Сонгодог дуучдыг олон нийт төдийлөн мэддэггүй. Тэд танигдахын төлөө улайрдаггүй, харин мэргэжилдээ гаршихын тулд чимээгүйхэн хөдөлмөрлөсөөр байдаг. Өнөөдөр бид Монголын шинэ залуу сонгодог дуучдын нэг болох УДБЭТ-ын дуучин Э.Мөнхтөрийг урьж ярилцлаа. Тэрээр тун удахгүй 3-р сарын 22-нд анхны бие даасан тоглолтоо хийх гээд тун завгүй бэлтгэлээ хийж байх үеэр нь бид ярилцсан юм.
-Юуны түрүүнд танд баяр хүргэе, анхны бие даасан тоглолт гэдэг бол анхны хүүхдээ өлгийдөж авах тэр мэдрэмжтэй ч зүйрлэж болох байх. Бэлтгэл ямаршуу байна, сэтгэл догдолж байгаа байх даа?
Баярлалаа, тэгэлгүй яахав, маш их догдлол, бас өндөр хариуцлага юм даа. Тэр дундаа сонгодог урлагийн бие даасан тоглолтоо тавина гэдэг бол их аз завшаан, хөлс хүч шаардсан хөдөлмөр учраас хоолойны бэлтгэлээ хийгээд, хажуугаар нь тоглолтын менежмент, билетээ борлуулахаас эхлээд бүх л зүйлд бид нар чинь өөрсдөө бор зүрхээрээ явдаг шүү дээ. Тэр л зарчмаар зүтгээд л байна даа, бэлтгэл ер нь бол бүгд хангагдсан, олон сайхан хүмүүсийн тус дэмээр, өөрийн хичээл зүтгэл бас их чухал, үзэгч олон түмэн, надад итгэдэг хүндэлдэг хүмүүсийнхээ итгэлийг алдахгүйн төлөө хичээж байна.
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр хэмээх энэ урлагийн сайхан тайзан дээр хэдэн жил дуулж байгаа вэ, бэлтгэл хийж байгааг тань харахад үнэхээр сүрдэм, сэтгэл хөдлөм сайхан санагдлаа?
Баярлалаа, энэ гайхамшигт тайзан дээрээ оюутан байхаасаа л дуулж, ажиллаж эхэлсэндээ өөрөөрөө бахархаж явдаг юмаа. Дуурийн театрын өндөр босгыг хэн хүссэн аавын хүү алхаж орж дуучин болдоггүй, өнөөдөр дуурийн дуучны мэргэжлээр 4 их дээд сургууль жилдээ 200-аад оюутан төгсгөж байгаа. Ингээд бодохоор өөрийгөө азтай гэж боддог шүү. Анх 4-р курсын оюутан байхдаа дагалдан найрал дуучнаар ажилд орсноос хойш долоон жил болсон байна. Миний багш Монгол Улсын Гавъяат Багш, Дэд профессор Ц.Ерөө багшийнхаа удирдлаган дор дуурийн дуучины мэргэжил эзэмшиж, тэр мундаг хүний шавь нь болж, өнөөдөр ч багшийнхаа мэргэжлийн ур чадвараас нь суралцаад, багшаасаа заавар зөвлөгөө аваад явж байгаагаа их хүндэтгэл гэж боддог. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд жинхэнэ мэргэжлийн дуурийн дуучин болох хүсэл мөрөөдлөө бодит болгохын төлөө хөдөлмөрлөлөө, хичээлээ, олон ч алдартай дуурьт дууллаа, одоо ингээд бие даасан тоглолтоо хийх гээд байж байна даа.
За тоглолтын сонин сайхнаас та манай уншигчдад яриач. Мэдээж сонгодог тоглолт өндөр хэмжээнд, гайхалтай болдгийг бид мэднэ. Гэхдээ таны анхны бие даасан тоглолтын онцлог сайхан зүйлс нэлээд байгаа юм байна даа гэж би сая тоглолтын тасалбарыг харж байхдаа бодлоо. Гадаадаас дуурийн дуучин хүртэл таны тоглолтонд уригдаж орж байгаа юм байна?
Үзэгчиддээ яаж сэтгэлийн цэнгэл эдлүүлэх вэ, дуурь үздэггүй хүмүүсийг дуурьт дуртай болгох юмсан гэж би мөрөөддөг штээ. Энэ ч утгаараа анхны бие даасан тоглолтоороо мэдээж эхний зорилго бол залуу дуучины хувьд өөрийгөө нээх, чаддаг бүхнээ дэлгэн харуулах, энэ театрын тайзнаа 7 жил дуулсныгаа нэр төртэйгээр тайлагнаж байгаа тул тоглолтынхоо дууны сонголт дээр өндөр ач холбогдол өгч байгаа. Онцлог сонин нь гэвэл дэлхийн болон Монголын хит болсон цоглог ари романс болон уянгалаг дуунуудыг шилж оруулж өгсөн. Их гоё тоглолт болноо, би бүх зүрх сэтгэлээ зориулж хичээж байна, манай хамт олон ч хамтдаа хичээж бэлдэж байна, тоглолт бүхэлдээ симфони оркестортой болно. Дуурийн театр орж үзээгүй хэн нэгэн дотны хүнээ баярлуулаад хамтдаа энэ урлагийн ариун тайзыг зорьж ирээрэй гэж та бүхнийг урьж байна. 3-р сарын 22-нд цаг наашилсан, урин хавар ирсэн сайхан өдөр байх болноо.
Гадаадын дуучны хувьд АНУ-ын “Lyric Opera of Chicago” театрын дуучин, “Chicago Symphony Orchestr”-ийн дуучин Robert Cunningham урилгаар миний тоглолтонд ирж дуулна. Гайхалтай тенор хоолойтой дуурийн дуучин залуу бий. Мөн манай Театрын гоцлол дуучин Монгол улсын гавъяат жүжигчин Ө.Уянга гайхамшигтай уянгалаг дуу хоолойгоороо та бүхэндээ ая дуугаа өргөх болно. Түүнчлэн Монголчуудыг байлдан дагуулсан “Авъяаслаг Монголчууд” нэвтрүүлгийн финалд шалгарсан КОНСОНАНС поп опера хамтлагийн залуус маань урилгаар тоглоно. Төгөлдөр хуурч Б.Алунгоо, симфони найрал хөгжимчид болон найрал дуучид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. За тэгээд тоглолтын минь гол амин зүрх болсон Тоглолтын ерөнхий найруулагчаар МУУГЗ Е.Сарантуяа, ерөнхий зураач МУСТА Г.Ганбаатар, удирдаач МУУГЗ Н.Туулайхүү нар ажиллана. Энэ сор болсон алдартай баг хамт олондоо баярлаж бахархаж байгаагаа дамжуулмаар байна.
Үнэхээр сайхан тоглолт болох нь ээ. Дуурийн театрт тоглолт үзээгүй удсан хүмүүс ч олон байгаа байх, ирж үзээрэй гэж дахин урьмаар байна. Нэг зүйл тодруулахад, та тоглолтонд дуулагдах дууны сонголтондоо их ач холбогдол өгсөн гэлээ, ямар дуунууд байгаа бол, зарим нэгээс нь дурдвал?
Юуны түрүүнд агуу В.А. Моцартын “Фигарогийн хурим” дуурийн Бартологийн ари, мөн Дж.Верди “Эрнани” дуурийн Сильвагийн ари өмнө нь Монголд дуулагдаж байгаагүй юм билээ. Энэ алдарт аринуудыг дуулна. Мөн Монголчуудын маш сайхан мэддэг алдарт “Non ti scordar di me” гээд гайхамшигт итали дууг өөрийн басс баритон хоолойнд тохируулан шинээр найруулан дуулах болно. Монгол сайхан дуунууд маань бас эгшиглэнэ, би Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул хүн л дээ, миний нутгийн Их Монгол хэмээх Шаравжамц аваргад зориулсан “Их Монгол аварга” уран бүтээлээ симфони оркестртой дуулахаас гадна, Б.Шаравын хөгжим, Дэндэвийн Пүрэвдоржийн шүлэг “Монгол туургатны гал голомт” дууг дуулж байгаа. Энэ дууны хувьд их бэлгэшээлтэй сайхан зүйл тохиож байгаа нь Ардын уран зохиолч, хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж гуай миний нутгийн алдарт зохиолчоос гадна миний ураг төрлийн хүн гэдгээр сайхан хувь тохиолтой явдал болж байгаамаа. Ингээд дурдаад байвал олон сайхан түүх дурсамж сэргээх, баяр гуниг, ухаарал, сэтгэл хөөрөл, догдлол гээд олон мэдрэмжийг нэгэн үдэш үзэгч олондоо хүргэхээр зорьж байна. Ер нь дуурийн урлаг бол яруу найраг, бүжиг, хөгжим, дуулах болон жүжиглэх ур чадварыг бүгдийг нь нэг дор нэгтгэсэн дахин давтагдашгүй урлаг шүү дээ. Бас маш олон хүмүүсийн хамтын бүтээл болдог. Хамтран ажиллаж байгаа бүх уран бүтээлчиддээ дахин дахин талархал илэрхийлье.
Урлагийн хүн болж төрнө гэдэг ялангуяа сонгодог дуучин болж төрнө гэдэг хэн хүнд заяахгүй сайхан хувь тохиол. Нөгөө талаас урлагийн хүний ар тал найдвартай байхгүй бол нураад уначих гээд байдаг аюултай шүү дээ. Гэр бүлийнхнийхээ талаар танилцуулаач?
За тэр тал дээр би бас их азтай хүн шүү, бурхан надад халамжтай, хайртай сайн хань заяасан. Хань минь надад 3 сайхан хүү төрүүлж өгсөн. Том хүү минь 10 настай, дунд хүү 4 настай, бага хүү 5 сартай. Би өөрийгөө өнгө мөнгөөр хэмжишгүй баян хүн гэж бодож баярлаж явдаг даа. Төрүүлж өсгөсөн аав ээж хоёртоо ч мөн өдөр бүр талархаж явдаг, миний аав Эрдэнэ-Очир, тэнгэрийн оронд байгаа ээж Оюунцэцэг нарынхаа мах цусны үргэлжлэл болж, урлагийн хүн болж, ажиллаж амьдарч яваадаа талархаад баршгүй.
-Тоглолтоо “La Mia Voce” гэж нэрлэсэн байсан. Яагаад ингэж нэрлэх болов, ямар утга учиртай нэр вэ?
Галиглавал ЛА МИА ВОЧЭ гэдэг бол италиар Миний дуу хоолой гэсэн үг. Дуурийн дуучидын хоолойг хэдийгээр тенор, сопран, басс, баритон гэх мэтээр ангилдаг ч хүн бүхэнд тэр хоолойнууд өөр өөрөөр дуугардаг, хүн бүр тус бүрдээ онцлогтой тембэртэй. Миний дуу хоолой бол басс баритон ч гэлээ зөвхөн надад л заяагдсан өөр хэнээс ч олж сонсохгүй, давтагдашгүй хоолой гэдэг утгаар нь тоглолтоо ингэж нэрлэхийг хүссэн. Үүнээс гадна Дуурийн театрт тоглогддог бүх дуурьт зөвхөн өөрийн, миний гэсэн дуу хоолойгоо түгээж яваа гэдэг утгаараа ийм нэр өгсөн дөө.
-Утга учиртай сайхан нэр байна. Ярилцлага маань өндөрлөх дөхөж байна, урлагийн тэр дундаа шинэ залуу дуучид бүрт өөрийн гэсэн хүндэлдэг хайрладаг, үлгэр авдаг хүмүүс байдаг, Таны хувьд ямар уран бүтээлчдийг нэрлэх бол?
Монгол улсын гавъяат жүжигчин, Э.Амартүвшинг нэрлэнэ дээ. Бүтээл бүрийг нь сонсдог, дэмждэг, эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж байгаад нь бахархаж явдаг. Тиймдээ ч билэгшээгээд бага хүүгээ Амартүвшин гэж нэрэлсэн.Мөн ардын жүжигчин Д.Жаргалсайхан гуайг хүндэлж биширдэг. Гадаадаас бол Болгарын дуучин Борис Христов, домогт дуучин л даа.
Ярилцлагын төгсгөлд таны зүгээс талархлаа илэрхийлэх олон хүн байгаа гэсэн, тэр боломжийг олгоё.
Баярлалаа, анхны бие даасан тоглолт асар их хариуцлагаас гадна нүсэр зохион байгуулалт, багийн ажиллагаа чухал байдаг юм байна. Миний заавал талархлаа илэрхийлэх ёстой олон хүмүүс байгаа, Тухайлбал УДБЭТ-ийн захирал Ч.Мөнхзул, Өвөрхангай аймгийн Бүрд сумын ЗДТГ, Засаг дарга Г.Баярмөнх, Дунд урт продакшны захирал Ц.Жамбалсүрэн, Мөнхийн үсэг группын захирал Д.Ганбат, Дэлхийн монгол аялал ХХК-ний захирал Л.Энхжаргал болон ах дүүс, найз нөхөд та бүхэндээ буян нь үргэлж дэлгэрч, ажил үйлс нь өөдрөг байхыг хүсч, чин сэтгэлийн угаас талархснаа илэрхийлье.
Ярилцсанд баярлалаа, таны тоглолтонд өндрөөс өндөр амжилт хүсье, заавал ирж үзнээ.