Утга зохиол сонирхдог номын “хорхойтон”-уудад зориулан дэлхий дахиныг тэр дундаа амьдралыг тольдох алтан хормыг бэлэглэж мэдлэг оюуны алжаалыг тайлахын зэрэгцээ бие хүний хүмүүжил – төлөвшилд асар үнэтэй хөрөнгө оруулалтыг хийдэг номын ертөнцийн сонин хачинаас сонирхуулж байна.
Энэ удаа эх дэлхийн энгүй гайхамшиг нь болж эр зориг, тэсвэр хатуужил, үзэсгэлэн гоо хийгээд “хайр”-ын сэтгэлийг харамгүй түгээгч олон гайхалтай бүсгүйчүүдийн төлөөлөл болж уран зохиолд дүрслэгдсэн үлгэр жишээ – хүчирхэг “эмэгтэй” дүрүүдийн тухай хүргэж байна. Харин та үргэлжлүүлж өөрийн уншсан ном бүтээлээс энэ төрлийн “шилдэг” дүрүүдийн тухай хуваалцаарай.
1. Жэйн Эйр / “Jane Eyre”
Бие хүний болоод дотоод гоо үзэсгэлэн, оргилуун сэтгэлтэй “эмэгтэй” хүнд байх хамгийн “төгс” шинжийг хадгалсан эртний төлөөлөл бол Английн зохиолч Шэрлот Бронтегийн “Жэйн Эйр” зохиолын баатар “Жэйн Эйр” юм. Хүүхэд насны хүнд хэцүү үеийг даван туулж, амьдралын хүнд сорилттой байнга нүүр тулсаар ирсэн тэрээр өөрийгөө үргэлж зоригжуулж, хөл дээрээ босох бүхий л алхам боломжийг эрэлхийлдэг сэтгэлийн асар их тэнхээтэй бүсгүй билээ.
Шэрлот Бронтегийн зохиолын гол дүр болох Жэйн Эйрийн тухай Хятадын нэгэн нийтлэлд, Жэйн Эйр бол Шэрлот Бронтегийн зохиолын дүрүүдээс бодол ухаан, гоо үзэсгэлэн хийгээд ёс суртахууны хувьд хамгийн гайхалтай, хэзээ ч хэнд ч дийдэлшгүй тийм хүчирхэг эмэгтэй хэмээн бичжээ. Түүний эл зохиолоос сэдэвлэсэн дэлгэцийн “Jane Eyre” кино 1943 ба 2011 онд тус тус гарч байсан байна.
2. Хермони Грэйнжер / “Harry Potter”
Бүхнийг өөрөө хийхийг эрмэлзэж хичээхийн зэрэгцээ тэсэхүйеэ зөрүүд тэрээр хосгүй ухаантай басхүү хүчирхэг удаах гол дүрийн эмэгтэй юм.
“Мэдлэг ухаан” бол хэзээ ч ямар ч үед хувь хүний хамгийн хүчирхэг зэвсэг байдаг бөгөөд “Харри Поттер” цуврал зохиолыг унших эсвэл киног нь үзсэн хэн ч хоёр найзыгаа аюулд өртөхөөс үргэлжид хамгаалдаг сэргэлэн цовоо, эрч хүчтэй түүнийг өхөөрдөм басхүү дийлдэшгүй гэдгийг хэнээс ч илүүтэй мэдэх билээ. Анхны боть нь 1997 онд худалдаанд гарч тэр цагаас хойш өдгөөг хүртэлх дэлхийн хамгийн шилдэг зохиол / дэлгэцийн цуврал кино болсон эл бүтээл Их Британий зохиолч Жэй. Кэй. Роулингийнх…
3. Алисон / “The Canterbury Tales”
Энэ бол Английн утга зохиолын “загалмайлсан эцэг” гэгддэг дундад зууны үеийн Английн зохиолч, яруу найрагч Жеофри Чосэрийн үргэлжилсэн үгийн “The Canterbury Tales” хүүрнэл зохиолын нэгэн гол дүр болох удаах хүчирхэг эмэгтэй дүр юм.
Саутваркаас Кантербюри сүм хүртэл бадарчилж яваа мөргөлчдийн дунд зохиосон хэн хамгийн шилдэг домог яриа, үлгэр хүүрнэх вэ уралдааны явцад хүүрнэсэн яриагаар гол төлөв үргэлжилдэг зохиолын “The Wife of Bath’s” үлгэрт гардаг өөрийгөө Алисон гэх энэ эмэгтэйг ёс суртахуунаа уландаа гишгэж, элдэв эртэй садарлаж явдаг тухай элдвээр ярьж, бичдэг боловч түүний эл хуурамч “баг”-ны цаана бие сэтгэлээ зөв удирдан чиглүүлж анти – феминизм үзлийг таягдан хаяж, нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн ноёрхол, эрхийн төлөө тэмцэх сэтгэл нуугдаж байсан гэдэг.
4. Кэтнисс Эведийн / “The Hunger Games”
Энэ оны 3 сард нээлтээ хийж олныг багагүй шуугиулсан “The Hunger Games” киног Америкийн зохиолч Сузанне Коллинсийн 2008 онд гаргаж байсан “The Hunger Games” романаас сэдэвлэн бүтээжээ.
Америк болон Европ, Азийн нутгуудаар ургадаг идэж болдог “Katniss” цэцэгнээс санаа авч түүний нэрийг ийн өгсөн бөгөөд Панем дүүрэгт нүүж ирсэн 16 настай Кэтнисс насандаа баймгүй чадвар, ухамсар – сэтгэл тээсэн гайхалтай дүр юм. Бага насны хар бараан амьдрал нь түүнийг сэтгэлийн асар их хат, эрэмгий дайчин ухааныг олж авахад нөлөөлсөн бөгөөд тэрээр нум сумаар сайн харвадаг, хэнийг ч дагуулахгүй гөрөөчин, хэзээ ч юу ч тохиолдсон ямар ч үнэ цэнээр гэр бүлийнхнээ хамгаалах сэтгэлтэй заримдаа энэрэлгүй мэт тус зохиолын шилдэг гол дүр юм. Амь сөрсөн эрсдэлтэй бас сонирхолтой түүхийг өгүүлэх эл зохиол гурван боть юм.
5. Эстер Принн / “The Scarlett Letter”
Гэр бүл болоогүй атал Пуритан эртэй эр эмийн холбоо тогтоосны учир хөл хүнд болж амьдралын сайхныг амталж явсан жаргалтай хатагтай Эстер хожмоо түүнд “ашиглуулж” явснаа ухаарч харуусал тээсэн түүний итгэл бишрэл болоод нэр хүндээ эргэн олохын тулд шинэ амьдралын эхлэл өөдөө цуцашгүй тэмцдэг тухай гардаг энэхүү зохиол бол Америкийн зохиолч Натаниэль Хауторны 1850 онд гаргаж байсан түүний олонд танигдсан бүтээл юм.
Зохиолын гол дүрийн эмэгтэй Эстер Приннийг Америкийн утга зохиолд гардаг анхны бөгөөд хамгийн шилдэг “тэмцэгч” эмэгтэй дүрээр нэрлэсэн байдаг. Зохиолын үйл явдал 1642 – 1649 онд Массачусетс-т өрнөдөг.
6. Йовин / “The Lord of the Rings”
Талкины зохиолын оргил, дэлгэцийн дэлхийн шилдэг бүтээл болон амилсан “The Lord of the Rings” роман болон кино нь дайчин эмэгтэй дүрээрээ төдийлөн үзэгч, уншигчдад хүрээгүй ч эрэлхэг Йовин бүсгүйг мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ. Арагорнтой хайр сэтгэлийн холбоотой ч нутгийн нэгэн хоббитыг хамгаалж, Ангмарын хааны амийг хөнөөхийн зэрэгцээ олон ч дайнд тэмцэж явсан тэрээр яахын аргагүй удаах шилдэг эмэгтэй дүрээр нэрлэгдэж байна. Тэрээр өөрийгөө “Shieldmaiden” хэмээн нэрийддэг бөгөөд энэ нь Скандиновийн домог ёсоор дайчин эмэгтэй юм байна.
Оксфордын их сургуулийн профессор, хэл бичгийн эрдэмтэн Жэй. Ар. Ар. Талкин эл бүтээлээ 1937 онд бичиж байсан богино хэмжээний хүүхдийн “Хоббит” зохиолоосоо сэдэвлэн ийнхүү хэдэн боть роман болгожээ.
7. Лайра Белакуа / “His Dark Materials”
“Үг” гэдэг сэтгэлийн хамгийн хүчтэй зэвсэг гэдгийн тод тусгал болж 12 настайгаасаа эхлэн зохиолд өрнөх ээдрээт үйл явдлын гол баатар болж дүрслэгдсэн Лайра оюуны хөгжингүй потенциалаараа “Silvertongue” хэмээх өргөмжлөлийг өөртөө олж авдаг эл зохиол бол Английн нэрт зохиолч Филип Пүльманы гурван боть “His Dark Materials” романы гол зангилаа юм.
Лайра одоо цаг ба ирээдүйг зөгнөн хэлдэг хэний ч уншиж чаддаггүй “алетиометр”-ийг уншиж чаддаг гоц нэгэн бөгөөд үхэгсдийн ертөнцийн сүнснүүдийг удирдаж үхлийн ертөнцөд төгсгөл хийснээр хувь тавиландаа оноогдсон үүргээ амжилттай биелүүлдэг тухай гардаг байна. Эл зохиол “The Golden Compass” хэмээн олонд танигдсан бөгөөд энэ нь тус зохиолын “Northern Lights” / “The Golden Compass” ботиос сэдэвлэн бүтээж 2007 онд гарсан кино юм.
8. Жэни Крауфорд / “Their Eye Were Watching God”
Энэ бол Америкийн зохиолч Зора Нийль Хөртсоны 1937 онд бичиж байсан түүний алдартай бүтээлийн нэг юм. Зохиолд XX зууны эхэн үеийн Флоридад өрнөх Жэни Крауфорд охины тухай гардаг бөгөөд “Time” сэтгүүлийн шилдэг романы жагсаалтад орж байсан роман ажээ.
Жэни бол эгэл жирийн дуугай өсвөр насны охин бөгөөд боловсорч гүйцсэн шинэхэн жимс лугаа түүний “эмэгтэй” хүн болох шилжилтийн үеэс эхлээд түүний амьдралд тохиолдох олон саад тотгорыг хэрхэн цуцалтгүйгээр давж гарч байгаа тухай гардаг зохиол байна. Өөрөө өөрийгөө хэн бэ гэдгээ танин мэдэх олон адал явдал түүнийг хүрээлж тэрээр хэн түүнийг хайрлаж болох эсэхэд хүртэл сорилт шалгуур тавьдаг гярхай, хүчирхэг нэгэн хэмээн эл зохиолд дүрслэгджээ. Энэхүү романаас сэдэвлэсэн дэлгэцийн бүтээл 2005 онд гарч байсан байна.
9. Хуа Мулан / “The Ballad of Mulan”
Диснейн цуврал “Мулан” хүүхэлдэйн киногоороо танигдсан гол дүрийн баатар Муланы тухай VI зууны Хятадын “The Ballad of Mulan” шүлэгт дүрсэлжээ. Энэ цагаас олон хувилбараар олон ч хэл дээр хэвлэгдэн хожмоо дэлгэцнээ амилсан тэрээр тус шүлэгт аавынхаа оронд цэргийн алба хааж, дайчин эмэгтэй болох агаад 12 жил дайн тулаанд оролцож олон гавъяа байгуулсан ч ямар ч зэрэг зиндаа, хэргэм зэрэг авалгүй – тэднээс татгалзаж зүгээр л эргэн гэртээ ирэхийг илүүд үздэг тухай гардаг байна.
10. Лисбет Саландер / “The Girl with the Dragon Tattoo”
Шведийн сэтгүүлч, зохиолч Стэйг Ларссоны бичсэн гэмт хэргийн сэдэл бүхий эл бүтээл 2005 онд анх хэвлэгдэж байжээ. Лисбет нь дэлхийн №1 зэрэглэлийн хакер бөгөөд “Wasp” нэрээрээ олонд танигдсан компьютерийн мэргэжилтэн нэгэн бөгөөд хуурамч паспорт гаргаж Шведээс эхлээд ямар ч профайлаар хүссэн газраа хүрч чаддаг чадварлаг эмэгтэй юм. Түүний бага нас хар бараан дурсамжуудаар дүүрэн өнгөрсөн нь түүнийг анти-сошиал тэмцэгч нэгэн болоход нөлөөлж нөхөрлөхөд бэрх дуугүй атал эрэмгий байдлыг шингээжээ. Дэлгэцийн бүтээл нь 2009 / 2011 онуудад тус тус гарч байжээ.