Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэнг “Уран бүтээлч” булангийнхаа зочноор урилаа. Тэрбээр хэдийгээр нас өндөр болсон ч хийж бүтээхийн хүсэл эрмэлзлээр дүүрэн, хоногийн 24 цагт олон ажлыг зэрэг амжуулах гэж хичээж явна.
-Сүүлийн үед та нэлээд завгүй байгаа бололтой?
-Миний хувьд энэ жил ачаалал ихтэй байна. Хамгийн сүүлд Б.Ширэндэв гуайн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Хангайн хүү Базарын Ширэндэв” хэмээх баримтат кино хийлээ. Энэ хүнийг ХХ зуунд гарсан Монголын цөөхөн оюунлаг хүмүүсийн нэг гэж би боддог. Кино академийн “Энэ киног бүтээгээч” гэсэн саналыг таатай хүлээж авсан маань ч ийм учиртай.
Мөн “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” цуврал түүхэн туульсын нэвтрүүлэг бэлтгэн, үзэгчдэдээ хүргэж байна. Хүн бүрийн мэддэг тусгаар тогтнолын түүхээс гадна тэр үед Монгол Улстай холбоотойгоор хурцаар тавигдаж байсан асуудлууд, гадаад харилцаа, гадаад орчны талаар илүү харуулахыг хичээсэн. Нэвтрүүлгээрээ баримтат уран сайхны кино хийхээр төлөвлөж байгаа.
Нэвтрүүлэгч Л.Цагаандалайтай хамтарч “Дэлхийг тамгалсан монгол морьд” нэртэй баримтат уран сайхны кино хийж байна. Зураг авалт нь энэ намар дуусна.
Эдгээр ажлын хажуугаар наашаа гэсэн залуу уран бүтээлчдэд ганц, хоёр зөвлөгөө өгч явна даа. Киноны зөвлөх гэдэг амар ажил биш. Тухайн хүний хийж байгаа зүйл, харсан хэмжээ, сэтгэж буй хүрээнд үгээ хэлнэ гэдэг хэцүү. Хөндлөнгөөс алдааг олж харах амархан. Гэвч хүний бодсон юмыг хажуугаас нь харж, буруу байна гэж хэлэх хэцүү шүү дээ.
-Таныг бас кино зохиол бичиж байгаа гэж сонслоо?
-Даахгүй нохой булуу хураана гэдэг шиг юм болчихоод байна. Зохиолч До.Цэнджав бид хоёр түүний “Хөх жавар” туужийг кино болгоё гэж арав гаруй жил ярилаа. Яагаад ингэж удсан юм бэ гэхээр өнөөх л мөнгө, санхүүгийн асуудалтай холбоотой. Харин саяхнаас биднийг мэдэх хүмүүс нааштай хандаж, санхүүгийн тал дээр тусалж дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Тиймээс бид хоёр зориг орон, кино зохиолоо бичээд бараг дуусч байна.
Хүмүүс энэ зохиолыг уншаад “Хараалч хүний тухай тууж байна лээ” гэлцдэг юм билээ. Харин би хүн чанарын тухай кино болно гэж ойлгож байгаа. Бидний амьдарч буй энэ цаг үед хүн төрөлхтөнд тохиолдоод байгаа хамгийн том асуудал бол хүн чанар юм. Тиймээс ч энэ зохиолоор кино хийхээр зориглосон юм.
-Таныг наймдугаар сарын сүүлчээр Бээжин явах гэж байгаа гэж сонссон?
-Тийм ээ. Би өнгөрсөн жил “Хүннү гүрэн” нэртэй зургаан ангит түүхэн туульсын кино хийсэн. Энэ киног хийж явахдаа Монголын үнэт өв дэлхий даяар тархсаныг олж мэдэрсэн юм. Ялангуяа манай урд хөрш БНХАУ-д Монголын их олон үнэт өв байна. Бээжинд л гэхэд Монголын түүх соёлтой холбоотой 21 газар байна.
Тиймээс “Бээжинд байгаа Монголын соёлын үнэт өв” гэсэн баримтат киноны ажлаар Бээжин явах гэж байна. Тэнд байгаа үнэт өвүүдээс яагаад монгол үнэр ханхалж байна вэ гэдгийг тухайн цаг үе, урчуудтай нь холбож, кинондоо тусгаж өгье гэж бодож байгаа.
-Ийм олон ажил нэгэн зэрэг амжуулах гэж зүтгэх нь хүндрэлтэй биш байна уу?
-Ялангуяа над шиг нас ахиж яваа хүний хувьд хэцүү л дээ. Урд нь ийм олон ажил давхацсан жил миний амьдралд тохиолдож байсангүй. Бүгдийг нь энэ онд дуусгах ёстой биш л дээ. Тиймээс боломжоороо бага хугацаанд ихийг амжуулах гээд хичээж л явна.
-Та хүнд “үгүй” гэж хэлж чаддаггүй хүн юм аа даа?
-Харин тийм. Миний хань хааяа намайг “Чи хүнд үгүй гэж хэлж чаддаггүй юм уу” гэж зэмлэдэг л юм. Гэхдээ би толгойд буусан болохоор нь л “За” гэдэг юм. Тэрнээс биш хаа хамаагүй юманд юу гэж за гэх вэ.
Дээрх кинонуудын ихэнх нь олон жилийн туршид миний дотроос маажиж байсан сэдвээр хийгдэж байгаад гол учир бий. Би Монголын түүх их гуйвсан гэж боддог. Энэ цаг үед л үүнийг үнэнд ойртуулах алхам хийх хэрэгтэй. Хэрэв хийж чадахгүй бол хойч үеэ буруу тийшээ яваад байна гэж зэмлэх эрх бидэнд байхгүй.
-Таны тархи энэ их ачааллыг хэрхэн хүлээж авч байна?
-Эрийг нас, уулыг цас дарна гэдэг юутай үнэн үг вэ. Залуу байсан шигээ байж чадахаа больсон. Шөнө дунд хүртэл ажиллачихвал маргааш нь өдөржингөө бие сулбайгаад, ажлын эрч хүчгүй болчих юм. Тиймээс ажил, амралтаа зөв зохицуулах л хэрэгтэй юм байна.
-Амралтаараа юу хийдэг вэ?
-Залуу байхдаа надад оногдсон албан ёсны амралтаа цагт нь авдаг байлаа. Үе мөч өвддөг учир ихэвчлэн Жанчивланд очиж эмчилгээ хийлгэнэ. Сүүлийн хэдэн жил харин өвдөх нь бага байна.
Бусад хүний адил хобби гэдэг зүйл надад байдаггүй юм. Мөн олон хүнтэй нийлэх тийм ч дуртай биш. Ерөнхийдөө зожиг талын хүн шүү дээ. Энэ зан хаанаас гараад ирсэн юм бол оо гээд бодсон чинь би дураараа өссөн, айлын ганц хүүхэд. Өссөн орчин маань их аядуу намуун байж. Ингээд бодохоор өссөн орчин хүний зан төрхийг бий болгодог юм шиг санагдсан шүү.
-Ганцаараа өссөн хүнд олуулаа байх хүсэл эрмэлзэл байдаг даа?
-Надад тийм хүсэл байдаггүй. Харин нас жаахан ахиад ч тэр үү, хүүхэд, ач нараа хажуудаа байлгах дуртай болчихож. Хүүхдүүдийн дуу шуун дунд бужигнаж байх сайхан шүү дээ. Амьдралын утга учир үр, ач нарт л байдаг. Тухайн үед ядарч байгаа боловч тэдний зүгээс их сайхан залуу энерги ирдгийг би мэдэрдэг.
-Амьтанд хайртай юу?
-Тэгэлгүй яах вэ. Оготнын хамраас цус гаргаж үзээгүй хүн гэвэл намайг л хэлэх болов уу.
Миний хамгийн хайртай амьтан бол морь, нохой хоёр. Зуслан дээр хоёр нохой, нэг муур байна. Муур хүнийг тайвшруулдаг. Манай муурыг Тевэрийн хар сүүлт гэдэг. Би түүнийг Саша гэж дууддаг. Цав цагаан зүстэй хэрнээ сүүл нь залгаад тавьчихсан юм шиг хар. Их номхон, хөөрхөн амьтан бий.
Адуу бол их ухаантай амьтан. Адгуус гэдэг чинь хүнтэй ярьж чаддаггүй болохоос биш хүнийг хүнээс илүү ойлгодог юм байна лээ.
Манай өвөөгийнх хонгор голдуу зүстэй адуутай айл байсан юм. Би зассан шагай шиг жижигхэн хонгор зүсний морийг наадамд унаж уралддаг байлаа. Урьд шөнө хонгор морио унаад, нэг их гоё тунгалаг, цэлэлзсэн устай голоор гарч явна гэж зүүдэллээ. Зүүдээ харамлаад босмооргүй л санагдаж байв.
-Хүний зүүд заримдаа зөн совинтой гэж ярьцгаах нь бий. Та зүүдээ байнга манадаг уу?
-Би шөнө болгон зүүдэлдэг. Бие муудахаар зүүд алга болчихдог юм. Тэгэхээр их эвгүй. Зүүд байхгүй бол хүн өөрөө хамтдаа үгүй болчихож байгаа юм болов уу ч гэсэн бодол хааяа төрдөг. Даанч би өөртөө санаа тавьж чаддаггүй юм.
-Зүүд бол хүний бодлын үргэлжлэл гэдэг?
-Би зүүдийг тархины бор хальсан дотор бичээстэй явдаг юм болов уу гэж боддог.
-Найруулагчид чанга дуутай, хатуу хүмүүс байдаг. Гэтэл та аядуу намуун дуутай, зөөлөн хүн шиг санагддаг?
-Кино зургийн талбай дээр газар газраас ирсэн, зан зангаа мэдэхгүй олон хүн цуглардаг болохоор хэцүү л дээ. Зангаа мэдэлцэхийн даваан дээр зураг авалт дуусчихдаг зовлон бий. Тиймээс найруулна гэдэг нервтэхгүй байхын эцэсгүй ажил юм. Намайг хүмүүс зургийн талбай дээр айхтар хашгирдаг гэдэг.
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нэг удаа надад хэлэлгүйгээр зургийн талбай дээр иржээ. Түүнийг хүрч ирэх үед би айхтар хашгираад зогсож байгаа харагдаж л дээ. Тэгэхээр Б.Лхагвасүрэн “Цаадахын чинь ааш нь хөдөлчихөж. Би дараа ирье” гээд буцаад явчихсан гэнэ лээ.
Гэхдээ би жүжигчдээ огт загнаж, зандардаггүй. Яагаад гэвэл, арай гэж дүрдээ орох гэж ядаж байхад нь хүн хажуугаас нь хашгичаад байвал тэр хүн яаж жүжиглэж чадах билээ. Тиймээс хүмүүс намайг жүжигчдээ дураар нь байлгадаг гэдэг юм.
-Амьдрал таныг хэр бухимдуулж байна?
-Би уг нь Төв аймгийн уугуул. Гэвч найман сартайдаа хотод орж ирсэн болохоор нийслэлийн унаган иргэн шиг болчихсон юм. Тиймээс хотын өнөөгийн байдал миний сэтгэлийг их зовоодог.
Манайд анхнаасаа хот төлөвлөлтийн талаар ямар ч төлөвлөгөө гаргаагүй. Энэ нь өнөөгийн эмх цэгцгүй байдалд хүргэчихээд байгаа юм. Хүмүүс “Жийгээ дэмий юм донгосч байна даа” гэж бодох байх. Гэхдээ энэ хотын ууган иргэдийн нэгнийх нь хувьд би энэ хотыг нүүлгэмээр санагдаад байдаг юм.
Мөн махны ченжээс салмаар байна. Тэдний баяжих гэсэн хүслийн золиос болж, монголчууд өнөөдөр өндөр үнэтэй мах авч идэж байна шүү дээ.
-Кино урлаг ч бас хэсэг бүлэг хүний мөнгөний машин болоод хувирчихаж?
-Саяхан зохиолч До.Цэнджав бид хоёрыг уулзаад байж байтал Сүхбаатар аймгийн Засаг дарга ирж уулзлаа. Тэр аймагтаа кинотеатр барьж байгаа гэнэ. Гэтэл тэр кинотеатрт нь “Хэн кино үзэх вэ” гэж олон хүн эргэлздэг аж. Хүмүүс шинэ үеийн кинонуудыг зурагтаар үзчихдэг. Харин алтан үеийн киног бол зурагтаар ч, кинотеатрт ч үзэж байгааг тэр ажиглажээ. Тиймээс алтан үеийн болон орчин цагийн киноны ялгаа юу вэ гэдгийг надаас асуухаар шийдсэн юм байна. Угтаа үүний хариулт энэ асуултын хариулттай нэг юм гэж бодлоо.
Гол учир нь манайд кино урлагийн мэргэжлийн түвшин уначихсанд л байгаа юм. Өнөөдөр манайд сайн кино зохиол алга. Зохиолгүй кино хийнэ гэдэг хундаамгүй байшин барихтай адил. Ингэтлээ лойж болохгүй шүү дээ. Харин яагаад ийм урсгал ороод ирэв гэдгийг би ойлгохгүй байна.
-Тэднийг ч бас урлагийн ченж гэж нэрлэж болох юм?
-Монгол даяар ченж ноёрхсон цаг үед бид амьдарч байна. Тэгэхээр одоо яалтай билээ. Аажимдаа гайгүй болох байлгүй. Гэхдээ найдаж болохоор олон сайхан уран бүтээлчид төрөн гарч ирж байна. Тэдэнд л найдлага тавьж байна даа.
-Уран бүтээлчид тэмцэгч байх ёстой гэдэгтэй та санал нийлдэг үү?
-Тэмцэгч байхаас өөр зам байхгүй. Би насаараа тэмцсэн хүн. Бидний үед үзэл суртлын хатуу хэм хэмжээнд баригдаж байсан учраас бүх юм хаалттай байлаа. Үүнтэй холбоотойгоор хийе гэсэн юмаа хийж чадалгүй цаг алдсан тал бий. Бид энэ бүхэнтэй янз бүрийн хэлбэрээр тэмцсээр ирсэн.
-Та хувийн амьдрал дээр хэр зэргийн тэмцэгч вэ?
-Өрхийн тэргүүн хүн их бага хэмжээгээр тэмцэгч байж, өөрийнхөө үүргийг биелүүлдэг гэж боддог.
-Хэзээ хамгийн хэцүү тулаандаа орж байв?
-Миний амьдрал нэгэн бодлын зорилго нь тодорхой байжээ. Зорилго маань миний амьдралын замыг чиглүүлсээр ирсэн юм. Тиймээс ч тэмцэх шаардлага ховор гарсан бололтой.
Би 1990-ээд оны дунд үе хүртэл Кино үйлдвэрт ажилласан. Нэг юм санасан л бол түүндээ хүрэх гэж их явдаг. Зарим уран бүтээлч нөхөр маань намайг “Чи дуугүй байж байгаад өөрийнхөөрөө хийчихдэг” гэж зэмлэдэг байлаа. Эрх дураараа өссөн, ганц хүүхдийн зан үүнд нөлөөлсөн юм болов уу даа.
Яг үнэнийг хэлэхэд Монголын кино урлагийн түүхээс намайг арчих гэсэн оролдлого нэлээд хэдэн жил явсан юм. Надад нэгдүгээр зэрэг авсан кино бараг байхгүй дээ. Хийсэн юм бүхнийг маань өөлдөг байв. Олон улсын кино наадмаас Гран при авсан кино энд хоёрдугаар зэрэг л авдаг байлаа шүү дээ.
Гэхдээ би шагнал урамшууллыг тоодоггүй байж дээ. Хүмүүс “Г.Жигжидсүрэн ямар олон шагнал авсан юм бэ” гэж боддог байх. Гэвч би энэ шагналуудыг ардчилал хөгжсөнөөс хойш л авсан юм.
Би архи бараг уудаггүй хүн. Энэ нь ч бас муугаар нөлөөлөх тал бий. Архи уух чинь бас хүнийг тодорхой нэг хүрээлэлд оруулдаг юм байна шүү дээ. Кино үйлдвэрийн Б.Донров гуай “Чи архи уухгүй болохоор хүн чамд үгээ хэлэхгүй” гэж зэмлэж байсан шүү.
-Танд олон жилийн турш сэтгэлдээ тээж яваа гомдол бий юу?
-Байлгүй яах вэ. Яагаад Монголын кино урлаг хүүхдүүдийн хэлдгээр “будаа” болчихов. Яагаад бусад урлагийн адагт яваад байна вэ. Кино яагаад ийм хэврэгхэн байв.
Кино үйлдвэр гайхалтай сайхан хамт олонтой байлаа. Гэтэл хэсэг уран бүтээлчийн хүрээ их зовлонтой байдлыг бий болгосон. Энэ нь Монголын кино урлагийг сүйрэхэд нөлөөлсөн юм. Үүнд бид өөрсдөө буруутай. Бид өөрсдийгөө хамгаалаагүй, наанаа “За” гэчихээд, начир дээрээ юу ч дуугаралгүй өнгөрсөн.
-Ямар нэгэн бэрхшээлийн өмнө та гар өргөн бууж өгч байв уу?
-Кино үйлдвэр тарахад, хамт олноо буцааж нэгтгэх гэж би их хичээсэн. Гэвч миний хийсэн бүхэн хэн нэгэн амбицтай нөхрийн өмнө очоод, цааш явах замгүй болж, мухардаж байлаа. Сүүлдээ би бүр цөхрөөд, больё, орхиё гэж шийдсэн дээ.
Монголын кино урлагт гай тарьчихаад, гавьяат гэгдээд явдаг хүмүүс байгаад их харамсдаг. Тэнд нэг ийм хар энерги байгаа учраас би хүүхдүүддээ “Кино урлагаас хол яв” гэж хэлдэг юм.
Би бүр багаасаа намд орохгүй гэж боддог байлаа. 1979 онд кино үйлдвэрийн удирдлагыг бүхлээр нь сольж, намайг уран сайхны удирдагчаар тавьсан юм. Тэгэхэд намайг ногоон гэрлээр намд оруулсан юм. Кино үйлдвэрийн дарга болгох гэхэд нь би олон удаа татгалзсан.
Одоо бодоход хаа нэгтээ даргаар очсон бол дээрх харамслыг бага ч болов багасгаж болох байсан ч байж мэдэх юм.
-Амьдралд таныг буулгаж авсан бэрхшээл тулгарч байв уу?
-Амьдралын бэрхшээлийг өөрийнхөөрөө даваад л гарч байлаа. Амьдралд бэрхшээл олон тохиолдоно. Бүр өвдөг сөхрөөд, больж байсан тохиолдол байхгүй ээ. Ажилгүй, огт орлогогүй байсан үе надад бий. Харин тэр үед МҮОНТ намайг авч ажиллуулсан юм. Би энэ хамт олонд их баярлаж явдаг.
-Та зорилгодоо хүрч чадсан уу?
-Хүрсэн. Би кино найруулагчийн мэргэжлийг эзэмшсэнээр “Нийгэмд юу хийж, олон түмэнд ямар тус хүргэх вэ” гэж боддог юм. Гэтэл би юугаар ч тус хүргээгүй юм шиг санагдаж байна. Хэрэв хуульч эсвэл эмч болсон бол кино найруулагчаас илүү олон хүнд тус хүргэх байж дээ гэж хааяа боддог.
-Та хамгийн сүүлд бусдаас ямар байдлаар сайхан энерги авав?
-Миний уулзаж учирдаг хүмүүс маань зөв энергитэй. Би бусад хүний хэлдэг шиг талын чинээ найз нөхөдтэй хүн биш. Д.Дашням зохиолч, доктортойгоо уулзаж их сайхан зөв энерги авсан. Сайн нөхөдтэйгөө уулзсаны дараа юм хиймээр, бичмээр санагддаг юм.
-Бусдыг хайрлаж байгаагаа хэрхэн илэрхийлдэг вэ?
-Би магтаал бараг хэлдэггүй. Урмын сайхан үг л хэлдэг байх. Миний хийж чаддаггүй ганц зүйл бол хүнийг хоосон магтах.
-Урлагийнхан их олон салбарт өөрийгөө сорьдог болжээ. Харин та насаараа нэг салбарт ажилласан байх юм?
-Уран бүтээлч хүн жаазан дотроо жаавилзах ёстой. Өөрөөр хэлбэл, хийж чаддаг юмаа л хийх ёстой. Жаазнаасаа гараад, дураараа дургих нь өөрт их зовлон хураадаг. Жаазан дотроо л тонгочиж байх шиг сайхан зүйл үгүй.
Эх сурвалж: "Өглөөний сонин"