Нью-Орлеоноос гаралтай дэлхийн жазз од Жессэ Дэйвис өөрийн дөрвөл хамтлагтайгаа цуг Монголд хоёр дахь удаагаа ирж гайхамшигт жазз хөгжмийг толилуулах гэж байна.
Тус квартет сүүлийн жилүүдэд Европ болон Азийн улс орнуудаар аялан тоглолт хийж, жазз хөгжмийг амжилттай сурталчлан таниулж яваа юм. Энэхүү хамтлаг жазз стандарт болоод хожуу үеийн бипоп урсгал чиглэлээр гарамгай тоглодог. Мөн хамтлаг олон улсын бүрэлдэхүүнтэй гэдгээрээ онцлог бөгөөд гишүүд нь өнөө үеийн жазз хөгжмийн ертөнцөд өөрсдийн ур чадварыг улам бататган олонд танигдсаар байна.
Хамтлагийн контрабассчин Мартин Зенкерийн хувьд Монгол оронд жазз хөгжмийг хөгжүүлэн дэлгэрүүлэх GMUB төслийг 2014 оноос хойш амжилттай удирдаж байгаа юм. Жессэ Дэйвис Квартетийн бүрэлдэхүүн: Жессэ Дэйвис (АНУ) – Альт саксафон Пол Көрби (Шотланд) – Төгөлдөр хуур Мартин Зенкер (Герман) – Контрабасс Минчан Ким (Солонгос)– Бөмбөр Уг тоглолтонд мөн Монголын шинэ залуу The Jazz Train, Bluescoopers хамтлагууд оролцож өөрсдийн уран бүтээлийг хүргэх болно. Жаззын амьд домог Жессэ Дэйвис нь анх 11 настайдаа саксофон хөгжимтэй танилцсан цагаасаа хойш 40-өөд жил хөгжмөө тасралтгүй тоглож буй бөгөөд өдгөө олны хүндэлж хайрладаг хөгжимчдийн нэг болжээ.
Тэрбээр өөрийн хамтлагийг удирдахын зэрэгцээ бусад алдартнуудтай цуг уран бүтээл туурвиж, аялан тоглолт хийдэг. Тэрбээр 1989 онд Филадельфи хотод болсон Down Beat хөгжмийн фестивалиас Шилдэг хөгжимчин шагналыг хүртэж байжээ. Түүний Монголд хийх хоёр дахь тоглолтыг энэ жил ЖаззЛаб хөгжмийн агентлаг маргааш буюу долдугаар сарын 4-нд ДБЭТ-т зохион байгуулах гэж байна.
Энэхүү тоглолт нь “Улаанбаатар – Олон Улсын Жазз Цуврал”-ын сүүлийн тоглолт бөгөөд төслийн хүрээнд олон улсын мэргэжлийн жазз хөгжимчдийг Монголд урин авчрах, амьд туршлага солилцох, мөн монголын шинэ залуу жазз уран бүтээлчдэд гадагш гарах үүд хаалгыг нээж өгөх зорилго бүхий ажлууд хийгдэж байна.