МОНГОЛ ХҮН
Монгол ухаан, ёс заншил, соёл уламжлалаа үгүйлэх болсон, хэт цахимжсан, мөн хэт технологжсон өнөө үед монгол сэтгэлтэй, түүнийгээ үр хойчдоо үлдээж яваа цөөхөн хүмүүсийн нэг бол С.Пүрэв баавай юм. Харин тэрээр түүнийгээ ил зарлаж, тунхаглаад байдаггүй, өгүүллэг, тууж, романдаа Монгол гэх зургаан үсэгний үнэ цэнэ, хөдөө нутгийн унаган байгаль, хүн ардын ахуй амьдралыг нүдэнд харагдаж, гарт баригдтал тэрлэх. Залуу бичигч бидний сэтгэлийн зовлон болсон зураглал, дүрслэлийг телевизийн камераар л харуулж байгаа юм шиг өнгөтөөр зураглах. Мөн түүнээс ч илүү ааг, амттай өгүүллэгүүдийг нь уншихад хэчнээн сайхан.
…Өглөөний сэрүүнд газар хороохоор их говиос үүр цүүрээр хөдөлсөн нүүдэл өдөр дунд уулын хормой түшив. Нүүдлийн түрүүнд зам даан цуварсан хэсэг үхэр явдалд залхан эврээ сэжлэн хүзүү шөргөөж, говь гатлан уул давж үзээгүй тугалууд нь эхийн сүүдэрт нойтон хамраа хаа нэг шургуулан шөрөн, шөрөн алхана. Түүний араас энэ хоёр айлын хоньд нарийн хүрэн тоос будруулан тааваараа урагшилна. Гэрэлмаа эмээлийн бүүрэгнээс зүүсэн жижигхэн хүлээн авагчийнхаа дууг сонсон олныг бодож явлаа.. гэх хэсэгхэн зураглал говийн халуун, халууны мал, малчны төрхийг тод томруун харуулсаар эхлэх “Азын цэнхэр уул” өгүүллэг. Энэ өгүүллэг С.Пүрэв гуайн уран бүтээлийн замналд шинэ эргэлт болж, А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын сургуулийн оюутныг Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ гуайтай анхлан золгуулж байсан гэдэг.
Алдарт зохиолч Сервантес, Шекспир, Инка Гарсиласа, Таурис Друон, В.Набоков, Хосе Пла, М.Валлехо нарын бүтээлээр тамгалсан Дэлхийн ном, зохиогчийн эрхийн өдөрт зориулж Монголын богино өгүүллэгийн мастеруудын нэг, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн шагналт зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Санжийн Пүрэв гуайг “Амьдралын тойрог” -тоо зочноор урилаа. Тэрээр сонины хойморт зочлох урилгыг хүлээн авч уран бүтээл болон уран бүтээлч хүний амьдрал, басхүү өнөө үеийн нийгмийн тухай олон сэдвээр өрнүүн яриа дэлгэв.
Тэднийх агаар, салхитайг нь бодож Гачуурт тосгонд тухлаад даруй хэдэн жил болжээ. Байшингийнх нь тагтан дээрээс Туулын шугуй хэдхэн алхмын цаана харагдана. Хүүхдүүд нь бүгд эрийн цээнд хүрч, өөр, өөрсдийн амьдралын мөрийг хөөжээ. Одоо хөгшинтэйгөө хоёул хотын захад уран бүтээлээ тэрлэсэн шиг ээ амар жимэр амьдарч байна. Өнгөрсөн жилийн яг өдийд С.Пүрэв гуай монгол түмнийхээ дэмжлэгээр харийн нутгийг зорьж, сахарын өвчнөөсөө салж байж. Жил өнгөрсний дараа гэхэд бие нь илт тэнхэрч, хөл дээрээ хөнгөхөн явдаг болсноо бахдан, ард түмэндээ талархлын үг илгээж байв.
ДАРВИЙН ДУНД ҮЗҮҮРИЙН ХҮҮГЭЭС ХУДАЛДААНЫ СУРГУУЛИЙН ОЮУТАН
С.Пүрэв гуай гэр бүлийн хамт.
С.Пүрэв гуайн төрсөн нутаг Говь-Алтайн Дарви сум. Дарвийг хойд, дунд, урд үзүүр гэж хуваадаг байж. Бяцхан хүү Дарвийн хойд үзүүрт эхээс мэндэлж, дунд үзүүрт малчин Санжийнд өргөгдөж байжээ. Өргөж авсан аав нь Пүрэв гуайг ухаан сууж амжаагүй байхад нь өөд болж, эгч ээж хоёрынхоо гар дээр өсч хүн болжээ. Бага насныхаа тухай хуучлахдаа “Ийм хүний дутагдал их юм байна. Газар мэдэхгүй, хүн танихгүй. Ээж эгч хоёр хаана нутаглаж байна, би тэр жалга дотроо л байдаг. Хэрэв аав маань амьд сэрүүн байсан бол намайг дагуулаад морь унуулж, айл хэснэ. Энэ тэднийх, тэр тэдний адуу байна гээд л явах байсан” хэмээн хүүхэд ахуй цагаас үлдэж хоцорсон харамслаа уудлав. Гэхдээ ээж, эгч хоёрынхоо дэргэд өссөнийх энэ насанд үлдсэн, уран бүтээлд нь шингэсэн нэгэн зүйл их. Тэрээр эмэгтэй хүнийг, эмэгтэй баатраа хүндлэх гэж байна. Тийм ч учраас А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын сургуулийг дүүргэхэд диплом дээр нь “Эмэгтэйлэг зохиолч” гэж тодорхойлжээ. Зохиолч С.Удвал гуай хүртэл зэмлэх янзтай байсан гэнэ. “Чи эмэгтэй хүнийг дандаа өмөөрч бичих юм. Муу эмэгтэй хүн гэж байдаг юм шүү” гэж байжээ. “Гэхдээ би тэгж чаддаггүй. Тэгэх хэрэг ч байхгүй. Яах юм” хэмээн шийдэмгий өгүүлнэ. Тийм ээ, түүний бүхий л зохиол бүтээлд эмэгтэй дүр нь гэгээлэг сайхнаар дүрслэгддэг.
Дунд сургуулиа төгссөн залуу хүү хөвөнтэй дээл, дан хоёр тэрлэг шуудайлж, эгч хүргэн ах хоёрынхоо өгсөн 157 төгрөгийг өвөртлөөд 1957 онд Говь-Алтайгаас Улаанбаатар руу их сургуулийн томилолт өвөртлөн гарчээ. Аймгийн санхүүгийн хэлтсийн албан бичигтэй тэрээр Улаанбаатар хотод Санхүүгийн сургуульд орох зорилготой ирсэн ч Худалдааны сургууль руу урвачихжээ.
Д.ЛХАГВАСҮРЭН: ГАЙХАМШИГ ТЭНД Л БАЙСАН ДАА
С.Пүрэв зохиолчийн хань Д.Лхагвасүрэн Завханы Дөрвөлжин сумынх. Налайхад анх гэр бүл болж байсан тэд эдүгээ зургаан хүүхдийн эцэг, эх болжээ. Өвчин зовлон, жаргал цэнгэлийн алинд ч хамт явж ирсээр 50 гаруй жилийг үдсэн болохоор ижилдэн дассан гэж.
С.Пүрэв гуайнх Төрийн шагналт, ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржтой худ ураг улс юмсанж. Ач зээ нартаа ном унших тухай чихний хонх уяхаараа “Яруу найраг уншвал ч байна, үргэлжилсэн үгийн зохиол ч аль, аль нь байна” гэж хэлдэг болсон тухай Д.Лхагвасүрэн гуай бидний яриаг хачирлана. Тэрээр зохиолчдын талаар сайхан хууч дэлгэсэн юм. “Шадивланд зохиолчдын зуслан гэж байсан. Тэнд бүх зохиолчид амьдарна. Нэг нэгнийгээ эргэнэ, ирж очно. Мундаг зохиолчдыг тэндээс л хардаг байсан. Тэд чинь цуглаад ярихаараа их гоё. Бие биенээ шоглоод ч байгаа юм шиг. Над шиг хүнд ёстой чихний чимэг. Гайхамшиг тэнд л байсан даа. Би С.Пүрэвээс дээшхи зохиолчдыг бараг мэднэ. Бүгд л манайхаар орж гарч байсан. Сайхан шүү. Пүрэвийн анхны ном 1972 онд гарч найрлах юм боллоо. Би найзуудаа, С.Пүрэв найзуудаа, Дооров багшийг урьсан. Дооров багш тэр үеийн гол дэлгүүр IV дэлгүүрээс 10-ын бидонд 10 литр пиво савлаад ирж байсан юмдаг. /инээв/. Түүнийг өдөр өнжөөд ууж билээ” гэв.
Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Дашдооров С.Пүрэв гуайг утга зохиолд хөтөлсөн эрхэм. Тиймээс түүний утга зохиол хийгээд амин хувийн амьдралд багш, ах, найз шиг нь явж ирснийг хуучилж байв. С.Эрдэнэ гуайтай албан ёсных биш багш шавь, найз нөхдийн харилцаатай явсныг ч онцолсон.
УУРХАЙН ГҮН ДЭХ ЗОХИОЛЧ
Эдний хүүхдүүд бүгд оёдлын талын мэргэжилтэй. “Хоёрын хооронд сургууль төгссөнөөс юм оёно гэдэг сайхан” хэмээн хоёул бахдалтай ярина лээ. Ажил хүнийг голохоос, хүн ажлыг голвол эмгэнэл. Мэргэжил бүхэн сайхан болохоор энэ үлгэрлэл С.Пүрэв гуайгаас дамжиж ирсэн бололтой. Эрхэм зохиолч ах цэрэгт явж ирээд Налайхын уурхайн гүнд слесарь хийж уурхайчны амьдралаар багагүй хугацаанд амьдарсан нэгэн. Тэрээр “Цэргээс нэг том хүмүүжил олсон нь, хүн ямар ажил хийнэ түүндээ эзэн болох ёстой гэсэн санаа. Толгойд тийм л бодол байсан. 40 гаруй цаг газрын гүнд ажиллана. Тостой уутанд хэдэн түлхүүр хийчихээд ээлж солилцох хооронд мотор задлахыг задалж, тослохыг тосолно” гэсэн нь ажилдаа эзэн байх үлгэр түүнээс л хүүхдүүдэд нь уламжилсан биз ээ. Уурхайд ажиллаж байсан ганц зохиолч ч гэж хэлж болох. Тиймдээ ч Шарын голын уурхайн тухай “Эх газрын чулуу” романыг бичсэн нь энэ салбарын талаарх томоохон ганц бүтээл болон үлджээ.
С.ПҮРЭВ:ЧИ АРД ТҮМНИЙХЭЭ АЖ АМЬДРАЛ, ЁС ЗАНШЛЫГ БИЧИЖ БАЙЖ МОНГОЛ ЗОХИОЛЧ БОЛНО ГЭСЭН
С.Пүрэв гуайг монгол зохиолч гэж тодотгосны учир энэ байна. Түүнийг А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын сургуульд сурч байхад тэр үеийн Оросын богино өгүүллэгийн мастер В.Г.Лидин хэмээх багш нэгэн зүйл захисан нь монгол зохиолч байх тухай ажээ. Энэ тухай зочноосоо лавшруулвал,
-Нэг удаа семинарт сангийн аж ахуйн оюутны тухай өгүүллэг бичээд багшдаа өгчихсөн юм. Би бүр энд /Монголд/ байхдаа бичээд, хэвлүүлчихсэн, Гайтав гуай их магтаж байсан юмсан. Залхуураад түүнийгээ өгчихсөн чинь В.Г.Лидин гэж багш маань “Наадах чинь Орост ч бий, Францад ч бий, танайд ч бий. Чи юугаараа ялгарах ёстой вэ гэвэл үндэстнийхээ ёс заншил, ахуй соёлоор л ялгар. Чиний ард түмэн арав ч бай, сая ч бай өөрсдийн аж амьдрал, ёс заншил гээд бүх юм байгаа. Чи түүнийг бичиж байж монгол зохиолч болно” гэсэн нь надад их том сургаал болсон. Одоо монголчууд монгол ахуйгаа их алдаж байна. Ийм үед зохиол бүтээлдээ л монгол ахуй, соёлыг үлдээх ёстой гэдгийг яриандаа онцолж байв.
“ЗОХИОЛ БИЧИХЭД БААТРЫН НЭР ӨГӨХ ХҮРТЭЛ ХЭЦҮҮ”
С.Пүрэв гуай эмчлүүлж ирснээсээ хойш жилийн дотор зургаан тууж туурвижээ. Тэдгээр бүтээлээрээ “Хайрлах нас хүрэлцэнэ” гэсэн түүвэр гаргахаар зэхэж буйгаа дуулгав. Түүний урын санд “Эх газрын чулуу”, “Эргүүлэг”, “Цагийн урсгал”, “Усны гудам”, “Алаг заяа” зэрэг арав гаруй роман, “Уулын намар”, “Их усны хаялга”, “Гурван говийн зэрэглээ”, “Сүүдэр догшрох цаг”, “Айлын бүсгүйг мартахгүй”, “Гэрэлт маргаашаа угтахсан”, “Ухаарч амьдрах орчлон”, “Тэнгэрийн сум зүрхэнд тусдаг”, “Тоглоомын тойрог” зэрэг уянгын 80 орчим тууж, “Азын цэнхэр уул”, “Усаа дагаж жаргана”, “Дайны жилийн хүүхэд нас”, “Гандиймаа нутагтаа бий” зэрэг 500-600 орчим өгүүллэг бий. “Суварган цэнхэр уул”, “Загийн алим”, “Мартагдсан дууль”, “Салж чадашгүй хайр”, “Тэнгэр мэднэ” бүрэн хэмжээний уран сайхны кино, түүнээс гадна хэд, хэдэн баримтат кино бүтээсэн эрхэм.
Уйгагүй хийгээд монгол үнэрээ ханхлуулан бичих нь С.Пүрэв гуайн хувьд энгийн ажил мэт хөндлөнгөөс санагдах. Гэвч зохиол бүтээл бичнэ гэдэг дотроо байнга бодож, төвлөрч, шаналж явах нь гарцаагүй. Тэр дундаас зохиолын баатрын тухайд бидний яриа чиглэсэн юм. “Суварган цэнхэр уулс”-ын Солонго, “Азын цэнхэр уул”-ын Гэрэлмаа, “Загийн алим”-ын Агиймаа, Цэнд гээд эдүгээ монгол түмний эчнээ танил болсон баатруудыг энэ л эрхэм бүтээсэн. Түүнээс “Зохиолын баатрыг та хэрхэн бүтээдэг вэ” гэсэн асуултад:
-Баатар ер нь олон хүний араншингийн хавсарга. Амьдралд юмыг ажиглаж, юманд оролцож явах хэрэгтэй. Амьдралд зохиол зүгээр л байдаг байхгүй юу. Харин түүнийг олж хардаггүй. Ер нь баатрын нэрийг өгөх хүртэл хэцүү. Ийм зан төлөвтэй хүн ямар нэртэй байх вэ гээд л бодож өгнө. Нэг хэсэг гоё нэр хайдаг байсан. Одоо бол ерөөсөө Муунохой гэдэг нэртэй хүн ч байгаа учраас гоё, сайхан нэр өгөхөө больсон гэлээ.
Ерөөс зохиол бүтээл гэгч ямар ч жижиг зүйлээс санаа нь ургадаг. С.Пүрэв гуай яг ийм тохиолдлоор кино зохиол бичсэн тухайгаа хачин их олзуурхаж ярив. “Сая нэг кино зохиол бичсэн. Их жоохон юманд хүн олзуурхдаг. Хил дээр алба хаагаад ирсэн настайвтар нөхрийн тухай юм. Архи уудаг, жаахан ханхалздаг. Алба хааж байхад нь ханилъя гэж бодож байсан хүүхэнтэй нь суучихсан. Жаахан архи уухаар түүнийг очиж оролддог. Та нарын хэлээр доош нь хийдэг. Тэнд нэг их гоё үг олсон. Тэр нөхөр Чулуунд ирж хэлж байгаа юм. “Чи миний суух гэсэн хүүхнийг салгаж суусан. Би Сулинхээрийн хил дээр урд хормой дээрээ хүний шаахай гишгүүлэхгүй гэж явсан юм шүү” гэж. Муусайн хятадууд, хятадуудыг газар нутаг дээрээ гишгүүлэхгүй гэж хэлээгүй. Энэ бол үг байхгүй юу” хэмээсэн нь надад ч олзуурхмаар санагдав.
“СУВАРГАН ЦЭНХЭР УУЛС”-ААР ОВОГЛОСОН ОНЦ ХИЛЧИН
Монголчуудын, тэр дундаа торгон хилчдийн оюуны мэлмий болсон сор нэгэн кино бий. Хэн бүхэн мэднэ дээ. “Суварган цэнхэр уулс”. Өнгөрсөн жил 40 жилийнхээ ойг тэмдэглэсэн кино зохиолыг тэртээ 1976 онд С.Пүрэв гуай хилийн чанадад, оюутан ахуйдаа бичжээ. Эдүгээ 40 жилийн дараа кино багийнхан бүгд амьд сэрүүн, тэр үед дөрвөн настай байсан жаалхүү одоо застав командалсан хурандаа болсон нь бахархалтай сайхан санагдав. Хилийн цэргийнхэн “Бидэнтэй хамт 40 жил хил манасан кино” хэмээсэн нь өвгөн зохиолчид бурам шиг үгс болж үлдсэнийг онцлон ярьсан юм. Энэ кино бүтээлээр нь С.Пүрэв гуайд хилийн цэргийнхэн онц хилчин цол олгожээ.
Энэ жил “Болор цом”, “Утгын чимэг” наадам хоёул Говь-Алтай аймагт зохиогдохоор товлогдож. “Би очихгүй бол наадам болохгүй” хэмээн С.Пүрэв гуай шоглон ярьсан. Тэрээр “Хөдөө нутаг руугаа байсхийгээд явдаг юм. Өнгөрсөн жил явж чадсангүй, энэ жил явна. Очоод уул, усныхаа дэргэд сууж байхад цэлийчихээд их гоё. Гүнгээгийн овоо Дарвийн нурууны хамгийн том өндөр оргил нь. Түүн дээр гараад арагшаа өнгийхөөр Хүйсийн говь тээр дор харагддаг. Хажуугаар нь мал бэлчээд л. Нэг л их сайхан. Харах бүрт урд нь үзэж хараагүй өнгө будаг ялгардаг. Одоо бол нас явах тусам хийх ажил ард өчнөөн үлдчихсэн байдаг юм байна. Энэ дотор /компьютер руугаа заан/ миний хийж сууж байгаа өгүүллэгийн түүвэр бий. Нэлээд эрт эхэлсэн нэг роман бий. Үүн дээрээ л суучихна даа” гэснээр бидний яриа өндөрлөв.
Эрхэм зохиолчид эрүүл энхийг хүсье. Амьдралын нарийн ширийн, гоё сайхан бүхнийг зурагласан олон сайхан бүтээл туурвих буй за.
ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН