“Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл төрийн хамгаалалтад байна” гэж Үндсэн хуульд өргөмжлөөд золигт гаргасан соёлын өв бол “түүх, соёлын дурсгалт зүйл” билээ. Үндсэн хуульд огт бөөрөнхийлөөгүй: Зөвхөн биет өвийг төрийн хамгаалалтад авсан. Биет өвдөө музейн үзмэр, палеонтолог, археологийн олдвор бас бусад ангиллын эд зүйлс хамаарагдах соёлын хөдлөх өвийг Соёлын өвийг хамгаалах тухай хуульд “түүх, соёлын дурсгалт зүйл” гэжээ. Гэтэл энэ өв маань халамжлах эзэнгүй хачин шоовдорлогдлоо. Хоймортоо залчихаад хотлоороо мартчихлаа. Хоржоонтой хорвоо шүү…
“Түүх, соёлын дурсгалт зүйлийг” чимээгүй хэлмэгдүүллээ. Булш бунхан тонох гэмт хэргийг зогсоож дийлэхээ байлаа. Тонуулаагүй булш бунхан, хиргисүүр хөдөө бараг байхгүй гэнэ. Булшнаас гаргасан олдвор авна гэсэн зар чөлөөтэй түгэж, металл илрүүлэгчийг хяналтгүй импортолж, зарж, адаг сүүлдээ хөдөө амрахдаа алтаа хайгаад амар гэж сурталчлах боллоо. Эрүүгийн хариуцлага хүлээлгээд ч нэмэргүй, соёлын өвөө тонуулж байгаа Афганистан, Ирак, Сири зэрэг дайн самуунтай улс орнуудаас ч долоон дор байна. Хэчнээн сор болсон хосгүй үнэтэй соёлын өвийг сүм хийд, музей, хувийн цуглуулгаас хулгайлж, сольж холиод гадагш зувчуулсан бол?
Ард түмний хамаг анхаарлыг “хятадад алдсан уртын дуу, хөөмийд” хандуулаад “хамгаалалтгүй үлдсэн” түүх, соёлын дурсгалт зүйлийг гадагш зөөж, Монголыг хоослох ажиллагаа хэрэгжсэн гэхэд хилсдэхгүй. Гадаадад дуудлага худалдаагаар зарагдах гээд баригдсан дуулиант хэргүүд бол зөвхөн мөсөн уулын үзүүр юм. Ихэнх зувчуулсан соёлын өвийг хар зах зээлээс хувийн цуглуулагчид худалдан авч далдалдаг билээ.
Хэдийгээр ам алдвал барьж болохгүй агт алдвал барьж болдог гэж монголчууд ярьдаг ч нэгэнт гаргачихсан, бүртгэгдээгүй, өмчлөгч нь тодорхой бус соёлын өвийг эргүүлж авч чадахгүй. Хэчнээн монголынх гээд нэмэргүй. Харин биет бус өвийг хулгайлах боломжгүй. Өөрсдөө л мартаж, өөрсдөө л устгахгүй бол сурсан юмыг сураар боогоод авлаа юу? Мэдээж биет бус өвөө хамгаалах ёстой. Гэхдээ ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн конвенцийн жагсаалтыг түрүү барьж, албан тушаалд санаархсан улс төрийн шинжтэй “сенсаац, суртал ухуулга” эцэстээ ард түмний амыг таглах, ажил хийсэн нэр зүүх, нэг нэгнээ унагах арга хэрэгсэл болсныг илчлэх цаг иржээ.
Үнэндээ, ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэх амархан. Худалч хүнд бол ганцхан анкет бөглөөд л болоо. Манайхан одоо бүр гаршчихаад байгаа. Гэхдээ бүртгүүлэх зөвхөн бахархал биш. Бас хариуцлага. Бид соёлын өвөө устгах гээд байна гээд яаралтай хамгаалах шаардлагатай жагсаалтад хүртэл оруулдаг. Муу ч биш. Гол нь бүртгүүлээд, гэрчилгээ аваад боллоо гээд туйлшрах ёсгүй. Монголд “ганц хувь өв тээгч” алдаг оног барилга дээр ажиллаад л, хааяа нэг дарга, цэрэг нарын рекламд тоглож дээл өмссөж зураг авахуулахаас өөр ажилгүй л явна. Үнэхээр л соёлын биет бусыг хайрлаж хамгаалдаг юм бол биет бус өв тээгчдийнхээ л амьдрал ахуйг дээшлүүлээд эрдэмтэн судлаачдыг дэмжихэд илүү их анхаарах хэрэгтэй. “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд бүрэн нийцүүлэн “Уламжлалт нүүдлийн малч ахуй үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж томьёолбол мал сүргээ ч соёлын биет бус өвөө ч цогцоор нь хамгаална.
Харин Дэлхийн өвийн Конвенцийн жагсаалтад байгаль, соёлын өвөө бүртгүүлэх амаргүй. Нэг өв бүртгүүлэхэд л нэжгээд их хөрөнгө мөнгө зарна. Ихэвчлэн гадаадын мэргэжилтнүүдээр, гадаадын санхүүжилтээр хийлгэж бүртгүүлсэн. Ерөнхийлөгчийн зарилгаар Бурхан халдун уулыг 2015 онд бүртгүүлэхэд л улсын төсвөөс анх удаа санхүүжүүлсэн. Манайд номинацийн “бүтэн номыг” англиар бичих боловсон хүчин бараг үгүй. Ганц хоёр үндэсний эрдэмтдийн нуруунд үүрүүлчихээд явж байна. 2011 онд бүртгүүлсэн Алтай нурууны хадны зургын цогцолборт газрын хамгаалалтын захиргааг хоёр яам нь хоорондоо булаацалдсаар өдий хүртэл байгуулаагүй байна. Орон нутгийн иргэд нь Дэлхий өвд бүртгүүлсэн хадны зургаа ч мэддэггүй. Осолгүй улсын тусгай хамгаалалтай газрын нутаг дээр хэсэг нь байдагтаа л гайгүй байна. Манайх нийт 5-хан харин урд хөрш 52 Дэлхийн өвтэй билээ.
Дэлхийн өвийн Конвенц бол байгаль, соёлын үл хөдлөх өвийг хамгаалдаг. Бид л өөрсдөө устгахгүй бол хулгайд алдах боломжгүй. Харин гэмт хэрэгт жинхэнэ өртдөг өвийг хамгаалдаг Соёлын үнэт зүйлийн хууль бус экспорт, импорт, өмчлөх эрхийн шилжилтийг урьдчилан сэргийлэх болон хориглох арга хэмжээний тухай ЮНЕСКО-гийн 1970 оны Конвенц гэж бий.
1991 онд нэгдэн орсон. Хэрэгжилт маш муу. Хугацаат тайлангаа ч өгч чаддаггүй. Конвенцид хүлээсэн үүргээ биелүүлж, хууль бус малтлагыг зогсоох, эртний эдлэлийн худалдааг хянах, ард иргэддээ ухуулан сурталчлах зэрэг урьдчилан сэргийлэх наад захын арга хэмжээнүүдийг улс хэрэгжүүлдэггүй. Анх Ардын Их Хуралд танилцуулсан гуравхан хуудас илтгэлээс өөр үндэсний мэргэжилтнүүдийн хийсэн судалгаа байхгүй. Бүдүүн баараг, алдаг оног холбогдох хуульд тусгасан тул манайхан бараг ашиглаж чаддаггүй конвенц билээ.
Учир нь, ЮНЕСКО-гийн Жагсаалт эсвэл Дэлхийн өвд бүртгэх тогтолцоо уг конвенцид байхгүй тул улстөрчид болон ард иргэдийн анхааралд төдийлөн өртдөггүй. Манайхаас гарал үүсэлтэй өвийг гадаадад дуудлага худалдаагаар худалдагдахад л тогонд цохиулсан мэт анзаарч, хариуцсан яамд, байгууллагуудын мэргэжилтнүүд үүрээ эвдлүүлсэн шоргоолж шиг бужигнахаас цаашгүй. Соёлын өвийн хууль бус худалдаатай жинхэнээсээ тэмцэж Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон төрөөс баримтлах бодлогыг бодитоор хэрэгжүүлсэн Засгийн газар гарч ирсэнгүй. Тэмцсэн дүр эсгэдэг:
Батаарын хулгай ил болоход 2013 онд Соёлын үнэт зүйлийг уугуул улсад нь буцаах эсвэл хууль бусаар завшсан тохиолдолд эгүүлэн олгохыг дэмжих ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хороонд манай улс хоёр дахь удаагаа сонгогдсон ч огт ашиглаж, ажиллаж ч чадалгүй хугацаагаа дуусгаж байна. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд хулгай, хууль бус экспортыг ч ялгах зохицуулалт алга. Эргүүлж авчрах эрх зүйн зохицуулалт ч дутмаг боловсрогдсон. Хувийн өмчийн соёлын өвийн эрх зүйн бүрэн хамгаалалтгүй гэх мэтчилэн олон асуудал бий. “Асуудлыг унтуулах” сонирхол ч бий. Мэдэхгүйдээ дайсагнах хүмүүс ч бий. Гэвч хэчнээн “унтуулаад”, “дайсагнаад” ч соёлын өвийн хууль бус малтлага, зувчуулгыг зогсоож, дарж чадахгүйгээс хойш эрт орой хэзээ нэгэн цагт соёлын өвөө хамгаалах төрийн үүрэг дахин дахин сөхөгдөх нь тодорхой болохоор, наад зах нь, нэгдэн орсон конвенцийн дагуу урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч үндэсний мэргэжилтнүүдийн судалгааг дэмжин, соёлын өвийн хууль бус худалдаатай тэмцэх олон баримт бичгүүдийн нэр томьёонуудыг жигдэлж, нэр мөр болгомоор байна.
Соёлын өвийг эргүүлэн авчрах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн механизмыг тогтоосон Хулгайлсан эсвэл хууль бусаар экспортолсон соёлын эд зүйлсийн тухай ЮНИДРУА-гийн 1995 оны Конвенцийг нэн даруй судлах шаардлага байна. Эс тэгвээс нэгдүгээр ангийн хүүхэд ч гарал үүслийг нь баталж чадах, зөвхөн Монголоос олддог палеонтологийн олдворуудыг АНУ сайн санаагаар буцаан өгснийг өөрсдийн эр бяраар авчирсан мэт сэтгэж, галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөх гэгчээр саранд хуцсан саваагүй нохой шиг, дэлхийн нэр хүндтэй дуудлага худалдааны газрын худалдааг зогсоох гээд дааж давахгүй өр ширэнд унах шахсан онигоонд дахин дахин орсоор байх болно. Хэзээ, хаанааас олдсныг амархан тогтоож чадах палеонтологийн олдворуудыг бид буцааж авчирсан болохоос археологи, угсаатны зүй, эсвэл шашны ач холбогдолтой нэг ч соёлын өвийг буцааж авч чадаагүй. Занабазарын бүтээл тэдэн сая доллар, төдөн зуун мянган еврогоор зарагдлаа гээд шүлсээ гоожуулаад хоосон үлддэг билээ.
Мөн холбогдох хууль тогтоомжуудаа дахин нягтлан үзэж, эрх зүйн зохицуулалтуудыг олон улсын жишигт хүргэхгүй бол “Төрийн өмчлөлд байгаа түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт олдворуудыг…Засгийн газрын тогтоосон хугацаа, зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлнэ” гэж 2002 онд баталсан түүх, соёлын олдворыг үзэсгэлэнд гаргах журам одоо хүртэл ХЗДХЯ-ны нэгдсэн эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох legalinfo дээр торойж байна. Cанаатай эсвэл санамсаргүй хийснийг хэн мэдлээ. Ер нь нэг иймэрхүү хайнга хандаж соёлын хөдлөх өвийг золиослож байна даа. Магадгүй цөвүүн цаг ирэхийг мэдээд, өнгөрсөн зуунд Үндсэн хуулийг батлахдаа, жинхэнэ эх орончид зөвхөн “түүх, соёлын дурсгалт зүйлийг” онцгойлон төрийн хамгаалалтад авсан ч байж мэднэ…
Х.Эрдэмбилэг