Испани Улсын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг тоглоно
Испани Улсын L’Home Dibuixat театрын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг Монголд долоодугаар сарын 18, 19-нд Корпорейт Конвейнш Центрт тоглоно.
Тус хүүхдийн жүжгийг зохиолч Tian Gombau, жүжигчин: Tian Gombau, Anna Dobon, найруулагч Panchi Vivo, Tian Gombau, ерөнхий зураач Isa Soto нар хамтран бүтээжээ. "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжгийг Бээжин дэх Испанийн элчин сайдын яам, Монгол дахь Испанийн өргөмжит консул хамтарч хоёр орны дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Испанийн соёл урлагийг Монголд сурталчлан таниулах зорилготой юм байна. Мөн цаашид хоёр орны соёл урлагийн байгууллагууд урт хугацааны хамтын ажиллагаатай ажиллах, тус театрын зүгээс жүжигчдэд зориулсан мэргэжлийн воркшопыг хийх ажээ.
Энэхүү "Помодорогийн адал явдал"” хүүхэлдэйн жүжиг нь дуу, дүрсний эффектээр баяжуулагдсан, дэлгэц болон тайцан дээрх харилцан яриагаар өрнөдөг юм байна. Анх тус жүжгийн нээлтийг 2015 онд хийснээс хойш Франц, Испани, Польш, БНХАУ, Өмнөд Солонгос зэрэг улсуудад нийт 50 гаруй удаагийн тоглолт хийжээ. Хүүхэлдэйн жүжгийг гурван наснаас эхлэн гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан байна.
Жүжгийн гол агуулга нь та өнөөдөр хэн ч байж болно. Гагцхүү таны мөрөөдөл, хүсэл тэмүүлэл, уйгагүй хөдөлмөр, ухралтгүй зүтгэл таныг урагш хөтлөж амжилтанд хүргэх гүүр тань болно. Хүний биеийг олж төрнө гэдэг нэгэн том аз завшаан. Түүний дотор өөрийн мөрөөдлөө биелүүлж, мөрөөдлөөрөө жигүүр хийн амьдрах нь ховорхон тохиол юм гэж өгүүлжээ. Тус жүжигт эгэл жирийн нэгэн хүү өөрийн авъяас билэг, олныг алмайруулан тоглож, циркийн жүжигчин болох мөрөөдлөө биелүүлэхийг зорьж байгааг илэрхийлдэг ажээ.
Энэхүү хоёр орны соёл урлагийн үйл ажиллагааг Корпорейт Конвейшн центр болон Улсын драмын эрдмийн теартай хамтарч зохион байгуулж байна.
Б.Баярмаа