнээнд гарч иржээ.
1952 оны луу жил. Энэ оны цагаан сарын битүүний өдөр Маршал Х.Чойбалсан таалал төгсч, 5 сарын 27-нд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 36-р зарлигаар Ю.Цэдэнбал БНМАУ-ын Ерөнхий сайдаар томилогдсоноор Монголын I удирдагч болжээ. Энэ ондоо ЗХУ, БНХАУ-д айлчлал хийж, Сталин, Мао Цзе Дун нартай уулзаж, хөрш орнуудын харилцааг шинэ шатанд гаргажээ.
1964 оны луу жил. Энэ оны 10 сард Ю.Цэдэнбалын хамгийн дотны нөхөр Л.И.Брежнев ЗХУ-ын дээд удирдагч болсон нь тухайн үеийн Монголын удирдагчийн байр суурийг бэхжүүлжээ. Ю.Цэдэнбалын удирдлагын жилүүд дэхь сөрөг хүчний хамгийн том хуйвалдаан 12 сард гарсныг НТХ-ны бүгд хурал буруушааж, Ю.Цэдэнбалын команд ялалт байгуулжээ. Энэ жил Ю.Цэдэнбалын багын гишүүн их эрдэмтний гэр бүлд нуган үр мэндэлсэн нь түүний 80 насны ойн жил 1996 онд дүүрэг, улмаар нийслэлийн засаг дарга болж, 2006 онд 90 насны ойгоор нь Ю.Цэдэнбалын 22 жил ажилласан Ерөнхий сайдын сэнтийд гарчээ. М.Энхболд Ю.Цэдэнбал даргын 100 насны ойн жил УИХ-ын даргад өргөмжлөгдөж төр, намын эрхийг хослон барих залгамжлагч нь болж тодорчээ.
1976 оны луу жил. Бүтээн байгуулалтын оргил үе байв. Ю.Цэдэнбал НТХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдож, Сүхбаатарын одон, Лениний одон, Дэлхийн энх тайвны Алтан медаль бараг нэгэн зэрэг хүртсэн нь сонирхолтой үйл явдал байв. Энэ оны 9 сарын 27-нд Улсын Баатар, Хөдөлмөрийн Баатар Ю.Цэдэнбалын цээж баримал хөшөөг төрсөн нутаг-Улаангом хотод босгожээ.
1988 оны луу жил. Хуйвалдаанаар ажлаас өөрчлөгдөж Москвад амьдарч байсан Ю.Цэдэнбалын олон жилийн хүсэл мөрөөдөл нь биелэж, эх орондоо баяр дүүрэн иржээ. Нутгийн агаараар цээж дүүрэн амьсгалж, төрөлх хотынхоо гудамжаар эхнэрээ сугадан алхаж, ах дүү, ач гуч нартайгаа хөөрөлдөн хүүрнэж, 40 жил амьдарсан голомтондоо гал асааж, тарьж ургуулсан цэцэрлэгтээ зугаалж, Богд уулаа бишрэн харж, Туул голынхоо хөвөөнд очсоноо амьдралынхаа хамгийн аз жаргалтай үеийн нэг гэж Ю.Цэдэнбал дурсчээ. Эх орондоо үргэлжлэн амьдрах, ард түмэнтэйгээ уулзах, бас төрсөн Увс нутагтаа очих хүсэлтийг нь эрх баригчид харин зөвшөөрөөгүй, нэг сар болгоод л буцаажээ. Дахин заавал ирнэ гэж эхнэртээ ярьж байсан боловч энэ хүсэлт нь биелээгүй юм.
2000 оны луу жил. Ю.Цэдэнбалын намын гишүүнийг нь /1997 онд/ сэргээж, Ерөнхийлөгч Н.Багабанди “Ю.Цэдэнбалд олгосон цолуудыг хасах тухай” АИХ-ын Тэргүүлэгчдийн 1990 оны хууль бус зарлигыг /1997.10.31/ хүчингүй болгосны дараа МАХН УИХ-ын сонгуульд 94%-ийн ялалт байгуулжээ. Хүү Ц.Зориг нь Монголын иргэнээ сэргээж, олон жил зөрчигдсөн иргэний эрхээ эдэлж, сонгуульд оролцсон нь содон үйл явдал байв. “Эрэл” сургууль Ю.Цэдэнбалын нэрэмжит болж, нийслэлд анхны Ю.Цэдэнбалын хөшөө тэнд сүндэрлэжээ.
2012 оны луу жил. Эх орон, төрсөн нутаг нь, төрүүлж өсгөсөн ард түмэн нь Ю.Цэдэнбалд хамгийн үнэтэй, эрхэм зүйл нь байжээ. Энэ онд төрсөн нутгийн нь хүү Ж.Амарсанаа Төрийн заргач-Үндсэн хуулийн Цэцийн дарга болов. Сумын нь бөх П.Бүрэнтөгс Улсын баяр наадамд түрүүлж, Үндсэн хуулийн баярын бөхөд манлайлж, Монголын хамгийн алдартай хүчтэн болов. Ю.Цэдэнбал 22 жил суусан Ерөнхий сайдын сэнтийд Улаангомын хүү Н.Алтанхуяг өргөмжлөгдөн, Увс нутгаас төрсөн хуучин цагийн төрийн их зүтгэлтнүүдийн үйлсийг залгамжлах болов. Эх орны хөгжлийн хамгийн чухал салбар- Эрчим хүч, Боловсролын яамыг нутгийн нь хүвгүүд: Ч.Хүрэлбаатар, Л.Гантөмөр толгойлон ажиллаж, ямагт “улаанаараа” дуудуулдаг Цэдэнбалын нутгийнхан орон нутгийн сонгуульд анх удаа ардчилал, шинэчлэлийн бодлогыг тууштай дэмжжээ.
2016 он. Ю.Цэдэнбалын ойн жил. Өвөг дээдэс тэнгэрээс хойч үеээ харж байдаг гэж монголчууд ярьдаг. Монгол орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө бүх амьдралаа зориулсан, эцэс сүүлд нь хүний үнэргүй, муухай хүмүүсийн хэлмэгдүүлэлт, гүжир гүтгэлгэнд өртсөн ард түмний гэгддэг энэ их хүний хувьд энэ нь ч аргагүй биз. Ю.Цэдэнбал хэлмэгдэж байсныг тогтоож, цагаатгах нь зүйтэй гэсэн Цагаатгалын комиссийн даргын шийдвэрээр байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлт, Их хурлын тогтоол гаргая гэсэн Ч.Хүрэлбаатар тэргүүтэй олон намын гишүүдээс дэвшүүлсэн тогтоолын төсөл, мянга мянган иргэдийн хүсэлт захидал, Төр, захиргааны байгууллагуудын бичгийг З.Энхболдын хүрээллийн дээдэс уландаа гишгэсэн төдийгүй Их хурлын индэр дээрээс гүтгэлэг доромжлолыг үргэлжлүүлж, зах хязгаарын ядарч зүдэрсэн ард түмнээ хэл амаар доромжлов.
Нөгөө талд МАН-ын дарга асан Б.Даш-Ёндон: “Ю.Цэдэнбал бол ард түмнийхээ зүрх сэтгэлд одоо ч гэсэн асч байгаа гал мөн” гэж мэдэгдэж, МАН-ын дарга асан Ө.Энхтүвшин: “Бал даргын ойн жилийн сонгуульд Ю,Цэдэнбалын нам-МАН ялах ёстой” гэж уриалж, МАН-ын бүх удирдлага Ю.Цэдэнбалын ойн тогтоол гаргуулах гэж бүтэн жилийн турш, бүх түвшинд эрх баригчидтай тулж ажиллан чармайсныг, Баян-Өлгий аймгийн сор болсон зүтгэлтнүүд: “Цэдэнбалын ойн жилийг бүтээн байгуулалтын он болгох” уриалга гаргасныг манай ард түмэн анхааралтай харж, сонсож, УИХ-ын сонгуульд “Сонгуулийн хувьсгал” хийв.
Сонгуулийн дараа сонгууль болно. Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлэгч, Дэлхийн 2-р дайны үеийн Армийн комиссар, Монголын анхны генерал, 120 оронтой дипломат харилцаа тогтоосон Дэлхийн энх тайвны зөвлөлийн шагналт, Дэлхийд 18-д ордог том улсын хил шинээр тогтоогч, эдийн засгийн сэргэн мандлын гол менежер, эх орондоо 350 үйлдвэр байгуулсан бүтээн байгуулалтын удирдагч, соёлын салбарыг үндсээр нь өөрчлөн шинэчлэгч, бүх шатны 560 сургуулийг цогцоор нь, МУИС, ШУА-ийг үндэслэн байгуулагч, ард түмнээ эрүүлжүүлэн хүн амын тоог 3 дахин өсгөсөн буяны эзэн, ядуурал гуйланчлалыг арилгагч, бүх иргэд нь хөдөлмөр эрхэлж, цалингаараа амьдардаг орныг бүтээгч суут гуманист, авилгал хээл хахуульгүй, шудрага журамтай нийгэм цогцлон байгуулагч , Монголын төр, засаг,нийгмийг түүхэнд хамгийн олон жил удирдсан ард түмний үнэнч хүүг хүндлэх нь монгол ёс жудаг төдийгүй, Бал даргын ариун нэр төрийг хамгаалж тэмцэх нь үнэхээрийн том улс төр, дараа дараагийн сонгуульд ч нөлөөлж болох ажээ. Учир нь: эх орон, ард түмэндээ хандах хязгааргүй хайр, номтой үй зайгүй нөхөрлөдөг оюунлиг чанар, найрамдал нөхөрлөл, эв оюуг дээдлэх ариун мэдрэмж, төрөлхийн номхон дөлгөөн, даруу байдал, үзэл бодол, зорилгондоо хатуу тууштай байх төлөв, эд хөрөнгөнд үл шунах гэгээрэл зэрэг хүний эрхэм дээд чанарыг Монголын ард түмэн бүхнээс илүү үнэлдэг билээ.
Түүхийн шинжлэх ухааны доктор (Ph,Sc), профессор Ц,Жамбалсүрэн