Үг хэлэх эрх чөлөө гэдэг нь та, би, бид бүгдээрээ үзэл бодлоо төр засгийн хяналт, дарамтгүй, хэн нэгнээс айхгүйгээр илэрхийлэхийг хэлж буй юм. Үүнийг бас өөрийгөө илэрхийлэх эрх чөлөө ч гэж нэрлэдэг. Өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөнд хувь хүн ямар ч хэрэгслээр мэдээлэл, санаа хайх, олж авах, тараах эрх багтдаг. Үг хэлэх эрх чөлөө нь хүний бусад бүх эрхийн тулгуур нь бөгөөд үүнгүйгээр хүн, нийгмийн хөгжил дэвшил, ардчилал, зах зээл зэрэг үнэт зүйлсийг төсөөлөх боломжгүй.
1689 онд Английн Парламентаас баталсан Эрхийн тухай хууль, зуун жилийн дараа Францын хувьсгалын үеэр баталсан “Хүн ба иргэдийн хуулийн тунхаглал”, 1948 онд НҮБ-ын баталсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” зэрэг олон чухал баримт бичигт үг хэлэх эрх чөлөөг анх тодорхойлсон байдаг. 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “Монгол Улсын иргэн нь итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэж заасан нь бий. Гэвч Үндсэн хуульд л тусгасан бол монголчууд үг хэлэх эрх чөлөөтэй болчихсон хэрэг огт биш аж.
ЯАГААД ҮГ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ АМИН ЧУХАЛ ВЭ?
Чөлөөт нийгэм хаалттай (үг хэлэх эрх чөлөөгүй) нийгмээс илүү хурдтай хөгждөг гэдэг. Гагцхүү чөлөөт нийгэмд л шинэ санаа, шинэ бүтээл уралдан төрж, бизнесийн болон нийтийн засаглалын арга барил тасралтгүй шинэчлэгдэн боловсронгуй болдог.
Чөлөөт дуу хоолой бол нийгмийн баялаг юм. Учир нь зөвхөн эрх чөлөөтэй хүн л өөрийгөө бүрэн хөгжүүлж чадна. Ил тод, айдасгүй дуу хоолой оршиж байж л сэтгүүлчид, иргэд авлигыг илрүүлж, нийтийн хөрөнгийг завшигчидтай хариуцлага тооцох боломж бүрдэнэ. Монголын улс төрийн намын жирийн гишүүд нь ч өөрсдийн удирдлагын хөрөнгө мөнгө хаанаас гаралтайг мэдэж буй ч асуухаас эмээж, дарамтлуулахаас айж байна.
Иргэн бүр үг хэлэх, бүх аргаар өөрийгөө эрх чөлөөтэй боловч энэ нь бусад хүний эрхээр хязгаарлагдана. Хүн бүр ярих, бичих, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй байх ёстой ч үүнийгээ буруу ашигласан бол (хүнийг гүжирдэх гэх мэт хуулиар хорьсон) хариуцлага хүлээх ёстой. Үг хэлэх эрх чөлөө нь хэвлэл мэдээллийн байгууллагуудад онцгой ач холбогдолтой. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь “төлбөл дуугарахгүй байх” буюу “хаалтын гэрээ” байгуулах, эсвэл “төлөхгүй бол дуугарахгүй байх” зэрэг зарчмаар ажиллах ёсгүй юм. Ардчилсан оронд онц байдал тогтоосон ч хэвлэл мэдээллийн хэрэгслийн дуу хоолойг боох учиргүй.
ӨНӨӨГИЙН МОНГОЛЫН ЭМЗЭГ АСУУДАЛ
Ардчилал, зах зээлийн замыг сонгож авснаас хойш Монгол Улс нийгэм, эдийн засгийн хөгжилдөө томоохон дэвшил хийжээ. Арваад жил түүхий эдийн үнийн өсөлт, Хятадын эдийн засгийн хурдыг даган огцом дээшилж байсан манай эдийн засаг сүүлийн хоёр жилд эрс саарч байна. Уул уурхайд голлон тулгуурласан эдийн засагтай Монгол Улсад хүн амын орлогын ялгаа асар их болж, нийгмийн тэгш бус байдал эрс нэмэгдэв. Уул уурхайн орлого хамгийн их байх үед ямар нэгэн хуримтлал бий болгохын оронд гадаадаас ихээхэн зээл авч, эдүгээ өрийг өрөөр дарахаас өөр сонголтгүй болоод байна.
Зах зээлийн эдийн засагт хүн бүр адилхан баяжиж, хөгждөггүй нь тодорхой боловч хүн амын ядуу хэсэг нь яаж ч хичээсэн хоногийн хоолоо олж чадахгүй, орлого нь үнийн өсөлтөд дарамтлуулсаар байгаагийн гол шалтгаан бол эдийн засгийн тогтворгүй бодлого, нийтийн засаглалын (төр засгийн) чадвар сул буйтай холбоотой. Төр засгийн байгууллуудын (яамд, агентлагууд, төрийн өмчийн компаниуд, хот, орон нутгийн засаг захиргааны байгууллагууд) тоо нь өсөж ирсэн ч, чанар нь муудсаар байна.
Яагаад ийм болсон, яагаад өөрчлөгдөхгүй байгаагийн гол шалтгаан нь ердөө л авлига юм. Монголчууд бид авлигатай тэмцэж байна гэж аман дээрээ ярьж буй ч, ажил дээрээ нөхцөл улам дордсоор байгаа. Үүнийг өнөөгийн төр засгийн эрх баригчдын чадвар, нам, фракцуудын хоорондын тэмцэл, сонгуульд зориулсан популист амлалт, ажлын хариуцлага алдсан хэнийг ч шийтгэж чадахаа больсноос харж болно.
Яагаад бид авлигадаа ялагдаад буйн гол шалтгаан нь Монгол Улсад үг хэлэх эрх чөлөө хязгаарлагдмал байгаад оршино. Энэ бол аль нэг хүний үзэл бодлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргахгүй, хэвлэхгүй болсон, зарим цахим хуудас хаагдсан гэх зэргээс үлэмж өргөн ойлголт юм. Монгол хүн өнөөдөр нийтийн сайн сайхан, аюулгүй байдалд хор учруулж байгаа, цаашид бүр их муу нөлөө авчирч болох буруу үйлдлийн тухай нийтэд мэдэгдэхээс айж түгшиж байна. Хэн нэгний буруу үйлдлийг илчилсэн хүн ажлаасаа халагдаж, ямар нэг байдлаар хохирч буй. Ардчилал хөгжсөн орнуудад үнэнийг нийтэд мэдээлж “шүгэл үлээсэн” хүнийг хамгаалсан хууль хүртэл бий.
Монголд үг хэлэх эрх чөлөө хязгаарлагдмал байгаа учраас бодит үнэн ил болж, ялан дийлэх боломжгүй түвшинд хүрчээ. Тодорхой бүлгийн, ялангуяа төр засгийн эрх баригчид, тэдний гар хөл бологсдын ашиг сонирхлыг хөндсөн хүн зохион байгуулалттай довтолгоонд өртөх болов. Үнэнийг хэлсэн хүнийг хүн гүтгэсэн гэмт хэрэгтэн болгож чаддаг хууль зүйн систем ч ажиллах болж. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үнэнийг бүрэн илэрхийлэхээс эмээж, тодорхой хил давахгүй байх заагтай болжээ. Ихэнх сонин төрийн байгууллагуудын захиалгаас хамааран борлогдож байна.
Хэрэв эрх баригчид мэдээллийг хязгаарлах, шүүмжлэлийг зогсоох замаар сонгогчдыг төөрөлдүүлэх боломжтой л байвал ардчилал нь бүрэн утгаараа хэрэгжихгүй. Үг хэлэх эрх чөлөө бол Монгол Улсын хөгжил дэвшлийн хүчилтөрөгч нь юм.
Нийтлэлч: Д.Жаргалсайхан