Тvрvvчийн цаснаар би нутагтаа очсон байв. Муу нэртэй мичин жилийг дагаж халуун намраар их цас орон хvйтэрчээ. Гэвч Онон голын шугуйд навч унаж гvйцээгvй цасан дунд улаа бутран байв. Би амралтаар яваа ажилгvй бєгєєд яаралгvй хvн болохоор сумын тєвєєс хэдэнтээ єртєє алслан айл амьтнаар хэсvvчилж гєрєєчдийг дагалдан уул хєвчєєр тэнэж «Унасан газар, угаасан усандаа» хvрч, хvйсийг минь булсан тоонотоо хvртэл vзээд буцах замдаа цас оруулав. Би Жирмийн даваа уруудан галигуулж энэ их цасанд хvн мал цочирдон бас л зуд турхан болох нь уу гэж эмээж байгаа болон ер нь байгаль хачин хувирч байгаа тухай бодож явлаа. Хорин хэдэн жилийн ємнє энэ даваагаар Хулан хvvхэнтэй даваад шар Цамбад хардагдаж морин дээрээсээ хуу татуулж явсныг санахад цаг гэдэг их амархан явжээ. Шар Цамба, Хулан хоёрын аж амьдралын тухай хааяа сонсохоос биш нvvр ч учралгvй єдий хvрлээ. Их л баян тарган айл болсон гэдэг. Хуланг бага залуугаасаа мал гэрийн их ажилтай зууралдсаар байгаад яагаа ч vгvй эрт хагдарч, урьдьн гоо сайхнаас нь юу vлдсэнийг мэдэхэд бэрх болсон гэлцдэг. Хуланг одоо нэг харах юмсан гэж бодож явлаа. Шар Цамба Чингис хаантай тєсєєтэй санагдаж байсан аль тэртээ хорин хэдэн жилийн ємнє Хулан бид хоерын хэлэлцэж байсан, хvсэн мєрєєдєж байсан юм ёсоороо болсон юм байхгvй боловч Цамбад хор хєдєлснєєс болоод би харин овоо эр хvн шиг зориг шийдэмгий болсон ч байж болох юм. Юу ч л гэсэн одоо би тvvний єєдєєс эгц харж хэрэлдэх хэлэлцэх алийг нь ч vзvvлж чадахаар болжээ. Харин зориг дутаж Цамбын хvлээсэнд vлдсэн Хулан одоо ямар болсон зургийг тааж болохоор байв. Би энэ мэтийн юм бодож явахдаа мєн энэ Жирмийн даваанд Хулантай уулзах юм гэж санасан ч vгvй. Гэвч ямар нэг далдын хvчин тусалсан юм шиг, санаж явсан юм гэнэт бvтчих ёс бий. Ер нь аль дєчєєд жилийн ємнє хvйсийг минь булж дарсан элгэн улаан чулууг ч олж vзнэ гэж санаагvй яваад л олж vзсэн.
Тvрvvн давааны оройд гарч ирээд тээр дор нэг цагаан нохой дагуулсан морин тэрэгтэй хvн доошилж яваа харагдсан юм. Гvйцээд очтол Хулан байв. Намайг таних ч биш, vгvй ч биш байгаа бололтой. Уруу нь боосон алчуураа магнай руугаа дарсхийгээд намайг гайхан харснаа,
Хvvе Сампил, хаанаас ийм сонин хvн гараад ирэв гэж баярлах цочих зэрэгцэн хэлэв. Толилзож, гялалзаж байдаг асан магнай нь vрчлээтэй єнгє алдаж , ярс ярс хийсэн тэгш цагаан шvдийг нь хэдэн алтан шvд орложээ. Ганцхан нvд нь хуучин янзаараа, урьдын цог залиа, гоо сайхан хvн байсан гэдгээ тавихгvйг хичээсээр явдгийг нь илтгэж байв. Гэлээ гээд Хулан надад тун ч дотно сайхан санагдав. Залуудаа ямар байсныг нь би даанч сайн мэднэ. Ядуу айлын охин баян айлын бэр болоод жаргал зовлонгийн алийг мэдэхгvй явсан хэрэг биз ээ. Баяр наадмаар жороо морь унаж, торгон дээл ємсєнє гэдэг идэр сайхан явах цагт бас ч сэтгэл хорогдуулдаг эд шvv дээ. Хулан ялдам намуухан хvн явсаар байгаад амьдралын хvлээснээс гарч чадалгvй энэ болжээ. Би ч тэгэхэд хэтэрхий гэнэн балчир явсан. Арван долоохон нас юу байхав дээ. Эр бие гvйцсэнсэн бол Хуланг єєр замаар дагуулж болох байсан биз.
Хулан над амьдрал байдлаа ярьж явав. Дахиад л цас орох янзтай тэнгэр бvvдийж, Онон гол хар тугалга мэт хvйтэн царцанга єнгєєр мэлрэн урсана.
Цамба хэдэн хvнтэй хамсраад анд явсан. Манайх нэг л олон нохойтой баахан бvдvvн шартай айл, Яая гэхэв дээ. Ингэсээр насныхаа танагийг барлаа.
-Танайх нэгдэлд ороогvй юм гэж vv
-Yгvй Цамба модны артельд агуулахын нярав хийдэг юм.
– Албан хаагч. Тэгээд юун олон нохойтой шар vхэртэй яасан их завтай хvн бэ дээ
-Тиймээ. Миний л толгой дээр хамаг юм бууна. Шарнуудаа мал цєєнтєй айлууд тарааж харуулдаг. Би хєлсийг нь хувааж єгєєд ирлээ. Хєрєнгєє нууж байгаа нь тэр. Банкинд байгаа мєнгєє надаас ч нуудаг юм.
Хулангийн энэ vг гайхаш тєрvvллээ.Єчнєєн жил айл болж амьдарсан хvний тухай биш хєндлєнгийн хvний тухай ярьж баигаа юм шиг байлаа.Єєрєє бол хvний хань биш ямар хань харин зvгээр нэг цагаачлагчийн маягаар ямарч сэтгэл гомдолгvйгээр ярив.
Би бєєн хар гунигт автагдлаа.
_ Хулаан! гэж би харуусаж бухимдсандаа уйлмаар болж буруу харав. Би биеэ овоо авч чвсан эр хvн болохоор Хулантай бараг л vе мултарсан юм шиг ажээ. Тэгээд нэрээр нь дуудах нэг л зовлонтой .Би биеэ барьж чадсангvй
-Хулаан! Тээр жил чи бид хоёрын энэ Ононд юу ярьж яаж явлаа даа. Санаж байна уу гэхэд
– Тийм ээ. Одоогийнх шиг иймгvй залуухан явсан.Чи чиг бvр хvvхдээрээ байсан биш vv гээд муухан инээв .
Чингис хаанд мориноосоо хуу татуулаад уйлж байсан юм чинь ямар эр хvн байхав дээ гэхэд,
Гэхдээ л чи моринд гарамгай байсан даа гээд инээлээ. Залуугийнхаасаа ялгаагvй цэв цээлхэн дуугаар инээхэд нь цасанд даруулсан ой мод хvртэл цууриатаад явчих шиг боллоо.Гэтэл ой мод хvн инээх байтугай буу тавьсан ч цууриалмааргvй єдєр шvv дээ. Хулангнийн инээхэд миний дотор онгойж, хvйт нойтонд ширвэгдэж зvдэрсэн морины минь нvд нь сэргэж чих нь сортолзоод ирлээ. Гунигтай хvн давхидаггvй харин инээж наадаж яваа хvн давхидаг гэдгийг адгуус хvртэл мэднэ.Ингэж энэ тэрхнийг ярьсаар яваад гэрт нь хvрч ирлээ. Тэднийх сумын тєвийн захад хашаа байшинтай бєгєєд том цагаан гэрээ дулаалж орсон байв. Хоймортоо хэдэн эрээн авдартай , их л чєлєєтэй нойрсох дуртай хvн бодож хийсэн болов уу гэмээр аль цагийн хоёр их тємєр ортой, хивс ширдэг битvv дэвссэн айл юм. Хулангийн гоо vзэсгэлэн залуу нас , сайхан юм хvсэн тэмvvлэх сэтгэл нь тэр эрээн авдаруудад vvрд цоожлогдсон мэт санагдлаа.
Хулан над хоол хийж шимийн архи аягалж єгєв. Хоёр гурван тагш халуун архи уугаад зориг орж Чингис хаан хэмээх шар Цамба гуай маань ангаас бууж ирвэл яасхийж уулзах билээ? гэж бодож суусан би урьдынхтайгаа адил сvр бадруулаад байвал нь «Хойш бай! Айлаар нуусан хэдэн бvдvvн шарынхаа махыг идээд л аниргvй хэвт!» гэж зад агсамнамаар байв.
Цамба гуай наадамд морь уядаг хэвээрээ юу? гэхэд,
Бvр байсан. Биеэ сайрхаж явдаг хєг нь єнгєрсєн юм чинь гэж Хулан хэлэв. Юм гэдэг ингэж л хувирдаг хойно доо. Уян догшин хоёр, сайхан муухай хоёр бие биедээ харшилж явсаар сvvлдээ хэн хэнтэйгээ тэмцэх хvчээ алдаж байгаа нь энэ. Ингээд л амьдрал дуусна. Авдартаа алт мєнгє, гаднаа мал хєрєнгє хурааж, нууж дарсаар байгаад л хорвоог барна» гэж би бодож суулаа. єнгєрчээ єнгєрч гэж санаа алдтал,
Сампил аа чи багадаа сайхан дуулдаг сан. Дуулаач дээ гэж Хулан гуйв. Би багаасаа дуртай «Эр бор харцагаа» аяллаа.
Эр бор харцага нь жигvvрхэндээ хvчтэй дээ
Идэр залуу насандаа даанч ажнангvй явлаа даа» гээд дуулахад минь Хулан доошоо харж нулимсаа арчиж суув.
Гэтэл гадаа нохой шуугилдав. Хулан аяганд архи дvvргээд,
Цамба ирлээ гэж тоомжиргvй хэлэв. Залуу байхдаа «Цамба ирэв» гээд зvгээр сууж байдаггvйсэн. Омогтой сvртэй хvний эхнэр болоод айж тvгшиж явахад нь аятайхан ч байдаг юм сан уу. Эрдээ зодуулахгvй бол санаа нь амардаггvй, хvчгэрхэг мангар хvнд дуртай хvvхнvvд ч байдаг… Цусаар тээглэ! Би ер нь агсан тавихад бэлэн болоод байлаа. Гэрийн хаалга нээгдэж эхлээд гурван цагаан нохой хэл амаа долоосоор орж ирэв. Хойноос нь Цамба орж нохдоо хєєж гаргаад мэндлэв. Намайг ер таньсангvй. Одоо Чингисийн дvрийг санагдуулах юм юу ч алга. Ердєє л нэг тарган шар євгєн «Ямар гайтай цас гээч вэ. Уул хєвчид явахын арга алга. Зуд болдгоо боллоо. Арай чvv гэж ганц мэгж алаад…» гэж vглэсээр буу сумаа єлгєв. Адаглаад тvvнд агсан тавихын ч хэрэг алга болжээ.
Хулан намайг vдэж мордуулав. Уяан дээр би тvvний гарыг бариад,
Баяртай гэхэд,
Буцахаасаа нааш манайхаар яваарай л даа
Би за ч гэсэнгvй, vгvй ч гэсэнгvй мордож давхилаа.