Монголын Убаши хун тайж, уулын хар барс болсон урианхайн сайн Мажиг хоёулаа хангайн Хар булгаас харь дөрвөн Ойрдыг дайлъя гэж найман тумэн цэрэг мордож ирэхдээ Налху үхрийн даваа давж, Нал хар бүрэгт найман түмэн цэрэг хүрч ирж дөрвөн Ойрдын нутагт дөрвөн анги (туршуул) тавьж олж ядаад монголын Убаши хун тайж, сайн, муу, дунд гурвуулаа чуулган чуулаад урианхайн сайн Мажиг эхлэн олон сайдуудад Убаши хун тайж зарлиг болов.
— За залуус сонсогтун!
Дөрвөн ойрдын зах нь нутагтаа ирсэн дайсанд холч морь, хоточ нохой мэт тарамдаж үл олддог биш үү? Дөрвөн ойрдод хэлүүлээд харивал ямар вэ дээ залуус минь. Санасан санаа энэ байна. Үүнийг зөвшөөрвөл харья. Буруушаавал явъя гэж хэлэв. Убаши хун тайжын энэ зарлигийн хариуг уулын хар барс болсон урианхайн сайн Мажиг урагшлан суугаад мэдүүллээ.
— Ноёны зарлиг мөн боловч монголын Убаши, урианхайн Мажиг хоёулаа хангайн Хар булгаас харь дөрвөн Ойрдыг үзье гэж цэрэг мордож ирвэй гэхийг халуун, ойр хол цөм сонссон билээ. Одоо малын барааг үзээд айж зугатааж харьвал үрийн үрд муу нэр сонсогдох биш үү ноёд гэв. Монголын сайн, муу, дунд гурав үүнийг зөвшөөд Убаши хун тайж зарлиг болгов. /36/
Дөрвөн ойрдын нутаг өмнө ч байна, хойно ч байна хаана гэж явъя даа гэв. Урианхайн сайн Мажиг:
— Ноёны зарлиг зөв. Дөрвөн ойрдын нутаг их боловч нэг тивд хамт байдаг.
Найм хоногоор ,болзъё
Нарийнаар хайлгая
Нааш цааш явах газрыг би заая гэв
Найман түмэн хүнээс
Даяар мэддэг хоёр зуун залууг гарга
Бум зургаан түмэн агтнаас
Дөрвөн зуун морь гаргая
Миний заасан газрыг явж хайтугай
Оловч эс оловч найм хоноод иртүгэй гэв
Цөм үүнийг зөвшөөрөөд хоёр зуун туршуулыг уулын хар барс болсон урианхайн сайн Мажиг дагуулж гараад цэргийн захад Хар уулын оргил дээр гарч хоёр зуун туршуулдаа дөрвөн Ойрдын нутгийн зүгийг зааж өгөв.
— Энэ зүгт явагтун. Өмнө чинь Эрчис мөрөн тааралдана. Эрчис уруудагтун. Дээд бие нь хар мод, доод бие нь шар хулс, тэр хоёрын завсарт Мань гэдэг гатлага бий түүгээр гатлагтун.
Тэр талаар нь өөд уруу хайгтун. Маргааш орой нь ус ууж амрагтун. Эмээлийн адаг, Шар хулс гэдэг намаг булагтай хар уул бий, түүгээр явж хайгтун. Энэ гурваас юм эс олдвол харьж ирэгтүн. Чадвал та хэл барьж ир. Ядвал үзэж ир.
Оловч, эс оловч найм хоногт бүтээгээд маньд ирэгтүн. Би цэрэгтээ харья гээд харив. Тэгээд Мажигийн захисан ёсоор монголын туршуул Эрчисийн Мань гатлагаар гатлаад тэр талаар нь өөд уруу хайвч нутаг эс олов. Эмээлийн адаг, Шар хулсаар хайвч нутаг эс олов. Бач хинцэлийн эхээр хайж явтал хэв бүстэй, хилэн оймстой долоон настай, гунан халтар морьтой хүү тааралдав. Тэр хөвгүүнийг өглөө хөөгөөд үдэш гүйцэж барив. Хоёр зуун туршуул дундаа авч суулгаад учрыг асуув.
— Хэний хүү вэ чи? Юу хийж явна чи? хэл! Хөвгүүн гэв
– Би Байбугас хааны албат билээ. Есөн цагаан тэмээ хайж явлаа би гэв.
— Дөрвөн ойрд цэрэгтэй юу, цэрэггүй юү? Нутаг нь хаана байна гэв. Хүү хэлэв:
— Таныг сурж ир гэсэн биш барьж ир гэсэн биш үү? Үгийг ахмадад нь хэлдэг, дээлийг захаар нь өмсдөг биш үү. Амьд хүргэгтун намайг. Амаараа хүрч мэдүүлье гэв. Хөвгүүний үг энэ.
Засаж дуу гаргаж ядаад
Зандаж үг сурч ядаад
Айлгаж ч ядаад
Аргадаж ч ядаад
зөвшилдөв. Биднийг сурч ир гэсэн биш барьж ир гэсэн билээ. Үүнийг амьд хүргэе гээд аваад харив. Дөрвөн ойрдын занг мэдүүл гэж хоёр хүн илгээв. Дөрвөн ойрдын газраас долоон настай хүү барив. Мэдээ нь энэ гэв.
Монголын Убаши хун тайж эхлэн олон сайн муу, Дунд гурвууланд үүнийг хэлж байтал хүүг
авч ирэв. Хөвгүүнийг хатуу үгтэй хүү гэхийг сонсоод найман хөлтэй зандан ширээн дээр илд сугалаад тавив. Убаши хун тайж найман тэрэмтэй, барсын арьсаар бүрхсэн хош өргөөнд долоон настай хөвгүүнийг авч ирэв. Хоёр гарыг нь ард нь хүлж, найман хөлтэй зандан ширээн дор сөгдүүлж суулгаад, баруун өвдгийг нь уулын хар барс болсон урианхайн сайн Мажиг дарж, зүүн өвдгийг нь Баахан цэцэн дарж суув. Убаши хун тайж хөвгүүний үгийг сурахдаа: ::
— За исэл хөвгүүн үгээ хэл гэв.
— Дөрвөн ойрд цэрэгтэй юу, үгүй юу тэд юу хийж байна хэл гэв.
Тэгмэгц хөвгүүн Убаши хун тайжид мэдүүлжээ.
Ноёд айлгалгүй сурагтун
Алдал үгүй мэдүүлье
Хохимнол үгүй асуугтун
Хоцрол үгүй мэдүүлье
Дөрвөн ойрд зарааны ус хөрөөний шүд болж
Бат дөрвөлжин болж
Байнга цуг байдаг
Мэдсэнээ мэдүүлье
Эс мэдсэнийг мэдүүлж болохгүй гэв.
Убаши хун тайж хөвгүүний тэр үгэнд боогдоод Ойрдын наад захад хэн байна. Цэрэг нутаг алиныг ч хэл гэв.
Хөвгүүн мэдуүлэх нь:
Ойрдын наад захад
Тож мөнгөн дуулгатай
Товруут улаан хуягтай
Торгон сайхан хүрэмтэй
Толбот цоохор морьтой
Мангуудын хөвгүүн сайн Сэртэнг
Хоёр мянган залуугаа дагуулж
Хоёр мянган жадаа хатгаж
Хоёр мянган морио сойж
Дайрах гөрөөс хаана байна
Дайлалдах дайсан хаана байна гэж
Шүдээ хавирч шүлсээ залгиж сууна
Ноёд түүнд дур чинь ямар байна.
— Исэл тэр чинь гайгүй түүний цаана хэн байдаг вэ хэл гэв.
Эрчис голын эхэнд буугаад
Эрчин Харчин хоёр нутгаа цуглуулж
Хар нумын цагаан илэг мэт
Хамгаас илэрч хойт Исэлбайн сайн Хиа
Дөрвөн мянган залуугаа дагуулж
Дөрвөн мянган жадаа хатгаж
Дөрвөн мянган морио сойж
Үхэлдэх дайсан бий билүү
Үгцэх залуу бий билүү гэж
Шүдээ хавирч, шүлсээ залгиж сууна
Ноёд түүнд дур чинь ямар байна гэв.
_ Исэл тэр чинь гайгүй түүний цаана хэн байдаг вэ хэл гэв.
Олон сүрэг хонинд довтолсон
Оготор хөх чонын хэвтэй
Өнжин юм идээгүй
Өлөн бүргэдийн нүдтэй
Зүүн гар Хотгойдын ноён Хар хул
Зургаан мянган хүнтэй тэр хэвээр байдаг
Ноёд түүнд дур чинь ямар байна гэв.
— Исэл тэр чинь гайгүй түүнээс цааш хэн байдаг вэ хэл гэв.
Нарийн голын эхэнд нарийхан шарга морьтой
Найман мянган цэрэгтэй
Урд голын бэлчирт
Ойрдын сайн Тамна баатар
Тэр хэвээр байдаг
Ноёд түүнд дур чинь ямар байна гэв.
— Тэр чинь гайгүй түүний цаана хэн байдаг вэ хэл гэв.
Алах булаахдаа дуртай
Арван барсын дуутай
Айхтар таван барсын ах
Хошоод Байбугас хаан
Тумэн зургаан мянган залуугаа дагуулж
Арван таван тэрэмтэй
Алаг байван өргөөндөө
Дөрвөн ойрдын
Төр шашин хоёрын хөөнөж
Дөрвөн зуг надтай адилтгах хөмүүн үгүй буй за гэж
Амаа ангайж
Алгаа сарвайж сууна гэдэг
Бие минь муу хүний хөвгүүн би
Нас минь долоо
Дөрвөн ойрдыг эргэсэнгүй би
Ойрдын хөвгүүд дөрвөн зүгт бий
Миний мэдэх энэ гэв
Тэгээд Убаши хун тайж тэр хөвгүүнийг авч гарч туг тахь гэв. Хоёр хөмүүн авч гартал, ноёдод үг мэдүүлнэ гэв. Дахин суугаад исэл хөвгүүн үгээ хэл гэв. Хөвгүүн хэлэв:
Монголын сайн Лайхар хан, Дөрвөн ойрдын Сайн ноён хоёр Эмээлийн адаг, Шар хулсанд байр хийгээд эвлэж эелдээд харихдаа хөөрөлдөв гэж эс хэллүү. Хэл барьсан хүнийг хэлүүлэн байж алдаг болж хэмээнэ хэл тасарч хоцоръё гэж андгайлалцсан бишүү?
Хэлэлцсэп үгээ мартаж
Хийсэн сайн андгайгаа зөрчиж
Намайг юунд үхүүлнэ та
Нас минь долоо
Муу хүний хөвгүүн билээ би
Амийг минь хайрлагтун ноёд оо гэв
Убаши хун тайж хариу зарлиг эс болж басам хөвгүүнийг хоёр хүн авч гартал, Ойрдын занг мэдүүлнэ гэв. Хэл хөвгүүн гэв.
Алах булаахад дуртай
Айхтар таван барсын ах
Хошоод Байбугас хаан хэлнэ гэдэг билээ
Убаши хун тайжийн харцага ясыг дэрлүүлэн
Хар цусыг нь асгаруулж
Хар тугыг нь хамгийн өмнө хугачин орхиод
Урин хайрладаг Дарь хатантай нь нийлж
Цусан улаан хацрыг нь үнсэж
Цуутай цагаан биеийг нь тэвэрч
Ардай цагаан арвинд нь
Арван хар савраа хүргэж
Будмал улаан хацарт нь
Буянт гайхан сахлаа хүргэж
Буян хишиг хоёрыг нь эзлэв
Эрт бамбадаас авсан гянт болд илдээрээ
Хатааж хийсэн хар болд тулгаа
Гал гартал цавчив тэр угийг та санахгүй байна уу? гэв. Тэгээд хөвгүүнийг авч гараад туг тахих болов. Монголын дотроос туг ерөөх хүн эс гарч, тугийн эзэн би болов, би ерөөвөл ямар вэ гэж хүү хэлэв. Хүү сайтар ерөө гэв. Би ч сайтар ерөөе та ч сайтар сонс гэв.
Хайрхан дайчин тэнгэр идэж уугтун
Убаши хун тайжийн хар цусыг асгаруулав
Харцага ясыг дэрлүүлэв
Хар тугийг нь хамгийи хаалганд хугачин хаяв
Хайрладаг Дарь хатныг нь
Хамгийн эзэн Байбагус авав
Урт хар туг нь Ойрдын хөлд хугаран хоцров
Унадаг орог шаргал морь нь
Улаан торгон цулбуураа
Унжуулаад явсныг
Ойрдын нэг хөвгүүн жалганаас
Жадаараа өлгөж аваад унаж явах болтугай
Бачи голд балбартал цохиулаад
Хөдөө талд хөмөртөл чичүүлээд
Эмээлийн олон толгойтод
Элэг бөөрөө авагтун
Хадай голын эхэнд хайр яйр цохиулагтун
Булагт хөндийн адагт
Бут няц чичүүлэгтун
Буян хишиг хоёрыг чинь
Ойрдын хөвгүүд авах болтугай
Өндөр ууланд хүрээд
Өнхөрч унах болтугай гээд хөвгүүний амь тасрав. Тэгээд монголын цэрэг тэр хөвгүүний үг үнэн, худал ямар боловч муу ёр болов, энэ юу болов гэж их зовов. Тэгэвч монголын сайн Убаши хун тайж дайнаас зулж харив гэх муу нэр сонсохын оронд сайдах муудах алин боловч яван байж хэрээ мэдье гээд явав. Эрчис гол гатлаад, Эмээлийн адаг, Шар хулсаар яваад Бачи Хинцэлийн эхэнд очиж тэнд найман түмэн цэрэг бууж байгаад арван гуравтайгаасаа гучин долоо хүртлээ дайны хөлд эндүүрч үзээгүй баахан Боловсоныг начин халтар морьтой нь Дөрвөн ойрдод хоёр хоногоор болзоод туршуул тавив. Убаши хун тайж хуш ачсан худан цагаан тэмээгээ үхүүлээд залуусаа ирүүлээд магтаалын үг хэлж өгөв.
За, усанд ордог сэрхийн эвэр болсон
Уулгалан дайрдаг
Улаан морины минь чих болсон залуус минь сонс!
Хар мөртэй хөвгүүний хараал тэр бишүү
Харь дөрвөн ойрдын занги тэр бишүү
Хар хөлсөө бүү хайрлагтун гэв
Залуус ноёндоо мэдүүлэв
Хэзээ ч асгах цус байна
Хээр хэвтэх яс нэг
Ноёны үйлээс урвахгүй бид гэж
Хүрчигнэсээр гарч одов
Тэгээд баахан Боловсон эргээд Дөрвөн ойрдын зангийг Убаши хун тайжид мэдүүлжээ.
Дөрвөн ойрд зарааны үс болж
Хөрөөний шүд болж
Дөрвөлжлөн хамт байна
Манийг айсуй хэмээгээд сэргийлж байсныг мэдсэнгүй би. Ойрдын занги энэ гэв. Убаши хун тайж зарлиг болгов.
Дөрвөн түмээр уулгач хийгээд
Дөрвөн түмээр их хийгээд
Ойрд руу явбал ямар вэ хэл чи гэв
Баахан Боловсон мэдүүлэв:
Дөрвөн ойрдтой байлдаад өглөө зугатаавал хөл гарах бид, үдэш зугатаавал толгой тасрах бид гэсэнд Убаши хун тайж цухалдаад үнэн худал боловч чи хайран залуусын минь зүрхийг шантруулах үгийг хэлэв гэж урьдах хөвгүүний ёсоор болго гэв. Баахан Боловсон начин халтар мориор арайхийн зугатааж гарав.
Тэгээд Убаши хун тайж, урианхайн сайн Мажиг хоёр хойт нэрийн төлөө явахыг зөвлөөд уулгыг өглөө тавья гэж байгаад Убаши хун тайж уулгын хүмүүсийг урьдаар тавьж явуулав. Урианхайн сайн Мажиг түүнд нь зэвүүцэн Убаши хун тайжид очиж мэдүүлэв.
Гэрээс гарч явснаас хойш та олон муу үйл хийв. Одоо энэ бурууг чинь дагахгүй би. Хэл барьсан хөвгүүний хэлэх үгийг сонсоод үхүүлсэн нэг муу ёр чинь тэр. Зандан ширээнийхээ хөлийг хугачиж хаясан хоёр муу ёр чинь тэр. Хутаг цагаан тэмээгээ тайлгат идүүлсэн гурван муу ёр чинь тэр. Одоо надаас дайсны мал харамлаад уулгын хүмүүс урьдаар явуулсан дөрвөн муу ёр чинь тэр. Хөтөч явсан сайн нөхрөөсөө дайсны мал харамласан. учир чинь хар нохойн цус харамласнаас ялгаагүй байна, харина би гээд түм таван мянган уулгачаа аваад харив. Убаши хун тайж дөрвөн ойрдыг зорин явав.
Урианхайн сайн Мажиг хүн бүр дөрвөн морьтой, хоёр мянган хүнийг тавьж баахан Боловсон захиж, бөөрөөр хүрч довтолгоод хэлтгийгээр харьж ир. Хэл барьж дөрвөн ойрдод мэдээ оруул. Нутаг минь хангайн хар булагт байна. Харь дөрвөн ойрд таныг үзье гэж ирлээ бид. Одоо дөрвөн түмэн хүнээ аваад харив. Наанаас чинь Убаши хун тайж цувсан сүрэг мэт одов. Түүнийг яахаа өөрөө мэд гэж хэл оруул гээд илгээв.
Сайн Мажигийн захисан ёсоор баахан Боловсон урьдчилан хүрээд урт хөлтийг олзолж аваад ардаа хэл оруулжээ.
Убаши хун тайжийн уулгач үхэр, хонь олзлоод зогсчээ. Тэгээд дөрвөн ойрдын цэрэг цуглаж ирээд Убаши хун тайжийг гэдрэг гаргалгүй, урагш явуулалгүй мөн доор нь буулгаад гурав хоног дайлав. Монголын цэрэг нийтээр муудаж ирэхээр нь Убаши хун тайж хар тугаа чирээд хайрладаг залуусаа аваад гарч явтал Ойрдын сайн Сэртэнг олон цэргээс онцлон ороод Убаши хун тайжид жад өргөхдөө хэлсэн үг нь:
За ноён, заарт хувцаснаас чинь өмсөж явлаа би. Давст шүүнээс чинь хуртэж явлаа би. Тэгэвч одоо дөрвөн ойрдын нэрийн төлөө бор бөөрт чинь болд жад хүргэе, хажуу сүвээнд чинь хатан илд хүргэе гээд чичив. Тэгээд Убаши хун тайж тэр шархандаа үхэхийн урьд «Орог шаргалыг минь тавигтун. Нутагт мэдээ оруултугай. Залуус та нар ч харихгүй буюу хайран нэрээ санаж халшралгүй байлдаж, харьж няцалгүй нэг нэгнээ дэрлэн орогтун» гээд орог шаргалын буруу биеэр хийсэн одов. Убаши хун тайжийн хайрладаг залуус ноёныхоо ясан дээр мориныхоо мордох талын дөрөөний сурыг огтолж дөрвөн ойрдын цэрэгтэй мөн тэнд цавчилдан байж үхсэн билээ.
Дөрвөн ойрд монголыг дарсан тууж энэ. Ойрдын сахиус долоон настай хүүд хувилж монголд цэлиг орхисон нъ тэр болно.
Энэ дайн гал гахай жилд (1587) болов.