Дэлхийн аварга шалгаруулах бодибилдингийн долоо дахь тэмцээн 2016 оны арваннүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 05-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотноо болж, 59 орны 600 гаруй тамирчид бие бялдар, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс Дархан-Уул аймгийн “Дархан фитнесс” клубын багш Б.Бадамсүрэн Эмэгтэй, атлетик-бие бялдар ангилалд алтан медаль хүртэж дэлхийн аварга болсон билээ. Тэрбээр мөн эмэгтэйчүүдийн фитнесс ангилалд хүрэл медалийг хослуулан авч дарханчуудаа төдийгүй Монгол түмнээ баярлуулж байсан юм. Тиймээс энэ удаагийн “Спорт” буландаа түүнийг урьж ярилцлаа.
Тэрбээр 2010 оны УАШТ-ий “Мисс Фитнесс” алтан медаль, “Мисс Модель”алтан медаль, 2011 оны Азийн АШТ-ий “Мисс Фитнесс” тусгай байр, “Мисс модель” тусгай байр, УАШТ-ий “Мисс Фитнесс” мөнгөн медаль, 2012 оны 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, 2013 оны УАШТ-ий “Мисс Фитнесс” алтан медаль, “Мисс Модель” алтан медаль, 2014 оны УАШТ-ий “Мисс Фитнесс” мөнгөн медаль, 2015 оны УАШТ-ий “Мисс Фитнесс” алтан медаль тус тус хүртсэн юм.
-Та “Миний хичээллэдэг спорт бол хамгийн тансаг, эрхэмсэг, гоёмсог спорт” гэж хэлсэн байсан. Яагаад ингэж хэлсэн юм бол?
-Бялдаржуулах урлагийг бүх спортын “ХААН” гэдэг л дээ. Ийнхүү дэлхий даяараа хүлээн зөвшөөрдөг. Учир нь энэ спортоор хичээллэснээр өөрийгөө өөрчилж, хүссэн төгс галбираа цогцлоох боломжтой байдгаараа онцлогтой.
-Та энэ спорттой анх хэрхэн холбогдсон бэ?
-Бусдын л адил жингээ хасах, хөдөлгөөний дутагдлаас гарах, эрүүл байх зорилгоор анх аэробикээр хичээллэж, яваандаа бялдаржуулах урлагт урваж, улмаар гүнзгийрүүлэн хичээллэсээр өнөөдрийг хүрчээ. Өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа өөрийнхөө бие бялдрыг хараад улам бүр урам орж байсан. Гадаад байдал маань өөрчлөгдөхийн хэрээр дотоод сэтгэл зүй маань ч хүртэл өөрчлөгдсөн юм. Өөрчлөгдөх ч гэж дээ, дотор байсан жинхэнэ Бадмааг сэргээсэн гэмээр юм уу.
Би чинь их бүрэг ичимхий, өөртөө итгэлгүй охин байсан. Оюутан болоод Дарханд ирэхдээ хүний нүүр лүү эгцэлж хараад ярьж чаддаггүй, ичимхий, дандаа л доошоо газар шагайж явдаг охин байлаа. Харин энэ спортоор хичээллэснээр гадаад байдал минь өөрчлөгдөхийн хэрээр дотор хүн маань ч сэргэж, өсөж өндийсөн гэж боддог. Өөртөө итгэх итгэл, тэсвэр тэвчээр, ёс суртахууны хүмүүжил өгдөг, сайхан спорт.
-Мэргэжлийн тамирчин болох шийдвэрийг хэзээ гаргасан бэ?
-Бага байхын сагсан бөмбөг, волейбол, теннис, хөнгөн атлетик гээд олон төрлийн спортоор хичээллэдэг охин байлаа. Гэхдээ фитнесс, бодигийн тамирчин болно гэж огт бодож байгаагүй. Тэгсэн хэр нь энэ төрлөөр хичээллэдэг монголынхоо тамирчдын талаар маш их сонирхож, дэмждэг байлаа. Сонинд гарсан зураг, ярилцлагыг нь хайчилж авдаг. Ер нь тэдний талаарх мэдээлэл, материалыг их цуглуулдаг байсан. 2008 оны улсын аваргад ОУ-ын хэмжээний мастер н.Ариунболд багш маань оролцохоор явахад манай клубийнхэн бүгд очиж дэмжсэн юм.
Тэгэхэд оролцогч эмэгтэй тамирчдыг хараад анх тэмцээнд орж үзэх хүсэл сонирхол төрсөн. Тэр бодлоо багшдаа хэлмээр санагдсан ч хэлж зүрхлэхгүй л байв. Ер нь бэлтгэлээ сайн хийж байгаад хэлье дээ гэж бодсоор бараг жил болсон. 2009 онд багшдаа их тойруугаар “Багшаа тэмцээнд яаж ордог юм бэ?” гэж асууж санаагаа цухуйлгасан. Багш намайг үл ойшоосон байдалтай харснаа “Яах юу байхав. Жингээ хасаад л орно” гэсэн. Дараа жил нь буюу 2010 оны арваннэгдүгээр сарын 5-нд анхныхаа тэмцээнд оролцохоор боллоо. Тэр тэмцээнийг их сайн санадаг юм. Их хүлээсэн болоод ч тэр үү, маш их хөөрч догдолж билээ. Тамирчны гараа маань ингэж эхэлж байлаа.
-Хичээллэж эхлэх хүнд байв уу? Шантарч мохох үе хэр их байв?
-Анх хичээллэж эхлэхэд бие суларч, булчин цуцаж, буларч эхлэх хамгийн хэцүү. Эхний тэр өдрүүдийг л давж чадвал аандаа биеийн булраа арилж, бие хөнгөрдөг юм. Энэ үеийг давж чадалгүй мохох хүн олон байдаг. Би ч бас тэгж байсан. Гэвч өөрөө дурлаж очсон болохоор хаяж чадаагүй. Мэргэжлийн тамирчин болж, тэмцээний бэлтгэл хийх үеэр ч мохох шантрах үе олон байсан. Тэр бүгдийг тэсэж давах нь том шалгуур юм. Мэргэжлийн чанга дэглэмтэй бэлтгэл сургуулилт хийж, ачааллаа илт нэмэхийн зэрэгцээ хоолны нарийн дэглэм барих, огцом жин хасах үед их олон юм бодогддог юм билээ.
Хүмүүс хажууд амттай хоол хүнс хэрэглэж байхад, би огт тосгүй, давсгүй, амтлагчгүй, амтгүй, аргасан тахианы мах, будаа зэргийг хязгаартайгаар идэхээр сэтгэл зүйн болоод бие махбодын маш их өөрчлөлт өгдөг юм билээ. Ийм үед гэр бүл, найз нөхдөөс санаа нь зовж “Ингэж зовж байхаар одоо боль. Наад спортоо орхи. Энэ тэмцээндээ ороод боль” гэх мэтээр хэлэх нь тун хүнд шүү. /Инээв/
-Та саяхан Тайландын Бангкок хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж Дэлхийн аварга болсон. Тэр үеийн сэтгэгдэл ямар байв?
-Тамирчин хүн өөрөө медаль хүртээгүй байсан ч бусдыгаа медаль авч төрийн дууллаа эгшиглүүлэхийг хараад өөрийн эрхгүй сэтгэл нь огшиж, нулимсаа гаргаж байдаг хүмүүс. Би ч бас тийм. Тэгэхэд өөрийгөө медаль авчихна гэж огт бодоогүй байсан болоод ч тэр үү маш их догдолсон. Тусалж дэмжиж байсан баг хамт олноороо хамгийн их бахархаж, баярлаж байсан.
Олны нүдэнд хувь тамирчны амжилт мэт харагдаж байвч ямар ч спортод ганцаараа амжилт үзүүлнэ гэж байдаггүй. Тайзан дээр би ганцаараа харагддаг ч ард маань маш олон хүн бий. Биеийн тос түрхэх, позоо зөв барих, гэрлийн өнцгөө тааруулах гэх мэтийг тэд нар минь л хийж, харж, зааж зөвлөдөг. Тэд л дэмжиж, тусалж, хамтарч байсны ачаар, баг хамт олны хүчээр амжилт ирдэг.
-Тэмцээнийхээ сонин сайхнаас хуваалцахгүй юу?
-Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 59 орны 620 гаруй тамирчид 39 төрлөөр өрсөлдсөн. Манай улсаас 17 тамирчин оролцож нийт есөн медаль буюу гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медалийг эх орондоо авчирсан. Энэ жил манай тамирчид өмнөхөөсөө өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсоноороо онцлог байлаа. Миний хувьд “Фитнесс мисс”, “мисс фитнесс” гэдэг ангиллуудаар өрсөлдсөн. Би энэ төрлөөс хүрэл медаль, классик атлетик фитнес ангилалаас алтан медаль хүртсэн.
-Тэгэхээр фитнесс чинь бодибилдинг, атлетик, фитнесс, мисс фитнесс, модель, фит модель гэх мэтээр олон төрөл байдаг юм байна. Юугаараа ялгаатай байдаг юм бол?
-Тийм ээ, биеийн онцлог, булчингийн хөгжил, бие бялдрын ерөнхий хөгжлөөс шалтгаалан үзүүлбэр, үзүүлэлтүүд нь өөр өөр байдаг юм. Бикини ангилал нь эмэгтэйлэг, спортлог, илүү бие бялдар гоо зүй, уян налархай байдлын үзүүлэлтийг харгалзан үздэг. Өөрөөр хэлбэл илүү загварлаг талдаа гэсэн үг. Харин фитнесс ангилал нь илүү хүнд. Атлетик ангиллыг эмэгтэйчүүдийн хамгийн классик ангилал гэж үздэг бол фитнесс ангилалд стандарт заасан аэробикийн үзүүлбэртэй байдаг жишээтэй.
-Нэг талаасаа спорт, нөгөө талаас нь харвал урлаг, гоо зүйн тэмцээн ч юм шиг сонсогдож байна?
-Тийм шүү. Тэгээд л эрхэмсэг, тансаг спорт гээд байгаа юм. Хүний биеийн төгс сайхныг харуулдаг нь урлаг шиг сонсогдож байгаа байх л даа. Гэвч гэрлийн тусгалаа алдаж тооцоолоод буруу зогсоход л бүтэн жилийн хөдөлмөрөө балладаг хатуу спорт. Бэлтгэл хийх үедээ байнга тольтой ажилладаг бол тайзан дээр тийм боломж байхгүй шүү дээ.
Тийм болохоор тамирчны мэдрэмж, багийн ажиллагаа тун чухал байдаг. Мөн тайзан дээр гарч, үзүүлбэрээ үзүүлтлээ юу ч уухгүй байх ёстой. Бусад спортод бэлтгэл хийж байгаад яг жиндээ хүрээд суллаад тавьдаг бол бодибилдингд тийм биш. Сүүлчийн дусал шүлсээ залгиж байгаад л ямар ч шингэн уухгүйгээр тэмцээний турш байхыг шаарддаг үе ч бий.
-Ер нь хэдэн наснаас эхлэн фитнессээр хичээллэх нь тохиромжтой байдаг юм бэ. Хэт эрт хичээллэвэл өсвөр насны хүүхдийн өсөлтөд нөлөөлдөг гэх юм?
-Энэ бол буруу ойлголт шүү. Би ч гэсэн эргэлздэг байлаа. Одоо бол тийм эрсдэл байхгүй гэж баттай хэлнэ. 2008 онд 13 настай жижигхэн биетэй хүүхдийг ээж нь надад авчирч өгсөн. Компьютер тоглосоор байгаад хамаг үе мөч нь хөшүүн болж, хөдөлгөөний дутагдалд орсон хүүхэд ирсэн. Тэр хүү нэг жилийн дотор 20 см өссөн бөгөөд уян хатны болон сунгалтын дасгалыг хослуулан зөв хийвэл хүүхдийн өсөлт зогсдоггүй юм байна гэдгийг би тэгэхэд ойлгож авсан. Одоо манай клубт хамгийн залуу нь гуравдугаар ангийн найман настай сурагч, хамгийн ахмад эрэгтэй 64 настай, эмэгтэй 59 настай хичээллэж байна. Ер нь нас харгалзахгүйгээр фитнессээр хичээллэх боломжтой. Өсөлт зогсоно гэж айх явдалгүй. Харин ч өснө бас эрүүлжинэ, залуужна.
-Сүүлийн үед охид, эмэгтэйчүүд жингийн илүүдлээсээ болж тураадаг л гэвэл юуг ч хэрэглэхэд бэлэн байх болж. Ийм хүмүүст та юу гэж зөвлөх вэ?
-Анзаарч байхад биологийн нэмэлт болон сүлжээний бүтээгдэхүүн хэрэглэн жингээ хасаж турахыг их хүсдэг болжээ. Зарим нь ирээд эм бэлдмэлээ үзүүлдэг л юм. Би “Яагаад та нар хөдөлгөөн хийгээд эрүүлээр жингээ хасаж болдоггүй юм бэ” гэдэг. Болохгүй юм уугаад ходоод гэдсэнд нь өөрчлөлт орчихсон хүмүүс ч ирдэг. Миний хувьд зөв хооллоод өөртөө тохирсон дасгал хөдөлгөөн хийж, жингээ барих нь илүү оновчтой, үр дүнтэй гэж зөвлөх байна.
Хөдөлгөөнөөр турсан хүн цоо эрүүл болно. Мөн жингээ зөв бариад ирэхээр стрессгүй болно. Ямар ч тураах бэлдмэл заавал давхар хоолны дэглэм барихыг шаарддаг шүү дээ. Харин фитнесс тэгэхгүй. Зөвхөн хоолоо зөв зохицуулахыг зөвлөнө. Та хүссэн зүйлээ идэж, харин калорио л зөв тооцоолж сурахад болно. Үүний цаана их олон ач холбогдол бий шүү.
-90х60х90 гэх харьцааг эмэгтэй хүний төгс биеийн харьцаа гэх юм. Та үүнтэй санал нийлдэг үү?
-Би үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Эмэгтэй хүн илүүдэл жингүй, зөв галбиртай байхад заавал 90х60х90 байх шаардлагагүй. Хүмүүс бүсгүйчүүдийг хараад 90х60х90- ийн харьцаатай ямар гоё хүүхэн бэ гэж хэзээ ч ярихгүй дээ. Харин өөртөө зохицсон ямар аятайхан бие галбиртай бүсгүй вэ л гэнэ. Ер нь хүмүүс хүндийн жинтэйгээ зууралдаж, турмаар байна гээд байдаг туйлын буруу.
Харин өөртөө зохицсон зөв бие бялдар, зөв галбиртай байх нь л чухал. Би хүний гадаад үзэмж, дотоод сэтгэлээсээ хамаарч илэрдэг гэж боддог. Байгалиас заяасан маш сайхан бие бялдартай бүсгүйчүүд байдаг. Гэвч зарим нь тэр гоо сайхан бие бялдраа унжуу дорой байдлаараа дарчихсан байх нь бий. Өөрөөр хэлбэл дотор хүнээсээ хамаарч гадаад сайхан нь илэрхийлэгддэг юм болов уу. Тэр гадаад болоод дотоод гоо сайхны аль алиныг нь фитнессээр хичээллэснээр олж авч чадна.
-Спорт хүнд юу өгдөг юм бэ?
-Бүх зүйлийг өгдөг. Спортоор хичээллэснээр хүн хүмүүжиж, тэсвэр тэвчээртэй болж, хатуужин, эр зориг, өөртөө итгэх итгэлээр дүүрэн болдог. Мөн өөрийгөө хөгжүүлэх ухамсар, урагшлах хүчийг олдог юм даа.
Монголын мэдээ
М.Ганцэцэг