“Лантуун дохио” ТББ, “Тусгал” гэрэл зургийн клуб хамтран “Ub Art Gallery”-гийн дэмжлэгтэйгээр хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Зэрэгцээ ертөнц” баримтат гэрэл зургийн үзэсгэлэн, судалгаа, шийдэл багтсан цогц арга хэмжээг энэ сарын 11-17-ны хооронд “Ub Art Gallery”-д үнэ төлбөргүй дэлгэх гэж байна.
Өнөөгийн нийгэмд эдийн засаг, уул уурхай, улс төрөөс илүү хамгийн чухал тулгамдаж буй асуудал бол “Хүүхдийн асуудал” юм. Учир нь аль ч асуудал хүнийг тойрч чадахгүй бөгөөд “Хүн” нь өөрөө хүүхэд билээ. Өнөөдөр Монгол улсад хүүхдийн эрх ялгаварлан гадуурхагдах, үл хайхрагдах, бэлгийн мөлжлөг, зодуулж бэртэх, хүний наймаа, орон гэргүй тэнэмэл, хүнд хөдөлмөр эрхлэх, эрүүл орчинд амьдарч чадахгүй байх, аюулгүй орчинд амьдарч чадахгүй байх, жендерт суурилсан хүчирхийлэл, сургууль цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал, сэтгэл санааны гэх мэт 10 гаруй хэлбэрээр өдөр бүр зөрчигдөж байна.
2016 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт хэргийн 41 хувь согтуугаар үйлдэгдсэн бол хохирогчдын 90.7 хувь нь эмэгтэй хүн байгааг үзэсгэлэнг зохион байгуулагчид дуулгалаа. Тодруулбал, гэр бүлийн хүчирхийллийн хэргийн 86 хувь нь гэр, орон сууц ахуйн орчинд үйлдэгддэг байна.
Тиймээс “Лантуун дохио” ТББ, “Тусгал” клуб хамтран хүүхдийн эрхтэй холбоотой “Ноцтой” баримтат гэрэл зургуудыг ил болгон тавьж 1000 удаа сонсоод ойлгодоггүй зүйлсийг гэрэл зургийн хүчээр олон нийтэд ойлгуулах, анхааралд нь авчирахыг зорьж байгаа аж. Тус үзэсгэлэн нь хар бараан, гэгээлэг мөн шийдэл гэсэн гурван хэсэгтэй юм байна.
“Зэрэгцээ ертөнц” үзэсгэлэн нь зөвхөн гэрэл зураг дэлгэн үзүүлж таниулах бус бодит үр дүн, өөрчлөлтийг авчрах зорилготой гэнэ. “Лантуун дохио” ТББ “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төслийг санаачлан Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны зүүн салааны III хорооны уулзвар газарт хүүхдийн төлөө цогц байгууламжийг байгуулахаар ажиллаж байгаа юм байна.
“Зэрэгцээ ертөнц” үзэсгэлэн өнөөдөр 13.00 цагт “Ub Art Gallery”-д нээлтээ хийнэ.