Өчигдөр Монголын олимпийн боксын холбоо, Биеийн тамир спортын газрын хамт олон олимпод зодоглох тамирчдаа үдэх арга хэмжээ боллоо. Спортын ордны хоёр давхарт байрлах боксын зааланд үе үеийн ширэн бээлийтнүүд цуглажээ. Эл өдөр Бээжингийн олимпийн мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар П.Сэрдамба, гавьяат тамирчин Н.Төгсцогт, Б.Түвшинбат болон дасгалжуулагч нарын хамт ирсэн байлаа. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийг ирээгүйд олон хүн гайхсан юм. Бэлтгэлийн танхимд лам нар ном хурж, тамирчдад хийморийн сан тавив. Н.Төгсцогт боксынхоо дасгалжуулагчтай нэлээд юм ярьж байлаа. "Миний энэ жинсэн өмд тэлээгүй яг таардаг байсан чинь одоо унаад байх юм" хэмээн өмдөө татан зогсоно. Ярьж байгаа зүйлс нь яг л хүүхдээрээ гэдгийг нь илтгэнэ. Олон хүн түүнийг өхөөрдөж байлаа”. Олимпийн боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх арга хэмжээг нээн тамирчдадаа амжилт хүсэн үг хэлсэн. Олимп ойртсонтой холбогдуулан тамирчдаас ярилцлага авахыг хориглолоо. Тамирчид ч сэтгүүлчдээс аль болох зайгаа барина. Цагаан хэл ам хүрнэ гээд зүсээ харуулахаас зугтах нь холгүй байхын оронд бэлтгэлээ хангалттай сайн базаасан бол ингэх шаардлага баймааргүйсэн. Ард түмэндээ сэтгэлийнхээ үгийг хэлж, бэлтгэл сургуулилтаа хэрхэн базааж буйгаа ярьчихаж болдоггүй хэрэг үү. Тэртэй тэргүй тэднийг рингэндээ гараад тулалдаж байхад Монголын ард түмэн захыг нь мушгиад сууж байдаг. Тэднийг ялахад хамт ялж, ялагдахад нь өөрсдөөс нь дутуугүй гунигладаг. Амжилт гаргаад ирэхэд нь ард түмэн л тэднийг баатар болгон өргөмжилдөг.
Гадны тамирчдыг хараад байхад харин ч эсрэгээрээ өөрсдөө хэвлэлийн хурал зарлаад "Та бүгдийнхээ итгэл найдварыг алдахгүй. Би түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна" хэмээн нээлттэй ярьдаг билээ. Харин энэ байдал манайд хэзээ ч байсангүй. "Цагаан хэл ам хүрчих гээд байдаг юм бол лам нараа аваад явчихаж болдоггүй юм уу" хэмээн сэтгүүлчид ундууцаж байсан юм.
Энэ үеэр 1992 оны Барселоны олимпийн хүрэл медальт, боксын холбооны дэд ерөнхийлөгч Н.Баярсайханаас У.Мөнх-Эрдэнэ гавьяат өнөөдөр яагаад ирсэнгүй гэхэд "Пээдийж л байхгүй юу. Өөр яадаг юм" хэмээн хариуллаа. Өнөө эвтэй байхдаа хүчтэй гээд байдаг үг худлаа болж таарах нь. Олимпод оролцох тамирчид болон дасгалжуулагчид хувийн үзэл бодлоор ямарваа нэгэн зүйлд хандаж байхаар эх орноо гэсэн чин сэтгэлээр хандвал дээргүй юу.
Олимпийн аварга Э.Бадар-Ууганы хувьд энэ сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт Лондонг зорихоор болсон тухайгаа дуулгасан. Тэнд очиж боксын тамирчдадаа зөвлөгөө өгөх бөгөөд олимп дуустал хамт байх зорилготой байгаа гэнэ. Түүний гэмтлийн онош нь тодорхой болсон тул одоогоор эмчилгээ хийлгэж байгаа. Дараагийн олимпод оролцох үгүйгээ сайн мэдэхгүй байна гэсэн юм.
Ямартай ч Лондонгийн олимпод оролцох Монголын баг тамирчдын гуравдугаар ээлж ийнхүү өнөөдөр Москва, Берлиний чиглэлийн онгоцоор хөөрнө. Цагаан хэл ам холуур өнгөрч, олимпийн аварга ахин төрөх болтугай.
Э.ЭНХБОЛД