2015 онд Английн “BBC” телевизээс зохион байгуулдаг “Cardiff Singer of the World” олон улсын дуурь дуулаачдын наадамд Гавьяат жүжигчин Э.Амартүвшин оролцож, “Audience Prize” буюу үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртэж байсан юм. Энэ үеэс Монголын баритон хоолойтнууд дэлхийд үнэлэгдэж ирсэн. Тиймээс 1983 оноос эхлэн уламжлан болгон хоёр жил тутамд зохиогдох болсон “Cardiff Singer of the World” уралдаан монголчуудын дунд улам их анхаарлын төвд орж ирлээ.
Уэльсийн нийслэлийн Кардифф хотноо болдог “Cardiff Singer of the World” уралдаан энэ жил улам их онцлогтой болж байна. “ВВС” телевиз, Уэйлсийн үндэсний дуурийн театр, Кардифф хотын зөвлөн хамтран зохион байгуулдаг эл уралдааны сүүлийн шалгаруулалтад 20 дуучин багтсан юм. Урьдчилсан шатны шалгаруулалтаас сүүлийн шатанд АНУ, Армен, Англи, Өмнөд Африк, ОХУ, Украин, Узбекистан, Уэльс, Шотланд, Белги, Итали, Турк, Норвеги, БНСУ болон Монголын дуучид багтсан. Анх удаа Монголоос хоёр дуучин багтахад “Чингисийн одонт”, Гавьяат жүжигчин, баритон Г.Ариунбаатар, Улсын драмын эрдмийн театрын гоцлол дуучин, тенор Б.Батжаргал нарын дуучид шигшээ уралдаанд дахин дуулахаар болсон юм. Тэд өнгөрсөн долоо хоногт финалын шалгаруулалтын эхний давааг давсан. Шигшээд үлдсэн 20 дуучин дөрөв дөрвөөрөө хэсэг болж, өрсөлдсөнөөс Г.Ариунбаатар Романсын төрөлд тэргүүн байрыг эзэлсэн юм.
Г.АРИУНБААТАР “МОНГОЛЫН ТАЛ НУТАГ” ДУУГ ГУРАВ ДАХЬ ДУУГААРАА СОНГОЖ, ШИЛДЭГ ТАВД ҮЛДЛЭЭ
Баритон Г.Ариунбаатар өөрийн төрөлдөө түрүүлж, шилдэг тавд үлдсэн юм. Тэрбээр Шуберт, Чайковский, Форе болон хөгжмийн зохиолч Б.Шаравын бүтээлүүдээс дуулсан. Манай дуучин “The Song Prize” төрөлд Америк, Шотлоанд, Украин, Английн дуучидтай өрсөлдсөн. Тэрбээр гурван дуу дуулахаас сүүлийн дуугаа Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, Урлагийн гавьяат зүтгэлтэн, яруу найрагч З.Түмэнжаргалын шүлэг “Монголын тал нутаг” дууг дуулсан. Энэ дууг дуулахад түүний хоолойны цар хүрээг нотолж, мэргэжлийн алдартай шүүгчид “Force of Nature” буюу “Байгалийн хүч” гэж дүгнэжээ. Энэ үнэлгээ нь ч түүнийг өрсөлдөгч нараасаа өндөр үнэлгээ авахад нөлөөлсөн байх. Тиймээс тэрээр шилдэг шилдэг тавд үлдэж, финалын шалгаруулалтад шууд үлдэж чадсан юм.
Харин энэ удаа тенор Б.Батжаргал анх удаа шилдэг 20-д багтсан. Азид төдийгүй дэлхийд тенор хоолойтнууд үнэлэгдэх болсон энэ үед Б.Батжаргал Монголын тенор дуучдын төлөөллийг дэлхийд таниулсан. Түүний дуулсан Донцэттигийн “La fille du regiment” дуурийн “Ah! mes amis” ари өндөр үнэлгээг авчээ.
Энэхүү уралдаан BBC телевизийн радио сувгаар шууд явдаг учраас сонсогчид хэдийнэ дүгнэлтээ хийдэг. Одоогоор Г.Ариунбаатар “The Song Prize” /Романс/ төрөлд түрүүлээд байгаа бөгөөд финалын шалгаруулалтад Америкийн Жон Чест, Шотландын Катриона Морисон, Украины Юри Самойлов, Английн Луиз Олдео нар ч үлдсэн. Ингээд “Cardiff Singer of the World” олон улсын дуурь дуулаачдын уралдааны ялагч тодроход Английн дуучин Луиз Олдео түрүүлжээ.
Уралдааны талаар Г.Ариунбаатар өөрийн твиттэр хуудсаараа ингэж бичжээ. 'Тэмцээн маань сайхан болж өнгөрлөө. Эх орондоо 4-н Цомтой харих байсан… Нэгийг нь нутгийн бүсгүйд алдлаа. Баярлалаа та бүхэндээ' гэсэн байна.
BBC: “Cardiff Singer of the World” ОРОЛЦОГЧИД ЖИЛИЙН ӨМНӨӨС ШАЛГАРУУЛАЛТАД ОРДОГ
Английн “BBC” телевиз, Уэйлсийн үндэсний дуурийн театр, Кардифф хотын зөвлөл хамтран 1983 оноос эхлэн залуу дуучдыг тодруулах зорилготойгоор “Cardiff Singer of the World” олон улсын дуурь дуулаачдын уралдааныг зохиож иржээ. Энэхүү уралдаанд 18-32 насны дуурийн дуулаачид оролцдог бөгөөд тэд жилийн өмнөөс шалгаруулалтад оролцдог байна.
Хоёр жил тутамд зохиогддог “Cardiff Singer of the World” уралдаан бол дэлхийн сонгодог урлагийн уран бүтээлчдийн чанар, чансааг харуулсан уралдаан юм. Энэхүү уралдааны “Хамгийн шударга уралдаан” гэж олон улсад үнэлэгдэж, уран бүтээлчид ч энэ хэрээр өөрсдийгөө сойдог байна. Уралдааны эхний шалгаруулалтад дуучдаас бичлэгийг сонсож үнэлдэг байна. 2016 оны зургадугаар сард бүх оролцогчид бичлэгээ явуулсны дагуу наймдугаар сард зохион байгуулагчид дараагийн шатанд тэнцсэн уран бүтээлчдэд мэдэгджээ. Харин дараагийн шатанд шалгарсан дуучдыг АНУ, Европ, Азийн орнуудад сонсдог байна. Өөрөөр хэлбэл дуучид финалд үлдэх шалгаруулалтын өмнө тухайн хотыг сонгож, тэнд шалгуулдаг аж. Г.Ариунбаатар, Б.Батжаргал нарын хувьд Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Берлин хотыг сонгож, 2016 оны арванхоёрдугаар сард шалгаруулалтад оролцжээ. Энэхүү шалгаруулалт хаалттай болсон байна. Дэлхийн олон оронд урьдчилсан шалгаруулалт явагддаг учир зөвхөн шилдэг 20-д үлдэх дуучдыг албан ёсоор BBC агентлагаас зарладаг. Ингээд финалын шалгаруулалтад өрсөлдөх шилдэг 20 дуучны нэрийг өнгөрөгч хоёрдугаар сарын сүүлээр зарласан бөгөөд тэдний дунд Г.Ариунбаатар, Б.Батжаргал нар багтсан. Сүүлийн шалгаруулалтад тэдний хамт АНУ, Англи, Армен, Шотланд, Өмнөд Африк, Укриан, Белги, БНСУ, Итали зэрэг орны дуучид багтсан билээ. Тэд өнгөрсөн долоо хоногт бүлэг болж, шилдгийн төлөө өрсөлдлөө.
Эх сурвалж: NEWS.mn Ч.Болорчулуун