“Урлагийн олимп” гэгддэг Венецийн биенналь зууны турш дэлхийн хамгийн нэр хүндтэй урлагийн арга хэмжээ байсаар ирсэн. 1895 онд анх зохион байгуулагдсан тус биенналийг үзэхээр өдгөө дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн зуун мянган хүн зочилж очдог болсон. Биенналь гэдэг нь Италиар “Хоёр жилд нэг удаа” гэсэн утга санааг илэрхийлдэг учраас Венецийн биенналь хоёр жилд нэг удаа болдог.
Монголын уран бүтээлчид энэхүү урлагийн олимпод хоёр жилийн өмнө анх удаа оролцсон юм. Тэгвэл эрин цагийн дүрслэх урлагийн чиг хандлагыг тодорхойлогч, дэлхийд нэр хүндээрээ тэргүүлэx Венецийн олон улсын дүрслэх урлагийн биеннальд ерөнхийлөгч Паоло Бараттагийн урилгаар Монгол Улс 2 дахь удаагаа албан ёсоор оролцож байна.
Венецийн олон улсын дүрслэх урлагийн 57-р биенналийн хүрээнд Монголын уран бүтээлчдийн “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” үзэсгэлэн албан ёсны нээлтээ хийлээ. Энэ удаа эх орноо төлөөлөн Төрийн соёрхолт зураач Ш.Чимэддорж, уран бүтээлч О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нар “Lost in Tngri” буюу “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” нэртэй хамтарсан үзэсгэлэнгээ Италийн Венец хотын төв хэсэгт байрших “Istituto Santa Maria della Pietà”-д тавдугаар сарын 11-ний өдөр нээсэн юм.
Монгол Улсын павильоны нээлтийн ёслолд Монгол Уулсаас Итали улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн зэрэг албаны төлөөлөгчдөөс гадна монгол уран бүтээлчид, тус төслийг дэмжин ажилласан хувь хүмүүс, түүнчлэн Бостоны Дүрслэх урлагийн музейн захирал Мэттью Тейтелбаум, Их Британийн эзэн хааны одонт, Лондонгийн Олон улсын дүрслэх урлагийн институтын захирал асан Тезза Жэксон зэрэг гадаадын зочид гийчид, нийт 70 орчим зочид байлцлаа.
Нээлтийн вернисажын өдрүүдээр Монголын павильон хөл хөдөлгөөн ихтэй байсан ба 3 хоногийн дотор олон улсын урлаг судлаач, мэргэжилтнүүд, уран бүтээлчид, урлаг сонирхогчид нийт 3000 орчим хүн үзэж, Монголын уран бүтээлчидтэй уулзан, санал сэтгэгдлээ хуваалцжээ. Тэд Монголын павильоны талаар маш өндөр сэтгэгдэлтэй байсныг энд хэлэх нь зүйтэй.
Монгол Улс 2 дахь удаагаа оролцож байгаа талаар хэдэн зуун мэдээ олон улсын хэвлэлээр цацагдаж, харин олон улсын Арт Радар сэтгүүл тус арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй 140 гаруй үзэсгэлэнгээс Монголын павильоныг заавал үзэх шилдэг 11 павильоны тоонд жагсаасан юм.
“Хөх тэнгэрийн доор төөрөгсөд” үзэсгэлэн нь өнөөгийн монгол оронд нүүрлээд буй нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулмагдсан асуудлуудыг хөндсөн ба уран бүтээлч Ш.Чимэддоржийн “Би шувуу” хэмээх буун толгой бүхий 60 дэглийн өрөг, О.Энхтайваны ”Үйлийн үр” видео ажил, Г.Мөнхболорын 2010 оны зуданд нэрвэгдсэн малын гавлын ясыг ашиглан тууривсан ”Идэхийн үйл” өрөг бүтээл, Ж.Болортүвшингийн ”Хүчирхийлэгдсэн нь” видео ажил, Ц.Даваажаргалын ”Дахин оршихуй” нэртэй дуу авиаг павильоны 4 өрөө болон гадаах цэцэрлэгт хүрээлэнд тараан байршуулжээ.
Эдгээр ажлуудаас диваажинг санагдуулах онгон дагшин байгальдаа нүүдлийн ахуй соёлоо түшиглэн амьдарч ирсэн монголчууд сүүлийн 20 гаруй жилийн туршид тансаг амьдрал, тав тух, эд баялагийг эрхэмлэн өөр төрлийн диваажингийн хайгуулд мордож, өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн газар нутгаа хайр гамгүй ашиглан хүн хүнээ, байгаль орчноо устган сүйтгэж, хоёр төрлийн диваажингийн дунд төөрөлдөн хөл алдаж өөрийгөө гээж буй монгол орны дүр төрхийг харж болно.
Урлаг яагаад ийм бараан болсон, монгол орныг яагаад сөрөг талаас нь харуулахыг зорив хэмээн асуух нь зайлшгүй. Эрин цагийн уран бүтээлчид гоё сайхан, өнгөц байдлыг магтан дуулахаас илүүтэй хувь хүний дотоод ертөнц, нийгэмтэй харьцах харьцаа, оршихуйн мөн чанарыг ухан ойлгохыг хичээх болсон хийгээд, тэдний бүтээл нилээд гүн ухааны чанартай болж хувирч буйг энд хэлэх нь зүйтэй байх. Уран бүтээлчид аливаа хувь хүн, нийгэм, улс орныг зөвтгөж буруутгахаас илүү хүн, байгалийн араншин ерөнхий зүй тогтолыг ухаж ойлгохыг хичээж, өөрсдийн бүтээлээр дамжуулан олон талт асуудлыг дэвшүүлж, хүмүүст хоорондоо ярилцах боломжийг олгож байгаагаараа үнэ цэнэтэй. “Хөх тэнгэрийн доор төөрөгсөд” үзэсгэлэн ч мөн хүн төрөлхтөн, дэлхий ертөнцийн өмнө тулгарч буй нийтлэг асуудлыг монгол улсын жишээгээр ярилцаж буй юм.
Тус төслийг хэрэгжүүлэхэд Монгол улсын комиссараар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Төслийн удирдагчаар Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооны тэргүүн Б.Гантуяа, куратороор Ё.Далх-Очир ажиллаж, Ром, Берлин дэх ЭСЯ-д төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллав. Түүнчлэн төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр үндэсний агаарын тээврийн МИАТ компани, Хас банк, Эрэл Групп, Макс Групп, Швейцарийн хөгжлийн агентлаг, Моннис групп, Шангрила Улаанбаатар ХХК, Монре даатгал, Mahoney Liotta, Батс өргөө, Ард даатгал болон бусад хувь хүн компаниуд ажилласан.
Viva Arte Viva – Урлаг мандтугай!
Венецийн олон улсын дүрслэх урлагийн 57-р биенналийн ерөнхий куратороор Парисын Орчин үеийн урлагийн Помпеду төвийн куратор Кристин Масел сонгогдож тус биенналийн хүрээнд олон улсын 120 уран бүтээлчийн нэгдсэн үзэсгэлэн, 86 орны үндэсний павильон, 23 дагалдах арга хэмжээ 5-р сарын 10-12-ны өдрүүдэд нээлтээ хийлээ. “Зөрчилдөөн, мөргөлдөөн, цочролоор дүүрэн өнөөгийн ертөнцөд хүн хүнээрээ байх шаардлага, хүнлэг байхын үнэ цэнийг бидэнд урлаг сануулж байна. Урлаг өөрөө бодол эрэгцүүллийн чухал суурь болдог, энэ утгаараа уран бүтээлчдийн үзэл бодлын илэрхийллийг өнөө цагт илүү чухалчлан авч үзэж ярилцдаг болоод байна. Хэдийгээр ирээдүй тодорхой бус ч дэлхий нийт уран бүтээлчдийн санаа бодлыг тусган цаашдын алхамыг хийх нь зүйтэй. Яагаад гэвэл уран бүтээлчид бол дотоод мэдрэмж нь хамгийн өндөр хөгжсөн хүмүүс байдаг” хэмээн ерөнхий куратор Кристине хэлсэн байдаг.
Viva Arte Viva бол уран бүтээлчдийн сэтгэл зүйн байдал, үзэл бодол, тэмцэл, хашхирааны илэрхийлэл юм.
Кристине Маселийн удирдсан олон улсын нэгдсэн үзэсгэлэн нь “Уран бүтээлчид ба ном”, ”Аз жаргал ба айдас”, ”Нийтлэг зүйлс”, ”Дэлхий ертөнц”, ”Уламжлал”, ”Dionysian”, ”Бөө”, ”Өнгө” гэсэн 8 төрлийн павильоноос бүрдэж, Венецийн Арсеналь, Жардини дүүргээр тархан байршсан ба үзэгчдэд дотоод мөн чанараас хязгааргүй хүртэл аялах боломжийг олгожээ.
Дүрслэх урлагийн 57-р биенналийн тэргүүн шагналыг Германы павильон хүртлээ
Энэ удаагийн шалгаруулах комисст Испани, Итали, Тайван, Камерун, Английн шүүгчид ажиллаж Үндэсний павильоны Алтан Арслангийн шагналыг Герман улсын павильон, уран бүтээлч Анне Имхофт, Viva Arte Viva">Viva Arte Viva олон улсын үзэсгэлэнгээс Алтан Арслангийн шагналыг Германы уран бүтээлч Франс Эрхард Уолтер, Залуу уран бүтээлчдэд олгодог Мөнгөн арслангийн шагналыг Англид төрсөн, одоогоор Египтийн Кайрод амьдардаг уран бүтээлч Хассан Ханд олгох шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн Венецийн биенналийн зүгээс насан туршдаа байгуулсан гавъяаг нь үнэлэн АНУ-ын уран бүтээлч Кароли Шиманд Алтан арслангийн шагнал олгожээ.
Венецийн биенналийн бүх үзэсгэлэн 2017 оны 11-р сарын 26-ыг дуустал үргэлжилнэ.
Домогт Дэвид Медала Г.Мөнхболортой Венецийн академийн гүүрэн дээр перформанс хийв
Венецийн биенналийн шагнал гардуулах ёслолын үеэр домогт уран бүтээлч Дэвид Медалатай таарч тэрээр уран бүтээлч Г.Мөнхболорыг Академийн гүүрэн дээр хамтдаа перформанс хийхийг урьсан юм. Давид Медала нь Филиппин гаралтай, Лондон, Нью Йорк, Парист амьдарч, уран зураг, баримал, кинетик арт, перформанс, инстоляц бүтээлүүд тууривдаг олон улсын уран бүтээлч юм. Испанийн яруу найрагч Jaime Gil de Biedma, зураач Fernando Zóbel de Ayala, Францын философч Gaston Bachelard, Louis Aragon, Marcel Duchamp нартай 1950-60-д онд хамтран ажиллаж, бүтээлүүд нь дэлхийн олон орны томоохон музей, үзэсгэлэнгүүдэд дэлгэгдэж байсан. Тэрээр London Biennale-ын үүсгэн байгуулагч ба Sorbonne, Парисын École des Beaux-Arts, New York Museum of Modern Art, Oxford, Cambridge зэрэг олон их дээд сургуулиудад урлагийн хичээл зааж байжээ. Түүнийг 20-р зууны дэлхийн урлагийн түүхэн дэх давтагдашгүй нэгэн хэмээдэг. Түүний урьдчилан таахын аргагүй, ёжтой, зүггүй бүтээлүүдийг аливаа ангилалд багтаахад хэцүү гэдэг.
Эх сурвалж: Монголын урлагийн зөвлөл