“Men’s Health” сэтгүүл Канадын залуу од, “Call me maybe” дуугаараа шуугиан тариад байгаа Карли Рей Жепсентэй ярилцсаныг орчуулан хүргэж байна.
-Би танихгүй гудамжаар явж байгаад өөртэй чинь таарлаа гэж бодъё. Ямар гурван үйлдэл намайг таны анхааралд өртүүлэх вэ?
-Ок. Хамгийн түрүүнд чи өөрийнхөөрөө байх хэрэгтэй. Тэр нь хэтэрхий цэмцгэр байхыг хэлсэн хэрэг биш шүү, өөртөө тааламжтай явах хэрэгтэй гэсэн үг. Нэг тийм өөдрөг эрчим хүч мэдрэгдсэн. Хоёрт, хэрвээ надтай яриа өдөхийг хүсвэл эхлээд нүдээрээ холбогдох хэрэгтэй. Энэ бол хамгийн чухал хэсэг нь юм шүү. Гуравт боловсон бай. Би найрсаг, эелдэг, бас соёлтой залууст дуртай.
-Эдгээрийг биелүүлэхэд л тантай яриа өдөж болох нь ээ.
-Чи ерөөсөө шулуухан “Сайн уу, танд өөрийгөө танилцуулахыг минь зөвшөөрнө үү. Намайг…” гэчих (инээв). Эр хүний шулуухан байдал охидыг татдаг гэдгийг та ч мэдэх байх. Хэрэв ингэвэл та надад итгэж болмоор сэтгэгдэл төрүүлнэ. Бас яриан дундаа бага зэрэг инээмсэглэл, цаанаасаа нэг жаргалтай байгаагаа илтгэвэл зүгээрсэн. Хэрэв ингэж чадвал би тантай танилцахдаа таатай байх болно шүү.
-Таны “Call me maybe” дууны төгсгөл инээдтэй санагдсан. Та өөрийн дугаарыг өгтөл тэр залуу өөр эрд өөрийнхөө дугаарыг өгчихдөг.
-Бусдын хандлагыг тааж мэднэ гэдэг амаргүй байдаг. Зарим тохиолдолд шууд хар таамгаар итгэхийн оронд бага зэрэг тандах хэрэгтэй. Жишээ нь, “Би тантай болзож болох уу” гэж эелдгээр хэлэх ч юм уу. Тэгээд зөвшөөрвөл дугаарыг нь авах гэхчилэн. “Дараа дахин уулзахдаа таатай байх болно” гэдэг ч юм уу. Иймэрхүү урьтал яриа байх ёстой.
-Би ахиад л дууны чинь тухай асуух нь. Хэрвээ би таныг утасны дугаарыг авлаа гэхэд яагаад мессеж бичиж “магадгүй” гэж.
-Хүлээгээрэй, яахав магадгүй биш байж болно. Гэхдээ мессеж эхлээд бичвэл зүгээр шүү дээ. Бие биенээ харахгүйгээр харилцах нь эхэндээ илүү тухтай байдаг. Ихэнх хүн дурласан хүнтэйгээ эхний ээлжинд утсаар ярихаас эмээдэг, ичдэг шүү дээ. Та үнэхээр шулуудсан, ичиж нэрэлхэх зүйл байхгүй бол хоолойг тань сонсоод ярих тааламжтай л байх.
-Магадгүй би тантай “Skype”-аар харилцаж болох уу?
-(Инээв). Яг үнэндээ найз охидын гаргадаг сэтгэл хөдлөлийг, тактикийг би тийм ч сайн мэдэхгүй. Мэдээж, болохгүй нь юу байхав.
-Тэгэхээр би тантай болзохоор тохирлоо гэж бодъё. Өнөө орой та юу хүсэж байна вэ?
-Кинон дээр гардаг шиг тансаг ресторанд, бүлтийтлээ гоёж очоод, цэмцэгнээд суух нь надад лав таалагдахгүй. Анхны болзоо адал явдалтай бол гоё. Хэн нэгэн надад миний мэдэхгүй зүйлийг үзүүлэх, тэр тухай ярих нь надад сайхан санагддаг. Үүнийг та хэзээ ч мартаж болохгүй. Жишээ нь, нэг удаа анх болзсон залуу маань надад цаасан шувуу авч өгсөн. Бид цэцэрлэгт хүрээлэнд очиж, түүнийг нисгэж тоглоод, дараа нь тэндээ дарс хувааж уусан. Задгай талбайд шүү дээ. Энэ хэзээ ч мартагдахгүй хэрнээ, сайхан дурсамж.
-Тэгвэл таны хувьд хамгийн таагүй анхны болзоо юу байв?
-Ммм, нэг залуу анхны болзоондоо согтуу, бас маш их цухалдуу ирсэн. Бид гадуур хэсэг алхах зуур тэр салхинд бүр согтоод, утга нь ойлгогдохгүй баахан зүйл яриад л байсан. Энэ л таагүй нь юм даа.
-За энэ бүхнийг орхиод таны урлагийн замналын тухай ярилцах уу?
-Би долоон настайгаасаа л дуулж эхэлсэн. Энэ бол маш урт, бас бартаа саад ихтэй зам байсан. Эхэндээ би дууны шүлэг бичдэг байгаад, дараа нь өөрөө дуулъя гэж бодсон. Гэхдээ л би дуу зохиохоо орхиж чадахгүй юм билээ.
-Та цаашид өөрийн дуулсан дуугаа л дуулах уу, бас бусдад дуу зохиож өгөх үү. Эсвэл өөр хэн нэгний зохиосон дууг дуулах уу?
-Хатуу дүрмээр явах хэцүү шүү дээ. Би бичсээр, бусдад өгсөөр, бусдаас авсаар, өөрөө дуулсаар л байх болно.
-Дууны үг, ая яаж толгойд тань зэрэг буудаг юм бэ?
-Яг процессийг бол хэлж мэдэхгүй, өөрөө ч ойлгодоггүй. Магадгүй энэ онгод гээч нь байх. Эхэлсэн бол дуусдгийг мэднэ, харин энэ зуур юу болсныг ойлгодоггүй. Би үнэхээр азтай нэгэн. Миний дуу (“Call me maybe”) одоо л хит болж байгаа болохоос аль эрт цацагдсан байсан. Жастин Бибер өнгөрсөн шинэ жилээр Канад дахь гэртээ ирээд, радиогоор миний дууг сонссон гэсэн. Түүнд энэ дуу таалагдаад, найз охинтойгоо хамт миний дуугаар бичлэг хийж, интернэтэд тавьсан. Тэгээд л энэ дуу дэлхий нийтийн хүртээл болж эхэлсэн юм шүү дээ.
-Энэ бүхний дараа танд юу бодогдож байна вэ?
-Хаалга онгойсон, үүгээр алхан орохдоо би маш тааламжтай байна л гэж хэлье.
-Хөгжмөөс өөр, өөрийнхөө тухай бидний мэдэхгүй зүйлийг яриач.
-Би их гэрсэг хүн. Манайд зурагт байдаггүй. Гэртээ байхдаа шатар тоглох, бас бялуу хийх дуртай.
-Шатарт сайн уу?
-Шатар тоглох дуртай. Мэдэхгүй юм, би тийм ч сайн биш байх. Зүгээр л дуртай.
-Тэгвэл бялуу хийх тухайд?
-Эд бол арга билэг байх. Шатар, гэр, бялуу гурвын аль нэг нь л байхгүй бол ямар ч сонирхолгүй санагддаг. Заавал гурвуулаа нэг дор бүрдэх ёстой юм шиг байгаа юм.
-“Сall me maybe” дуу чинь их хөөрхөн, хөнгөн санагдсан. Дагаж дуулмаар, бүжиглэмээр, хөгжмөөр…
-Миний бичсэн дуу бол миний хүүхэд л гэсэн үг. Хүүхэд нь сайн явах тусам ээжүүд баярладаг шүү дээ. Дэлхийн хэмжээний дуу болоход надад гэнэтийн санагдсан. Энэ дуугаа яаж зохиосон, юу бодож байснаа бүгдийг нь санаж байгаа болохоор ч тэр үү их ойр. Би их романтик хүн. Романтик зүрхнээс урган гарсан дуу болохоор хүмүүст хөнгөн, ойр санагдаж байгаа байх л даа.
Г.Хүслэн