Холливудын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй гэгддэг Меган Фокс “Interview” сэтгүүлд өгсөн ярилцлагаас хүргэж байна.
-"Трансформерс" киноны найруулагч Майкл Бэй та хоёрын хооронд маш том хэрүүл дэгдсэн… Үнэхээр чи сэтгүүлчдэд түүнийг кино зургийн талбай дээр уран бүтээлчдийг Гитлер шиг дарангуйлдаг гэж хэлчихсэн юм уу. Энэ явдлын дараа гүйцэтгэх продюссер Стивен Спилберг жүжигчнийг өөрчлөхийг шаардаж, “Трансформерс”-ийн дараагийн ангид Рози Хантингтон Уйтлиг тоглуулахаар болсон гэдэг…
-Энэ бүх таагүй явдал аль хэдийнэ ард хоцорчээ. Майклийн ар хударгаар би юу ч яриагүй. Намайг түүнтэй “тулалдаж” байх үед бидний ойролцоо хэвлэлийнхнээс хэн нэг нь байсан юм билээ. Майкл бид хоёр олон талаараа төстэй. Хэн, хэн нь хүчтэй захирангуй, өөрийн гэсэн бодолтой боловч, эелдэг зөөлөн зантай, хашир байж чаддаггүй, маш эмзэг хүмүүс. Тийм болохоор хоорондоо таарч тохирохгүй зөрөлдөх үе гарсан байх. Би нэг зүйлийг сайн мэдэж байна. Майкл Бэй надад дайсагнаж байгаагүй гэдгийг… Тэр ч байтугай, нөгөө яршигтай дуулиан шуугианы үеэр Майкл “Миний утгагүй, хоржоонтой тэнэглэл нь сэтгэл татам ялдам байдлын маань нэг хэсэг юм” гэж хэлж байсан. Хэрэв түүнийг шахаагүй бол тэр намайг “Трансформерс 3”-т тоглуулах л байсан.
-Гэхдээ энэ болсон явдлын талаар “Трансформерс” кинонд тоглосон Шайа Лабаф арай өөр зүйл ярьж байсан. Найруулагч таниас улам задгай байхыг шаардаж, харин танд найруулагчийн хэлсэн болгоныг гүйцэтгэх нь эвгүй байсан юм биш үү?
-“Трансформерс” дэлгэцэнд гарсан анхны өдрөөс л би хамгийн алдартай “халуухан бүсгүй” болж хувирсан. Хэвлэлүүд “сексийн бэлгэ тэмдэг Меган Фокс” гэж бичээд л… Үнэндээ энэ нь ухаангүй хэрэг байлаа. Энэ утгаар нь авч үзвэл Майкл Бэй санасандаа хүрсэн. Гэхдээ жүжигчнийг дэлгэцэн дээр ийм байдлаар дахин, дахин харуулах гэж шахах хэрэггүй. Ийм шаардлага тавих нь жүжигчнийг хамгаалалтгүй, өрөвдөлтэй, өөртөө итгэлгүй нэгэн болгож хувиргадаг. Шоу бизнесийн зарим алдартай төлөөлөгч биднийг ийм байдал руу түлхдэг.
– Чамайг анхны хүүхдээ төрүүлснийхээ дараа дүрийн сонголтод их анхаардаг болсон гэж ярьж байсан…
-Мэдээж, тэгэлгүй яахав. Энэ чинь эх хүний үүрэг шүү дээ. Жишээ нь, хүүхдүүдийг маань сургуульд явах үед нь миний фото модель болж авахуулсан зургийг ангийнхан нь тэдэнд үзүүллээ гэж бодьё. Хөвгүүдэд минь би ёстой адгийн амьтан шиг санагдах байлгүй. Өөр хэрэг, тэднийг энэ хорвоод мэндлээгүй байхад ээж нь залуудаа фото модель байсан юм гэнэлээ гэвэл хэн ч тоохгүй “Аа, тийм үү” гээд л өнгөрнө. Би ууган хүүдээ библийн Ноа гэсэн нэрийг тохиолдлоор өгөөгүй юм. Меган Фокс сүсэгтэй нэгэн гэхээр хүмүүс гайхах байх л даа. Үнэхээр би сүсэгтэй. Хүүхэд байхдаа гэрийнхэнтэйгээ цуг сүмд очдог байлаа. Манайхан намайг шашинд ихээхэн итгэл үнэмшилтэй болгож хүмүүжүүлсэн. Хүнтэй сууж, хүүхэд гаргасан хойно энэ итгэл үнэмшил маань улам гүнзгийрсэн.
-Чи улаан хивсэн дээгүүр алхаж явахдаа зургийг чинь авч байгаа гэрэл зурагчдыг нарыг хараад юу гэж боддог вэ?
-Улаан хивсэн дээгүүр алхаж явахдаа гэрэл зурагчдыг хараад бухимддаггүй. Яагаад гэвэл, тэд папарацци нар биш. Олон нийтийг хамарсан үйл явдалд оролцон ажлаа хийж яваа хүмүүс. Тэдэнд сэмхэн гэтэх юм уу, нуугдах ч хэрэг байхгүй.
–Гэхдээ гэрэл зурагчдын өмнө байнга биеэ хямгадах шаардлагатай тулгардаг байх?
-Тийм л дээ. Гэхдээ яагаад ч юм бэ бүү мэд, гэрээсээ гараад явахаар надад дандаа бухимдуулах зүйл тохиолдоод байдаг юм. Саяхан би утсаар ярингаа машинаасаа бууж, эмийн сан орохоор явлаа. Тэгтэл бутны цаанаас бараг зургаан папарацци гэнэт гарч ирээд зургийг минь дарчихсан. Ямар их уур хүрсэн гэж санана. Хэнд ч гэсэн гудамжинд утсаар ярих хэрэг гарна биз дээ.
–Алдартай байх нь танд таалагддаг уу?
-Алдартай байх нь өөрт нь их таалагддаг тийм хүмүүс байдаг. Мөн санамсаргүй байж байгаад алдаршдаг хэн нэгэн байдаг. Би өөрийнхөө хувийн амьдралыг нууцлахыг хүсдэг хүний нэг болохоор ярилцлага өгөх маш дургүй. Хэвлэлийнхэнтэй харилцаж ирсэн туршлагаасаа харахад, миний хэлсэн үг, хийсэн үйлдэл хэчнээн гэмгүй байлаа ч гэсэн тэдний арга мэхэнд өртөж нэг л мэдэхэд ээлжит дуулиан шуугианы эзэн болж дуусдаг. Ам ангайнгуут л, хэлсэн үгийг минь шууд шүүрч аваад шуугиан тарьчихдаг… Гэхдээ ингэлээ гээд бусдаас дандаа зугтаж явах нь тэнэг хэрэг.
–Та өөрийгөө ийм алдартай од болно гэдгээ мэддэг байсан уу?
-Дэлхийг аврахаар ирсэн хүчирхэг роботуудын тухай “Трансформерс”-д анх тоглож байхад бидний хэн нь ч энэ кино үзэгчдийн сонирхлыг ингэж их татна гэж санаагүй.
-Тэгвэл одоо юу мөрөөдөж байна вэ?
-Би багаасаа л эртний Египеттэй холбоотой бүх зүйлийг сонирхдог байлаа. Эртний олдворууд, эд өлгийн зүйлс ч сонин санагддаг.
Нээрээ археологичийн тухай кинонд тогловол “Индиана Жонс”-ын “эмэгтэй” хувилбар болох байсан байх даа.
О.Мөнхтүвшин