Улсын Филармоны “Морин хуурын чуулга”, Төрийн соёрхолт Д.Сосорбарамын ахалсан “Билгүүн Ундрага” хамтлагууд Япон орноор аялан тоглолт хийж байна. Эдгээр хамтлагийн уран бүтээлчид 20 гаруй мянган км замыг туулж, Японы 18 хотод монголын үндэсний урлагийн ид шидийг гайхуулав. “Морин хуурын чуулга” нь Фүкүшима, Киото, Шига, Нара , Хирошима, Ямагүчи, Тоттори муж, Токио хотод, “Билгүүн Ундрага” хамтлаг нь Нагасаки, Ойта, Фүкүока, Кочи, Токушима мужид бүрэн хэмжээний тоглолт хийв.
Энэ удаагийн зарим аялан тоглолтууд нь газар хөдлөлтийн бүс нутагт оршин суугаа, байгалийн гамшигт өртөж бие сэтгэлийн болон эд материалыг хохирол амсаж гундуу яваа япончуудад сэтгэлийн дэм өгөх зорилго агуулсан нь Монгол Япон хоёр орны иргэд хоорондын харилцааг улам бэхжүүлж, хоёр талын харилцааны хуудсыг шинэ агуулгаар баяжуулсан байна. “Морин хуурын чуулга” нь Фүкүшима мужийн Соо, Широкава хотод, “Билгүүн Ундрага” хамтлаг нь Ойта мужийн Киси тосгон, Фүкүока мужийн Күрүмэ хотод хандивын тоглолт хийж, буяны үйлст нэгдэв. “Японы ард түмэнд тохиолдсон гашуудал харууслыг ая дуугаар нимгэлэх, японы хүн зонд урам өгөхийг зорьсон. Монголчуудад цаг ямагт тусламжийн гараа сунгадаг японы ард түмэнд монгол урлагаар талархлаа илэрхийлж чадлаа” хэмээн уран бүтээлчид хэлж байв.
Монголын уран бүтээлчид Японы алслагдмал бүс нутагт хүрч, монгол соёлоор үйлчилсэн нь онцлог явдал боллоо. Одоогоос 700-н жилийн тэртээ монгол цэргүүд халдан довтолж байсан Ики аралд “Билгүүн Ундрага” хамтлагийхан тоглолтоо толилуулжээ. Хэдэн зуун жилийн тэртээх дайн самууны ул мөр одоо ч арлын газар нутагт оршсоор байгаа аж. Арлын иргэд монголын талаар таагүй ойлголттой байсаар өнөөг хүрсэн байна. Тус аралд монголчууд хөгжмийн зэвсэг агсаж очиж, ард иргэдийн сэттгэлийг ая дуу, хуурын эгшгээр хөглөжээ. Ийнхүү урлаг соёл нь ард түмний ойртон нягтрах, хоёр талын харилцаа зузаатгахад хувь нэмрээ оруулсаар байна.
Монгол улсын Соёлын элч Н.Сатогийн санаачилгаар “Морин хуурын чуулга”-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Япон улсад гурав дахь удаагаа аялан тоглолт хийлээ.
Монгол улсын ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Монгол улсын түүх, соёл өв уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, эх орноо гадаадад сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэх” зорилтын хүрээнд зохион байгуулсан энэ удаагийн Япон орноор аялан тоглосон үндэсний урлагийн уран бүтээлчдийн тоглолт нь амжилттай боллоо.
Эх сурвалж: ГХЯ