Монголын кино урлагийн нэрт төлөөлөгч Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Цагааны Цэгмидийн хүү СТА Цэгмидийн Төмөрхуяг “Cinema Awards”Монголын кино урлагийн дээд шагнал гардуулах ёслолын “Шилдэг эрэгтэй туслах дүр” шагналын эзэн болсон билээ. Түүний шагнал хүртсэн баярыг хуваалцаж хэдэн хором ярилцсан юм.
-Монголын кино урлагийн дээд шагнал гардуулах “Cinema Awards” – ын салхийг хагалж “Шилдэг туслах дүр”-ийн шагналын эзэн болсон танд баяр хүргэе. Шагнал гардуулах үеэр та хаачиваа. Улаан хивсний ёслолын үеэр та байсан даа!
-Үнэхээр ир баярлалаа. “Cinema Awards”-ын шилдэг туслах дүрийн шагналыг хүртсэндээ тун баяртай байна. Улаан хивсний ёслолын дараа хойшлуулшгүй кино зураг авалттай байсан тул өөрийн биеэр шагналаа авч чадаагүй харамсалтай зүйл болсон.
-Монголын киночидоо дэмжсэн ийм хэмжээний кино наадам болохын ач холбогдлыг юу гэж харж байна вэ?
-Анх удаа зохион байгуулагдаж байгаа, мөн кино театрын уран бүтээлчид өөрсдөө зохион байгуулсан учраас илүү академик тал руугаа болсон, чанартай үйл ажиллагаа боллоо гэж бодож байна. Өмнө нь Монголд зохион байгуулагдаж байгаагүй шинэлэг арга хэмжээ болно гэсэн хүлээлттэй байсан. Хүлээлтэнд ч хүрч чадлаа. Миний хувьд киноны салбараас шагнал авч үзээгүй байсан. Анхны шагнал байлаа. Арга хэмжээний хувьд нүсэр зохион байгуулалттай сайхан болж өнгөрсөн.
-Арга хэмжээг дагаад шүүмжлэл ч бас байна. Энэ талаар юу гэж бодож байна вэ?
-Монголд кино хөгжөөд ч байгаа юм уу, ийм шагнал гардуулах ёслол байх ёстой ч юм уу гэсэн, ийм хэмжээнд ойлгож байгаа мэр сэр хүмүүс байна. Киноны талаар ойлголт багатай хүмүүс ингэж яриад байдаг юм болов уу гэж боддог. Кино гэдэг бол хүмүүжил, боловсролын ач холбогдолтой. Өнөөдрийн нийгэмдээ аль болох тохируулж хийхийг зорьдог. “Cinema Awards” хийж байгаа зорилго бол мэдээж кино урлагийг дэмжих, дэлхийн хэмжээнд аваачих шүү дээ. Ийм арга хэмжээг зохион байгуулж байж киночид дунд өрсөлдөөн бий болно. Ингэснээр кино урлаг маань шат ахиж, хөгжих үүд хаалга нээгдэнэ.
90-ээд оны үед кино байхгүй, энэ урлаг алдагдчихсан байлаа. Одоо харьцангуй хийдэг болж. Сайн муу ч бай хийж л байх хэрэгтэй. Бүтээлүүдээ мэргэжлийн хүмүүсээр дүгнүүлдэг байя л даа. Тэгээд ч кино урлаг хөгжинө гэдэг өөрөө капитал. Сайн хөгжиж чадвал улсад орох орлого ч нэмэгдэнэ. Холливудад хэдий хэмжээний мөнгө эргэлдэж байгааг бид харж байна. Улсын хөгжил гэдэг урлаг, спортоор тодорхойлогддог. Бид Олимпын аваргагүй байсан бол Монгол Улсыг дэлхий дахинаа мэдэх үү. Үүн шиг урлагаа дэмжиж, “Cinema Awards” шиг арга хэмжээг зохион байгуулж, өрсөлдөөнийг бий болгох нь чухал. Хамт нэр дэвшсэн хүмүүстээ би их баярлаж байгаа. Яагаад гэвэл өрсөлдөөнгүйгээр юм хэзээ ч ахидаггүй. Тиймээс тэдгээр хүмүүс надад урам хайрлаж, ахиж дэвших нөхцөлийг бүрэлдүүлж байгаа юм. Үүнд Cinema Awards-ын ач холбогдол оршиж байгаа.
Мөн нөгөө талаас чанартай, чанаргүй кино гэж их ярьж байна. Киногоо оруулж л байх хэрэгтэй. Олон кино байх тусам тэндээс шалгарч байгаа нь илүү чанартай сайн кино байх болно. Намайг хүмүүс муу сайн гэхгүй олон кинонд тоглох юм гээд л хэлдэг. Яагаад би тоглодог вэ гэвэл залуу үе маань уран бүтээл хийх гээд хичээж явна. Миний багшилж байсан хүүхдүүд кино хийж байна. Энэ нь кино урлаг сэрж байгаагийн илрэл. Тэднийгээ дэмжих хэрэгтэй.
-Шагнал гардуулах үеэр та биечлэн байлцаж чадаагүй. Шагнал авсан гэдэг ээ сонсох тэр мөчийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Бүгд утсаар яриад баяр хүргэсэн. Шагнал авахаараа бага зэрэг санаа зовоод байдаг хүн л дээ. Гэхдээ шагналд дургүй хүн гэж байхгүй. Маш их баярласан. Ингэж шагнуулж байгаа нь аав, ах хоёрын минь нэртэй холбоотой явдаг учир тун их талархалтай хүлээж авсан. Аав маань Цогт тайж кинонд тоглоод Монгол Улсын анхны Ардын жүжигчин болсон. Ах маань 19-хөн насандаа Төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны дүрийг бүтээгээд Төрийн шагнал хүртсэн. Тэднийхээ нэрийг хугалахгүй юмсан гэж хичээж явна. Нэг талаараа хүнд ачаа, үүрэг хариуцлага боловч, нөгөө талаараа маш их аз жаргал юм даа. Анх удаагаа зохион байгуулагдаж байгаа “Cinema Awards” ёслолын үйл ажиллагаанаас анхны шилдэг туслах дүрийн шагналыг авч, анхдагчдын нэг болж байгаа нь их билэгшээлтэй зүйл боллоо.
-“Ээж” кино хоёр номинацид шагнал хүртлээ. Мөн гадны кино наадмаас шагнал авсан. Киноныхоо талаар, өөрийн бүтээсэн дүрийнхээ талаар ярихгүй юу?
-“Ээж” киноны зохиол бичигдээд удаж байгаа. Засвар, сайжруулалт хийж явсаар ийнхүү кино болон дэлгэцнээ гарлаа. Би жүжигчнийхээ хувьд нэг юм хэлмээр санагддаг юм. Жижиг дүр гэж байдаггүй. Туслах дүр үргэлж гол дүрээ тодотгож өгдөг. Туслах дүргүйгээр гол дүр гэж байхгүй. “Ээж” кинон дээр тэр эвдэрчихсэн, замаа алдаж явсан залуугийн дүр эх хүнээс унасан гэдгээ хэзээ ч мартаж чадахгүй байна гэдгийг харуулж байгаа нь “Ээж” киног тодорхойлж байгаа юм. Найруулагчаар СТА жүжигчин Б.Эрдэнэцэцэг ажилласан. Их дайчин бүсгүй. Холливудын эмэгтэй жүжигчдийн арга зүйгээр явж байгаа юм шиг надад санагддаг. Кино баг маань ажилдаа гаршсан, сайн баг бүрэлдсэн. Тиймдээ ч гадны кино наадмаас шагнал хүртсэн гэхэд хилсдэхгүй. Ер нь Монголын киночид маань мэргэжлийн түвшин рүү орж байна.
-Эмэгтэй гол дүрийн шагналыг Монгол Улсын ардын жүжигчин Д.Мэндбаяр гуай хүртсэн. Энэ сайхан жүжигчний талаар сэтгэгдлээ хуваалцаач?
-Би 1984 оноос эхэлж Драмын театрт ажилласан. Энэ хугацаанд олон жүжиг, уран бүтээлүүдэд хамтарч ажиллаж байлаа. Их бага залуугаасаа Мэндээ эгч Цэрэндагва ах хоёрыг мэднэ. Үнэхээр хөдөлмөрч хүмүүс. Мэндээ эгчийн нэг гайхалтай чанар нь их олон ээжийн дүрийг бүтээсэн байдаг. Олон ээжүүдийг ялгаатай хийж чаддаг нь жүжигчний ур чадварыг харуулж байгаа юм. Хүнийхээ хувьд их сайн хүн. Тиймээс ч энэ дүрийг ийм сайн бүтээсэн гэж бодож байна. Алтан үеийнхэн бидэнд “Чи эхлээд хүн бай. Тэгвэл жүжигчин болж чадна” гэж сургадаг. Жүжиглэнэ гэдэг нь хүн судлал учир арга ч үгүй биз.
-Монголын үндэсний компаниуд мөн бизнесмэнүүд “CINEMA AWARDS”–ыг ивээн тэтгэн, хамтран ажилласанд бид бүхэн бас баяртай байна?
-Тэгэлгүй яах вэ. Урлагийг тэр дундаа кино урлагийг дэмжинэ гэдэг бол олон нийтийн оюунд хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг. Монгоын “Оскар”-ыг ивээн тэтгэсэн бүх хүмүүст талархал илэрхийлье. Шинэ содон зүйл хийж буй “ “Премьер Тейлор” –ын хамт олон сайхан хослол оёулах эрхт олгосонд баярлаж буйгаа илэрхийлье.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Улам их амжилт хүсье.
-Та бүхэнд ч бас баярлалаа. Мөн “Cinema Awards” ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж, Монголынхоо киночдыг дэмжин, өргөн дэлгэр сайхан арга хэмжээ зохион байгуулсан “Нью Тур Сафарис” ХХК болон “Кино урлагийн зөвлөл”-ийн хамт олон, ивээн тэтгэсэн аж ахуйн нэгж, хамт олонд баярласнаа илэрхийлье. Үйл ажиллагаа амжилттай болсонд мөн баяр хүргэе. Цаашдаа энэ арга хэмжээгээ улам баяжуулж, хүсэн хүлээдэг кино наадам болгоорой гэж ерөөе.