Кино урлагийн дээд шагнал гардуулах “Cinema Awards” -ын Шилдэг найруулагчийн шагналт, Монголын хошин урлагийг үндэслэгчдийн нэг нэртжүжигчин Л.Жанчивдоржийн хүү, урдаа барих шилдэг найруулагчдын нэгЖ.Сэнгэдоржтой ярилцсан юм. Түүнээс саяхан болсон “Cinema Awards” болон Монголын кино урлагийн хөгжлийн талаарх бодлыг нь сонслоо.
-Юун түрүүнд “Cinema Awards” наадмын шилдэг найруулагчаар шалгарсан танд баяр хүргэе?
-Маш их баярлалаа. Энэ шагналыг хүртсэндээ сэтгэл маш өндөр байна.
-Кино урлагийн дээд шагнал гардуулах “Cinema Awards” Монголын кино урлагт ямар ач холбогдолтой талаар ярилцлагаа эхэлье?
-Орон бүр өөрсдийн гэсэн олон авардс, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаатай байдаг. Ийм уралдаан, шагнал гардуулах ёслол байснаар шалгарсан кино болон уран бүтээлчид нь өөр улс орон, гадны зах зээлд өрсөлдөх туршлага, үүдийг нээж өгдөг. Ер нь шалгаруулалт гэдэг заавал үр дүнгээ өгдөг зүйл л дээ. Өрсөлдөөн тэмцээнгүйгээр хэн нь сайн, муу уран бүтээл хийгээд байгаа нь ч мэдэгдэхгүй. Зүйрлээд ярихад Наадам болдоггүй бол бөхчүүд юунд өрсөлдөх билээ гэдэгтэй адилхан. Тиймээс “Cinema Awards”зохион байгуулагдсан нь Монголын кино урлагийн хөгжлийг дээшлүүлэх сайхан үйл явдал боллоо гэж бодож байна.
-Гадны шагнал гардуулах ёслолыг биеэр үзэж байсан хүний хувьд“Cinema Awards” ёслолын үйл ажиллагааны зохион байгуулалт ямар түвшинд болсон гэж дүгнэж байна вэ?
-“Cinema Awards” гайхалтай сайхан болсон. Ер нь кино наадмын зохион байгуулалтыг дүгнэх хамгийн том шалгуур бол шүүлт байдаг. “Cinema Awards” – ын шүүлт шударга, кинонуудыг маш олон өнцгөөс харж шалгаруулсан санагдсан. Авардс зохион байгуулахад олон улсын стандарт гэж байдаг. Улаан хивсний ёслол гээд гадныхныг зүгээр дуурайгаад байгаа юм биш. Дэлхийн стандарт учир тйим зүйл байснаар жинхэнэ утгаараа авардс болно. Энэ стандартын хэмжээнд гайхалтай сайхан зохион байгуулсан арга хэмжээ боллоо. Урлаг гэдэг үзэгчдээсээ түрүүлж явдаг. Аливаа газар биеэ авч явах байдлаараа, гадна үзэмжээрээ ямагт сайхан байх ёстой. Урлагийнхан ард түмэндээ үлгэр дууриал болж байх үүрэгтэй.
Мөн шагнал өндөр байх тусмаа өрсөлдөөн нэмэгдэж, бүтээл чанаржиж байдаг. Уран бүтээлчдэд урам зориг өгөх хамгийн том түлхүүр юм. Зөвхөн нэр хүндийн асуудал юм гээд ганц цом өгөөд байх нь нэг талдаа өрөөсгөл. Ивээн тэтгэсэн, шагналыг өгч байгаа байгууллагуудын хувьд ч нэр хүндийн асуудал. Мэдээж кино наадмын шагнал ийм, тийм байх ёстой гэсэн дүрэм байхгүй. Энэ завшааныг ашиглаад Шилдэг найруулагчийн номинацид шагнал гардуулсан “Голомт” Банкныханд баярлалаа гэж хэлье. Би өөрөө “Голомт” банкны хэрэглэгч.
-“Lovers” киноны тухай ярилцъя. Таны найруулсан энэ бүтээл таны өмнөх кинонууд болон бусад Монгол киноноос юугаараа онцлог кино гэж та боддог вэ?
“Lovers” бол маш зоригтойгоор урагш нэг алхам хийсэн кино. Хүмүүсийн дотоод ертөнцийн харилцааг илүү тод томруун гаргаж ирэхийг хичээсэн. Хоёрт комершил бус бүтээл тал руугаа чиглэсэн уран бүтээл. Ер нь кино уран бүтээлийн өөр өнгө рүү орохыг хичээсэн. Тэр утгаараа шүүгчдэд илүү хүрсэн болов уу.
-Монголын кино урлаг шүүмжлэлд өртөөд байгаагийн гол учир нь хаанаа байна вэ. Юу дутагдаад байгаа юм бол?
-Монголын кино урлагт өрсөлдөөн байна. Өрсөлдөөн байсны хэрээр шат ахиж байдаг. Энэ нь сайн хэрэг. Харин тамын тогооны үлгэр шиг байхаа л болих хэрэгтэй. Нэг нэгнийгээ үргэлж доош нь хийж муулдаг. Монголчууд нэг нэгэн рүүгээ гээ, хийж бүтээж байгаа зүйлс рүү нь хайрын нүдээр харж баймаар санагддаг. Эдгээр шалгараад байгаа кинонууд бол үндэсний брэнд, оюуны үндэсний үйлдвэрлэл шүү дээ. Мэдээж бүх зүйл сайтай, муутай байдаг. Гэхдээ муухан болсон киног нь үзчихээд Монголын кино урлаг тэр чигтээ муу гэж бас ярьж болохгүй байх. Мөн дээр сонголтоо зөв хийж үзэх хэрэгтэй. “Cinema Awards” зохион байгуулагдсанаар кинонд цензур тогтоож өгч байгаа юм. Энэ цензурыг дагаад үзэгчдийн сонголт өөр болох ёстой.
-Ярилцлагын төгсгөлд “Cinema Awards” – ыг зохион байгуулсан зохион байгуулагчдад хандаж үг хэлэхгүй юу?
-Кино наадмууд олон жил зохион байгуудагдах тусам сайжирч, хүрээ нь томорч байдаг. Анхны удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа нь өөрөө их даацтай болсон учир цаашдаа улам сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Монголын төдийгүй дэлхийн киночид ирж өрсөлддөг том наадам болгохыг хүсэн ерөөе. Тэгэх тусам Монголын кино ч сайжирна. Үзэгчиддээ хандаж “Бие бие ээ хайрлаж, хамтдаа байцгаая” гэж хэлье.
-Ярилцсанд баярлалаа.