Энэ зуны хамгийн доргио тоглолт ирэх сарын 4, 5-нд Гачууртын “Монгол шилтгээн”-д болох гэж буй. Хөгжим сонирхогч залуусын жил дамнан хүлээдэг “Playtime” наадам энэ жил сул зогсолт хийнэ гэж байсан ч рок хөгжимд зүрхэн цохилтоо түргэтгэдэг залуусын хүслээр даллан, уламжлал ёсоор хоёр өдөр тогтсон цагтаа, товлосон газраа болох болсон билээ. Энэ жилийн наадамд онцлох зүйл олон бий. Тасалбарын хөнгөлөлт, Японы зочин хамтлаг гээд л. Жил бүрийн уламжлалаар наадамд оролцох шинэ залуу хамтлагуудыг шалгаруулдаг билээ. Энэ шалгаруулалт өнгөрсөн лхагва гаригт “С1” телевизийн студид жижиг “Playtime” хийх мэт боллоо. Ингээд наадамд оролцож, эрч хүчээ цэнэглэх хүсэлтэй рок хөгжимд сэтгэлээ өгсөн 30-аад шинэ залуу хамтлаг бүртгүүлснээс 23 хамтлаг тэнцсэн юм. Ингээд хөгжимлөг үдшээр зорчсон талаараа сонирхуулъя.
Студийн гадаах талбайд салхилсан залуус олон байж, угтав. Учир нь дотор халуухан байгаа бололтой гэж бодсоор орвол “Их завсарлага”-ын студи нээрэн л халуун. Урд “С1”-ийн “Их завсарлага”-ын студид хуучин цөөн залуус цугладаг байлаа. Гэтэл өдрөөс өдөрт “амьд” хөгжим сонирхогч залуус нэмэгдээд ч тэр үү, эфир хөгжим сонирхогчдоор дүүрэн байв. Ер нь амьд хөгжим сонирхогчид залуужсан бололтой гэмээр юм. Хамтлагуудынхныг харвал.”Амьд” хөгжим сонирхдог залуусын сонирхол цаанаа л ижилсдэг юм шиг. 70, 80-аад оны мода эргэн ирэх шиг. Хөгжим сонирхогчдын стиль нь, буржгар, чөлөөтэй үс, эхний товчоо товчилсон срочкан цамц, мэдээж кет. Энэ урсгалын хөгжим сонирхдог залуус дотогшоо мэт санагддаг боловч хамгийн уран сэтгэмжтэй байдаг юм шиг. Тэрхүү оюун бодол нь, цаанаа л мэдэгддэг гэмээр. Ганц рок хөгжим биш, сюрреаль, уран сэтгэмжит хийсвэр уран зураг, зураасан зураг, баримал сонирхдог. Бас “пост панк” шүлгийг яаж орхиж болохов. Хөндий хоосон мэт зүйл харин ч дүүрэн байдаг юм шиг. Ингэж хэлэх учир нь гаднаа хөндий мэт харагддаг, хөгжим сонирхогч залуус хоорондоо их дотно байдаг. Сонирхол нь тэднийг нэгтгэдэг юм. Хувь хүмүүсийн сонирхол тийш бага зэрэг хазайлтын цэг хийв.
Шалгаруулалтын тухай эргэлтийн цэг хийе. Энэ жилийн шалгаруулалтад зохион байгуулагчдын зүгээс хамтлаг дуучдын өөрсдийн уран бүтээлийг онцолж байсан. Бидний хэлж заншсанаар “cover” буюу бусад хамтлаг дуучдын уран бүтээлийг өөрсдийн хэв маягтаа оруулж дуулахын оронд ийнхүү цэвэр өөрсдийн зохиосон дуугаа дуулах нь шалгаруулалтын жинхэнэ утга учрыг харуулна гэж үзсэний дүнд ийнхүү онцолсон юм. Шалгаруулалтад “электро”, “инди”, “death core” гээд намуунлаг, нүргээнт бүх урсгалын уран бүтээлүүдийг сонирхуулсан нь рок хөгжим дотроо өөр өөр урсгалыг сонирхдог залуусыг нэгтгэж чадсан нэгэн хөгжимлөг үдэш болж өнгөрлөө.
“Playtime” наадмын зохион байгуулагч, хөтлөгч У.Үнэнхүүгээс зарим зүйлийг асуулаа.
-Наадмын хамтран зохион байгуулагч нь жил жилийн наадамд чухал байдаг шүү дээ?
-Тиймээ, ер нь уламжлал ёсоор голлон зохион байгуулагчаар “АПУ” ХХК, “Hi Fi records”, “Sound of Mongolia”, Lemon” студи, “Admon” ХХК, “Монхорус интернейшнл” ажиллана. Энэ нь наадмын үйлчилгээ, дуугаралтыг хариуцдаг арвин туршлагатай компаниуд юм.
-Монгол Шилтгээний задгай талбайд “Playtime” захыг ажиллуулдаг нь энэ жил хэвээрээ юу?
– Жил жилийн уламжлалаар хөгжим сонирхдог хүмүүсийн сонирхол юу байдаг билээ, түүгээр Playtime-н зах ажиллуулах хэвээрээ. Жишээ нь, шивээс, боди арт, цомог, бидний хэлж заншсанаар “hand made” бүтээгдэхүүнүүдийг худалдаална. Захад үйлчилгээ явуулах хүмүүсийг “HI Fi records” –т бүртгэж байгаа.
-Хөгжим сонирхогч үй олон хүн цугладаг. Хамгаалалтыг хэрхэн шийдэх вэ?
-Монгол шилтгээний хамгаалагчдаас гадна наадмын зүгээс хамгаалалтын компанитай хамтарна. Мөн цагдаагийн бие бүрэлдэхүүн буюу тэр хавийн эргүүлийн цагдаа нар ажиллах байх. Гэхдээ ер нь наадмын түүхэнд ноцтой гэмт хэрэг, зөрчил гарч байгаагүй л дээ.
-Тасалбар хэзээ худалдаанд гарах вэ?
-Энэ долоон хоногийн бямба гарагт худалдаанд гаргана. Амжихгүй бол ирэх долоон хоногт гаргана даа.
“Futurama”, “Flamingo fitch”, “Lichtenstein”, “River flow”, “Amethyst”, “Silent scream”, “DnD”, “Abalone”, “Sour bite”, “Rec on”, “Messiers”, “Slide up”, “The Seasons”, “Солонго”, “The Rulers”, “Headline”, “Аяараас чанга”, н.Мөнх-Эрдэнэ, “The Blacks”, “The Electrics”, “Sakobs” зэрэг 23 шинэ залуу хамтлаг тэнцлээ. Үүн дээр нэмэгдээд энэ жилийн наадамд урд жилүүдэд оролцож байсан хамтлагууд буюу The Lemons Jokers wild, White shadow, Madness, Daisy and Gang, Аясын салхи зэрэг хамтлагууд оролцох юм.
Наадамд оролцох хамтлагуудын бүрэн жагсаалтыг нэтгэгдэж дуусвал, бид цаг алдалгүй эргэн мэдээллэх болно. Хоёр өдрийн турш хөгжмөө сонсож, задгай агаар тийш зорчих хөгжим сонирхогчдоо! Бэлтгэлээ сайн базаагаарай.
У.БОЛОР