Их Монгол улсын тулгар төр байгуулагдсан түүхээс эхлээд ардын хувьсгалын агуа ялалт, социалист нийгмийн үзэл баримтлалыг дэмжин магтсан, мөн улс төрийн нэрт зүтгэлтэн, сайн малчин, хөдөлмөрийн баатар, зохиолч, нэрт зураач, гэх зэрэг алдар цуутай хүмүүсийн хөрөг зураг буюу аж байдлын сэдэвт бүтээл, Монгол нутгийн үзэсгэлэнт байгалийг харуулсан “реалист” буюу бодит сэтгэлгээний хосгүй үнэт бүтээл, 1960 оны сүүлээс нэвтэрч, хөгжиж эхэлсэн орчин цагийн урлагийн төрөл болох “Модерн” хэлбэрээр бүтээгдсэн дахин давтагдашгүй бүтээлүүд Монголын дүрслэх урлагийн хосгүй үнэт бүтээлүүд болон хадгалагдаж байна.
Монголын анхны мэргэжлийн зураачдийн нэг болох Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, Ардын Зураач Л.Гаваагийн 1933 онд бүтээсэн “Эсэргүү лам нар”, мөн түүний хэмжээ, дүрслэлээрээ уран зургийн галерейд хадгалагдаж буй бүтээлүүдээс хамгийн том хэмжээтэйд тооцогдох 1958 онд бүтээсэн “Алтайн уулс” бүтээл н хосгүй үнэт бүтээл юм. Мөн Ардын зураач, Төрийн соёрхолт Г.Одонгийн аж байдлын сэдэвт 1954 онд бүтээсэн “Ажлын дараа” хэмээх бүтээл юм. Зураач уг бүтээлдээ тухайн үеийн нийгмийн амьдрал, ажилчин ардын хамтын хөдөлмөрийн үр шим хийгээд бусдыгаа хошуучлах чанар зэргийг уг бүтээлдээ тусган харуулсан социалист нийгмийн үзлийг тусган харуулсан бүтээл юм.
Эдгээр бодит сэтгэлгээний бүтээлүүдээс гадна орчин үеийн дүрслэл өнгөөр аливаа зүйлийг өгүүлэн харуулсан бүтээлүүд ч бий. Тэдгээрийн нэг нь Монголын дүрслэх урлагийн анхны орчин үеийн бүтээл гэгдэх Ардын зураач Төрийн шагналт уралгийн гавъяат зүтгэлтэн О.Цэвэгжавын 1968 онд бүтээсэн “Эхийн цагаан сэтгэл ” бүтээл юм. Уг бүтээл нь монголын дүрслэх урлагт орчин цагийн урлаг хөгжихөд гол хүчин болсон билээ. Тухайн үедээ уг бүтээл маань үзэл суртлын бай болж авъяаслаг уран бүтээлч маань зэмлэл хүртэж байсан гэдэг.
“Эхийн цагаан сэтгэл” бүтээлээс хойш Монголын уран зурагт орчин үеийн урсгал чиглэлээр нэлээдгүй бүтээл туурвигдах болсон. Бодит амьдралд харагдаад байдаггүй өнгө дүрслэлийг Монголын ардын зураач, Францын ардын зураач Б.Чогсом олон бүтээлдээ тусган харуулсан байдаг. Түүний “Бөх”, “Тайхар”, “Хоргын дуулал”, “Говийн эгшиг” зэрэг бүтээлүүд нь хосгүй үнэт бүтээлд багтаж байна.
1990 оноос хойш ардчилсан хувьсгал ялж нэг намын үзэл суртлыг халснаас хойш урлаг уран сайхны сэтгэлгээ харьцангуй задарч орчин үеийн урсгал чиглэлээр бүтээл туурвидаг уран бүтээлч олон төржээ. Тухайлбал Н.Адъяабазарын “Адуучин”, “Жин үд”, Урчуудын эвлэлийн шагналт зураач Ц.Энхжаргалын “Мөргөлдөөн”, “Мөнхөд оршихуй”, Монгол улсын төрийн шагналт зураач До. Болд “Алтайн дуулал”, “Одот тэнгэр орчиж” зэрэг бүтээлүүд нь Монголын орчин үеийн дүрслэлт сэтгэлгээний олон урсгал чиглэлүүдээр бүтээгджээ. Эдгээр бүтээлүүд нь Монголын дүрслэх урлагийг дэлхийн давцанд гаргахад гол нөлөө үзүүлсэн гэдгээрээ Галерейн хосгүй үнэт бүтээлд багтдаг юм.
Тайлбар бичсэн: сан хөмрөгч, эрдэм шинжилгээний ажилтан Ж.Бат-Ундар