МЗХ ХБНГУ-ын салбар зевлелеес Олон улсын Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан зохион байгуулсан "Сайн уу ээжээ, сайн сууж байна уу" захидлын уралдааны 2-р байраар шалгарсан Унгар улсад сурч буй магистрант Отгонбаяр овогтой Энхзаяагийн захиаг уншигч та бүхнээ толилуулж байна.
Сайн байна уу ээжээ? Сайн сууж байна уу? Таньд энэ захиа очих өдрийн мэнд хүргэе. Хамгийн сүүлд таньд Март 8 –аар захиа бичсэнээс хойш бараг 15 жил өнгөрчихжээ.
Захиа ч гэж дээ цаасыг эвхэж нугалаад, дээр нь ганц хоёр цэцэг зураад, амьхандаа л гоё болгочих гээд ногоон өнгийн харандаагаар сэтгэлийн үгээ бичсэн чинь өнгө нэмэх биш өөрөө ч ойлгоход хэцүүхэн л эд болсон байсансан. Ээжээ би таньд энэ захиагаар дамжуулан талархлаа илэрхийлэх гэсэн юм. Зураг зурах ямар ч авьяасгүй надад тэр үед “ Миний охин ямар хөөрхөн зурж бичээ вэ?” гэж өөртөө итгэх итгэлийг минь үгүй хийгээгүйд, албатай юм шиг орой болтол тоглоод даарч орж ирэхэд загнахтайгаа зэрэгцэн хөлийг минь гэдсэндээ дулаацуулдаг байсанд, тоолж барамгүй том жижиг шалтгаанаас болж нулимс урсгахад минь тэвэрч аргадаж өмнөөс минь өмөрч суудаг атгахан зүрхэнд багтсан агуу их сэтгэлд тань талархаад баршгүй нь. Ээж минь та намайг торгонд боож, тосонд өнхрүүлж өсгөөгүй ч хайрлах сургамжлахын хатан ухааныг дэвсэж, түүн дээр тань эрхэлж өссөн би азтай хүн юм. Та санаж байна уу? Миний анх удаа хийсэн давсгүй, шөлгүй, амтгүй хоолыг идэж суухдаа “ За яахав хийгээд л бай, хийж суртал чинь хор өгсөн ч иднэ” гэж хэлснээрээ алдаагаа өөрөө ойлгон бага багаар засах ёстойг ойлгуулсанд, гэнэт л төгсөх ангидаа “ Би ер нь өөр сургууль руу шилжлээ” гэж хэлэхэд “Чиний л амьдрал, чи л мэд” гэснээрээ өөрөө шийдвэр гаргаж, гаргасан шийдвэртээ эзэн болох ёстойг ойлгуулсанд гээд л амьдралын минь алхам тутамд намайг түшиж бас чиглүүлж, хүмүүжүүлж байдагт баярлалаа гэдэг үг багадаад байна аа ээжээ. Шөнө хашааны хаалга хүчтэй нүдэх чимээ гарч, аврал эрсэн хэн нэгэн сандран орж ирээд “Эмчээ болохоо байлаа” гэхтэй зэрэгцэн та яаран гарч одоход би орондоо ганцаараа үлдэхдээ дотроо “Тань шиг эмч хэзээ ч болохгүй. Аав, ах бид гурвыг үргэлж хаяж явдаг” гээд гомдсондоо уйлж байгаад, нойрондоо дийлдээд унтаад өгөхөд өглөө болчихсон, та хэзээ ч юм ирчихсэн, харин миний хичээлд явах цаг болчихсон байдагсан. Цаг хугацаа тэр үеэс хойш нисэх мэт өнгөрч, одоо би тань шиг хүний төлөө гэх сэтгэлтэй эмч байхын төлөө хичээж явна. Сургуулиа төгсөөд ажлын гараагаа эхлэхэд онолоор бөмбөгдүүлчихсэн, амьдралаас тасраад тэнгэрт нисэж явсан намайг газарт буулгаад заан сургаж, зөвлөн туслаж, охиноо гэж эрхлүүлэхгүй хатуу үг хааяахан хэлж, эмч хүн ямар байх ёстойг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлсэн болохоор охин нь өөрийгөө яагаа ч үгүй байгааг мэдэж, биеэ ихэд үнэлчихсэн тэр үеэсээ ичиж нүүр улайх шиг болдог билээ. Ээжээ, та миний ар тал, хуяг дуулга. Та минь өглөө бүр цайныхаа дээжийг Хоо-Овоотдоо, үдэш бүр цагаан сүүгээ долоон бурхандаа өргөөд намайг сайн сайхан яваасай гэж залбирдаг болохоор хэдий өөр улсад суугаа ч нэг тэнгэрийн дор байдаг учир сүүн ерөөлтэй ээж таны залбирал ямар ч саадгүй надад хүрдэг шүү. Талархлаа гэдэг үг таны миний төлөө хийсэн, хийж байгаа зүйлийн талд нь ч хүрэхгүй санагдах юм. Одоохондоо санааг тань чилээхээс өөрийг хийж чадахгүй байгаа охиноо уучлаарай. Удахгүй сургуулиа төгсөөд таньтайгаа баяртайгаар уулзах болно.
Бүүвэйн дуугаар аргадаж үрээ өсгөсөн
Бүдэрч унахад нь өхөөрдөж орчлонг таниулсан
Мянган дарь эхийн тарни ганц үнсэлтэнд нь шингэсэн
Миний сайхан ээж та надад байгаа амьд бурхан юм
Хайртай шүү ээжээ, Охиноос нь