-Та тун цөөхөн ярилцлага өгдөг байх. Ер нь чимээгүй байх сонирхолтой хүн үү?
-Үгүй, яахав би яриа өгөх гэж гүйдэггүй л дээ. Телевиз, сонинуудаас сэтгүүлчид ирдэг л юм. Харин интернэт сайтуудаас анх удаа танайх санал тавилаа. Баярлалаа.
-Хотын парламентад таныг нэр дэвшихэд олон хүн сонирхон харж байсан болов уу. Та баруунд улс төр судлалаар суралцсан юм байна. Ийм сонирхолтой мэргэжил эзэмшсэн мөртлөө яагаад энэ чиглэлээрээ ажилласангүй вэ?
-Ер нь багаасаа хөгжим тоглосон. Анх “Сэтгэмж” гэдэг хамтлагт байлаа. Орцноос л энэ бүхэн эхэлсэн дээ. Улмаар 1989 онд “Хонх” хамтлагт орсон. Тэр үед 21-тэй хүүхэд байлаа. Эргэн санахад “Хонх” хамтлагтай холбоотой дурсамж, үйл явдлууд их сайхан. Манай дуунууд ч нэрд гарч байлаа. Сэтгүүлч С.Цогтсайхантай нийлээд “Хонхны дуу”-г дуулж, би анхны солог нь зохиож дөнгөж 21 настай хүүхдэд бол их л сайхан зүйл байж таарна даа. Товчхондоо амьдрал маш сонирхолтой болж ирсэн. Түүнээс гадна би дунд, ахлах сургуульд байхдаа улс төр, нийгмийн ухааны хичээлд нэлээд сонирхолтой байлаа. Тэгээд 1992 онд Германд сурах боломж гарч, улс төр судлаач мэргэжлийг сонгосон. 2000 онд төгсч ирсэн.
-Улс төрийн онол хөгжмөөс ч дутахгүй сонирхолтой байв уу?
-Тэгэлгүй яахав. Миний сонгосон хичээлээс улс төрийн онол, нэн шинэ түүх хоёр их чухал байлаа. Түүх, улс төр хоёр хоорондоо холбоотой. Нэг зүйлийн хоёр тал л гэсэн үг. Үүнийг зэрэг үзнэ гэдэг цогц мэдлэгийг өөртөө авч байгаа юм л даа. Түүнээс биш зөвхөн онол үзээд байвал өрөөсгөл болно. Хөгжим бол яахав хобби. Германд сурч байхад ажил хийгээгүй бол чөлөөт цагаараа хөгжмөө л тоглодог байсан. Хөгжим, улс төр хоёр ингэж л холбогдсон доо.
-Германд улс төр, философийн чиглэлээр боловсрол эзэмшсэн С.Молор-Эрдэнэ докторыг та таних байх. Тэр хүн Монголд ирээд “Монголд улс төр мэддэг хүн байхгүй” гэж хэлж байсан. Та харин сурч ирээд юу гэж бодож байв?
-Энэ талаар яривал олон юм ярих байх. Уг нь С.Молор-Эрдэнэ тэгж ярих шаардлагагүй л байсан юм. Хүн юм сурч болно. Барууны соёлыг ойлгож болно. Гэхдээ Монгол гэдэг чинь өөр шүү дээ. Харин ч Монголын улс төрийг яагаад судалж болохгүй гэж. Заавал барууных шиг байх албагүй шүү дээ. Уламжлал, соёл, түүхтэй. Улс төрийн хувьд ч бидэнд түүх бий. Төгсч ирэхэд яам, агентлагуудад ажилд орох боломж байсан уу гэвэл байсан. Би хувь хүнийхээ хувьд хөгжим тогловол жаргалтай байх нь гэж ойлгосон.
-Харин би танаар хөгжим бус улс төр яриулах сонирхолтой байна?
-Тийм гэж үү (инээв). Би улс төр судлаач мэргэжилтэй боловч Монголын улс төр гэхээр аймаар том том ярих нь ойлгомжгүй юм. Би иргэн хүнийхээ хувьд л Монголын улс төр ямар байгааг ярьж болно. Судлаач хүн шиг ярих тэр мэдээлэл нь надад алга. Ерөнхийдөө Монголын улс төр буруу явж байгаа. Тэр тодорхой. Эдийн засгийн алуурчдын бодлогын дагуу Монголыг удирдаад байна уу гэж боддог. Сонгуулийг нь хүртэл базаад авчихсан. Бид өөрсдөө улс төрөө хийж чадахгүй байгаа. Улс төр хийнэ гэдгийг тайлбарлахын тулд яагаад улстөрч хүн, төр гэдэг зүйл байгаа юм бэ гэдэгт хариулъя. Хүн төрөхдөө натур эрхтэй байдаг. Өөртөө хэрэгтэй бүх зүйлийг ашиглаж болно гэсэн үг. Гэтэл хоёр болон түүнээс дээш хүний дунд нэг жимс байна. Натур эрхийнхээ дагуу хэн ч түүнийг ашиглах эрхтэй байвал юу болох вэ. Мэдээж зөрчил үүснэ дээ. Тэр зөрчлийг л арилгахын тулд хүмүүс дундаасаа нэг хүнийг сонгож эрх мэдэл өгдөг. Тэр хүн нь л хоол, ундны хуваарилалтыг хийх хууль дүрэм боловсруулах ёстой. Улстөрч хүнд ийм өндөр итгэл хүлээлгэж байна. Тэгэхээр би ойлгохдоо иргэн хүн аливаа улстөрчдөд “Чи хууль дүрмийн дагуу биднийг удирд. Би хүнтэй зодолдож хэрэлдэхгүйгээр сайхан амьдрахыг хүсч байна” гэж л хэлж байгаа хэрэг юм. Тэгэхээр ардчиллын хамгийн энгийн зарчмын дагуу энэ хүмүүс өөрийг нь сонгосон, эрх мэдэл өгсөн хүмүүсийн төлөө ажиллах ёстой. Хувийн эрх ашгийн төлөө бол биш.
-Одоо бол чадахгүй байна уу?
-Харамсалтай нь одоо чадахгүй. Эрх мэдлийг сонгогч нэг бүрээс авч өөртөө бий болгож чадсан хүн хамгийн түрүүнд ард түмнийхээ төлөө л ажиллах ёстой. Түүнээс биш өөрийнхөө болоод хэсэг бүлэг хүмүүсийн төлөө биш. Гадныхны төлөө бол бүр биш. Одоо бол харин ч эсрэгээрээ байгаа юм биш үү. Ард түмнээ мартчихлаа. Тэгээд бодлоготойгоор ард түмэндээ 21 мянган төгрөг өгч, өлсгөхгүй тэгсэн мөртлөө хөгжих боломж олгохгүй яваад байна. Хэцүү амьдралтай хүмүүс их байна шүү дээ. Тэд тэр 21 мянган төгрөгөөр л амиа зогоодог. Өнөө хэд нь тэр 21 мянгадаа дарагдаад чимээгүй яваад байна. Шүүмжилбэл их юм байна даа. Иргэн хүний хувиар харахад Тавантолгойн тэр урьдчилгаа төлбөр болох баялгаа барьцаалж зээл авна гэдэг чинь ломбардны л механизмаар ажиллаад байгаа хэрэг биз дээ. Нэг айлын эр хүн гэрийнхээ хамаг үнэтэй цайтай юмыг ломбарданд тавиад, бага мөнгө авч байгаатай ямар ч ялгаа алга. Үүнийг хүмүүс ухамсарлаж л байгаа байх.
-Одоо яах ёстой юм бол оо?
-Мэдэхгүй. Хамгийн гол нь хувийн эрх ашиг мөнгөний сонирхол гээч юмыг дарна гэдэг үнэхээр хэцүү л дээ. Нэг хүн тэрбум төгрөг олчихлоо гэтэл араас нь “Би тэгвэл яагаад 2 тэрбум төгрөг олж болдоггүй юм” гээд улайрч байна. Ганцхан жишээ дурдъя л даа. Саяхан би интернэтээс хараад гайхаж байлаа. Тавантолгойн баялгийн илэрц бүхий нийт талбайн 4 хувийг хэсэг бүлэг хүн аваад үлдсэн гэж байгаа шүү дээ. Гэтэл тэр бүлэг хүмүүсийн авсан 4 хувь дотор нийт баялгийн 30 хувь нь байна гэж байна. Гадныхны шинжилснээр тэндээс баялгийн нийт үнэлгээ нь 30 тэрбум 800 сая доллар гарахаар байгаа гэсэн. Тэгтэл ийм хөрөнгийг хэсэг бүлэг хүн л авах нь байна. 30 тэрбум 800 сая ам.долларыг нийт ард түмэндээ хувааж өгтөл нэг хүнд 11 сая доллар ногдож байгаа юм байна. Иргэний хувьд би маш их гайхаж байна. Тэр цөөнх ямар үндэслэлээр баялгийг өөрсдөдөө аваад байгаа юм бэ. Газар доорхи баялаг ард түмний өмч гэж бид эцэг хуульдаа заасан мөртлөө байдал ийм л байна. Үүнд улстөрчид хариулах ухамсартай байх ёстой. Тэр тооцооных нь дагуу нэг хүнд 11 сая ам.доллар ногдож байгаа юм бол зүгээр л нэг хүнд нэг сая доллар хуваарилъя л даа. Хүн болгоны тэр бусад 10 сая долларыг нь хөгжил, төрийн элдэв зардал, бүтээн байгуулалтдаа зарцуулъя. Тийм байж яагаад болохгүй байна вэ. Ингээд л 20-хон мянган төгрөг өгөөд чимээгүй байлгаад байх сонирхол хэнд байгаа юм бэ. Төрд гарсан хүмүүс ард түмний эрх ашгийг мартжээ. Зарим нь бүр ойлгох ч үгүй явна. Сонгууль гэж нэг жүжиг тавьдаг л гэж хэлж байна. Сайн жүжиглэвэл гараад ирдэг гэсэн ойлголттой яваад байгаа бололтой.
-Монгол улс хоёр намын тогтолцоотой болох нь ээ гэж бид ярьдаг. Харин Германд парламентын бүтэц, тогтолцоо олон намын оролцоо гээд жишиг газар болов уу. Тиймээс л та жижиг намаас нэр дэвшив үү?
-Үгүй яахав. Олон нам гэж байгаа ч голлох хоёр нам оролцоод төрөө ээлжилж барьцгаадаг. Давуу нь юу гэхээр сөрөг хүчин байж чаддаг. Нэг нь яллаа гэхэд жижиг намуудтайгаа нийлж засгаа байгуулаад, нөгөөдөх нь сөрөг хүчний үүргээ биелүүлээд явдаг. Манай улс төрийн байгуулалт нэг их буруу ч биш л дээ. Ер нь ард түмнийхээ төлөө л байж чадвал нэг нам байсан ч яадаг юм. Энэ их баялаг, их ирээдүй хүлээж байхад зөв бодлого, зөв хүмүүс л байх ёстой. Одоо бол манайд хоёр нам гэж байгаа ч эрх ашиг нь нэгдэж, сөрөг хүчингүй л яваад байна. Тэдний цаана манай баялагт шунасан барууны томчуул байж мэднэ. Тэгээд энэ тогтолцоог өөрчлөхгүй хэвээр нь байлгах сонирхолтой байгаа болов уу. Тийм нарийн нарийн зүйл бий биз. Хувь хүнд, иргэн хүнд ингэж хардах эрх байгаа шүү дээ. Товчхондоо манай улстөрчид шударга байж чадаж байна уу гэдэгт эргэлздэг л гэдгээ хэлэх байна.
-Ингээд улс төр ярихаар танд стресстэй санагдаж байна уу?
-Тэгэлгүй яахав дээ. Бид монгол хүн болж төрснийхөө хувьд энэ их баялгийг эзэмших нь зүй ёсны хэрэг биз дээ. Аль 1921 онд хүн ам нь хагас сая, тэгээд бүгд лам болчихсон мөхөхөд ойрхон улс л явсан. Тийм аймаар эмзэг байхад оросуудын ачаар бид өнөөдөр өдий зэрэгтэй явж байна. Тэгвэл одоо үүнийг илүү сайхан болгож болно оо доо. Харин ингэж чадахгүй хэсэг бүлэг хүмүүс нь баяжаад байгаа нь харамсалтай байна. Тэд одоо юуны төлөө ингэж их мөнгө цуглуулдаг юм бүү мэд. Энэ байдал удаан үргэлжилбэл тэсрэлт болох байх л даа. Эсвэл бүр өнөө хэдийгээ нухчин дарах ч юм билүү. Янз бүрийн төлөв, шинж бий болно. Гол нь бид сайхан амьдрах учиртай хүмүүс ингээд байна гэдэг гомдолтой байна.
-За тэгвэл одоо урлагийн талаар ярилцъя. Таны энэ өрөө, оффисийг студи гэж ойлгож болох уу?
-Зураач нар урлантай байдаг. Түүн шиг хөгжимчин хүнд ч урлан байж болно шүү дээ. Жилийн өмнөөс энд төвхнөж авсан. Тэгэхээр энэ миний урлан. Харин урлан байгуулаад, хөгжим тоглоод байгаагийн шалтгаан нь би хөгжмөө олонд түгээхийн тулд хамтлаг байгуулж байгаа. Хамтлагтаа “Цэцэн гүн” гэдэг нэр өгөөд байна. Бэлтгэл ажлууд нь ерөнхийдөө энд явж байна. Хамтлаг байгуулна гэдэг бэлтгэл хийх байр сав, хоорондоо нэгдэж санаагаа ойлголцох орчин гээд их зүйл шаардана.
-Цэцэн гүн гэдэг нэр ямар учиртай вэ?
-Энэ нэрийг би өөрөө өгсөн. Цэцэн гүн гээд сонсоход их сайхан нэр гэж хувьдаа бодож байна. Гүн гэдэг өөрөө угсаатан, язгууртны нэр. Цэцэн гэхээр цэцэн цэлмэг гэдэг ойлголт шууд бууна.
-Хөгжмийн талын хүний хувьд урсгал жанруудын талаар сайн мэдэх байх. Танай хамтлагийн урсгал юу байх вэ?
-Бид нэг урсгалыг барихгүй. Ер нь бүх л урсгал жанрыг хольж өөрсдийн уран бүтээлээ гаргана. Монголд юм хөгжиж байна. Хөгжихдөө жаахан дуурайх маягаар л урагшилж байна. Яахав, нэгэнт дуурайж байгаа ч сүүлдээ өөрсдийн юмыг гаргаж болно. Ардын урлагийг өөрийн хөгжим дээрээ нэмж байгаад Монгол поп гэдэг ч юм уу (инээв).
-Монгол поп цомгийн хөгжмүүд надад их сайхан санагдсан.
-Энэ нэрэн дээр бол нэлээд маргаан үүснэ. Хамгийн гол нь тэр хөгжимд монгол дуугаралтууд орсон байгаа юм. Тэгэхээр монголжуу юм болж байна л даа. Гэхдээ үүнээс илүү хөгжим гаргаж болно. Одоо жишээ нь япончууд Ж-Рок гээд өөрийн гэсэн хөгжим гаргаж байна. Барууныхнаас ялгарах гэж буй нь л тэр байх. Японы гитарчид бол өнөөдөр яг компьютер шиг тоглодог гитарчид байдаг. Гэтэл барууныхан түүнийг сэтгэл байхгүй, компьютер шиг дуугарч байна гэж хэлдэг. Америк тэргүүтэй орнуудын гитарчдын ганц өнгөнд л их гоё сэтгэл байдаг юм байна л даа. Тэгэхээр тэрнээс илүү зүйл хийнэ гэдэг хэцүү биз. Гэхдээ тэр зүйлийг нь монголтой хослуулж хөгжим хийхэд болохгүй нь юу байхав.
-Танай урланд байнга амьд хөгжим дуугарч байдаг байх. Ингэхэд амьд хөгжим гэж ярихаар олон хүн дургүйцдэг. Та үүнд ямар бодолтой явдаг вэ?
-Зүгээр шүү дээ. Угаасаа амьд биш хөгжим гарчихсан юм чинь.
-Таны гитартай нөхөрлөсөн түүхээс сонирхмоор байна?
-Би багаасаа л гитарыг зөвөөр нь сурах гэж их хичээсэн. Түүнийхээ хүчинд гитарын олон ном цуглуулсан. Германд сурч, хэлтэй болсны хувьд тэр хэл дээрх ном, онолд их дурлаж гитарын нууц руу нэлээд орсон л доо. Багш талаас нь ярих юм бол би хүүхдүүдэд гитар зааж чадаж байна. Эхнээсээ л манай шавь нар од болоод байна. TV8-аар гарч байгаа “Монстер рок” гээд нэвтрүүлэгт нэг, хоёрдугаар байрт орсон гитарын хүүхдүүд бүгдээрээ миний шавь нар.
-Гитар сурна гэдэг шинжлэх ухааны үндэстэй гэж хэлж байна уу?
-Тэгэлгүй яахав. Хөгжим сурна гэдэг угаасаа л тийм. Гитар гэдэг хөгжим өөрөө төгөлдөр хуурын дараа эрэмбэлэгддэг. Төгөлдөр хуур бол төгс тийм үү. Хүн төрөлхтний хийсэн хамгийн “төгөлдөр” хуур тийм үү. Түүний дараа гитар хамгийн өргөн боломжтой хөгжим хэмээн нэрлэгддэг. Тэгэхээр тэр хөгжмийг зүгээр орцонд сурна гэдэг боломжгүй. Яахав нэг урсгал жанр рок ч юм уу болох байх. Бид сураад л ирсэн. Гэхдээ хөгжүүлээд, Монголын нэр гаргана гэдэг юу л бол. Дэлхий хөгжиж байна. Гитар ч бас.
-Залуус гитар хөгжимд дурладаг. Гэвч Монголд хөгжмөөр амьдарна гэдэг хэцүү. Ая зохиогч Б.Долгион хүртэл үүнийг зөвшөөрсөн байдаг шүү дээ. Нэг ярилцлагадаа “Сайхан гитар тоглодог, түүндээ дуртай залуус байна. Гэтэл хоёр, гурван хүүхэдтэй болоод амьдралын эрхээр хөгжмөө орхидог” гэж байсан. Та гитар сурах гэж яваа залууст юу гэж хэлдэг вэ?
-Би гурван хүүхэдтэй. Гэхдээ гитараа тоглож л байна. Хамгийн гол нь өөрсдөдөө цаг гаргах хэрэгтэй. Түүнээс биш авгай, хүүхэд гээд хөгжмөө хаяна гэдэг буруу. Тэд чинь амьдралын баяр баясгалан болохоос юмнаас хойш татагчид биш шүү дээ. Өдөрт дөрвөн цаг гитар тоглох зав гаргаж чадахгүй бол өөр дээрээ ажиллаж чадахгүй байгаа хэрэг. Би бол хаана ч байсан гитараа тоглож л байдаг. Үүнийг зохицуулж болно. Энэ бол нийгмийн асуудал биш. Хийлч хүн ч гэсэн дуурийн театрт тоглоод гэр бүлээ аваад явж байна. Гитарыг мэргэжил болгоод амьдралаа зохицуулаад явж болно.
-Мэргэжил гэснээс манайд жааз чуулга байгаа. Тэдний тоглолт ямар санагддаг вэ?
-Сайн. Би хөгжимчдийг нь бүгдийг нь мэднэ л дээ. Тэднийг хувьдаа сайшаадаг. Монголд байхгүй зүйлийг бий болгож байна. Монголынхоо хөгжмийн тэргүүн фронтод яваа хүмүүс. Яахав, сайн тоглож байна уу, яг тэр Нью-Йоркийн жааз мөн байна уу гэдэг нь тусдаа асуудал. Тэрийг бол бид арай хийгээгүй байгаа шүү дээ. Нью-Йоркод төрж тэндээ өсөж, тэндээ гитар сурсан хөгжимчдөөс бид өөр. Жааз гэдгийг бид хөгжүүлээд явж байх ёстой. Монголын жаазыг хийх хүн гарахыг хүлээх л хэрэгтэй.
-Танай хамтлаг үүний төлөө л зүтгэнэ биз?
-Тийм. Гэхдээ бид бүх төрлийн юм тоглоно гэж байгаа. Рок, поп, альтернатив, жааз, фьюжин жааз гээд бүгдийг л тоглох хүсэлтэй байгаа. Гэхдээ тэднийг тоглох хэцүү, өндөр чадвар хэрэгтэй. Яахав, бага багаар хөгжье л дөө.
-Танай хамтлагийг хаана очиж сонсож болох вэ?
-Одоогоор тоглож эхлээгүй. Бэлтгэл ажил явагдаж байна. Үүнийг би хамтлагийн хэмжээнд хүртэл нь авч явна гэдгээ баттай хэлье.
-Та гитар зааж байгаа. Олон шавьтай юу?
-Түрүүн хэлснээр өөрийн цуглуулсан зүйл, туршлага дээр үндэслэж хүүхдүүдэд гитар заах болсон. Хүнд юм заахад өөрөө хөгжинө, юм сурна. Ер нь энэ олон жилийн туршид миний баттай ойлгосон зүйл бол хөгжмийг ер нь удаан сурах ёстой юм байна гэдгийг мэдэрсэн. Хөгжим сурахдаа удаанаар эхэлж олон дахин уйгагүй давтдаг. Уйгагүй давтсаны хүчинд маш сайн сурна. Бидэнд 10 хуруу байна. Эрүүл тархи байна. Тэгээд ч монголчууд IQ өндөртэй гэдэг байх аа. Зөв сурах ёстой л гэж би хэлдэг. Хөгжим гэдэг өөрөө их сайхан л даа. Хүүхдүүд дуртай байна. Гэр бүл нь дэмжиж байна.
-Та сая нэг “Паркер” гитартай болсон гэв үү. Та ер нь хэдэн гитартай вэ?
-Би 7, 8 гитартай.
-Хамгийн үнэтэй нь?
-Германаас авсан гитар байгаа.
-Ямар. Танд байдаг нөгөө толгойгүй гитар уу?
-Тэр биш ээ. Тэр гитарыг нэг шавьдаа зарсан. Хөөрхөн намхан хүү байдаг юм. Баргийн гитар томдоод болдоггүй. Ер нь миний гитарууд нийлээд нэг “Ланд”-ны үнэ хүрнэ ээ.
-Та студи ажиллуулж байна уу?
-Энэ студийг өөртөө зориулж л ашиглаж байна. Хичээвэл чанартай бичлэг гарах л байх.
-Та “Шөнийн галт тэрэг” хамтлагийг анх байгуулагдахад хэд хэдэн дууг нь бичсэн байх аа?
-Тийм. Хоёр гурван дууг нь бичиж байсан.
-“Шөнийн галт тэрэг”, “Нисванис” гээд 90-ээд оны дундуур манайдаа л шинэ хөгжим тоглож байсан залуусыг та маш сайн таних байх?
-Тэгэлгүй яахав. Одоо тэд чинь дунд үеийн хөгжимчид болж байна. Би дунд үеийнх нь хамгийн хөгшин хэсэгт нь багтдаг. Одоо ахмаддаа орж байна. Шинэ үеийнхэн дунд миний шавь нар цөөнгүй. Түүнээс жаахан 12 настай хүүхдүүд ч гитар сайн тоглож байгаа. Мөн л миний шавь нар.
-Сонсдог хөгжмийн хувьд одоо хил хязгааргүй, урсгал жанр хамаарахгүй болсон уу. Би таныг “Роккер” гэж л хараад байлаа.
-Үгүй яахав. Энэ бол насны л юм. Би 14-тэй байхдаа “Смоуки” л сонсдог байлаа. Өөр юм тоохгүй. Тэгээд жаахан том болж ирээд “Битлз”, тэр үеийн хамтлагуудыг сонсч эхэлсэн дээ. Сонссоор байгаад сүүлдээ бүх төрлийн юм л сонсож байгаа. Ер нь шинэ хөгжимд их дуртай. Одоо “Dream Theater” гээд хамтлаг байна. Тэд 20 жил хөгжим тоглосон мөртлөө тэр гоё хөгжмийн ундарга нь ерөөсөө дуусдаггүй. Хөгжмөө тултал сурсных л байдаг байх.
-Олон хүн сонсогчдын чихийг онгойлгож, тархинд хүргэх хамтлаг Монголд алга гэж ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Би бол хөгжим хийдэг хүн. Дээр нь хүмүүс өөр өөрийн олон ургальч үзэлтэй. Энэ үзлийг аль 20 жилийн өмнө бид зөвшөөрч, хүн бүрт, ямар ч асуудалд өөр өөрийн дүгнэлтээ хийх эрх чөлөөг өгсөн. Хэн хаана юу гэж ярьж байна энэ бол буруу зөв биш. Хөгжимчин хүний хувьд өөртөө байгаа бүх чадвараа ашиглаж хөгжим хийнэ. Гагцхүү хийгээд гарсны дараа өнөөх нь мартагдах уу, олон жил амьдрах хөгжим үү гэдэг нь чухал. Үүнийг ирээдүй бидэнд харуулна. Тэр үед энэ тухай яръя (инээв). Мэдээж би өнөөдөр “Миний хийсэн юм мартагдах учиргүй” гэж ярьж чадахгүй. Ер нь бол өөрийгөө “Хонх” хамтлагаас эхэлсэн гэж хэлсэн. “Хонх” хамтлаг бол С.Цогтсайхан гэдэг хүний л гарын үсэгтэй эд. Бид харин туслах үүрэгтэй хүмүүс байсан. Гэхдээ тийм хүнтэй хамтарч ажиллаж байсандаа баярладаг. “Хонхны дуу” бол Монголын ард түмэнтэй салшгүй холбоотой. Тэгэхээр ойрын 30 жилдээ мартагдахгүй байх гэж найддаг.
-Түүнээс ч удах байх гэж боддог шүү.
-Магадгүй. Нэг л мэдэхэд Монголын ардчилал 100 жилийн түүхтэй болно. Ардчилал бидэнд шинэ зүйл байхаа болино. “Хонхны дуу” ч шинэ байхаа болихыг үгүйсгэхгүй шүү дээ.