Элэг шилжүүлэн суулгах нэн шаардлагатай Л.Бүжинлхам охинд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Асан” эмнэлгийн мэс заслын багийнхан өнгөрсөн амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдөр охины ээжээс нь элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн юм. Энэхүү хүнд мэс засалд нийт 70 гаруй эмч нар 15 цагийн турш тасралтгүй ажиллаж, хагалгаа амжилттай болсон. Охины аав П.Лхагвасүрэнтэй уулзаж, ярилцлаа.
Охины биеийн байдал одоогоор ямар байна?
Охины бие одоо маш сайн байна. Донор болсон охины ээж хагалгааны дараа өдрөөс ухаан орж, ярьж, босож ганц хоёр алхаж байна. Наалдац үүсэхээс сэргийлж, орчныг дасгах үүднээс үе үе хөнгөн хөдөлгөөн хийлгэж байгаа юм. Өнөөдрөөс /өчигдөр/ охины амьсгалын аппаратыг авсан гэж эмч нар хэлсэн. Охин өөрөө ярьж, ярьсныг ойлгож, ямар нэгэн өөрчлөлтгүй сайн байна.
Охины ээж буюу таны ханийн бие хэр байна?
Бие нь сайн байгаа, эмч нар бодож байсныг бодвол маш сайн байна гэж хэлж байгаа. Хань минь өвдөлт зовиуртай ч эмч нар цаг тухайд нь өвдөлтийн эсрэг эм, тариа хийгээд эмчилж байгаа.
Хугацаанаасаа нилээн хойшилж хагалгаанд орлоо, ямар хүндрэл бэрхшээл тулгарав?
Тиймээ. Хоёр ч удаа хойшилсон. Охин 1-р сарын 9-нд хагалгаанд орсон үүнээс болоод эмч нар ойр ойрхон хагалгаа хийж болохгүй ойрын хугацаа нь гурван сар болох ёстой гэдэг шалтгаанаас хойшлуулсан. 2-рт “Асан” эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах дөрвөн эмч нарыг хүлээсэн. Эдгээр дөрвөн эмч ирсэн болохоор бидэнд эрсдэл багатай, айх аюулын хувьд маш бага учир эмч нарыг хүлээж хойшилсон. 3-рт бидэнд тусламжийн гараа сунгасан олон хүн байгаа. Мөнгө их хэрэг боллоо, үүн дээр эмнэлгийн эд материал, эмнэлгийн хэрэгслээр тусламж, хандив үзүүлж байгаа эдгээр хүмүүсийг хүлээлээ. Хагалгаа хойшилогдсон нь сайн юм. Учир нь охин хагалгаанд орох тэнхээтэй болсон.
Хандив тусламжаар олон сайхан сэтгэлт хүмүүс мөнгө, эд материал болон сэтгэл санаагаар дэмжиж, хандив өргөсөн. Нийт хичнээн төгрөг цугларав, мөнгө нь хүрсэн үү?
Охины хагалгаа 75 сая төгрөг. Үүнээс 40 хувийн мөнгө цугларсан. Эрүүл мэндийн яаманд өргөдөл бичиж өгсөн, эмнэлгүүдээр явсан. Тэдний тусламжаар үлдсэн мөнгөн дүнг нь бүрдүүлсэн. Бэлэн мөнгөөр 30 сая төгрөг цугларсан. Үүнд бол маш олон албан байгууллага, төрийн бус байгууллага, олон сайхан сэтгэлт хүмүүсийн сэтгэлийн тусламж орсон. Дурдвал: “Тэнгэрийн модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү, Мишээл экспо компанийн захирал Э.Энхболд, “Шинэ үе” констрашн буюу барилгын компани болон хувь хүмүүс эрчимтэй холбогдож хандив өгсөн. Монголын сайхан сэтгэлт бүх ард иргэддээ маш их баярлалаа.
Мөн монголын эмч нар маш сайн, чадвартай болсон гэдгийг харж сууна. Ийм том хагалгааг амжилттай хийж чадлаа. Өглөөний 06 цагт эхэлж 22:40 цаг хүртэл нийт 15 цаг хагалгаа хийхэд ямар ч хүндрэл гаргаагүй нь хамгийн сайхан байна. Зарим хагалгаа хүндрэлдтэй болдог гэж эмч нар хэлж байсан ч манай охины хагалгаанд хүндрэл гаргалгүй хагалгаа хийгдлээ. Сэтгэл маш өндөр байна.
Охиныг хичнээн хоног хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэж байна, хэзээ эмнэлгээс гарахаар байна?
Хугацааны хувьд сар орчим гэсэн. Гол нь хүний биеийн байдлаас болдог гэдгийг хэлж байгаа.
Таньд хэн нэгэнд баярласан, талархсан сэтгэлээ илэрхийлэх боломжийг олгож байна?
Охиныхоо төлөө олон жил явлаа. Он гараад 1-р сарын 23-наас охин, хань хоёрын хагалгааны төлөө бие сэтгэлээ зориулж эхэлсэн. Эхлэх явцад олон сайхан хүмүүс таарсан, дурдаж, онцлож хэлмээр байна. Ж.Нямдаваа гэж хүн үнэхээр сэтгэлээрээ яг төрсөн ах шиг минь байнга хажууд минь байж, өөрийнх нь хүүхэд өвдсөн юм шиг тусалсанд маш их баярлалаа гэж хэлмээр байна, мөн телевизийн консервицийн Г.Мөнхбаяр ахдаа, энэ хүн маань маш их үүрэгтэй байлаа. Мөн Э.Энхболд ахдаа болон “Тэнгэрийн Модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү ахдаа баярлалаа гэж хэлье.
Эдгээр хүмүүсийн ачаар маш олон хүн тусалсан. Олныг цочироож чадсан. Г.Батхүү ах Казахстаны жүжигчин Саят Исембаев-г авчирч, бидэнтэй уулзуулснаар өргөн цар хүрээг хамаруулсан. Хүмүүст туслах ёстой гэдэг ойлголтыг маш сайн өгч чадсан. Үүний гол хүн Г.Батхүү ах үнэлж барашгүй, мөнгөөр хэмжиж барамгүй тийм сайхан тусыг бидэнд хүргэсэн.
Охиноо хагалгаанд оруулахын тулд маш олон бэрхшээл хүндрэлийг туулжээ. Харин өнөөдөр хичээл зүтгэлийн тань ачаар хагалгаанд орж, амжилттай боллоо. Сэтгэгдэл хэр өндөр байна?
Сүүлийн 3 сар 9 хоног нойр, хоолгүй зүтгэлээ. Хүнд байлаа. Өвчин, зовлон мэддэг хүмүүс намайг илүү ойлгох байх. Гэхдээ манай ард иргэд сайхан сэтгэлтэй хүмүүс гэдгийг мэдэрлээ. Тэр дундаа мэдээ мэдээллийн ертөнцөд том нөлөө болж чадсан байна. Сошиал ертөнцийн хүмүүсийн сэтгэгдэл, туслая гээд зүтгэсэн нэг зүгт, нэг зорилготой байсан хүмүүс болон сэтгэл, зүрхээрээ хамт байсан тэр их олон хүмүүсийн жигүүрээр миний охины хагалгаа амжилттай болсон гэж бодож байна. Хагалгааны дараа ах дүү, садан төрлийн хүмүүс ирж ганц хоног амраад байх гэсэн тэр өдөр л миний нуруун дээрээс хамаг ачааг аваад хаясан юм шиг болсон. Бүхэл бүтэн 15-16 цаг унтсан байхаа/инээв/ сэрэх гээд ч сэрж чадахгүй, хүн сэтгэл санаагаараа тайвширчихаар би бүгдийг чадсан гээд хэвтэхэд гайхамшигтай амардаг юм байна лээ. Гэхдээ ингэж ярих нь эрт байж мэдэх юм учир нь хагалгааны дараа гам барих гэж том ажил байдаг юм байна. Би үүн дээр төлөвлөгөө гаргая гэж бодож байна. Эмнэлэгээс гарахаас нь өмнө орчныг бүрдүүлэх, тусгаарлах орчинг гэр дотороо бяцхан дүрэм гаргадаг юм билүү гэж бодож сууна. Хүн ирэхэд гар ариутгах зориулалтын шингэнтэй, цэвэр орчин бүрдүүлэх нь чухал гэсэн. Донор болсон ээжийн хувьд эмнэлгээс гартал эмчилгээ хийгдэж дараа гайгүй, охины хувьд эхний гурван жил өндөр өртөгтэй эмийн эмчилгээ хийгдэж явах юм билээ. Үүнээс гадна Эрүүл мэндийн яамны сайд А.Цогцэцэг том алхам хийлээ. Өмнөх сайд нар хүлээн авч байсан ч мэс засал хийгдэх хэмжээнд хүрдэггүй байлаа. Харин эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан хүн болохоор ч тэр үү бидэнд шууд туслаж, боломжтой бүх бололцоог хангаж өгсөнд туйлын баяртай байна хэмээн сэтгэлийн гүнээсээ ярилцсан юм.
Залуу гэр бүлүүдийн төлөөлөл өдгөө дөнгөж 3О нас гарч байгаа ч гурван хүүхдийн аав. Тэр дундаа охин, хань хоёрынхоо төлөө маш хүнд өвчний ард гарсан энэ л залуугаар хүн бүхэн бахархаж байгаа. Гэр бүлийнхээ төлөө зүтгэж, нойр, хоолгүй, их хэмжээний мөнгийг бүрдүүлэх гэж хичээсэн зүтгэл тань санаа зөв бол заяа зөв гэсэн ардын сайхан үгээр бүтлээ. Өнөөдрийн нийгэмд өвчтэй гээд ханиа, бяцхан үрийн хамт орхиод явсан эцгийн үүрэг үл ухамсарласан гэх мэдээ олонтоо сонсогддог. Хамгийн сүүлийн тод жишээ Цагаандарь, Тунгалаг бүсгүйчүүдийг санаж болно. Амьдралын бяцхан бэрхшээл, асуудлыг даван туулах сэтгэлийн тэнхээ, чадвар, ухамсаргүй аав, эр хүн цөөн байгаасай. Энэ л залуу шиг долоон жил шантралгүй хажууд нь тулж түших, нугарч, хугарашгүй олон аав бий болоосой. Залуу гэр бүлүүдэд үлгэр, дуурайлал, сэтгэлийн хат бэлэглэсэн таньд баярлалаа. Та охиноо тэвэрч аваад гуравхан сартай үеэс өнөөдөр долоон нас хүртэл нь хажууд нь байж өвчтэй, мөн дээр нь мөнгөгүй, ажилгүй ч гэсэн охиноо босгохын тулд хүнд өвчнөөс нь салгахын тулд үхэх, амьдрахын зааг дунд шантралгүй дэргэд нь байсан таньд болон таны гэр бүлийнхэнд баярлалаа. Мөн туслаж, дэмжсэн бүх сэтгэл зүрхээрээ хамт байсан бүх хүмүүст өмнөөс тань баярласан сэтгэлийг тань нулимсаа нууж, сэтгэлийн гүнээсээ яаж, хэрхэн, юу гэж хэлвэл миний баярласан, талархсан сэтгэлийг минь хүлээн авах бол гэсэн тэр их сэтгэлийн хамт хүргэж байна.
Төрсний дараах шарлалтын улмаас бие нь ногоон туяатай болж, улмаар төрөлхийн цөсний битүүрэлтэй гэж оношлогдсон долоон настай Л.Бүжинлхам охин ийнхүү сайхан сэтгэлт хүмүүсийн сэтгэлийн жигүүрээр, эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж олон хүнд амьдрал хайрладаг ачит, алтан гартай эмч нар ачаар айх аюул бага ч гэсэн ард хоцорлоо.
Дашрамд дурдахад: Охиныхоо донор болсон ээж нь элэгнийхээ 33 хувийг охиндоо шилжүүлсэн байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
www.Cityinfo.mn
М.Буянжаргал
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8