Хүн бүрийн амжилтын хэмжүүр, түүнд хүрэх үнэ цэнэ ялгаатай. Зарим нь дардан замаар амжилтын оргилд хүрдэг бол өөр нэгэн нь унаж бүдэрч, өгсөж уруудсаар эцэст нь хүссэндээ хүрсэн түүх ч байдаг. Тухайлбал, эрх чөлөөт их гүрний лидер болохынхоо өмнө Дональд Трамп 25 насандаа эцгийнхээ үл хөдлөх хөрөнгийн бизнесийг өвлөн авчээ. Угаас чинээлэг орчинд төрж өссөн түүний амжилтын зам дардан байсан.
Харин дизайнер Ральф Лорен 25 насандаа дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байв. Цэргийн албанаас халагдаж ирээд хувцасны дэлгүүрт ажиллаж байхдаа тэр өөрийгөө ирээдүйн саятан, загварын ертөнцийн чухал нэгэн болно гэдгээ төсөөлөө ч үгүй байсан гэдэг. Өдгөө дэлхийд нэр алдраа түгээсэн алдартнууд 25 насандаа юу хийж байсныг харцгаая. Та ч 25 настайдаа хэн байснаа санаарай.
АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛЬД ТРАМП ЭЦГИЙНХЭЭ БИЗНЕСИЙГ ӨВЛӨН АВАВ
Трамп үл хөдлөх хөрөнгийн салбарт чамлахааргүй амжилт олсон, гүйлгээ ухаан сайтай бизнесмэн эрийн хүү болон мэндэлжээ. Багаасаа чинээлэг орчинд өсөж торнисон тэрбээр 25 насандаа Elizabeth Trump & Son нэртэй эцгийнхээ бизнесийг өвлөн авсан байна. Хожим тэрбээр компанийнхаа нэрийг Trump Organization болгон өөрчилжээ.
ЖҮЖИГЧИН ЖЕННИФЕР ЛОУРЕНС ХЭДЭН САЯЫН ОРЛОГОТОЙ, ОСКАРЫН ШАГНАЛТАН БОЛСОН БАЙВ
Өдгөө 26 настай жүжигчин Женнифер Лоуренс 2016 онд 46 сая ам.долларын орлого олсноор Холливудын хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчнээр нэрлэгдсэн. Forbes сэтгүүлийн мэдээллээр тэр 2015 онд 52 саяын орлого олсон байна.
25 насандаа тэрбээр “Өлсгөлөн тулаан” киноны гурван цувралд тоглочихсон, бас хэдийн Оскар атгаад амжсан байв.
APPLE-ЫН СТИВ ЖОБС САЯТАН БОЛЧИХСОН БАЙВ
1980 оны арванхоёрдугаар сарын тэр нэг өдөр Apple Computer компанийн хувьцаа хөрөнгийн бирж дээр тавигдсан эхний өдрөө компанийн үнэлгээ 1,2 тэрбум ам.долларт хүрэв. Ингээд компанийг үүсгэн байгуулагчид нь баячууд болжээ. Стив Жобс тэдний нэг бөгөөд тэр үед 25 настай байсан юм.
Хожим тэр нэгэн ярилцлагадаа “Мөнгөөр амьдралаа сүйрүүлж хэзээ ч болохгүй” гэж ярьсан байдаг.
FACEBOOK 300 САЯ ХЭРЭГЛЭГЧТЭЙ БОЛЖ, МАРК ЦУКЕРБЕРГ АНХ УДАА АШИГТАЙ АЖИЛЛАЖ ЭХЛЭВ
Марк Цукерберг 25 нас хүртлээ таван жилийн турш Facebook-ийг хөл дээр нь босгохын тулд шаргуу хөдөлмөрлөсөн гэдэг. Харин тэр жил, 2009 онд, Facebook анх удаа ашигтай ажиллаж, 300 сая хэрэглэгчтэй болжээ. Сэтгэл нь хөдөлж, ихэд баярласан тэр үүнийг ердөө эхлэл гэдгийг мэдэж байсан гэдэг.
Харин удаах жил нь Цукерберг Time сэтгүүлийн “ОНЫ ХҮН”-ээр тодорсон юм.
“ГОЛДМЭН САКС”-ЫН ЛЬОД БЛАНКФЕЙН АМЖИЛТ МАРУУХАН ХУУЛЬЧ БАЙВ
Дэлхийд зартай “Голдмэн Сакс” санхүүгийн группийн гүйцэтгэх захирал Льод Бланкфейн анхнаасаа санхүүгийн салбарын хүн байгаагүй. Хуульчаар гараагүй эхлүүлсэн тэрбээр 24 насандаа Харвардыг дүүргэжээ. Улмаар Donovan Leisure хуулийн фирм туслах ажилтнаар ажилд орсон байна.
Ажил нь урагш муутай, амьдрал нь тогтоогүй Бланкфейн тамхи байнга татдаг, хааяа нэг мөрийтэй тоглоом тоглодог байсан гэнэ. Байгууллагынхаа түншлэл тогтоох хэлтэст ажиллаж байсны дүнд тэрбээр хөрөнгө оруулалтын банкинд ажиллахаар шийдэж, 27 настайдаа J. Aron-д ажилд оржээ. Эндээс түүний өсөн дэвжих үүд хаалга нээгдсэн байна.
ЗОХИОЛЧ ЖЕЙ.КЕЙ РОУЛИНГТ “ХАРРИ ПОТТЕР” БИЧИХ САНАА ТӨРӨВ
Дэлхийн хамгийн өндөр орлоготой зохиолч Роулинг 25 настайдаа хуваариасаа хоцорсон галт тэрэг хүлээж суухдаа “Харри Поттер” зохиолоо бичих санаагаа олжээ. Тэр оройдоо Роулинг зохиолоо бичиж эхлүүлсэн бөгөөд эхний номоо дуусгатлаа хэдэн жил зарцуулсан гэнэ. Хүний эрхийн төлөөх Amnesty International байгууллагын Лондон дахь оффист нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Роулинг “Харри Поттер”-ын тухай ургуулан бодсоор ажлаа цалгардуулсан гэж халагджээ. Гэнэт ажилгүй болчихоод тэтгэмжийн мөнгөөр амь зогоож байхдаа тэр илүү төвлөрөх боломжтой болсон гэнэ.
Энэ хугацаанд тэр гэрлэж, охинтой болж, дараа нь нөхрөөсөө салж, сэтгэл санааны гүн хямралд орсон ч эцэст нь 1995 онд эхний номоо амжилттай дуусгажээ. “Харри Поттер”-ын анхны цуврал 1997 онд хэвлэгдсэн юм.
ХИЛЛАРИ КЛИНТОН ЙЕЛИЙН ИХ СУРГУУЛИЙГ ТӨГСӨВ
Хиллари Клинтон 23 настайдаа Йелийн их сургуульд хамт суралцаж байсан Билл Клинтонтой учирчээ. Найз залуутайгаа хамт байхын тулд нэг жил улиран суралцаж, 1997 онд 25 нас хүрэхийнхээ өмнөхөн хуулийн зэрэг хамгаалсан байна. Төгсөлтийн баярын дараа дурлалт залуугаасаа гэрлэх санал авсан ч татгалзжээ.
Тэр жилдээ Хиллари Клинтон Йелийн их сургуулийн дэргэдэх хүүхдийн сургалтын төвд ажилд орсон байна.
1975 онд Арканзас руу нүүснийхээ дараа Хиллари найз залуугийнхаа гэрлэх саналыг хүлээн авсан аж. Удалгүй Билл Арканзас мужийн захирагч болж, Хиллари мужийн “тэргүүн хатагтай” болов. Дараа нь тэрбээр АНУ-ын Тэргүүн хатагтай, АНУ-ын Сенатч, дараа нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын алба хашсан билээ.
ДИЗАЙНЕР РАЛЬФ ЛОРЕН ДЭЛГҮҮРТ ХУДАЛДАГЧААР АЖИЛЛАЖ БАЙВ
Ralph Lauren брэндийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тэрбээр Баруч Коллежид суралцан төгсөж, дараа нь цэргийн алба хаажээ. 24 насандаа тэр цэргийн албанаас халагдаж, Brooks Brothers бэлэн хувцасны дэлгүүрт худалдагчаар ажиллах болсон байна.
26 настайдаа тэрбээр Европ стилийн зангианы загвар гаргахаар шийдэж, амжилтын гараагаа эхлүүлжээ. Дараа жил нь тэрбээр “Polo” брэндийг гаргасан юм.
С.ЦЭЛМЭГ