Соёл урлагийн их сургуулийн /СУИС/ Дүрслэх, дизайн урлагийн сургуулиас зохион байгуулж буй нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөг нь СУИС-ийн элсэгчдэд зориулсан мэргэжил сурталчлах хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн /2017.04.29/ 16.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн Уран зургийн тэнхимийн эрхлэгч Н.Сэргэлэн “Өнөөдөр гурав дахь жилдээ Төрийн шагналт, Ардын зураач Д.Амгалангийн нэрэмжит уг өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгт манай сургуулийн 15 мэргэжлийн ангийн оюутнууд өөрсдийн зурсан, бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөд сургуулиа танилцуулах, сонирхсон хүүхдүүд мэргэжлээ зөв сонгон авьяасаа хөгжүүлэхэд нь туслах зорилготой” гэлээ.
Өдөрлөгт тус сургуулийн оюутнууд өөрсдийн бүтээлүүдээ танилцуулж байгаа бөгөөд зарим нэг бүтээлүүдээс нь худалдан авах боломжтой юм байна. Хувцас дизайн, уран бичлэг, уран сийлбэр, зураасан зураг, уран баримал, уран дархан, уран зураг, Монгол зураг, монументаль уран зураг, чимэглэх урлаг, арьсан урлагийн урлангийн оюутнуудын бүтээлүүдээс сонирхох боломжтой.
Г.ТҮШИГ