Монголчуудын өв соёл, Эх орноороо омогших, сэтгэлийн нарийн утсыг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг хөндөж чаддаг. Анх "Улаан залаат Монголчууддаа” зориуллаа хэмээн нэвтрүүлэг эхлэх цаг мөчид хэлдэг бол өдгөө “Дэлхийн Монголчуудад зориулав” болж өөрчилсөн нь Өвөрмонголын алдарт жүжигчин Б.Баасанжавын оролцсон нэвтрүүлэгээс бид бүгд харж байна.
Нэвтрүүлгийн чанар чансаа, утга агуулгынхаа хувьд “дэндүү том” гэж дүгнэж болох эл нэвтрүүлэг хилийн гадна гарч дэлхийн монголчууддаа хүрч эхэлсэн нь олзуурхууштай. Өнгөрсөн оны 10 сараас хойш "Херо энтертайнмэнт", "Монгол тулгатан" төслийн хамт олон шинэ дугаар бэлтгэж буй бөгөөд Өвөрмонголын нэрт морин хуурч Чи Булаг оролцохоор болсон тухай мэдээлэл тарж эхэлсэн. Түүнээс хойш дэлхийн монголчуудын дунд хүлээлт үүсээд байсан тус нэвтрүүлэг үзэгч олондоо хүрлээ. Чи Булаг нь БНХАУ-ын тэргүүн зэргийн хөгжимчин, нэрт морин хуурч, Дундад улсын соёлын нэрт хүн гэдгийг уншигчид андахгүй.
Хамгийн гол нь тус нэвтрүүлгийг үзээд Чи Булагтай уулзаж Өвөрмонголын олон зуун хүний монголоо гэх чин хүслийг танихад чухал нөлөөтэй санагдсан. Нэвтрүүлгийг дээд түвшинд хийх, үзэгчдэд хүргэх, ярилцах хүмүүсээ зөв сонгох, дүр дүрслэл, ярианы утга агуулгатай зохицсон хөгжмийн эгшгээр хүмүүсийн сэтгэлийг хөндөх тал дээр “Херо”-гийнхон дахиад л ямарч алдаа гаргасангүй.
Зохицол
“Монгол тулгатан” төслийн хамт олон ярилцагчаа сонгох тал дээр маш зөв ухаалаг шийдвэр гаргаж чаддаг нь шинэхэн нэвтрүүлгээр дахин батлагдлаа. Өнөөдөр телевизийн нэвтрүүлгүүд хүчээ авч, цахим ертөнцөд залуус идэвхтэй болсон цаг. Тэдгээр залууст эх орноо хайрлах, элгэн түмнээ энэрэх сэтгэлийн сайхныг юутай ч зүйрлэшгүйг Чи Булаг харуулж чадлаа.
Нэвтрүүлгийн доод талын сэтгэгдэл үлдээх хэсэгт нэгэн залуу “Нулимсыг нь харах хэцүү” байлаа гэж бичжээ. Монголчууд Б.Баасанжав, С.Тэнгэр, Чи Булаг гэх хүмүүсийн тухай ихийг мэддэг болж Өвөрмонгол ахан дүүсээ хайрлаж эхэлж байна. Үндэстэн хоорондоо нэгдэх томоохон бодлогыг ингэж л соёлоор дамжуулан хэрхэн түгээж болдогийн томоохон жишээ энэ юм.
Монгол адууны өв соёл, онгон дагшин байгалийн үзэсгэлэнт төрх, үндэсний хувцсаараа гоёсон алдартнуудыг харуулсан богино мөчлөг бүхий зураг авалтуудыг хурдан ритмтэй хөгжмийн аяар чимэглэсэнд нэвтрүүлгийн бусдаас ялгарах гол онцлог буй.
Асуудал
Өмнөх дугаарт Төрийн шагналт, Ардын уранзохиолч Б.Лхагвасүрэнтэй хамт Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд нэвтрүүлгийг хөтлөн явуулсан нь үзэгчдийн зүгээс шүүмжлэл дагуулсан. Ихэнх үзэгчид "хөтлөгч Анужинг санаж байна шүү, Сувд гуай хэт хэлбэр юм аа” гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлсэн.
Гэвч өөрийн авьяас, хөдөлмөрийн үрээр өндөрт хүрсэн хүн хэнээс юу асуухаа маш сайн мэддэг нь Н.Сувд гуайн зочноос асуух асуулт, сэтгэлийг нь хэрхэн уудалж, дотоод ертөнцөөр нь үзэгчидтэйгээ хамт аялаж байгаагаас үзэгчид анзаарч харсан бизээ.
Урьдаас бэлтгэж төлөвлөөгүй өөрийнхөөрөө асуултаа тавьж, зочинтойгоо шууд ярилцсан нь харагдана. Дээр нь Чи Булаг хэний талаар ярих гээд байгааг урьдаас нь тааварлан хэлж чадаж байна гэдэг хөтлөгчийг асар баялаг мэдлэг, мэдээлэлтэйг харуулж буй хэрэг. Тэгээд ч мэдэхгүй зүйлийнхээ талаар асууж ярихгүй байгаа нь маш том соёл.
Давхар утга
Уг дугаарт ганц Чи Булаг гэх хүнийг монголчуудад таниулсан гэж дүгнэвэл маш том алдаа болно. Учир нь түүний “нэрт морин хуурч” хэмээх бараг овог нь болсон гэмээр цол хэргэмийг санах хэрэгтэй. Тиймээс дан ганц монголчууд бус дэлхийн олон үзэгчдэд морин хуурын уран ярууг, үндэсний хөгжмийнхөө гайхамшгийг сурталчлан таниулсанд нэвтрүүлгийн хоёр дахь зорилго оршино.
Өөр улс гүрний хүмүүс ч аялгууг нь сонсоод сэтгэл нь уярдаг эгшиг яруу хөгжим бол морин хуур.
Найруулагч Б.Баатар шинэ цагийн залуусыг эх хэлээ дээдэлдэг, үсний засалтаар бус үндэсний ёс заншлаа мэддэг, түүгээр гангардаг байгаасай гэсэн хүслийг дотроо агуулж буй нь тодорхой харагдана.
Мэдээж сэтгүүл зүйн “хөрөг-ярилцлага”-ын төрөл, зураг авалтууд нь өөрийн гэсэн дүрэмтэй. Гэтэл найруулагч тодорхой хэлбэрт баригдалгүйгээр цоо шинэ зүйлийг бий болгож телевизийн нэвтрүүлэгт шинэчлэл хийж чадаж байна. Энэ нь зочныхоо ур чадвар, дээдэлдэг эрхэм зүйл, авьяас билгээр нь дамжуулж өв соёлоо бусдад таниулах, түгээн дэлгэрүүлэх гэсэн санаа нь юм.
Нэвтрүүлгийн төгсгөлд Чи Булаг “Өвөг дээдэс Чингис хаан минь дэлхийг өөрийнхөө тал нутаг гэж бодож явсан. Би дэлхийг морин хуурынхаа тайз гэж боддог” хэмээн хэлснийг онцлох нь зүй ёсны хэрэг.
Бид эх дэлхийн түмэн амьтны учир явдлыг хоёрхон чавхдсанд багтаан хүүрнэж чаддаг гайхамшиг хөгжим болох морин хуурын эзэн нь болж төрсөн үндэстэн. Үндэсний бахархал болсон хөгжмийн яруу тансаг эгшгийг бусдад таниулж, алхам бүртээ шинэ санааг эрэлхийлж явснаас бус арагш харж суугаагүй “Монгол тулгатан” төслийн хамт олонд талархал илэрхийлэх учиртай.
Б.Алтанхуяг Эх сурвалж: МОНЦАМЭ