“Маск” продакшн, “Хүлэгү пикчерс” кино компанийн хамтран бүтээсэн “Соёлын довтолгоо” уран сайхны киноны нээлт энэ сарын 19-нд Корпорэйт конвэйшн центрт болов. Одоогоос 60 жилийн өмнө буюу 1959 онд МАХН-ын Төв хорооны хурлаар “Бүх орон даяар соёлын довтолгоо явуулах тухай” тогтоол гарсан байна. Соёлын довтолгоо нь 1959-1963 оныг дуустал хоёр шаттай өрнөсөн юм. Монголчууд бид нүүдлийн амьдарлаас хотын аж төрөх ёс руу шилжихээр соёлын соёлын довтолгоо эхлүүлээд 60 жил өнгөрчээ. Энэ бол бидний мартах учиргүй үнэн түүх гэдгийг уран бүтээлчид хэлж байна.
Киноны нээлтийн үеэр МУГЖ П.Эрдэнэзаан хэлэхдээ, “Монголын ард түмний түүхийн нэгэн үечлэл, бидний мэддэг хэрнээ мэддэггүй, тэр тусмаа малчдын амьдрал ахуй, оюун сэтгэлгээний соёлд үнэхээр их өөрчлөлт хийсэн үйл явцыг уран бүтээлээрээ дамжуулан үзэгчдэдээ толилуулж байгаадаа баяртай байна. Энэ уран бүтээлд мэргэжилдээ эзэн болсон хүчирхэг баг ажилласнаараа онцлогтой. Өнөөгийн нийгэмд хотын, харилцааны, сэтгэхүйн соёл яригдаж байна. Тиймээс бид цаг үетэйгээ нийцсэн, хүмүүсийн сонирхлыг татсан уран бүтээл болсон гэдэгт итгэлтэй байна. Киноны үйл явдал нь тухайн цаг үед амьдарч байсан хүмүүст залуу насыг нь сэргээж, залууст соёлын довтолгоо гэж юу болохыг харуулах болно” гэв.
Тус киноны зураг авалт 2018 оны зургадугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг Гүн нуурын эрэг дээр эхэлж, сар гаруй хугацаанд үргэлжилжээ. Киноны найруулагчаар Д.Мөнхбат, зургийн даргаар Ц.Ганзориг, ерөнхий зураачаар Н.Батжаргал нар ажилласан бол гол дүрд М.Баярмагнай, Ж.Мөнхсайхан, А.Гэрэлцэцэг, Х.Цасчихэр, олны хэсэг буюу нутгийн ардын дүрд Дархан-Уул аймгийн “Залуучууд” театр, Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид оролцон тоглосон байна.
Улс орон даяар 1959 онд "Соёлын довтолгоо" өрнүүлэх тогтоол гарав. Бүх нийтээр соёлжиж, усанд орох, дотуур хувцас хэрэглэх, шүдээ угаах зэрэг наад захын дадал сууж, хүмүүс ариун цэвэрч байдлыг эрхэмлэх хэрэгтэй болов. Энэхүү "Соёлын довтолгоо"-г хэрэгжүүлэх үүрэгтэй ариун цэврийн байцаагч Далхаа нэгэн суманд ирснээр үйл явдал өрнөнө…
Энэхүү киногоор уран бүтээлчид “Соёлоор улам бүр довтолгохтун”, “Эрүүл, соёлч ахуйг хэвшүүлцгээе”, “Хотын хөдөлгөөний дүрмийг хүн бүр биелүүлье” гэсэн мессежийг олон нийтэд хүргэхийг зорьжээ.