Өнөөгийн манай хөгжингүй ертөнцийн сэтгэлгээний аугаа түүчээ Фрэнсис Фукуяама, Ларри Даймонд, Стивэн Краснэр нар Монголд лекц уншихаар урилгаар ирж байна. Жаргаланхаан, Флин, Камеруны дохтой илбэчид, шонхорын ангууч Алан Парот, 15 тэрбум доллартой өмдөө чирсэн хужаа, агаарын орон зай худалдаж авдаг Айбэкс Молам, усанд амь оруулдаг япон гар, парламентад нэгээс илүү нам орвол балардаг тухай суртчилдаг МАХН-ын 2004 оны зочин америк сонгуулчин, тайзан дээр харуулж байгаад сохорыг нүдтэй, хөлгүйг хөлтэй болгодог христчин гайхал, телевизээр олон хүн хуурснаараа алдаршсан иран үзмэрч гээд бидэндээ таарсан амьтас ирж нохой шуугиулаад буцдаг байсныг бодвол ямар нэг хэмжээгээр оюуны аваргуудын анхаарлыг татдаг болж дээ, манай орон. Балцерович, Бжэжински, Марк Скаузэн, Фридман, Эрнандо дэ Сото гээд өнөөгийн ертөнцийн сэтгэлгээний дээд хэмжүүр болсон алдартнууд ирж лекц унших болов. МУИС ч бас шинжлэх ухааны оргилд хүрсэн Нобеийн шагналтнуудыг урьж авчиран лекц уншуулах боллоо. Их том дэвшил юм шүү.
1992 онд хэвлүүлсэн Фукуяамагийн “Түүхийн төгсгөл, Сүүлчийн хүн” гэсэн ном нь дэлхийг донсолгосон юм. Ингэж шуугиан тарьсан бүтээл хүний түүхэнд цөөн гарсан биз. Коммунизм нурж, хүйтэн дайн төгсгөл болон олон орон ардчилал чөлөөт зах зээлийг сонгосон түүхэн том үйл явдлыг цаг алдалгүй бүхнээс түрүүн үнэмшилтэй тайлбарлаж чадсан нь түүний амжилтын эх сурвалж байх. Тэрээр гаргалгаагаа германы философич Гегелийн сургаалаас эшилсэн. Хүмүүн нь зөвхөн материаллаг зүйл “хүсдэг” төдийгүй эхнээсээ нийгмийн амьтны хувьд өөрийн үзэл санааг бусдад тулгах “хүслэнтэй” аж. Бусдаар хүлээн зөвшөөрүүлэх гэсэн энэ зөнгийнхөө төлөө цус урсган амь насаа үл хайрладаг. Ийнхүү хүний нийгэм ангиудад хуваагджээ. Хожим нь Марксын тодотгосноор дарлагч, дарлагдагч ангиуд. Гегель нь диалектик хөгжлийн үндэс суурийг зөрчлөөс үүдэлтэй гэсэн. Тезис, антитезис хоёрын зөрчил нь синтез гэсэн дараагийн хөгжингүй төлөвт шилждэг аж. Маркс үүнийг бүр тодотгон боол, боолын эзний зөрчил феодализмд аваачих ба газрын эзэн, тариачны зөрчил капитализмд аваачина гэжээ. Харин капиталист ба ажилчин ангийн зөрчил коммунизм хэмээх ангигүй дэвшилтэт нийгэмд аваачина гэж зөгнөсөн юм.
Фукуяама Гегелийн философийг задлаад гегель маягийн хөгжлийн түүх дуусгавар болж либерал ардчилал хүн төрлөхтний нийгмийн төлөв байдал болон тогтлоо гэж тунхагласан юм. Нийгмийн дотор иргэд, дэлхийн хэмжээнд улс орнууд ижил зарчим, ижил үнэлэмжтэйгээр зэрэгцэн орших аваас үзэл суртлаа биендээ хүчээр тулгах цаад учир шалтгаан нь үгүй болно. Гэхдээ энэ нь олон улсын хэмжээнд хүчирхийлэл эгнэгт үгүй болно гэсэн үг биш гэдгийг Фукуяама уйгагүй тайлбарласан. Ялангуяа 9/11-ийн дараа лалын тулгар үзэлтний довтолгоог шинжлэх ухаан технологийн хөгжлийн явцад гарч буй муу тал нь гээд гэвч энэ нь коммунизм, нацизм, фашизмтай харьцуулахад үзэл суртлын хүчирхэг дайсагнал, мөнөөх “хүсэл” биш юм гэжээ. Орчин үеийн технологийн хөгжлийг улс хоорондын дайн зөрчилд хүргэлгүйгээр хянаж болох уу гэсэн асуултад Фукуяама болно гээд ингэхийн тулд хүчирхэг төр хэрэгтэй гэсэн юм.
Хүчирхэг төрийн тухай онолоо тэрээр 2004 онд хэвлүүлсэн “Төрийн байгуулалт: Засаглал ба дэлхийн дэг журам ХХI зуунд” бүтээлдээ тодорхой өгүүлсэн юм. Төр хүчирхэг байж л ардчилал, чөлөөт зах зээл жамаараа хөгжинө гэдгийг Фукуяама төрөл бүрээр баталжээ. Гэхдээ төр данхар байна, төр хүчирхэг байна гэдэг нь тэс өмнөө өөр ойлголтууд. Төр бол хууль тогтоох, хэрэгжүүлэх, шүүн таслах байгууллага. Энэхүү үүргээ шудрагаар яг таг биелүүлж чадаж байвал үүнийг хүчирхэг гэнэ. Төр хүчирхэг байснаар өмч баталгаажина, өмчийн харилцаа зөв гольдорлоороо явна, иргэдийн төрд итгэх итгэл нэмэгдэнэ. Төр хүчирхэг байснаар гэрээ контракт баталгаатай байж бизнесийн таатай орчин бүрдэнэ. Эндээс хүний эрх, эрх чөлөө баталгаажих юм. Цомхон, хүчирхэг, чадварлаг төртэй байснаар хуулийн доорхи засаглал бүрдэнэ. Чухам ийм нөхцөл хангагдаж байж ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжих бололцоотой юм. Тиймээс орчин үед, өөрөөр хэлбэл “түүхийн төгсгөлийн” дараах өнөө үед аль нэг хувь хүнийг шүтсэн бус, өмчийн эрх, мөн иргэний эрх, эрх чөлөөг хангаж ажилладаг төртэй байх нь дан ганц эдийн засгийн хөгжилд бус ардчилал оршин тогтноход амин чухал ач холбогдолтой талаар Фрэнсис Фукуяама өгүүлжээ.
Ларри Даймондын хувьд 2008 онд хэвлүүлсэн “Ардчилалын амин сүнс” зохиолоороо дэлхийд танигдаж манай үеийн хамгийн аугаа сэтгэгчдийн нэгээр “бүртгэгдсэн”. Тэрээр өөрийн бүтээлүүддээ дэлхий нийтийг нэрвэсэн хямрал, ардчиллын хөгжил, түүнд тулгамдаж буй бэрхшээлүүдийн талаар дэлгэрэнгүй өгүүлдэг. Тухайлбал дэлхий нийтийн ялангуяа хөгжиж буй орнуудын ардчиллын уналтыг цөөн хэдэн нөлөө бүхий гүрэнтэй холбон тайлбарлажээ. Эдгээр улс орны төр засгийн удирдлагын явуургүй үйл ажиллагааны улмаас дэлхий нийтэд ардчилалд өгсөн ард иргэдийн итгэл найдвар буурч, нэр төр нь булингартаад байгаа аж. Түүний үзэж буйгаар гүйцэтгэх засаглалын үр дүнтэй үйл ажиллагаа хамгаас чухал юм. Хэрэв Засгийн газар шударга, эрх тэгш, найдвартай орчин бий болгохгүй бол эдийн засгийг дэмжих бүхий л арга хэмжээ талаар болох ажээ. Энд тэрээр Кени улсын жишээг татсан аж. Кенийн ерөнхийлөгч Кибаки улс орноо удирдаж, эдийн засгийн үсрэнгүй өсөлтийг ард түмэндээ авчирчээ. Гэхдээ авлигын асуудлыг орхигдуулсны улмаас ард түмний бухимдал даамжирч, олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, хүчирхийлэлд хүрсэн гэнэ.
Иймээс аливаа ардчилсан улс орны нэн тэргүүний чухал асуудал нь засаглалыг батжуулахад оршиж байх ёстой гэж Даймонд үздэг. Хэрэв ингэж чадахгүй бол ард түмэн өөрсдөө төр засгийн эрх мэдлийг гартаа авахыг зорин араатан шинжтэй болдог байна. Нэгэнт ийм болсон үед аливаа нийгмийн адгууслаг шинж төрх илэрч, зөвхөн өөртөө баялаг хуримтлуулахын төлөө өрөөлийн эрх ашгийг уландаа гишгэн, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, засаг төрийнхөө хөрөнгөөс хумслах нь наад захын асуудал болдог ажээ. Чөлөөт сонгууль бол ардчилсан тогтолцооны ердөө л нэг тал нь. Оросын Путин, Венесүэлийн Уго Чааваас нар улс орондоо сонгууль явуулдаг боловч ардчилсан тогтолцооны бусад элементийг мартсан тул ачир дээрээ “сонгуульт дарангуйлал” буй болгосон гэж Дайманд үзсэн байна. Нөгөө талаас далд эдийн засаг, авилга хээл хахуульд автсан газарт ямар ч сонгууль явуулаад ардчилсан дэглэм буй болгож чадахгүй аж. Чухам энд л ардчилсан Монгол, ардчилсан Европын гол ялгаа оршиж байгаа юм шигээ.
Бид хаа яваа, хаашаа яваа, хаа хүрэх гэж байгаа, юун дээр алдаж байгаа, алдаа юунд хүргэж болох талаар дэлхийн шилдэг эрдэмтэн мэргэдийн үгийг сонсож ядахнаа баримжаа авч байх нь манай нийгмийн цаашдын хөгжилд амин чухал асуудал билээ. Хаалттай нийгэмд гурван үеэрээ амьдарч, дараа нь дэлхийн хөгжлийн хандлагыг ойлгох гэж хорин жил мунхаглан төөрөлдсөөр хүн төрлөхтний чиглэл хандлагаас хөндийрч, улмаар дундад зууны харанхуй мунхаг сэтгэлгээ рүү нийтээр хөтлөгдөн бусдын туршлагыг үл ойшоогч, мянган жилийн өмнөх сэтгэлгээгээрээ хөөрөн бахархагч, шинжлэх ухааныг нулимагч, бэлэнчлэн нэхэгч, технологийн бүдүүлэг хэрэглэгч, ёс суртахууны тогтсон хэмжүүргүй шаалуу, мухар сүсэгтнүүд болон хувирч буй нь үндэсний бахархал ч биш, эх оронч байдал ч биш, уламжлалаа хайрлан хамгаалагч ч биш, тэр дундаа хорвоогийн шилдэг гентэнүүд бүр биш, ердөө л эв зүйдээ ороогүй хүн сүрэг болох эргэх процесс руугаа орж байна гэсэн үг. Гээд эрдэмтэн мэргэдийн үгийг сонсох нь үр дүнгээ өгсөөр байна. 2003 онд нэрт эдийн засагч Марк Скаузэн ирж гурван мянган оюутанд лекц уншсан. Төр бүхнийг зохицуулж, бүхэнд оролцож, бүхнийг мэдэж байх онол практик Монголын төрд ноёлоод байсан хүнд цаг үе байлаа. Скаузэний лекцийг тухайн үеийн эрх баригчид огтоос тоогоогүй боловч либерал эдийн засгийг олон мянган залуус ойлгон хүлээж авснаар нийгмийн сэтгэлгээнд дорвитой өөрчлөлт орсоныг арван жилийн дараа өнгийн харахад илт мэдрэгддэг. Перугийн аугаа эдийн засагч, сэтгэгч Эрнандо дэ Сото ойрмогхон хоёр удаа айлчлан лекц уншлаа. Бүртгэлгүйгээр орчин үеийн эдийн засаг нийгмийн амьдрал ямар ч амжилт олохгүй талаар тэрээр ярьсан. Монгол улс өдгөө эрчимтэйгээр бүртгэлийн системд орж байна. Энэ нь эхнээсээ л шууд үр дүнгээ харуулж эхэллээ. Иймээс энэ удаа ирэх Фукуяама, Дайманд нараар төрийн тухай яриулж, манайд яахаараа юм бүтэхгүй байдгийн учир шалтгааныг олоод авбал тун зүгээрсэн.
Нэпко хэвлэлийн газар Фукуяамагийн 1995 онд хэвлүүлсэн “Итгэл: Нийгмийн үр ашиг ба баялгийг бүтээх нь” , 2011 онд эхний ботийг нь хэвлүүлсэн “Улс төрийн дэг журмын үүсэл” бүтээлүүдийг орчуулан хэвлүүлэх эрхийг худалдан авлаа. “Итгэл” бол гайхалтай зохиол. Одоогийн байдлаар янз бүрийн хэлээр нийтдээ арван сая хувь борлогдчихоод байгаа юм. Хүний нийгмийн хөдөлгөгч хүч нь итгэл гэж Фукуяама тодорхойлсон. Эдийн засаг, нийгмийн хөгжил итгэлээс хамаарна. Яагаад бид Япон технологид итгэдэг, хятад хүнсэнд итгэлгүй ханддаг вэ? Яагаад бид герман үйлчилгээнд итгэдэг, монгол албан хаагчийн үгэнд үнэмшдэггүй вэ? Фукуяамагийн өнгөрсөн жил эхний боть буюу Францийн хувьсгал хүртэл бичсэн хүн төрлөхтний засаглалын түүх маш сонирхолтой. Зарим орон яагаад мөхчихдөг, зарим нь хэдэн мянган жил оршсоор байдаг вэ? Ардчилсан дэг журам Японд амархан тогтсон мөртөө Хятадад яагаад болдоггүй юм? Энэтхэгийн ардчилал яагаад улс орныг нь хөгжүүлдэггүй юм бэ? Жижигхэн Израил богино хугацаанд дэлхийн дээд эрэмбэд гарч чадаж байхад урт удаан түүхтэй Оросын засаглал үргэлж бүтэлгүйтэж байдгийн учир юу вэ? Үнэхээр сонирхолтой ном. Нүд нээгдээд л явчих шиг болно. Бид төр засгаа далан жил магтлаа, хорин жил мууллаа. Хаанаа болоод хаанаа болохгүй байгаа, юунаас болоод байгааг олж харахад чинь туслах болов уу. Зүгээр л хараагаад нулимаад суухаар цаад шалтгааныг нь олох, тэгээд засч залруулахад нь хувь нэмрээ оруулбал зүгээрсэн.
Нийтлэлч: Баабар