Ахуй сүр жавхлан бие нь
Тэнгэрт ил бөгөөд
Амин сүнсээ газарт хадгална
Аяс дүрэм бус бол
Улаан сахиусанд
Зоог болгож өгнө
/мод/
Газрын гадас
Ганц хөлтэй ёовонбуу
/мод/
Газар доогуур
Галуу нүүнэ
/модны үндэс/
Хувилбар: Газар доогуур
Галбингаа нүүв
/модны үндэс/
Далан адуу давхиад явчлаа
Данигайн бор дэвхцээд хоцорлоо
/мод навчаа гүвэх/
Далан шаргачин дав гэв
Далан цагаан азарга гээгдчихэв
/модны навч унах/
Дөчин дөрвөн баатар
Долоон өвгөнийг харахаараа
Дөч нь харангасан унав
Дөрөв нь босоо үлдэв
/мод сэрүүн, хүйтний 7 сард/
Нарийн болоод
Нарны бараа үздэггүй
Урт болоод
Усны бараа үздэггүй
/модны гол/
Хувилбар: Урт боловч
Ус үзсэнгүй
Нарийн боловч
Нар үзсэнгүй
/модны гол/
Нарийн хүү
Нарстай чацуу боловч
Насандаа
Нар огт үзсэнгүй
/модны гол/
Түмэн нь ойчоод
Түглэгэр нь үлдэв
/модны навч унах/
Тэсгэм өвөл
Нүцгэн мөртөө
Дэлгэр зун
Дээлээ нөмөрнө
/мод/
Уг нэгтэй
Удам олонтой
/модны үндэс, мөчир/
Буурлын хүүхдүүд
Булган малгайтай
/хожуул/
Хувилбар: Үхсэн хүн
Үнэгэн малгайтай
/хожуул/
Дагва өвгөн
Дах нөмөрч
/цасанд дарагдсан дархи/
Алтан наранд ивээгдэж
Агаарын хийгээр тэтгэгдэж
Хөх усыг хөлөөрөө ууж
Хөрст дэлхийг бүрхэнэ
/ургамал/
Арзгай
Архи ууна
/өвсөнд тогтсон шүүдэр шингэх/
Гарахдаа цэл ногоон
Орохдоо шав шар
/ногоо ургах, гандах/
Хувилбар: Ирэхдээ цэл ногоон
Буцахдаа шав шар
/ногоо ургах, гандах/
Өсдөг үетэй
Үрждэг биетэй
Орчлон ертөнцийн
Онцын хэрэгцээ
/өвс, ургамал/
Чирхаарын жаран цагаан ямаа
Нэг зэрэг дэлэгнэж
Нэг зэрэг ишиглэнэ
/ногоо ургах/
Газраас гарсан ганиухайн
Ганган эрээн тоорцог
Алтан саа өнгөтэй
Агар зандангийн үнэртэй
/цэцэг/
Салаад
Сартагийн тос
/цэцэг/
Шулуун гуа биетэй
Шүхэр тоорцог малгайтай
/цэцэг/
Будантын буурал азарга
Бухаж шээж байхад
Хүдэнтийн хүрэгч гүү
Мөнгөн унага унагална
/борооны дараа ургах мөөг/
Хувилбар: Бултангийн буурал азарга
Бухаж булгиж байхад
Хэлтэнгийн хэлтгий ташаатай
Хээгч гүү мөнгөөр унагална
/мөөг ургах/
Хувилбар: Дэнхэнтийн хээр азарга дэгэж тонгочин
Бурхантын хээгч гүү шээс алдахад
Хангайтын хар байдас хийгээр дэлэгнээд
Хүрээтийн хашаанд цал мөнгөөр унагална
/борооны дараа ургах мөөг/
Газар дээр
Гархи
/мөөгний хүрээ/
Ганц хөлтэй
Гадсан толгойтой
/мөөг/
Ганц хөлтэй
Гангар толгойтой
/мөөг/
Ганцхан хөлтэй тахиа
Газрын хөрснөөс уяатай
/мөөг/
Газрын гадас
Ганц хөлтэй ембүү
/мөөг/
Гархин дээр
Гялаан шигтгээ
/хүрээ дээрх мөөг/
Өөрийн нь биеэс
Өмссөн малгай нь том
/мөөг/
Өрөөсөн хөлтэй чандага
Өехий доороо сиймхий
/мөөг/
Талын тахир хороонд
Тарган цагаан ямаа
/мөөгний хүрээ, мөөг/
Талд ганц хөлтэй
Тахиа зогсоно
/мөөг/
Хувилбар: Цагаан тахиа ганц
Хөл дээрээ зогсож байна
/мөөг/
Түлээгүй үнс
Алаагүй мах
/тэнгэрийн дүлий/
Улаан малгай толгойгүй
/мөөг/
Хөдөө газар
Хөнгөн цагаан малгайтай хүмүүс
Өдөрт ч зогсоо, шөнө ч зогсоо
/мөөг/
Хөх мөнгөн аавтай
Хөвсгөр шингэн ээжтэй
Ерэн долоон үрчлээтэй
Ембүү цагаан хүү
/мөөг/
Шавар шаахайтай
Шаазан малгайтай
/мөөг/
Эрхийн чинээ биетэй
Тогоон чинээ толгойтой
/мөөг/
Үет ургамлын зүйл
Газраас боссон дэглээхэй
Гань шарга дээлтэй
Үнэгэн хөөмий малгайтай
Үлгэн салган биетэй
/дэрс/
Зодог саарал
Зогсоо буурал
/дэрс/
Өндөр голшиг нуруутай
Үнэгэн саанаг малгайтай
Үзүүрсгэн сармай дээлтэй
Өрмөг тааран гуталтай
/дэрс/
Жараахай жаралзана
Жаран цагаан бөхөлзөнө
/дэрс салхинд хийсэх/
Мянга түмэн хүн
Малгайгаараа дайтна
/дэрсний толгой салхинд найгах/
Цаана чинь
Цагаан дээлтэй хүн
Даллаж байна
/дэрс салхинд найгах/
Эцэнхий цагаан морь
Элэнхий цагаан тохомтой
/дэрсэнд хяруу суух/
Авдар дээр авдар
Залгаа дээр залгаа
/хулс/
Гуур гуур дуутай
Гучин таван үетэй
Чандмань духтай
Шар шувууны отготой
/хулс/
Гучин цагаан хувцастай
Үнэгэн сагсаг малгайтай
/хулс/
Дам дам бучийхай
Давхар давхар бучийхай
Дээрээ нэг цацагтай
/хулс/
Жиргэрийн цаана
Жаран бултанг
/хулсны залаа/
Өндөр хүн үнэгэн малгайтай
Богино хүн булган малгайтай
/хулс, дэрс/
Өндөр хүүхэн
Өөд уруугүй мөргөнө
/хулс/
Шав гэсэн биетэй
Шар үнэгэн малгайтай
Гав гэсэн биетэй
Гал шаргал өнгөтэй
/хулс/
Шаг шаг дуутай
Шар үнэгэн малгайтай
Гуалиг сайхан биетэй
Гучин хоёр нуруутай
/Хулс/
Шарга даага
Шагайгаараа ус уув
/хулс, зэгс/
Хувилбар: Шарга даага
Сагаагаараа ус ууна
/хулс, зэгс/
Эрэгт
Ивэр шивэр
/хулс/
Угалзан толгойтой
Уландаа шөвөгтэй
/шивээ өвс/
Халгай, хамхуулын зүйл
Гар хэрвээ түүнд хүрвэл
Гал дөлгүй ч түлж орхидог
/халгай/
Хажуу дээр бажуудай
Бариад авбал бачтай
/халгай/
Бай бай шаргачин
Бас нэг шаргачин
Зүй зүй шаргачин
Зүсэм нийлсэн шаргачин
/хамхуул/
Бөн бөн шаргачин
Бөөр зүрхгүй шаргачин
Дэн дэн шаргачин
Дэл сүүлгүй шаргачин
/хамхуул/
Гарахдаа газраас болов
Тэнэхдээ тэнгэрээс болов
Хоцрохдоо хонхороос болов
Үхэхдээ үнээнээс болов
/хамхуул/
Хувилбар: Гарах нь газраас
Дэгдэх нь дээрээс
Хонох нь хонхороос
Өтлөх нь жалганаас
/хамхуул/
Хувилбар: Гарах нь газраас
Галзуурах нь тэнгэрээс
Унах нь усанд
Унтах нь бутанд
/хамхуул/
Хувилбар: Гарах нь газраас
Гайтах нь тэнгэрээс
Өтлөх нь бутанд
Үхэх нь жалганд
/хамхуул/
Дээрээ дэмбий
Дэрсэн хөндий
Байрай дамбий
Балтгар саарал
/хамхуул/
Муу эрд алба мундахгүй
Мухар эрэгт цуглаантай
/хамхуул/
Ноёны амрыг эрэх гэсэн
Морины ам дийлдсэнгүй
/хамхуул/
Төрөх минь төхөмд
Явах минь салхинд
Хонох минь хонхорт
/хамхуул/
Тээр тэнд тээглүү
Тэрний наагуур сийглүү
Ганц модонд гааглуу
Газрын дээгүүр гийглүү
/хамхуул/
Тэндээс ирэх нь
Тэмээ шиг
Тэргэнд шургах нь
Ямаа шиг
/хамхуул/
Унзад лам
Ухаангүй шогшино
/хамхуул/
Ургах нь ууланд
Оодрох нь талд
Онхолдох нь худагт
/хамхуул/
Хувилбар: Ургах газар нутаг
Унах газар худаг
/хамхуул/
Үрийн сайнаар ургаж
Үндэсний муугаар ховхорлоо
Төрсөн газар төхөмдсөн
Төлдрийн салхинд гарсан юм
Нүүхийг салхи мэднэ
Буухыг бут мэднэ
/хамхуул/
Хувилбар: Төрсөн нутаг минь төхөм юмсан
Төлдрийн салхинд гарсан юмсан
Үрийн сайнд ургасан юмсан
Үндэсний мууд унасан юмсан
Эцсийн нутаг минь
Эрэг мухраас хаа зайлав гэж
/хамхуул/
Хувилбар: Үрийн сайнд ургасан
Үндэсний мууд мултарсан
Үлээхийн сайнд дэгдсэн
Үдлэх газар бут бургаас
Үхэх газар гуу ганга
/хамхуул/
Хай хай бөөрнө
Хайран чулуунд хага бөөрнө
Түн түн бөөрнө
Түмэн чулуунд хага бөөрнө
/хамхуул/
Хаахалзаж яваад
Хавцалд унана
/хамхуул/
Хитлэг гэдэг газраас
Хялгасан улаан хуц гүйж ирнэ
/хамхуул/
Хажуу хажууд жуухайлгана
Хавар намар жуухайлгана
Нэмэн нэмэн жуухайлгана
Нэвсгэр ухаа дээгүүр жуухайлгана
Улам улам жуухайлгана
Учир мэдэхгүй жуухайлгана
/хамхуул/
Салбархай хувцастай эмгэн
Саднаа эрээд сажилж явна
/хамхуул/
Хонхор газар хонож өнждөг
Худаг дотор үхэж үрэгддэг
/хамхуул/
Цагаан төмс, сонгины төрлийн ургамал
Аав нь амбан улаан жинстэй
Алсын барааг харна
Хүү нь гүндийн цагаан жинстэй
Хүйдсэн доор нойрсоно
/сараана цэцэг/
Бугын шагай булаастай
Булган малгай сөхөөстэй
Намайг энд байгааг хэн ч мэдэхгүй
Сагсгар баавгай л гадарлаж мэднэ
/цагаан төмс/
Бухын тархи булаатай
Булган малгай хийсгээстэй
/цагаан төмс/
Хувилбар: Бутантай тос булаатай
Булган малгай өлгөөтэй
/цагаан төмс/
Бухын эвэрт
Буржгар улаан
/сараана/
Газар доор бие минь
Ганган сайхан нэр минь
/сараана/
Газар доор нутагтай
Ганган шаавай биетэй
Цагаан бүүрхэн малгайтай
Улаан сампин залаатай
/цагаан төмс/
Хувилбар: Газар доорх нэр минь
Ганган цагаан бие минь
Улаан тэнзэн малгай минь
Ногоон торгон цацаг минь
/цагаан төмс/
Дээрээ улаан
Дундаа бөндий
Доороо цацаг
/цагаан төмс/
Хувилбар: Дээрээ ногоон
Дундаа бүдүүн
Доороо нарийн
/цагаан төмс/
Өөхөн бумбай
Өвсөн сагсай
/цагаан төмс/
Улаан залаатай
Цагаан хөлтэй цүзээдэй
/цагаан төмс/
Улаг зулаг
Улаан хавтас
Тахир мухир
Мөнгөн товч
/цагаан төмс/
Улсаас нуугдсаны минь
Улаан малгай л ховлочихлоо
/цагаан төмс/
Уулан дээр
Улаан тугал уяатай
/сараана цэцэг/
Уургын үзүүрт
Улаан залаа
/сараана цэцэг/
Уургын үзүүрт
Улаан залаа
/сараана цэцэг/
Чавганаас улаан
Чандганаас цагаан
/цагаан төмс/
Шүрэн тооно
Оюу багана
Дун гэр
/цагаан төмс/
Аагт гэлэн
Арвагар сахалтай
/зэрлэг сонгино/
Газраас гарсан ганиухай
Ганган улаан дээлтэй
Гархин хурган малгайтай
Гавгүй цагаан биетэй
/зэрлэг сонгино/
Хувилбар: Газраас гарсан ганиухай
Гашил торгон дээлтэй
Үнэгэн сэгсэн малгайтай
Үзэмж сайхан биетэй
/зэрлэг сонгино/
Бумбагар улаан банди
Буман жанчтай
/зэрлэг сонгино/
Долоон давхар
Намайг даарч байхад
Чармаан шалдан
Хүү яаж байгаа бол
/зэрлэг сонгино, тэмээн хөх/
Ууланд нутагтай
Уйлуулах чадалтай
Өлгийд боодолтой
Өнчин ганц биетэй
/зэрлэг сонгино/
Ууланд төрсөн
Улаан зусаг
/зэрлэг сонгино/
Хөл нь сахлаасаа олон
Сахал нь биенээсээ урт
/зэрлэг сонгино/
Цагаан тахиа
Ногоон сүүлтэй
/зэрлэг сонгино/
Хувилбар: Улаан тахиа
Ногоон сүүлтэй
/зэрлэг сонгино/
Яайрах бугын эвэр
Янгинах согооны цөс
/зэрлэг сонгино/
Хувилбар: Ёй бугын эвэр
Ёгоо согоон цөс
/зэрлэг сонгино/
Дотор газрын хүүхэн
Долоон давхар хувцастай
/мангир/
Мөнцийх мөнгөн товч
Дунирагч улаан залаа
/мангир/
Хөх ишиг
Цагаан хөлтэй
/мангир/
Бусад өвс ургамлын зүйл
Арын хурганы арьс
Аржгар буржгар байтлаа
Анхилам сайхан үнэртэй
/агь/
Далдай цагаан ямаа
Дандаа нэг янз
/агь/
Ганган нэртэй
Газарт биетэй
/чихэр өвс/
Нарсан сайхан модыг
Ногоон цамцтай хүүхэн бооно
/буурцаг/
Бор гэрийн дотор
Бумба шар хүү
/туулайн бөөр/
Түнтгэр эмгэн
Түмэн шүдтэй
/ортууз өвс/
Хонгио өндөр хөлтэй
Хорголон чинээ биетэй
Хоёр сайхан нэртэй
/хонгор зул/
Цагаан залаа цацаг минь
Гэгээн залаа гэзэг минь
Гайхалтай сайхан нэр минь
Ганган хээнцэр бие минь
/хонгор зул/
Буман бор адуу
Булган буурал азаргатай
/мэхээр хулгана/
Газар доор
Гаатай чихэр
/мэхээр/
Ууцаа мааждаг
Улаан ямаа
Ухаж иддэг
Улцан чавганц
/мэхээр, хулгана/
Үхэр уутанд
Үзэм чихэр
Түүнийг олж иддэг
Шороон зурхайч
/мэхээр, бор хулгана/
Шороон бор хоньтой
Шодон бор хуцтай
/мэхээр, хулгана/
Ээтгэр өвгөн
Элгэндээ үстэй
/мэхээр/
Наг нагийн мод
Наян нэгэн салаатай
Салаа бүр үртэй
Үр бүр өндөгтэй
/цулхир/
Хувилбар: Нянгаа мод наян нэгэн салаатай
Салаа бүр нь үүрцэгтэй
Үүрцэг бүр нь нэг үндэстэй
/цулхир/
Үндэсгүй модон дээр
Сүнсгүй шувуу
/цулхир/
Уулын хажууд
Улаан сувд
/анис/
Хаврын хүйтэнд
Цагаан майхантай
Зуны халуунд
Ногоон майхантай
Намрын дулаанд
Хар майхантай
/монос/
Торгон дээлт
Товчоо дааж ядах
/монос/
Хар бяруу
Хайр дотортой
/мойл/
Хувилбар: Хар бяруу
Ясан гүзээтэй
/мойл/
Хувилбар: Хархан бяруу
Ясан ходоодтой
/мойл/
Хар морь
Сүүлээ дааж ядна
/мойл/
Хар хурга
Ясан бөөртэй
/мойл/
Харахад хархан
Хазахад ногоохон
/мойл/
Хээр хэрмэлзэн
Хэрмэн чих мэрмэлзэнэ
/мойл/
Улаахан бумба
Улиасан таглаатай
/нохойн хошуу/
Хувилбар: Улаан бумба
Өвсөн бөглөөтэй
/нохойн хошуу/
Шүрэн домбо
Өвсөн таглаатай
/нохойн хошуу/
Хадын хажууд
Хар сувд
/нэрс/
Тас гэх ясгүй
Таван пунт махгүй
/нэрс/
Улаан бяруу
Усан гүзээтэй
/улаагана/
Хар бяруу
Хальсан гэдэстэй
/үхрийн нүд/
Минаагийн үзүүрт мах
Шөвгийн үзүүрт шөл
/зэдгэнэ, шүүдэр/
Өлгөр басган
Өвөл даардаггүй
Зун халууцдаггүй
/гацуур/
Өвөл зунгүй нэг өнгөтэй
Өвгөн залуугүй нэг дуутай
/жодоо, нарс, хуш, гацуур/
Бөх хар хүн
Битүү дээлтэй
/шинэс/
Амьд байхдаа аятайхан
Үхээд хэвтэхдээ үнэтэйхэн
Амьддаа сэрүүн өгдөг
Үхэхдээ дулаан өгдөг
/нарс/
Арын буур аржгар
Өврийн буур буржгар
/нарс, хуш/
Ат нь арзгар
Буур нь бурзгар
/нарс, харгай мод/
Залгуу хөвүүн
Зундаа ч дахтай
/нарс/
Нааг нааг сэхэлзүүр
Наян найман бүлэгтэй
Бүлэг бүр бүлтэй
Бүл бүр хөвүүдтэй
/хуш,, самар/
Наг наг мод
Найман түмэн гишүү
Гишүү болгон үүр
Үүр болгон өндөг
Өндөг болгон шар тос
/хуш, самар/
Найр наадамтай
Найман түмэн салаатай
Салаа бүгд гишүүтэй
Гишүү бүгд үртэй
Үр бүгд өндөгтэй
Өндөг бүгд жимстэй
/хуш, самар/
Найр найр мод
Наян салаа мод
Түр түр мод
Түмэн салаа мод
Мөчир болгон гишүүтэй
Гишүү болгон өндөгтэй
Өндөг болгон уурагтай
/хуш, самар/