Улсын Филармонийн дэргэдэх уртын дуучин Б.Номин-Эрдэнэ өмнө нь “Шуранхай” хамтлагаар овоглож явсныг уншигчид маань мэднэ. Ардын болон уртын дууг орчин үеийн хэв маягтай хослуулсан этник дуунуудаараа олныг гайхашруулж байсан авьяаслаг бүсгүй өдгөө шинэ хамтлаг байгуулсан билээ.
-Ардын урлагийг этник хэв маягтай хослуулж, өвөрмөц өнгө төрхийг гаргаж ирсэн уран бүтээлчид бол “Шуранхай”-гаар овоглосон бүсгүйчүүд. Дуучин бүсгүйн сүүлийн үеийн уран бүтээлийг сонирхмоор байна?
-Анхнаасаа хамтлаг байгуулж, тодорхой хугацаанд уран бүтээлийн ажил төлөвлөөгүй учраас тус тусынхаа замыг сонгосон. Өнгөрсөн хавар би хөдөө орон нутагт бие даасан тоглолтоо хийж, 2010 оны арваннэгдүгээр сарын 17-нд хийсэн “Тэмүүлэл” тоглолтынхоо бичлэгийг цомог болон DVD болгосон. Мөн этник дуутай цомог маань ч бэлэн боллоо. Ирэх арваннэгдүгээр сард Англи, Хятад, Итали, Япон, Португаль дуунуудаар тоглолт хийнэ.
-Б.Эрдэнэчимэг хөл хүнд болж, уран бүтээлээсээ хөндийрөхөд Д.Үүрийнтуяа та хоёр шинэ гишүүн авсан. Гэтэл удаагүй хамтын уран бүтээлээ завсарласан гэдгээ албан ёсоор мэдэгдсэн нь олон хүнийг алмайруулсан?
-Хүссэн үедээ ч юмуу завтай болбол бид гурав дахин хамтарч магадгүй. Д.Үүрийнтуяа бид хоёр Б.Эрдэнэчимэгээс хойш хоёр ч уртын дуучин авсан. “Шуранхай”-гийн ид оргил үе таарсан учраас маш их ачаалалтай ажиллаж байлаа. Гэвч шинэ охидод маань авьяас чадвараас гадна уран бүтээлийн төлөө нойр хоолоо хугаслан байж зүтгэх сэтгэлийн тэнхээ, хөдөлмөрч чанар дутсан. Бүхнийг тэгээс эхэлж, хэдий чинээ зүтгэж байж энэ өндөрлөгт хүрснийг ойлгохгүй болохоор биднийг арай өөр өнцгөөс хардаг. Магадгүй, “Шуранхай” гэхээр л бөөн мөнгө болж харагддаг биз. Энэ мэт байдлаас болж тэдэнтэй хамтарч ажиллаж чадаагүй. Арга буюу Д.Үүрийнтуяа бид хоёр хамтын уран бүтээлээ зогсооход хүрсэн. Өндөр, нам хоёр хүн хэдий болтол дуулах вэ.
-“Шуранхай” хэчнээн тоглолт хийж, цомог болон DVD гаргасан бол?
-Бид нар нийтдээ “Шуранхай” хос цомог, “Шуранхай” DVD, “Түвшин сайхан & Шуранхай”, “Ногоон хатад” цомог гаргаж, “Шуранхай” бие даасан тоглолтоо дөрвөн удаа хийсэн. Үүнээс гадна хоёр кино концерт, нэлээд олон клип гаргаж, хоёр жилийн дотор маш их хөдөлмөрлөж, уран бүтээлчдийн хувьд бараг дээд амжилт тогтоосон гэж болохоор. Дараагийн хоёр жилд нь шинэ зүйл нэмээгүй, урын санд буй уран бүтээл дээрээ ажилласан. Тэгэхээр бид хоёр жил маш идэвхтэй ажиллаж, үлдсэн хоёр жилээ амралтын байдалтай өнгөрөөж. Б.Эрдэнэчимэг, Д.Үүрийнтуяа хоёр маань хэдийгээр уран бүтээлч хүнтэй гэрлэсэн ч гэлээ, айлын гэргий гэдэг утгаараа нэлээд завгүй байх шиг санагддаг.
-Найр наадам, арга хэмжээний урилга тасрахгүй биз?
-Хамтарч уран бүтээл хийхээ больсноос хойш бид ямар ч тоглолтод цуг оролцоогүй. Би энд тэндхийн арга хэмжээнд байнга оролцдог. Өнгөрсөн жил нэг арга хэмжээн дээр Ардын жүжигчин А.Долгор эгчтэй тааралдахад “Монголчууд энэ жил дэлдийтлээ хуримлаж байна” гэж ярьж байсан. Үнэхээр өнгөрсөн жил 2500 хурим болсон юм билээ. Би бараг 1000 гаруй хуриманд нь уригдсан байх шүү. Өдөрт хоёр, гурван хуриманд оролцдог байсан гэхээр энэ тоо “явж” өгнө.
-Хамтрагчид тань хэдийнэ айлын эзэгтэй нар болчихож. Харин таныг одоо болтол ганц бие явааг гайхах, бас хардах хүн ч цөөнгүй?
-Өглөө гараад л орой гэрийн бараа хардаг хүнд өөртөө зарцуулах цаг зав хомс. Үнэнийг хэлэхэд, нөхөртэй болох ч юмуу эрэгтэй хүнтэй үерхэх нь тодорхой хэмжээний цаг хугацаа шаардсан асуудал юм. Тийм учраас нөхөрт гарахад арай л бэлэн болоогүй байна.
-Балетчин залуутай үерхэж байгаа гэсэн. Найзууд шигээ мөн л тайзан дээрээс эр нөхрөө сонгох гэж байгаа юмуу?
-Одоохондоо сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бид хоёр ямар байр авах, яаж амьдрах талаар сайтар судалж, ярьж тохиролцсон. Одсүрэн маань удахгүй Германаас ирнэ. Харин бүрмөсөн ирэх эсэх нь тодорхойгүй. Тэр хүний хувьд одоо ид бүжиглэх үе нь учраас “Энд ир, амьдар” гэж хэлж чадахгүй. Бид хоёр зорьсон зорилгодоо хүрч, төлөвлөсөн ажлаа хийж дуусгахын төлөө тэмүүлж байгаа. Тэгээд арай зав чөлөөтэй болсон үедээ л гэр бүлийн амьдрал зохиох байх.
-Амьдрах байрынхаа асуудлыг хүртэл хамтдаа шийдсэн гэхээр гэр бүлийн нарийн төлөвлөгөө зохиожээ?
-Төлөвлөгөө байлгүй яахав. Гэхдээ бид хоёр урьд нь их сайн найз байсан болохоор одоо “Гэр бүл болно, хүүхэд төрүүлнэ” гэж ярихаар надад жаахан айдас төрдөг юм. Би гэрийн эзэгтэй, эх хүн болж чадах эсэх нь эргэлзээтэй ч юм шиг. Аймаар шүү дээ./инээв/
-Айлын бага хүүхэд гэдэг утгаараа, нэлээд эрх санагддаг нь үнэн юм?
-Тийм ээ, би Болор-Эрдэнэ гэдэг ганцхан эгчтэй. Англи хэлний орчуулагч, багш мэргэжилтэй, царайлаг сайхан эмэгтэй бий. Их ухаантай, бас хөдөлмөрч, намайг бодвол арай эмэгтэйлиг хүн. Би бол нэлээд эршүүд, сахилгагүй, гэрийн ажилд муу хүн шүү дээ. Бага байхдаа эгчтэйгээ их муудалцдаг байж билээ. Ээж маань санаа зовохдоо ламд хүртэл үзүүлж “Манай хоёр охин таарахгүй байна, энэ юунаас болов” гээд суучихна. Эгч маань их даруухан болохоор би байнга дээрэлхэнэ ээ. Хөвгүүдтэй уулзаад зогсч байхад нь аягүй муухай царайтай очоод “Болороо, би өлсөөд байна, манай гэрт идэх юм байхгүй” гэж ичээдэг байлаа. Ингэж янз бүрээр ичээж, сургууль даяар нүүрийг нь “шарж” байгаад мөнгө авна. Өглөө гэрээс гарахдаа хоёулаа адилхан хэмжээний мөнгө авч гардаг байхгүй юу. Би өөрийнхөө хувийг тэр дор нь үрчихээд эгчийнхээ хадгалсан мөнгийг ийм муухай арга хэрэглэж авдаг байсан. Одоо бодохоор тийм эзэрхүү, дээрэнгүй байсандаа ичдэг юм. Харин эгчийгээ нярайлж, үрийн зулай үнэрлэснээс нь хойш маш их хайрладаг болсон. Юун хэрэлдэж, муудалцах манатай. “Хааяа ч гэсэн, эгч маань надад эрхлээсэй. Ямар нэгэн зүйлд туслалцаа аваасай” гэж хүсдэг.
-Эгчийнхээ болзоог далимдуулж, мөнгө авдаг байсан сахилгагүй охин маань өөрөө хэр захиа авсан бол?
-Хөвгүүдтэй үерхэж, захиа энэ тэр авч сүйд болсон юм алга. Эрчүүд их сонин шүү дээ. Өөрт нь таалагдаж байгааг илэрхийлж чадахгүй, яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй. Би нэлээд шударга зантай болохоор ийм занд дургүй. Энэ ч утгаараа, гадаад дууны тоглолтдоо дуулах нэг хятад дууг их сонирхож байж сонгосон юм. Би өдий хүртэл бусад охидын адил хэн нэгэнтэй гудамжаар хөтлөлцөн гүйж, чихэр хувааж идээд л хамт кино үзэж байсангүй. Үерхэж байгаа охид хөвгүүдийг харахаар нэг л ойлгомжгүй санагдаж “Цаг заваа ямар тэнэг зүйлд үрдэг юм бэ” гэж гайхна. “Ийм ашиггүй юмтай зууралдаж байхын оронд төгөлдөр хуурын хичээлээ давтсан нь дээр” гэж үздэг байлаа. Гэтэл тэр хятад дууг сонсоод бүтэн өдөржингөө уйлсан шүү. Тэр гоё үерхэл нөхөрлөл, хайр дурлалын амт, нарийн мэдрэмжийг огт мэдрээгүй өнгөрчихсөн юм шиг санагдсан. Тиймдээ ч би “Үүрээ, Чимгээ хоёрынхоо гэр бүлтэй болсон тэр сайхан аз жаргалтай үеийг нь хуваалцаж чадаагүй болохоор бид одоо хамтарч уран бүтээл хийхгүй байгаа юм болов уу даа” гэж бодоод уйлсан. Ер нь, хөвгүүдтэй албан ёсоор үерхэж нөхөрлөж үзээгүй. Долоо хоног гуйхад нь царай өгөхгүй болохоор эрэгтэй хүмүүс залхаад явах нь мэдээж шүү дээ.
-Дургүй хүрсэн үед сэтгэл доторх бухимдлаа тэр дор нь нээдэг үү?
-Таалагдахгүй зүйл гарвал “Үнэхээр уучлаарай, чи ёстой биш юмаа” гээд л явуулчихна. Сэтгэлд хүрэхгүй байвал бүх үнэнийг нь ойлгуулах хэрэгтэй шүү дээ.
-Олны танил эмэгтэйчүүдэд янз бүрийн санал ирэх нь ойлгомжтой. Энэ бүхэнд хэрхэн ханддаг, тавьдаг шаардлага тань юу вэ?
-Би нэг их шаардлага тавьдаггүй ээ. Утсаар ярих ч юмуу янз бүрийн санал тавьсан эрчүүдэд нүүр өгдөггүй юм. Энэ шударга зан маань дэл сул үгээр яриа өдөж, эргүүлэх гэсэн эрчүүдийг халдаадаггүй юм шиг санагдсан. Гэр бүлтэй эрчүүд уулзаж, учрах санал тавих нь цөөнгүй. Тэр хүний ард надтай адилхан эмэгтэй хүн байгаа учраас ийм асуудлыг хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Хэзээ нэгэн цагт би ч гэсэн, нөхөртэй болно шүү дээ. Тиймээс эхнэртэй эрчүүд утсаар ярихад сэтгэл бухимдаж, тэдний өмнөөс гутрах, ядрах гэх мэт муухай мэдрэмж төрдөг. Урлагийн хүн гэхээр л намайг хөнгөн явдалтай, дэл сул амьдралтай юм шиг санадаг байж магадгүй. Сэтгэл хөдлөл, тайзны хэтрүүлэгтэй жүжиглэлт зэргээс болоод андуурч байхыг ч үгүйсгэхгүй.
-Уран бүтээлчээс гадна эмэгтэй хүний хувьд, нийгэмд буй болж бүтэхгүй байгаа асуудлыг анхаардаг байх. Хүмүүнлэгийн ажилд хэр зэрэг оролцдог вэ?
-Өнчин, ядуу хүүхдүүдэд туслах зорилгоор балетчин Одсүрэн бид хоёр тоглолт хийж байсан. Одсүрэн маань Монголд ирэх бүртээ намайг асрамжийн газраар дагуулж явдаг юм. Тэнд очоод Одсүрэн дэлхийн сонгодог урлаг, балетын тухай лекц уншихын сацуу тоглолт хийдэг. Харин би Монголын уртын дуу яаж үүсч хөгжсөн, урлагийн хүн байхын тулд хэрхэх ёстой вэ зэрэг бяцхан хичээл зааж, багахан хэмжээний тоглолт хийнэ. Мөн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн амьдрал, гэр бүл салалтын асуудалд ч тодорхой хэмжээгээр анхаардаг. “Охид эмэгтэйчүүд маань бүрэг даруу, гэнэн итгэмтгий зангаасаа болж амьдралд бүү алдаасай” гэж хүсдэг. Урлаг нийгмийн амьдралаас нэг алхам түрүүлж явдаг учраас энэ бүхнээс суралцаасай гэж өөрт байгаа бүхнээ харамгүй өгөхийг хүсч байна.
-Үндэсний урлагаа гадаадад сурталчилж явахад олон сайхан зүйлтэй учирдаг нь мэдээж?
-Гадаадынхан манайд ирээд жинхэнэ нүүдэлчин ахуй амьдрал, хүрээ маягийн амьд тоглолт үзэхийг хүсч, илүү их сонирхдог юм. Намайг хаана ч явсан бай, хамаагүй. Үргэлж хурцалж, дуулах эрч хүчийг өгдөг зүйл маань эх орноо гэсэн сэтгэл байдаг. Хувь хүний амьдрал өөрөөс нь л шалтгаална шүү дээ. Тиймээс би ямар ч тохиолдолд дасгалаа уншиж, уран бүтээлдээ өөрийгөө төвлөрүүлж чаддаг. Энэ бол эх орныхоо төлөө хийж байгаа уран бүтээлч миний хувь нэмэр.
-Урлагийн тайзан дээр амьдарна гэдэг хамгийн сайхан. Харин энэ хугацаанд урлаг танд юуг өгсөн гэж боддог вэ?
-Маш том ёс суртахуун, өндөр хүмүүжлийг олгосон. Хэрвээ би зугаа цэнгэл хөөж, архи дарс хэрэглэдэг байсан бол өдий болтол дуулж чадахгүй. Залуу нас, гоо сайхан маань ямар ч үнэ цэнэгүй зүйл болж хувирах байсан биз. Уран бүтээлээ жинхэнэ утгаар нь амилуулж, үзэгч сонсогчдодоо таашаал өгнө гэдэг урлагийн хүний том зорилго. Цаашдаа би урлагийг бизнес болгох боломж байгаа гэж хардаг. Энэ нь мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй гэсэн үг биш шүү. Монголын уртын дууг яаж дэлхийн экспортод гаргах вэ, уртын дуучин хүний ханш ямар түвшинд байх ёстой вэ гэдгийг илүү бизнес төвшинд харж байна. Энэ ч утгаараа, цаашид урлаг судлаач болох бодолтой байгаа. Үр өгөөж нь ч удахгүй мэдэгдэх байх.
-Цаашид уртын дуугаараа дагнах уу, аль эсвэл өөр зүйл төлөвлөсөн үү?
-Би уртын дуундаа хайртай. Түүнээсээ холдвол би хэн ч биш болно. Би л хийхгүй бол, өөр хэн ч хийж чадахгүй юм шиг санагддаг. Дотроо байгаа бүх зүйлийг урлагаараа дамжуулж илэрхийлнэ. Одоо техник технологийн өндөр хурдтай байгаа энэ үед монголчуудын шинэ хөгжмийн урсгал дэлхийн хүмүүст сонсох, дууриах, хуулах боломж нээгдсэн байна. Монгол хөгжим бол дэлхийд цоо шинэ брэнд. Рианна, Шакира шиг хүн 1000 байлаа гэхэд, тэд нар ийм хөгжмийг сонсч амжаагүй, эсвэл мэдрээгүй байх тохиолдол бий. Тэгэхээр зөв харж чадвал Монголд маш их нөөц байна гэсэн үг.
-Таныг ахмад туульч, ерөөлч, магтаалч Д.Өлзий гуайн гарын шавь байсан гэдэг. Энэ чиглэлээр явсан бол их ирээдүйтэй гэж магтуулж байсан дуучин маань яагаад замын дундаас буцах болов оо?
-Төв халхын эмэгтэй туулийг өвлөж авсан учраас би цаашид энэ чиглэлээр уран бүтээлээ хийнэ. Одоохондоо залуу хүн учраас тууль хайлж, ерөөл, магтаал уншиж суух нь тийм ч сонирхолтой санагдахгүй байна. Залуу гэдэг үг хүнийг их завгүй байлгадаг шүү дээ. Тэгэхээр хэсэгтээ л уртын дуугаараа дагнана. Д.Өлзий эгчээсээ уучлалт гуйх боломж гарсанд баяртай байна. Хамгийн инээдтэй нь, би нэгдүгээр курст байхдаа багш руугаа утсаар ярьсан явдал. “Сайн байна уу, Өлзий эгч ээ. Би одоо танайд очлоо, та юу захих вэ” гэхэд ээзгий захиж билээ. Өвөл нэгдүгээр сар байсан болоод ч тэр үү, ээзгий хайгаад ер олдсонгүй. Түүнээс ичээд багштайгаа уулзаж чадахгүй байсаар байтал гурван жил өнгөрчихсөн. Ганцхан ээзгийнээс болоод багшийнхаа нүүрийг харж чадахгүй явсан маань зургаа, долоон жилийн шаналал болно гэж яаж санах билээ. Одоо хүртэл багшийндаа очно гэхээс ичээд байдаг юм. “Чамайг ямар сүхээр цохиод авах биш дээ” гэж хэлэх байх л даа, багш маань. Яг зориод очих гэхээр зав олдохгүй ч юмуу ажил давхацаад байдаг юм. Гэхдээ энэ бол жижигхээн шалтаг байхгүй юу. Ямар ч байсан, багшдаа очно оо. Энэ сэдвийг хөндсөнд маш их баярлалаа. Тууль бол үнэхээр гайхамшигтай урлаг. Швейцарьт өөрийнхөө хоёр цомгийг бичүүлж байхдаа нэг хэсэгт нь тууль оруулсан юм. Гадныхан маш их сонирхож байсан шүү. Эминемийн хэллэг, техник нь монголын туулийн хэсэгтэй төстэй ч юмуу авч болохуйц хувилбар цөөнгүй байсан. Тиймээс энэ бол тусгайлан бие дааж хийх зүйл юм байна гэж ойлгосон доо.
-Уран бүтээлчид клип, рекламанд тоглоод хүссэн, хүсээгүй жүжиглэх авьяасаа харуулдаг. Тэгвэл кинонд тоглох санал хэр зэрэг ирдэг вэ, танд?
-Би түүхэн кинонд тоглохыг мөрөөддөг. Гэхдээ яг ямар киноны санал ирэхийг мэдэхгүй юм. Миний хувьд, уран бүтээлээрээ дамжуулж бүх мөрөөдлөө биелүүлдэг учраас хэн нэгэнд найдаж явдаггүй. Харин боломж гарвал хэзээд бэлэн байхын тулд өөрийгөө бэлддэг.
-Дуучин бүсгүйн дуртай өнгө болон гоёлыг сонирхмоор байна?
-Урьд нь дандаа номин цэнхэр өнгө сонирхдог байсан. Одоо бол ягаан, бор, цагаан өнгөнд дуртай. Чухал шаардлагагүй бол хар өнгө сонгохгүй. Эмэгтэйлиг харагдахуйц цайвар юмуу хийсвэр өнгө гоё санагддаг. Ягаан бол намуухан талдаа хэрнээ эмэгтэйлиг өнгө шүү дээ. Бас бага зэрэг аальгүй. “Урлах эрдэм” дээд сургуулийн дизайнерууд миний стиль имижийг тодорхойлж, гоёлыг маань зэхдэг. Би гоёлын даашинзаас илүү ноос ноолууран бүтээгдэхүүн хэрэглэх дуртай. Биед эвтэйхэн, дулаан байвал зүгээр.
-Гоо сайхнаа ямар салонд даатгасан бол..?
-Арьсандаа маш их анхаардаг болохоор “Charming beauty” салоноор үйлчлүүлдэг. Мөн үсний гоо сайхнаа Хавараа, Уртаа нарт даатгана. Хавар, намар, зуны улиралд фитнесс болон усан бассейнд хичээллэнэ. Өвлийн цагт жаахан даараад байдаг юм. Бас хажуугаар нь бүжгийн хичээлд явж эхэлсэн.
Р.Мөнгөн