Хөх мөнх тэнгэр, нүүдэлчин ахуй соёлоо, монголын нууц товчоотойгоо цагаан цаасан дээр бийр, бэхээр босоо бичгээ амилуулсан байх аж. Түүх соёл, үндэсний бахархлаа босоо монгол бичгээр хүүхдүүд уран нарийн бичиж, буулгасан гэхэд бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Ийн Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулан 2011 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Мөнх тэнгэрийн бичиг-2017” монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” танхимд өнөөдөр /2017.11.17/ нээлтээ хийж буй нь энэ.
“Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнг өмнө нь мэргэжлийн уран бүтээлчдийн дунд зохион байгуулдаг байв. Харин энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ойд зориулж, найман шилдэг уран бичээч болон ерөнхий боловсролын сургуулийн 7-12 дугаар ангийн 55 сурагчдын шилдэг бүтээлийг олон нийтэд дэлгэж байгаа нь хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байв.
“Миний хувьд уран бичлэгээр хичээллээд нэг жил болж байна. Би “Монголын нууц товчоо” бүтээлээ хоёр хоногийн дотор бичиж, дуусгасан. Эхний өдөртөө гарчиг, дараагийн өдөртөө бүтээлийнхээ нарийн хийцэд анхаарсан. Уран бичлэгээр дөнгөж суралцаж байгаа хүүхдүүд бийрээр бичдэггүй. Эхлээд харандаа дараа нь үзгээр бичээд сүүлд нь бийрээр бичиж эхэлдэг юм. Би үзгээр уран бичлэг бичиж байхдаа их шантарч байлаа. Уран бичлэгийг бичих тусам улам сайжирдаг учраас би одоо ч өөрийгөө хөгжүүлсээр байгаа. Сүүлийн үед хүүхдүүд уран бичлэгийг сонирхож, хичээллэх нь ихэссэн. Гэхдээ зарим хүүхдүүд маань уран бичлэгээр бичихгүй ч босоо монгол бичгээрээ бичиж, уншиж сураасай гэж хүсдэг” хэмээн нэгдүгээр байранд шалгарсан Чингэлтэй дүүргийн Ататуркийн нэрэмжит тавдугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Оюунсүрэн ярилаа.
Харин хүүхдүүдийн бүтээлийг үзэж, сонирхсон хүмүүс нэг бүрчлэн бүтээлүүдтэй танилцаж байгаа харагдав. “Багш хүний хувьд сурагчдын бүтээлийг харахад оюуны соёлын гайхамшигтай бүтээл болжээ гэж харж байна. Хэл бичгийн энэ сайхан үзэсгэлэнг жил бүр сурталчилж байгаа нь сайшаалтай. Цаашид уран бичлэгээс гадна бүх нийтээрээ босоо монгол бичгээ сурах хэрэгтэй. Ер нь уран бичлэг бичихэд ур чадвар, авьяас маш чухал” гэдгийг Монгол Улсын боловсролын их сургуулийн Монгол судлалын төвийн эрхлэгч Ц.Өнөрбаяр сэтгэгдлээ хуваалцсан юм.
Мөн дэд байрын шагнал хүртсэн Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Жаргалмаа “Энэ үзэсгэлэнд яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Тэнгэрийн хаяанаас нүүдэлчин айсуй” хэмээх бүтээлээс сэдэвлэн уран бичлэгээ бичсэн. Би өмнө нь уран бичлэгийн талаар сайн мэддэггүй байсан юм. Тэгээд монгол хэлний багш маань хичээллэх саналыг анх тавьснаар уран бичлэгийг сонирхох болсон. Уран бичлэгээр хичээллэх тусам үндэснийхээ ахуй соёлоор бахархах болсон” тухай ярилаа.
Уг “Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн энэ сарын 23-ны өдрийг хүртэл үнэ төлбөргүй олны хүртээл болох нь ээ.
А.Сүрэн