"Утааны эсрэг ээж аавууд”-ын холбоо дахин нэгдэж "Боож Үхлээ” эсэргүүцлийн жагсаалыг энэ сарын 28-ны Бямба гарагт Сүхбаатарын талбайд 12:00 цагаас хоёр дахь удаагаа зохион байгуулана.
Зохион байгуулагчдын зүгээс соёл урлаг, спорт, нийгэм эдийн засгийн олны танил хүмүүсийг УТААНЫ ЭСРЭГ дуу хоолойгоо нэгтгэн хамтдаа жагсахыг уриалж байгаагаа илэрхийлээд байсан.
Тэгвэл урлагийнхан нэгдэж эхэлсэн тухай мэдээллийг хэдхэн хоногийн өмнө мэдээлсэн билээ. Тодруулбал уг жагсаалд Никитон, Sweetymotion, Lemons, Mr.Dogs, Жааз урсгалаар дуулдаг Ц.Хулан, Ээ халаг дуугаар олонд танигдаад байгаа дуучин Ж.Энхбаяр нар ая дуугаа өргөж, хөлбөмбөгийн тайлбарлагч Б.Батзаяа жагсагчидтай флашмоб хөдөлгөөн хийх зэргээр оролцох юм. Мөн тус өдрийн үйл ажиллагааг "Танайд хоноё" нэвтрүүлгийн сэтгүүлч, хөтлөгч Г.Алтантүрүү хөтлөхөөр болсон.
Мөн энэхүү жагсаалд урлагийнхан нэмэгдсээр байгаа юм. Дээрхи хамтлаг, дуучидаас гадна Чоно хамтлагийн дуучин Дэрмээ, Хар сарнай хамтлагийн ахлагч С.Амармандах, Take off хамтлаг нар оролцож ая дуугаа өргөж төрийн өндөрлөгүүд болон шийдвэр гаргагч нараас шийдэл, шийдвэр гаргахыг уриалж нэгдэж байна.
ДиЖи Үүрээ тэргүүтэй Монгол Микс Прожектийн хамт олон "Утааны эсрэг" жагсаалд нэгдэж жагсаалын үйл ажиллагааны хөтөлбөрийг хариуцан ажиллаж байгаа аж. Жүжигчин СТА Д.Оюунтуул, А.Туяа нар жагсаалыг дэмжиж зохион байгуулалтын ажилд туслахаа илэрхийлжээ.
Нэгдүгээр сарын 28-ны өдөр буюу энэ бямба гарагийн амралтын өдөр 12.00цагаас Сүхбаатарын талбайд утааны эсрэг “БООЖ ҮХЛЭЭ” жагсаал болно. Санаачлан зохион байгуулагч “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-тай холбогдох утасны дугаар нь 96610308, 88333123 юм. Жагсаалд байгууллага, компаниудыг нийгмийн хариуцлагын хүрээнд хамт олноороо зохион байгуулан олноор оролцохыг ээж аавууд болон жагсаалыг санаачлагч тэргүүн Ц.Пүрэвхүү уриалж байгаагаа илэрхийллээ.
М.Буянжаргал