Хүүхэд эх орны ирээдүй бөгөөд хүнйи амьдралын утга учир, гэр бүлийн хамгийн том аз жаргал билээ. “Үртэй хүн жаргадаг, үндэстэй мод нахиалдаг” гэдэг. Гэвч хүүхэд хүссэн зарим гэр бүлүүдэд үргүйдэл гэх асуудал сүүлийн үед нэлээдгүй тулгарах болжээ. Тиймээс үргүйдлийн гол шалтгаан, хэрхэн урьдчилан сэргийлэлх, цаашид үүнийг хэрхэн эмчлэх, ямар арга хэмжээ авах ёстой талаар Эмэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч Н.Энхтайвантай уулзаж ярилцлаа.
Үргүйдэл гэж юу вэ?
ДЭМБ-ын тархвар судлалын тодорхойлолтоор “Нөхөн үржихүйн насны хосууд жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэхгүй, тогтмол бэлгийн харьцаанд нэг жил байгаа боловч жирэмслэхгүй бол үргүйдэл гэж тодорхойлсон. Үргүйдэл нь эрчүүдийн 30 хувийг, эмэгтэйчүүдийн 60 хувийг эзэлж байна. Харин 10 хувийг нөхөр, эхнэр хоёулангаас нь буюу хавсарсан байдлаар үргүйдэл үүсэн байдаг.
Яг ямар ямар шалтгааны улмаас үргүйдэл үүсч байна вэ?
Нэгдүгээрт, өндгөвчний гаралтай буюу дааврын гаралтай гэж байна. Энэ нь өндгөвчин дээр сар бүхэн эм бэлгийн эс боловсорч, гарч байх ёстой. Энэ үйл ажиллагаа алдагдах, зарим үед эм бэлгийн эс боловсорч гарахгүй байх, эм бэлгийн эс үүсэхээ болихыг хэлнэ. Энэ нь даавар буюу өндгөвчтэй холбоотой. Өндгөвч өөрөө булчирхайлаг эрхтэн учраас бусад эрхтэнүүдтэй шууд хамааралттай байдаг. Жишээлбэл, толгой, өнчин тархи, бамбай, хөх гээд бусад булчирхайлаг эрхтэнүүдтэй холбогддог. Үүнээс гадна тухайн хүний сэтгэл санааны байдал гээд их олон янзын шалтгаан бий. Хоёрдугаарт, эрэгтэй талаас эр бэлгийн эсийн үйл ажиллагаа муу байна гэсэн үг. Нэг ёсондоо эрэгтэй хүний төмсөгнөөс эр бэлгийн эс боловсорч гарах ёстой. Тэгвэл төмсөгний үйл ажиллагаа алдагдах юм бол эр бэлгийн эс гарч ирэхгүй гэсэн үг. Нөхөр, эхнэр хоёр бэлгийн харилцаанд орсон тохиолдолд энэ хоёр эс умайн саваар дамжаад үрийн хоолой дотор уулзаж үр тогтох ёстой байдаг. Гуравдугаарт болохоор умайн үрийн хоолойтой холбогдох шалтгаан. Умай буюу үрийн хоолойн холбоотой жирэмсэлэлттэй хамаатай. Тухайлбал ихэвчлэн үрийн хоолойн битүүрлээс шалтгаалсан үргүйдэл үүсээд байна. Яг энэ өвчлөл монголд нэлээд их тархсан байгаа. Үүний шалтгаан гэвэл үтрээгээр гарах цагаан зүйл ихсэх, бэлгийн замын халдварт өвчин авах, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнийг дутуу эмчлэх, үр хөндөлт, зулбалт, спираль, ерөндөг болон янз бүрийн шалтгаантай мэс засал хийгдэг зэргээс болж байна. Тодруулбал, хийсвэр хагалгаа, умайн савны гадуурхи жирэмсэлт, олгой, түгжрэл зэрэг олон шалтгаанаас болоод наалдацаасаа болоод үрийн хоолой битүүрчихдэг.
Эрэгтэй талын үргүйдэл залуужиж байна уу, юунаас болж байна гэж үзэж байна вэ?
Эр бэлгийн эс боловсорхоо больсон буюу төмсөгнийн үйл ажиллагаа муудахыг хэлж байгаа юм. Шалтгаан нь ганцхан Монголд гэлтгүй Дэлхий нийтэд эрчүүдийн үргүйдлийн тоо, давтамж ихсэж байгаа. Энэ нь ерөнхийдөө хотжилт буюу нийгэмтэй холбоотой. Мөн ажлын нөхцөл, өндөр хүчдэл, цахилгаан хэрэгсэл, компьютер, цацраг идэвхит болон уул уурхай гээд олон хүчин зүйл нөлөөлж байна. Хоол хүнстэй ч холбоотой. Органик хүнс хэрэглээд байна уу, органик бус хүнс хэрэглээд байна уугэх мэтээр хяналт тавьж, амьдрах орчин хоол хүсэндээ хүртэл анхаарах хэрэгтэй байна.
Манай улсын иргэдийн хувьд ихэвчлэн ямар төрлийн үргүйдэлд өртөөд байна вэ?
Манай улсад гол давамгайлж байгаа нь хэвлийн хөндийн наалдац буюу үрийн хоолой битүүрэх шалтгаан илүүтэй байна. Энэ нь манай эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрүүл мэнддээ сайн анхаарал хандуулдаггүй, дутуу эмчилдэг, гэр бүлийн төлөвлөлтийн асуудал байхгүй, бэлгийн харилцаанд орох соёл дутмаг буюу бэлэг эрхтэнээ угаах, эрүүл байх, өөрчлөлт гарвал эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх ёстой зэрэг энэ талын мэдлэг дутмаг байгаатай холбоотой юм.
Үргүйдэлд өртсөн гэр бүлүүд ямар арга хэмжээ авах, яаж эмчлүлэх ёстой юм бэ?
Хосууд хамгаалалтгүй бэлгийн харилцаанд нэг жилийн хугацаанд орсон боловч хүүхэдтэй болохгүй бол эмнэлэгээр явахдаа заавал хамтдаа явж үзлэгт орох хэрэгтэй. Шалтгаан нь хэнд, юунаас гэдгийг олохын тулд эхнэр, нөхөр хоёулаа хамт эмчтэйгээ уулзаж, зөвлөгөө, шинжилгээнд орох ёстой. Эмэгтэйчүүд өөрөөсөө болоод байна гэж сэтгэл санаагаар унаж ганцаараа эмнэлэгээр явж үзүүлээд байдаг. Эрчүүд болохоор дур тавьж байна, би зүгээр гээд хойш суугаад байх хандлагатай байх юм. Гэвч эр бэлгийн эсийн доторх тоо, хөдөлгөөний хурд зэргийг заавал үзэх ёстой байдаг. Иймээс хоёулаа хамт очсоноор үр дүн хурдан гарна. Эмэгтэй хүний эм бэлгийн үйл ажиллагаа буюу эм бэлгийн эс нь хэр зэрэг боловсорч байна гэдгийг эмч эход харж мэднэ. Үүнийг дурын нэг өдөр үздэггүй, яг жирэмсэн болдог голын хоногоор эход харж байгаад өндгөвч дээр эм бэлгийн эс боловсорч байгааг тодруулна. Эхогоор харахаар хоёр см орчим уйланхай харагддаг. Уйланхай хагарахаар эм бэлгийн эс боловсорч гарна. Харахаар эм бэлгийн эс нь боловсорч гарна. Дараагийн ээлжинд эрэгтэй талаас үрийн шингэний шинжилгээ хийгдэнэ. Энэ нь эр бэлгийн эсийн тоо, хөдөлгөөн, хурд нь ямар байна гэдгийг тодруулах зорилготой. Үүний дараа хоёр эс умайн үрийн хоолойгоор дамжин хоорондоо уулзах ёстой. Тэгвэл уулзах замд өөрчлөлт байна уу, үгүй юу гэдгийг дараа нь үрийн хоолойн зурагаар харагддаг.
Тэгэхээр үргүйдэл гэдэг асуудалтай тулгарсан гэр бүл, үр хүүхэдтэй болохын тулд нэн тэргүүнд эмэгтэйчүүдийн эмчид хандаж шалтгаанаа тодруул гэж зөвлөмөөр байна. Эмч нэг удаагийн үзлэгээр өндгөвч, эм бэлгийн эс боловсорч гарч байгаа эсэх болон үрийн хоолой зэргийг үзээд хэвийн гэж хэлэх боломжгүй. Энэ бол сарын тэмдэг, мөчлөг, хоногтой холбоотойгоор эмч тодруулах үеэс хамаарч цаг хугацаа ордог. Эхнэр, нөхөр хоёулаа хамт үзлэг, шинжилгээнд хамрагдаж явснаар хоёр сар орчим хугацаанд онош тавигдана. Хамгийн гол нь оношоо тодруулснаар жирэмслэх асуудал яригдана. Онош тодруулахгүйгээр эм, тан ууж, хүмүүсийн ам дамжсан эмнэлэг, эмчээр явах буруу.
Ямар арга зам байна вэ?
Үзлэг, шинжилгээ, хяналтанд хамрагдснаар эмч болон хосуудад хялбар болно. Ингээд үүсэх ёстой уйланхай хагарахыг гэрийн нөхцөлд “Овул тест” гэж тусгай шалгадаг тестээр үзээд уйланхай хагарч тод зураас гарсан үед эхнэр, нөхөр бэлгийн харилцаанд орвол жирэмсэн болох магадлал тун өндөр болдог юм. Харин эрэгтэй талд буюу эр бэлгийн эс нь тоо цөөхөн, хөдөлгөөн бага байвал эр бэлгийн эсийг угааж, цэвэрлээд умайн хөндийрүү цацдаг арга байна. Ингэснээр эр бэлгийн эсийн хөдөлгөөн, тоо нэмэгдэнэ. Ямарч эр бэлгийн эс байхгүй бол төмсөгийг зүсэж байгаад дотор талаас нь нөгөө эр бэлгийн эсийн эдийн шинжилгээгээр эр бэлгийн эс байгааг тодруулах юм. Ингээд төмсөгнөөс нь авдаг арга бас байна. Энэ бол нарийвчилсан арга. Үрийн хоолой битүүрсэнийг зурагаар тодруулдаг. Үүний дараа дурангийн хагалгаанд ороод үрийн хоолойн битүүрлээс салгаж болох эсэхийг тодруулана. Харин эр, эм хоёрын үрийн хоолой битүүрчихсэн, хагалгаа мэсийн арга ашиглах ямар ч боломжгүй бол үр шилжүүлэн суулгах арга байна. Насан турш төрүүлэх боломжгүй байсан бол эр, эм бэлгийн эс хэвийн, умайн савны хэлбэр хэвийн бол үрийн хоолойн битүүрэлээс айх зүйл байхгүй.
Урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?
Үргүйдэлт гэдгээс урьдчилан сэргийлэхэд хамгийн чухал нь бага наснаас нь хөвгүүдийг төмсөгний гэмтэл авхуулахгүй байх, халдварт өвчнөөр өвдүүлэхгүй байх тал дээр эцэг, эхчүүд анхаарах ёстой. Мөн төмсөг нь хэвлийн хөндийдөө байрласан нь бууж ирсэн байна уу, үздэг, шалгуулж урологийн эмчид үзүүлж байхад буруутахгүй. Охин хүүхэд дээр сарын тэмдэг тогтмол ирж байна уу, өвдөлттэй ирж байна уу, хэмжээ нь их ирж байна уу гэдэг тал дээр ээж хүн маш сайн анхаарч, хяналттай байх ёстой. Хэрвээ сарын тэмдэг нь алдагдаад байвал эмчид үзүүлж, зөвөлгөө авах хэрэгтэй. Сарын тэмдэг ирсний дараа тодорхой хугацааны дараа сарын дундаж, сар бүр тодорхой нэг мөчлөгтэйгөөр тодорхой хоног, хугацаа, хэмжээгээр ирдэг. Үүний дараа хүсээгүй жирэмсэлт, гэр бүл төлөвлөлт, хэзээ жирэмслэх, яаж жирэмслэлтээс хамгаалах энгийн аргуудыг заавал мэддэг байх нь зөв болоод байна. Энэ нь эхнэр, нөхрийн хоёрын мэдсэн байх ёстой, үүрэг юм. Мэдэхгүй бол эмчээс зөвөлгөө авах хэрэгтэй. Мөн үр хөндөлт, зулбалт, бэлгийн замын халдварт өвчин зэргээс урьдчилан сэргийлж байх ёстой. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хоёр хоёулаа өөрийнхөө эрүүл мэнддээ анхаарч, бэлгийн харилцааны соёл гэж үүнийг сураад, ариун цэврийг сахиад явбал эрсдлээс гарахгүй байна. Мөн хүүхэд насанд гахайн хавдар өвчнөөс сэргийлэх буюу өвчилсөн тохиолдолд сайн анхаарах. Энэ өвчнөөр эрэгтэй хүүхэд өвчилсөн тохиолдолд маш сайн анхаарч байхгүй бол төмсгөнд нь нөлөөлдөг. Нөлөөлвөл бараг 100 хувь үргүй болдог. Мэдээж үрэвсэл, бэлгийн замын халдварт өвчин болон даарч, хөрөхгүй байх нь чухал. Мөн ажлын нөхцөл, төмсөгний гэмтэл, суудлын өвчин буюу хөдөлгөөний дутагдалтай холбоотойгоор төмсөгний Вени судас өргөсөхөөс сэргийлэх хэрэгтэй. Вени судас гэдэг нь төмсөг тодорхой темпаратур буюу 37 градуст байх ёстой байдаг. Ингэж байснаар эр бэлгийн эсээ ялгаруулдаг. Вени судаснууд өргөсөөд ирэхээр төмсөг хэтэрхий халаад эр бэлгийн эсээ ялгаруулахаа больдог.
М.Буянжаргал