Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/153 тоот тушаалыг үндэслэн БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар “Соёл, урлагийн ажилтны өдөр-2017”-г амжилттай зохион байгууллаа. Агентлагийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/22 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж зохион байгуулах ажлын удирдамж, хөтөлбөрийг боловсруулан батлуулж соёл, урлагийн 30 гаран байгууллагад хүргэв. Зохион байгуулах үйл ажиллагааг ажлын хэсгийн гишүүдэд хариуцуулан хуваарилж, бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган баталгаажуулан өндөр зохион байгуулалттайгаар ажиллажээ.
Энэ ажлын хүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулсан юм:
- “Музей ба хөгжил-2017” музейчдын нэгдсэн чуулган /Сэлэнгэ аймаг/
- Нийгэмд хандсан сайн үйлсийн аян
- Спортын бага наадам
- “Чөлөөт орон зай” төслийн нээлт
- “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын хэрэгжилтэнд Хэвлэл мэдээллийн байгууллагуудын оруулах үүрэг, оролцоо” сэдэвт сургалт /Дархан хот/
- “Соёл, урлагийн ажилтан” өдөрлөг
1. “Музей ба хөгжил-2017” музейчдын нэгдсэн чуулган
“Музей ба хөгжил-2017” музейн ажилтны нэгдсэн чуулган 2017 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Чуулганыг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын үндэсний музей, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл, урлагийн газар, аймгийн Нэгдсэн музей хамтран Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг суманд зохион байгуулсан юм. Чуулганд ОХУ, БНХАУ, АНУ-ын илтгэгч, зочид төлөөлөгчид, 38 музейн удирдлага, ажилтан, албан хаагчид зэрэг нийт 330 гаруй хүн оролцлоо.
Чуулганы хүрээнд:
- Нийгмийн хөгжилд музейн оролцоо” Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал “
- “Музейн менежмент” Музейн удирдах ажилтны уулзалт, зөвлөгөөн
- “Музейн сан хөмрөгт зураасан кодны систем нэвтрүүлэх нь” /сан хөмрөгийн эрхлэгч, сан хөмрөгч, бүртгэл мэдээллийн санч/
- “Музейн нийгмийн харилцааг өргөтгөх асуудал, шийдэл” сэдэвт сургалт, семинар /Менежер,эрдэм шинжилгээний ажилтан, боловсролын ажилтан/
- Урлаг спортын бага наадам зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдав.
2. Нийгэмд хандсан сайн үйлсийн аян
Соёл урлагийн байгууллагууд нь энэ жилийн “Соёл урлагийн ажилтны баярын өдөр”-ийн хүрээнд нийгмийн сайн сайханд дагуулсан, энэрэнгүй хүнлэг нийгмийг төлөвшүүлэх, соёл урлагийн байгууллагын нийгмийн хариуцлага, манлайллыг өргөх зорилгоор 2017 оны 9 дүгээр сарын 5 -15-ны өдрүүдэд сайн дурын үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан. Тус нийгэмд хандсан сайн дурын үйл ажиллагааны хүрээнд зорилтот бүлгийн хүүхэд залуучууд, өндөр настан, оюутан сурагчдад хүүхдийн жүжиг, урлаг уран сайхны тоглолт үнэ төлбөргүй үзүүлж, сургууль, цэцэрлэг зэрэг албан байгууллагуудын номын санд ном хандивлах, өв соёлоо сурталчлах өдөрлөг зохион байгуулах, музейн үзмэрүүдийг үнэ төлбөргүй үзүүлж сурталчлах, тайлбарлан таниулах, цус судлалын үндэсний төвд цусаа хандивлах зэрэг олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм.
Нийгэмд хандсан сайн үйлсийн аянд идэвхи санаачлагатай оролцсон байгууллага, хамт олонд талархал илэрхийлье!
- Улсын драмын эрдмийн театр
- Үндэсний урлагийн их театр
- Улсын хүүхэлдэйн театр
- Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр
- Нийслэлийн соёл, урлагийн газар
- Үндэсний номын сан
- Хүүхдийн төв номын сан
- Монгол улсын филармони
- Соёл, урлагийн их сургууль
- Богд хааны ордон музей
- Дүрслэх урлагийн музей
3. Спортын бага наадам
Спортын бага наадам нь 09 сарын 11-15-ны хооронд болж өндөрлөсөн бөгөөд нээлтийн ажиллагаа 2017 оны 09 сарын 14-ний өдрийн 13:00 цагт МУБИС-ийн спорт зааланд болсон. ЗГХА Соёл, урлагийн газрын дарга, ноён Г.Эрдэнэбат нээж үг хэлснээр уг “спортын бага наадам” албан ёсоор эхэлсэн юм.
Спортын төрлүүд:
- Шатар
- Ширээний теннис
- Шагайн харваа
- Волейбол
- Сагсан бөмбөг
гэсэн 5-н төрөлд Соёл, урлагийн салбарын уран бүтээлч, ажилтан, албан хаагчид хурд хүч, оюун ухаанаа уралдуулан оролцсон юм.
4. “Чөлөөт орон зай” төсөл
“Монгол Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Засгийн газрын 2015 оны 509 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрт “иргэн, соёлын ажилтан, уран бүтээлч үзэл бодол, арга барил, урсгал чиглэл, дэг сургуулиа чөлөөтэй сонгон хэрэглэх, соёл, урлагийн албан болон албан бус боловсролыг дэмжих”, “соёлын үнэт зүйлийг иргэд бүтээн бий болгох, хүртэх, эзэмших, уламжлах, түгээн дэлгэрүүлэх таатай орчин нөхцөл бүрдүүлэх” дизайн, дүрслэх урлагийн салбарт бүтээл туурвих, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч залуу уран бүтээлчийг дэмжин зах зээлийг өргөтгөх олон талт арга хэмжээг эрчимжүүлэх талаар тусгасныг үндэслэл болгон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас “Чөлөөт орон зай” төслийг жил бүр хэрэгжүүлэхээр эхний ажлаа эхлүүлээд байна.
-Төслийн эхний хэсэг /Хүннү ХХК/-тай хамтран Хүннү шопинг моллд 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн амралтын өдрүүдэд олон нийтийн урлагийн өдөрлөг
• 2017.09.16-09.17
• 2017.09.30-10.01
• 2017.10.07-10.08
Үзэсгэлэнд Та өөрөө уран бүтээлч чимэглэл хийх сургалт, fashion show, худалдаа борлуулалт явагдаж байгаа.
– 2 дахь хэсэг /Уран зургийн галерей/-д 10 –р сарын 12-31-ний өдрийг хүртэл зохион байгуулна.
5. “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын хэрэгжилтэнд Хэвлэл мэдээллийн байгууллагуудын оруулах үүрэг, оролцоо” сэдэвт сургалт /Дархан хот/
“ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцийн хэрэгжилтэнд Хэвлэл мэдээллийн байгууллагуудын оруулах үүрэг, оролцоо” сэдэвт сургалтыг БСШУСЯ, Соёлын өвийн Үндэсний төв, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны Зөвлөл, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс хамтран ЮНЕСКО-гийн итгэмжит байгууллага болох БНХАУ-д төвтэй Соёлын биет бус өвийн олон улсын сургалтын төв (CRIHAP)-ийн дэмжлэгтэйгээр 2017 оны 9 дүгээр сарын 11-нээс 15-ны өдрүүдэд Дархан хотноо амжилттай зохион байгууллаа. Сургалтанд Улаанбаатар хотын болон 21 аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас нийт 40 хүн хамрагдав. Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа тус сургалтын явцыг ажиглахаар CRIHAP-ийн ерөнхий захирал Лиан Бин, сургалтын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ли Тонг, Танг Хайжао, “Хятадын Соёл” өдөр тутмын соёлын сонины сэтгүүлч Шүэ Шуай нар оролцсон юм. Сургалтанд Монголын Соёлын өвийн Үндэсний төвийн захирал Г.Энхбат “Монгол улс дахь соёлын биет бус өвийн хамгаалал”, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид “Монгол улс дахь Соёлын биет бус өвийн ашиглалт, хамгаалалтад хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьсан ба ЮНЕСКО-гийн итгэмжит багш нар болох Рахул Госвами (Энэтхэг)болон Александра Денес (АНУ) нар “СББӨ-г хамгаалахад хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо”, “СББӨ ба тогтвортой хөгжил”, “Ёс зүй ба үүрэг хариуцлага”, “Урьдчилан мэдээлсэн, сайн дурын үндсэн дээр өгсөн зөвшөөрөл”, сэдвээр хичээл зааж, БНХАУ-ын “Хятадын Соёл” өдөр тутмын сонины сэтгүүлч Шүэ Шуай “БНХАУ-ын сэтгүүл зүйн жишээ” сэдвээр илтгэл тавьж, оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүлж ажиллалаа. Танхимд заасан онолын мэдлэгийг хээрийн дадлага ажилтай хослуулах үүднээс оролцогчдыг 5 бүлэгт хувааж, Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор, Шарын гол сумдын нутаг дэвсгэрт уламжлалт аргаар мал маллан цагаан идээ боловсруулах, уламжлалт аргаар эмийн ургамал ашиглан эм хийх, Казак бий биелгээ болон эсгий ширмэл хийх, малд хануур, хатгуур хийх, уламжлалт уран хатгамал (зоосон ширээ)хийх арга ухаан, мэдлэгийг үе уламжлан өвлөж ирсэн өвлөн уламжлагчидтай уулзуулж, тэдний өдөр тутмын амьдралын хэв маяг, мэдлэг чадварыг сурвалжлах ажлыг багуудаар хийлгэв.
6. “Соёл, урлагийн ажилтан” өдөрлөгийн үйл ажиллагаа
Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаа 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Чингис хааны хүрээ” жуулчны баазад 11:00 цагт Соёл урлагийн байгууллагууд төв тайзны өмнө өөрсдийн хаяг, туг далбаа мандуулан хүндэтгэлийн талбайд жагсаж эхэллээ. Нээлтийн хүндэтгэлийн үйл ажиллагаанд БСШУСЯ-ны сайд, ноён Г.Чулуунбаатар, ЗГХА-ын Соёл урлагийн газрын дарга, ноён Г.Эрдэнэбат, БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга, ноён Н.Болд, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Одгэрэл, ЗГХА Соёл урлагийн газрын хэлтсийн дарга Г.Батхуяг, БСШУСЯ-ны мэргэжилтнүүд, ЗГХА Соёл урлагийн газрын мэргэжилтнүүд, Соёл урлагийн төрийн болон, төрийн бус 34 байгууллага, хамт олон оролцлоо. Соёл урлагийн ажилтны баярыг тохиолдуулан 2017 онд соёл урлагийн салбарт гаргасан амжилт үйлс бүтээлээрээ манлайлсан уран бүтээлчдийг төрийн дээд одон медаль, засгийн газрын шагналаар шагнаж, Спортын бага наадамд амжилт үзүүлсэн баг тамирчдад шагнал гардууллаа. Энэ өдөр:
- Ойрын зайн гүйлтийн уралдаан
- Үндэсний сурын харваа
- Бөхийн барилдаан
- Үдшийн цэнгүүн зохион байгуулагдсан
20:00 цагаас албан ёсны арга хэмжээ өндөрлөж чөлөөт хэсгээр үргэлжлэн Диско хөгжим эгшиглэн оролцогсод дуулж, бүжиглэн, “Соёл, урлагийн ажилтан-2017” өдөрлөг 22:00 цагт галын наадмаар өндөрлөсөн юм.
Эх сурвалж: соёл, урлагийн газар