Нэр дэвшигчид дэмий юманд мөнгө үрж байхаар иргэн "миний" гэрт очиж хоно. Сэжиглээд байвал дараа нь сан тавиулж, саунд суучихгүй юу
Удаан ярьж, хурдан баталсан Сонгуулийн хуулийн хувь заяа хэрхэхийг Цэц мэдэх нь. Сонгуулийн ерөнхий хороо "Сонгуулийн хуулийн 39 дүгээр зүйл, заалтаар Улсын дээд шүүхээс тайлбар авах шаардлагатай байна" гэдгээ мэдэгдчихээд байгаа. Сонгуулийн тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн "албадан нөлөөлж, саад учруулахыг…" юу гэж үзэх, 20 дугаар зүйлийн 20 дахь хэсгийн "…зөрчил нь ноцтой бол…", "аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх…, сонгогчдын саналыг татах…" гэснийг хэрхэн ойлгох зэрэгт тайлбар хүсчээ.
Сонгуулийн тухай хуулийн ойлгомжгүй заалтууд үүгээр дуусахгүй. Энэ зуур амжиж сонгуулийн сурталчилгаа, шоунуудаа амжуулагсад хаа сайгүй хэрэн давхилдаж байна. УИХ дахь АН, МАН-ын бүлгийнхэн орой бүр телевизийн дэлгэцээр зөрүүтэй мэдээлэл өгч, хэрүүл тэмцлээ үргэлжлүүлж байгаа нь хамгийн соёлтой шоу нь юм уу даа, янз нь.
Уг нь сонгуулийн сурталчилгаа дөрөвдүгээр сарын сүүлчээр эхлэх ёстой ч хууль гууль болсон манай улсад жилийн өмнөөс л сонгуулийн сурталчилгаа, шоу эхэлсэн. Улсын баяраас эхэлсэн сонгуулийн шоу сурталчилгааны хэв маяг, арга барил, хэлбэр донж нь янз бүрээр илэрч байна. Нэг ёсондоо шинэчлэгдэж буй сонгуулийн хуульдаа тохируулан сонгуулийн сурталчилгааны өвөрмөц аргуудыг сонгож байна, манай улстөрчид.
Бараг л энэ Монголд болж бүтэхгүй байгаа асуудал болгоныг сонгуулийн шоу болгож байна. Наадам, цагаан cap, шинэ жил, март, цэргийн баяр гэх мэтийн хээгүй монгол шоу, 100 мянган айлын орон сууц, Тавантолгойн гэрээ, олон хүүхэдтэй эхэд мөнгө өгөх, алдарт эхэд одон гардуулах, Хөгжлийн банк, зээлийн хүү, агаарын бохирдол мэтийн "эх оронч" шоу, долдугаар сарын 1-ний хэрэг, Ми-8-ын осол, албан тушаалын шагнал мэтийн увайгүй шоу, мянгат малчны зөвлөгөөн, урлаг соёлыг өмчлөх, хотын хур хог, ноолуурын үнэ, цалин тэтгэвэр нэмэх, жагсах цуглах мэтийн хоцрогдсон шоу гээд элдэв янзын шоунууд үргэлжилж байна.
Улстөрчид үнэхээр шоудаад байгаа учраас л хэнбугай юу ч хийсэн жинхэнэ сонгуулийн шоу болж харагдаад байгаа байхгүй юу. Сонгуулийн шинэ хуульд "мөнгө тараахгүй" гэдэг үгийг маш тодоор хавчуулж өгсөн болохоос шоудаж болохгүй гэж заагаагүй юм чинь арга байж уу. Гэхдээ яаж зүгээр суух вэ, мөнгийг цацаж байгаа сурагтай. Хандивлаж, бэлэглэж байгаа нь дуртай л болохоос хахуульдаж байгаа нь тэр л дээ.
Гэхдээ хүнд зүгээр мөнгө өгнө гэж хаа байхав. Гар дээр нь мөнгөө тавихдаа хоёр нүд рүү "нээх сонин" өрөвдөлтэй харцаар хараад л гүйцээ. Ирэх сонгуульд надад саналаа өгөөрэй гэдгээ илэрхийлчихэж байгаа хэрэг. Их хуралд суулаа гэхэд тараасан мөнгөө хэд нугалаад олоод авчих юм чинь мөнгөнд бол гар татахгүй. Ном сэтгүүл хэвлүүлж, бурхан судар тарааж байна. Сонсоход ч ичмээр юмнууд их болж байна. Одоо сүүлдээ уран сайхны кино, хошин шогууд ч намчирхаж эхэллээ. АН-ыг "бурхан өршөөж", МАН-ынхан долоон бурхан харвадаггүй хэмээн Ардын хувьсгалын анхны долоог "манайх" хэмээн өмчилсөн нь үнэн.
Эд ингэж дэмий мөнгө үрж байхаар ард түмэнтэйгээ автобус, микронд сууж, нөөцийн маханд нь дугаарлаж, 21 мянгынх нь эрэл суралд дайчлагдаж, худаг руу усанд явж, түмэн усанд толгой, хөлөө угааж, ядарсан нэгнийд шуудай нүүрс үүрч очоод "буу халж" хонож өнжөөд, махгүй шахам хоолонд нь хөлсөө дуслуулан "цадаж", зовлон жаргалыг нь хуваалцаад явж байсан нь дээр дээ. Ямар ч зардал, зарлага гарахгүй. Яахав, сэжиглээд байвал маргааш нь сан тавиулж, саунд суугаад, өмсч явсан хувцсаа шатаачихгүй юу.
Манай нэг гишүүн тойрогтоо очоод л залуучуудтайгаа гадаа талбайд сагс тоглож, тойрч зогсон тамхи баагиулж, найзалж байгаад л ирдэг гэсэн. Тиймдээ ч нутгийнхан нь ам сайтай байдаг юм билээ. Өнгөрсөн зуны наадам жинхэнэ утгаараа сонгуулийн шоу болсныг бид бүгдээрээ мэдэж байгаа. Олон ч аймгийн тэгш ой тохиож, ус нутгийн уугуул улстөрчид бэл бэнчингээрээ гайхуулах шиг болсон. Манай улстөрчид гишүүд ямар баян тарган, тансаг гэдгээ ард түмэндээ гайхуулахаасаа ер ичихгүй. Бүр бахархаж, гайхуулна. Төрд шургалсан хэн ч баяждаг юм байна гэдэг ойлголтыг ингэж ойлгуулаад байхаад захын нэг багийн дарга хүртэл УИХ-д орж, улстөрд хутгалдах гэж шар махтайгаа хатна биз дээ.
Нэгэнт олигархиудын төр, Их хурал гэдгийг нь мэдсэнээс хойш сонгуульд оролцохгүй, саналаа өгөхгүй байвал яасан юм бол. Ирэх сонгуулиар юу болох бол гэж айсан, хар дарсан хүмүүс долдугаар сарын 1 битгий болоосой хэмээн залбирч байна. Ирэх сонгууль өнөөдрийн 76 ямаанаас ч долоон дор хүмүүс гарч ирэх ч юм билүү хэн мэдлээ. МАН-ынхан хөрөнгөлөг олигархиудыг, АН-ынхан "боевик"-уудаа нэр дэвшүүлэх "прогноз"-той байгаа юм чинь ер юу болох бол. Бие даасан нэрээр дуучин, бөх, загвар өмсөгчид нэр дэвшинэ.
Тэдэнд бол нөгөөдүүл нь "май" л гэх юм байгаа биз. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай ярилцлагадаа "Үнэнийг хэлэхэд 2012 оны сонгуулиас нэг их зүйлийг хүлээгээд нэмэргүй. Бизнес, улс төрийн бүлэглэлүүд наймаагаа хийгээд аль тойрогт, хэнийг дэвшүүлэх, яаж гаргах вэ гэдэг нь үндсэндээ тохиролцчихсон байгаа" хэмээн хэлсэн нь үнэний ортой байх шүү. Сонгууль будлиантай болох нь маргаангүй. Сонгуулиар нэг нь ялж, нөгөө нь ялагддаг нь батлагдсан теорем.
Ялагдсан нь нэхэл дагал болж луйвардууллаа гэнэ, эсэргүүцнэ, жагсана, тэмцэнэ. Аягүй бол шатаана, дээрэмдэнэ, тэгээд буудалцана. Одоогийн УИХ-ын гишүүд, нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа өвөрмөц аргаар хийгээд гэмгүй царайлаад явж л байна. Үнэн чанартаа ялагдлаа хүлээн зөвшөөрөх ухамсартай хүн байгаа гэдэгт итгэхгүй байна.
Б.Гэрэл