Авьяслаг монголын зураачид олон зуун жилийн туршид үндэснийхээ уран үургийн онолын ба уран сайхны үндсийг бүтээхдээ зөн билэгдлийн утга санаа бүхий хээ угалзыг зураад зогссонгүй тиймэрхүү хээгээр бодит юмс, байгалийг дүрслэн зурах нэгэн төрөл сонин арга сэдэж олжээ. Энэхүү хээн зураг нь монгол зургийн уянгалаг уран нарийн зураасын эхлэл түрүү болсон гэж үзэх талтай. Манай зураачид маш хичээнгүй, нямбай боловсруулсан дэвсгэртэд агаар гэрэлд хичнээн ч удсан өнгө чанараа алддаггүй тийм будаг хэрэглэн хялгас мэт нарийн бийрээр уран зураас гарган зурдаг онцлогтой. Өчүүхэн бага зайд олон утга санаа, өргөн их үйл явдлыг багтаан харуулна. Уг дүрсэлж буй юмны махбодь чанарыг илэрхийлдэггүй шугам зайн алслалт , гэрэл сүүдэр хэрэглэдэггүй зөвхөн уран татлага, уян нарийн зураас, бэлэг дэмбэрэлт өнгөөр бүхий утга санаагаа гаргана. Тэгэхдээ зураасаах юмны зөвхөн хэлбэрийг төдий биш түүний эзлэхүүн багтаамжийг дүрсэлж болдог байна. Бүх юм тодорхой дүрээрээ бодитой харагдах ёстой гэдэг гүн ухааны ойлголтоор манай зураг харааны цэг буюу түвшинг ихэвчлэн өндөрт авч, өндрөөс харсан байдлаар зурдаг. Бодит байдалд тун дөхүү боловч уран сайхны шилдэг хийсвэрлэлийг буй болгож бодит чанарыг хэвээр нь буюу улам тодруулж үзүүлэхийг оролдоно. Жишээ нь үүл зурахад нүүсэн, суусан, аадрын, сэмжин гэх мэтчилэн дотор нь ялгагдахаар зурна.
XVI-XIX зууны үед үндэсний зураг Монгол оронд ихэд дэлгэрсэн шарын шашинтай арга буюу холбогдсон нь үнэн боловч Германы монголч эрдэмтэн Б. Лауцерын бичсэнчлэн Шарын шашин хичнээн хүчтэй байсан ч монголын урлагт агаар гэрэл, амьдралыг бүрэн устгаж чадаагүй юм.
Г. Занабазарын “Хорин нэгэн дарь эх” Пунсалдулам дарт эхийн дүрсийг харахад ертөнцийн эмэгтэйн уран бие, усгал зөөлөн төрхийг санагдуулдаг билээ. Монгол зургийг үйлдэх тэг, арга ухааныг дэлгэрэнгүй бичиж, түүнийг нь урчууд манай зууныг хүртэл даган мөрдөж байсан тусгай заавар бүхий ном олон байжээ.
Үндэсний зургийн нэг онцлог нь билэг дэмбрэл, зөн санаа, хүсэл мөрөөдлийг дээд зэргээр эрхэмлэдэгт оршино. Монголчуудын эрхэмлэн үздэг бат бөх чанар, өнгө үзэмж, мөнх бадрах сайн сайхныг билэгдсэн өлзий ерөөл бүрдмэл гүнзий утга санаа, ард түмний гуа сайхны ойлголт,дүгнэлт эрмэлэл нь түүнд тод тусгалаа олсон юм. Жишээ нь гэр нь алтан бумба хэлбэртэй, тооно унь нь дэлгэж байгаа бадам цэцэг буюу цацарч байгаа нарны гэрэл шиг гэх бө хэрэглэх эзэнд нь ерөөл болгож энх уаргал, өлзий баяр, сайхан санаа, ашдын билэг бодож урчууд бүтээлээ хийдэг байсан. Монгол зураг ардын болон чимэглэх олон төрөл урлагийн эх загвар үндэс болж ирэв.
Зургийн шир дэвсгэртийг янзлан бэлтгэх тусгай аргатай байсан ба түүнийг зөв нямбай боловсруулж сийдсэн бол үнгэгдэж нугардаггүй, ямар ч нарийн бийрээр зурсан торж тээгэглэггүй юм. Олон он жилээр онгож ганддаггүй будгийн чанар мөн сонирхолтой. Түүнийг гадаадаас авч байсны зэрэгцээгээр орон нутгийн материалаар хийсэн шороон, чулуун, шимийн будгууд бий. Хөдөө, ялангуяа говьд олон өнгийн шороотой газар элбэг тохиолддог ба тэрхүү шороог тунгаан авч заримыг нь түлж будаг гаргадаг байсан.