Монголын сумдаас анх удаа уран зургийн галерейтэй болсон Өндөр гэгээн Занабазарын төрсөн өлгий нутаг Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын төвд нээгдсэн “Бурхан бумбын орон” уран зургийн галерейд нэгэн шинэ үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Өндөр гэгээн Занабазарын нутгийн энэхүү галерейд 2019 оны гуравдугаар сарын 11-нд Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн нараас эхлээд үе үеийн 55 шилдэг найрагчийн хөрөг зургийг Монголын дүрслэх урлагийн манлайлал болсон 25 зураач зурж, хамтарсан “Яруу найрагчийн хөрөг” үзэсгэлэн нь Монголын Зохиолчдын Эвлэлийн түүхт 90 жилийн ойд зориулан дэлгэгдсэн юм. Энэхүү “Бурхан бумбын орон” галерейг үүсгэн байгуулах сэдэл, санаачилгыг Есөн зүйл сумын уугуул зураач С.Чулуунбаатар гаргаж ийнхүү биелэлээ олж өмнөх нийгмийн үед сум нэгдлийн захиалгаар зураачид очиж зурж, бүтээсэн тухайн нутаг орны зургуудаас гадна орчин цагийн нэртэй зураачид бүтээлүүдээ энэхүү галерейд бэлэглэснээр сан хөмрөг бүрдсэн ажээ.
“Яруу найрагчийн хөрөг” үзэсгэлэнгийн нээлтэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын мэргэжилтэн Г.Ариунзаяа, галерейг үүсгэн байгуулагч, зураач С.Чулуунбаатар болон Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж нарын албаны хүмүүс Монголын Зохиолчдын Эвлэлийн яруу найргийн Үндэсний төвийн тэргүүн, “Утга зохиол урлаг” сонины эрхлэгч Ж.Баяржаргал, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч А.Лхагва нар оролцлоо.
Энэ үеэр сумын дунд сургуулийн сурагчдын дунд яруу найргийн наадам болж нийт 70 шахам сурагч бүтээлээ ирүүлсэнээс 11а ангийн сурагч У.Дэжидмаа тэргүүн байр эзлэв. “Энэхүү галерей нээгдсэнээр тус сумын ард иргэд, хүүхэд гоо зүйн боловсрол, танин мэдэхүй, манай аялал жуулчлалын салбарт ч онцгой өөрчлөлт гарна. Энэ галерейгаа түшиглээд төрөл бүрийн сургалт зохион байгуулна. Галерейг сэдэж санаачилсан зураач Чулуунбаатартаа талархаж байна” гэж Есөн зүйл сумын Засаг дарга Д.Мөнхбаяр хэллээ.
Өндөр гэгээн Занабазарын төрсөн нутаг Есөн зүйл суманд ийнхүү урлаг соёл дэвжин дэлгэрэх үүд нээгдэж байна.