“Miss Mongolia-2009” тэмцээний тэргүүн мисс, “Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирал, Монголын дизайнеруудын холбооны нэгдүгээр зэрэглэлийн загвар өмсөгч Хүрэлбаатарын Бадамгэрэлтэй ярилцлаа.
-Таныг хүмүүс “Miss Mongolia-2009” тэмцээний тэргүүн мисс гэдгээр илүүтэй мэддэг. Үүнээс өмнө энэ төрлийн тэмцээнд оролцож байв уу?
-2007 онд дунд сургуулийн арваннэгдүгээр ангийг төгсөх үедээ “Үнсгэлжин” наадамд оролцоод түрүүлж байсан. Яг тэр үед л “Би чадах юм байна, цаашаа хичээгээд үзье” гэсэн урам зоригийг олж авсан даа. “Үнсгэлжин” тэмцээн миний хамгийн анхны гараа гэж хэлж болно. Түүнээс хойш хоёр ч удаа тус тэмцээний шүүгчээр ажилласан. Энэ маягаар шат ахиж, юм болгон л надад урагшлах боломжийг өгч байлаа. “Үнсгэлжин”-гээс өмнө бол жижиг тэмцээн уралдаануудад оролцож байсан л даа. Үүгээрээ өөрийгөө сойж байсан гэхэд болохоор. Юм болгон руу үсчиж байснаас томоохон хэмжээний тэмцээнд түрүүлэх зорилготойгоор оролцох нь надад илүү чухал юм шиг санагддаг л даа. Олон янзын тэмцээн уралдаанд оролцоод байвал хүмүүст бараг улиг болчих байх. Тэгээд ч сайн бэлдэж байгаад томоохон тэмцээнд оролцох, бүр тэргүүн байрт шалгарч чадвал эргээд надад маш том урам зориг өгч, хариуцлага нэмэгдэнэ. Ингэснээрээ намайг илүү сайнаар өөрчлөх боломжийг нээж өгч байгаа учраас тэр.
-Тэгээд л дараа нь “Miss Mongolia-2009” тэмцээнд оролцсон байх нь, тийм үү?
-Тэрнээс хойш тэмцээн уралдаан гэлгүйгээр олон улсын наадам, загварын тоглолтод оролцож байсан. Би чинь “Шилмэл загвар”-аас гаралтай модель шүү дээ. Компаниас маань моделиудаа хөгжүүлэхийн тулд маш олон арга хэмжээ зохион байгуулдаг байсан. Тухайлбал, бид нар Шенгений орнуудаар 10 хоногийн үндэсний хувцастай аялж, монголчууддаа зориулсан тоглолт хийж байлаа. Үүнээс гадна “Гоёл”, “Хаврын гоёл” гэх мэт өөрийнхөө хэмжээнд оролцож болох бүхий л зүйлд хүчээ сорьсон. “Miss Mongolia-2009” бол миний оролцсон хамгийн том, анхны тэмцээн.
-Тэргүүн миссийн титэм гардаад олон улсын тэмцээнд өрсөлдсөн. Бэрхшээл хэр зэрэг тулгарсан бол?
-Тийм ээ, “Miss International-2009” тэмцээнд оролцсон. Өөрийнхөө зүгээс үүргээ маш сайн биелүүлсэн гэж боддог. Олон улсын наадамд эх орноо сурталчлан таниулах бүхий л зүйлийг авч явсан. Эндээс бараг гурван том, хоёр жижиг чемодантай гарсан ч ачаа хэтэрсэн гээд нэмэлт хөлс төлөхийг шаардсанд нь жаахан сэтгэл дундуур явдаг юм. “Би зөвхөн Бадамгэрэл гэдэг хүний нэрэн дор бус эх орноо төлөөлж, олон улсын наадамд оролцох гэж байна шүү дээ. Гэтэл яагаад надаас мөнгө нэхэж байгаа юм бэ” гэхэд “Ачаа хэтэрсэн болохоор нэмэлт хөлс төлөх ёстой” гээд 250 ам.доллар авч байсан. Ачаа минь хэтэрсэн нь үнэн л дээ. Арьсан эдлэл, оньсон тоглоом гээд дандаа хүнд даацын зүйл авч явсан ч харийн оронд эх орноо сурталчлаад ирэхэд чемодан минь хов хоосон болчихсон байсан шүү. Энэ бүхэн тус наадамд оролцох дараа дараагийн миссүүдэд маань байр эзлэх боломжийг нь нээж өгсөн болов уу гэж боддог юм.
-Уг наадамд тодорхой амжилт гаргаж чадаагүй ч гэлээ, эх орноо сурталчлах гэж сэтгэл, зүтгэлээ зориулж чадсан гэж хүмүүс ам сайтай байдаг юм билээ, танд?
-Энэ тал дээр өөртөө бардам байдаг. “Miss Mongolia-2009” тэмцээнд түрүүлсэн даруйдаа олон улсын наадамд оролцох бэлтгэлээ базааж эхэлсэн. Мэргэжлийн багш нарын удирдлаган дор дуу, бүжиг, жүжиг, хэлний бэлтгэлийн хичээл заалгаж байсан болохоор маш хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээ зарцуулсан даа. Эцэг эх маань бараг дансан дахь бүх мөнгөө шавхаад намайг энэ тэмцээнд оролцуулж байсан. Тэрнийхээ хэрээр энэ тэмцээнд надад маш их зүйлийг өгсөн. Эх орноо төлөөлж оролцсон болохоор зарцуулсан бүхэндээ би харамсалтай ханддаггүй. Хүсч, зориулсан бүхнээ би эргээд хэд дахин илүү болгоод өөрийгөө хөгжүүлээд авсан учраас тэр.
-Улсын хэмжээний тэмцээнд түрүүлж, хацар гоо охидынхоо төлөөлөл болно гэдэг үнэхээр ховор боломж. Гэтэл сүүлийн үед миссийн титэм үнэгүйдэж, миссүүд маань нүцгэлээд байгаа нь харамсмаар санагдах юм?
-Нүцгэлнэ гэдэг бол ямар ч хувцасгүй нүцгэн байхыг хэлэх байх. Би мисс төдийгүй загвар өмсөгч хүн. Гэтэл моделийн ажил их хэцүү шүү дээ. Хэрвээ би “CK” ч юмуу ямар нэг жийнсний брэнд, дотуур хувцасны сурталчилгаанд оролцвол нүцгэлж байгаа хэрэг огт биш. Би зөвхөн ажлаа л хийж байна. Үүгээрээ ч тодорхой хэмжээний цалин, урамшуулал авна. Харин бусдад харуулах гэж өөрийнхөө нүцгэн зургийг хэн нэгнээр авахуулна гэдэг чинь нүцгэлэлт. Мисс хүн бусдын өмнө үлгэр дуурайлал болохуйц хэмжээнд байх ёстой мөртлөө хувийн нууц, гоо сайхныг бүрмөсөн дэлгэнэ гэдэг учир дутагдалтай асуудал. Тийм миссүүдэд би нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Магадгүй, тухайн хүнд ямар ч шалтгаан байсан байж болно. Миний хувьд, тийм зураг авахуулна. Гэхдээ зөвхөн өөртөө зориулж, Өтөлсөн хойноо залуу сайхан үе, гоо сайхан төрх, бие галбираа эргэн санах дурсамжийг үлдээх зорилгоор нүцгэн зураг авахуулах нь муу зүйл гэж бодохгүй байна.
-Мисс бүсгүй маань гоо сайхныхаа нууцыг шүдтэй холбож тайлбарласан гэдэг. Яагаад тэр вэ?
-Нэг удаа “Шүдээ сайн арчилж, хамгаалахын тулд сүү, тараг, цагаан идээ сайн хэрэглэх хэрэгтэй” гэж ярьсныг минь “Шүдээ сайн угааж бай” гээд мушгиж бичсэн байна лээ. Шүд арчлах гэдэг зөвхөн шүд угаахтай холбоотой асуудал биш шүү дээ. Хүн өөрийнхөө дотоод ясжилтаа бэхжүүлж, эрүүл мэнддээ анхаарна гэсэн үг байхгүй юу. Миний хувьд, тухайн хүний ясжилтын байдал шүдээр дамжин нүүрэнд нь илэрхийлэгддэг гэж боддог. Сайн “рам”-тай байж л сайхан явах нь тодорхой. Сайхан шүдтэй төрүүлж өгсөнд нь эцэг эхдээ баярлалгүй яахав. Харин шүдээ хэрхэн арчилж, хамгаалах нь надаас шалтгаалах учраас би цагаан идээ түлхүү хэрэглэдэг. Шүд хорхойтох, ломбо тавиулах зэргийг огт хүсдэггүй. Шүдний ариун цэвэр хувь хүний ариун цэвэртэй шууд холбоотой асуудал. монголчууд сүү цагаан идээ тогтмол хэрэглэдэг байсан болохоор шүдний өвчинд нэрвэгдээгүй. Тэгвэл одоо чихэр, ундаа хэрэглэdeg болчихсон учраас шүдний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгаа нь тодорхой.
-Тэгвэл гоо сайхны тань жинхэнэ жор нь юу юм бэ?
-Хөдөөнөөс авчирсан цэвэр тараг орой бүр уух sain. Ээж аав маань ч биднийг сүү, цагаан идээ тогтмол хэрэглэхэд сургасан. Ер нь зөв хооллож хэвшээд дотор эрхтэн эрүүл бол гаднаасаа ч бүх зүйл гэрэлтэнэ шүү дээ.
-“Holliwood smile” гээд л манай одод шүдээ цайруулдаг болж?
-Шүд цайруулах арга их олон янз байдаг юм билээ. Саяхан нэг шүдний эмнэлгээс надад хамтарч ажиллах гэрээ санал болгоход нь татгалзсан. 8000 ам.долларын үнэтэй “Holliwood smile” нь гадаадад очиж хийлгэдэг, шүдний паалан гэмтээдэггүй гэсэн. Монголд хийгдэж байгаа нь шүдний паалан гэмтээдэг, жаахан хатуу зүйл идэхэд эмтэрч унах аюултай. Тэгээд ч надад “Holliwood smile” хийлгэх шаардлага байхгүй учраас шүд цайруулах асуудалд ач холбогдол өгч, судалж үзээгүй. Харин хүмүүс энэ талаар сайн судалж байж, хийлгээсэй гэж хүсдэг. Ер нь аливаа юмыг хийхдээ гадаад үзэмжийг нь анхаарах бус ирээдүйд гарах үр дагаврыг нь тооцож байгаасай.
-Гадаад төрх тань нэлээд өвөрмөц болохоор зарим хүмүүс “Эрлийз” гэх хандлага гарч байсан. Үнэхээр тийм гэж үү?
-Тийм яриаг олон удаа сонссон. Олон улсын тэмцээнд оролцоход би ганцаараа арай өөр төрхтэй гэнэ л дээ. Ази охид ихэвчлэн жижигхэн биетэй, жартгар нүдтэй байдаг. Хятад охид нэлээд өндөр байдаг юм билээ. Гэхдээ миний оролцсон тэмцээнд намхан нуруутай хятад охин байсан. Тайванийн оролцогч хамгийн өндөр охиноор шалгарсан шүү дээ. 182 см мөртлөө өсгийтэй гутал өмсөөд бүр өндөр болчихдог гээч. Монгол охид дэлхийн тавцанд, ялангуяа Азиуд дундаа гадаад болон дотоод гоо сайхандаа маш сайн анхаардаг учраас ялгарч чаддаг юм болов уу гэж би дүгнэсэн. Яахав, эрлийз гэдгийн хувьд надад жаахан өөр цус бий. Манай эмэг эх Орос хүн байсан
-“Хэрвээ намхан нуруутай байсан бол” гэж бодож үзсэн болов уу?
-Үгүй ээ, тэгж бодож байгаагүй. Миний ургийн овог “Өндрийнхөн”. Манай аавын талынхан их өндөр хүмүүс байхад ээжийн талынхан чацтай улс. Манай дүү нар ч гэсэн бүгд өндөр. Тиймээс ийм болж төрсөндөө эцэг эх, хувь заяандаа баярлаж явдаг юм. Бага байхад таарах хувцас олдохгүй их хэцүү. Цамцны ханцуй, өмдний шуумаг заавал богинодоно. Ээж бид хоёр оёдлыг нь тавьж уртасгах юмуу эсвэл манжетик залгаж оёдог байлаа. Одоо бол гайгүй болчихсон шүү дээ.
-Гоёлын хувьд, нэлээд сонголт сайтай санагдсан. Тайзнаас буусан ч хамгийн дэгжин, бас содон харагддаг нь загвар өмсөгчийн мэдлэгтэй холбоотой байх. Таныг бас LV брэндийн үнэнч хэрэглэгч гэж сонссон?
-2010 онд LV брэндийг Монголд орж ирэхэд би албан ёсны нүүр царай нь болж, нээлтэнд нь оролцож байсан. Тухайн үед тодорхой хэмжээний урамшуулал болгож өгсөн зүйлүүд бий. Бас өөрөө сонирхож авсан цүнх, энэ тэр ч байна. Эмэгтэй хүн гоёмсог цүнх, гуталд гар татна гэж үү. Мэдээж хэрэг, өөрийнхөө хөдөлмөрөөр цуглуулсан мөнгөөр дуртай зүйлээ авах нь миний эрх.
-Загвар өмсөгч хүн дизайнеруудын хамгийн сайхан загварыг тайзан дээр амилуулдаг. Эмэгтэй хүний хувьд, сонирхол татсан загваруудаас авч үлдэх юмуу захиалгаар хийлгэх үе байдаг биз?
-Байлгүй яахав. Дизайнеруудын өчнөөн их хөлс хүч, цаг заваа зориулан байж урласан тэр бүтээлийг тайзан дээр амилуулдаг, хамгийн түрүүнд мэдэрдэг хүмүүс бол моделиуд. Үүгээрээ би аз жаргалтай, маш их бахархалтай байдаг төдийгүй давхар хариуцлага хүлээдэг. Дизайнеруудын шилдэг загварын хамгийн түрүүнд өмсдөг болохоор таалагдсан хувцасныхаа захиалгыг хамгийн түрүүнд өгөх боломжтой. Ийм маягаар нэлээд олон хувцас авч байсан. Ялангуяа “Урлах эрдэм” дээд сургуулийн дизайнеруудын хувцсыг байнга захиалах юмуу таалагдсан загвар дээрээ “Энэ минийх шүү” гээд бичээд хадчихдаг. Дараа нь тохиролцоод өөрийн болгож авна.
-Ямар дизайнеруудын бүтээл таалагддаг вэ?
-“Урлах эрдэм”-ээс гадна “Bess tailor” салоны дизайнерийн хувцаснууд таалагддаг. Эмэгтэй хүний хувьд гоё загвартай, тод өнгөтэй зүйлд сэтгэл татагдана. Үнэхээр таалагдсан гоёлоо шууд л худалдаад авчихна.
-Үндэсний загвартай даашинз өмсөх дуртай юм билээ. Загвараа та өөрөө гаргадаг уу, аль эсвэл дизайнерийн шийдэл үү?
-Монгол эх оронд төрснөөрөө, үндэсний хувцсаа амилуулах боломжтойгоороо би хамгийн их бахархлыг мэдэрдэг. Олон улсын тэмцээнд үндэсний хувцсаа өмсөөд гарахад бүх хүн шагшиж байсан. Тэр их ур ухаан, түүхээ агуулсан онцлог, өнгө үзэмж, загварын шийдэл хамгийн тансаг харагддаг. Малгай, хувцасныхаа деталь бүрийн утга агуулгыг тайлбарлахад миссүүд их гайхсан. Гэтэл эх орныхоо туг далбаагаар даашинз хийгээд өмсчихсөн мисс хүртэл байлаа. Тэгэхэд манай улс үндэсний хувцасныхаа баялаг түүхээр гайхуулсан сайхан ард түмэн. Миний ихэнх хувцас үндэсний хэв шинжтэй байдаг. Хувцаснуудаа “Торго” салонд захиалгаар хийлгэнэ, бас “Урлах эрдэм”-ээс худалдаж авдаг юм. Таалагдсан загварынхаа стилийг өөрчилж хийлгэх юмуу зарим гоёлыг өөртөө тааруулж янзлуулаад өмсдөг. Загвар өмсөгч хүн хувцас дизайны тал дээр нэлээд мэдрэмжтэй болчихсон байдаг биз. Хувцсаа яаж өмсөх вэ, юун дээр ямар чимэг хэрэглэх вэ гээд л тодорхой хэмжээний өөрийн гэсэн шийдэл, өнгө төрхийг бий болгоно оо.
-“Валентины захидал” кинонд дүрээ мөнхөлсөн. Энэ таны мөрөөдөл байв уу, эсвэл гэнэтийн шийдэл байсан уу?
-Кинонд тоглоно гэж бодож байгаагүй. Сүүлийн үед загвар өмсөгч, олны танил хүмүүс кинонд тоглож байгаа нь байх ёстой зүйл гэж боддог. Яагаад гэвэл, хүн бүр л дэлгэцэнд дүрээ мөнхлөхийг хүсдэг шүү дээ. Ямар үргэлж залуу, сайхнаараа байх биш. Сүүлд нь үр хүүхэд, ач гуч нь ээж юмуу эмээгийнхээ тоглосон киног үзэж дурсан санаж яваасай гэж хүснэ. Цаашид хойч ирээдүй маань миний хийсэн зүйлийг мэддэг байгаасай гэдэг үүднээс би алхам бүртээ дурсамж үлдээхийг хичээдэг. “Валентины захидал” кинонд тоглох саналыг найруулагч Д.Баярсайхан ах надад тавьсан. Би бараг шууд л зөвшөөрсөн дөө. Урьд нь хоёр, гурван киноны санал ирсэн ч миний зан араншин, байр сууринд тохиромжгүй санагдаад татгалзсан удаатай. “Валентины захидал”-аас хойш гурван ч киноны санал ирсэн. Тоглох эсэхээ шийдэж амжаагүй л явна.
-Миссийн тэмцээн, загварын ертөнц, кино урлаг, телевизийн нэвтрүүлэг, багшийн ажил гээд нэлээд олон төрөлд хүчээ сорьж байна. Цаашид бүх салбарт хүч сорих бодолтой явдаг гэсэн, үнэн үү?
-Тийм ээ. Өөрөө оролдож ч үзээгүй зүйлээ хийж бүтээж чадахгүй гэдгээ хүн яаж мэдэх юм бэ. Хийж үзээд үнэхээр чадахгүй бол багахан хэмжээний мэдлэгтэй болоод орхиж болно. Хийж болмоор шиг байвал тэрийг зуун хувь болтол нь хөгжүүлэх хэрэгтэй. Миний бодол энэ. Би салбар болгонд хүчээ сорино. Энэ бол миний зорилгуудын нэг. Би илтгэл тавьж, хөтлөгч хийж үзсэн. Кинонд мөн өөрийгөө үлдээчихлээ. Бүгд маш сайн, төгс хэмжээнд хүртэл биш байсан ч гэсэн, эргээд харахад надад их сургамжтай, өгөөжтэй санагддаг. Би тодорхой хэмжээнд өөрийгөө засч хүмүүжүүлээд, сайнаар хөгжүүлж чадаж байгаа учраас энэ бүхэн надад л хэрэгтэй. Тэгэхээр би өөртөө үр өгөөжтэй бүх зүйлийг хийнэ.
-ШУТИС-ийн КТМС-ийн маркетингийн удирдлагын ангийг төгссөн гэсэн. Одоо хаана сурч байгаа вэ?
-БХИС-ийн Төрийн захиргааны менежментийн ангид магистраар сурч байгаа. Ирэх жил сургуулиа төгсөнө. Сурах хэзээ ч оройтдоггүй гэдэг их үнэн үг. Тиймээс сурч мэдэх боломж гарвал хэзээ ч хойшлуулахгүй. Оюутан байхдаа ХУИС-ийн эчнээ ангид давхар суралцдаг байсан. Хүн олон ажилтай байх тусмаа бүгдийг нь амжуулж чаддаг юм байна лээ.
-“Азийн модель” агентлагт багшилж байгаа. Шавь нар тань удахгүй гадаадад тоглолтоор явна гэсэн. Энэ тухай сонирхуулаач?
-Агентлагийн маань үйл ажиллагаа их амжилттай байгаа. Маш олон модель бэлтгэж байна. Шавь нар маань ихэвчлэн 12-18 хүртэлх өсвөр насны хүүхдүүд байдаг. Эцэг эхийн заавар зөвлөгөөнөөс гадна багш нартаа итгэл найдварт тулгуурлаж явдаг. Тийм ч учраас би хүүхдүүдийнхээ итгэлийг алдахыг хүсдэггүй. Тэдэндээ маш их хайртай. Шавь нарын маань хувьд, агентлаг хоёр дахь гэр нь болчихсон байдаг. Чөлөөт цагаараа энд ирж, надтай олон зүйлийн тухай ярилцаж суух маягаар үргэлж холбоотой явна. Хүүхдүүдтэй ажиллах нь эргээд намайг их хөгжүүлдэг юм. Бас маш их эрч хүч, урам зориг авдаг. Тэд маань миний амьдралын нэг хэсэг болчихож. Багшилна гэдэг маш том аз жаргал болохоор шавь наргүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй байна. Өнгөрсөн хугацаанд олон төгсөлт хийж, шавь нарынхаа тоог нэмсэн. Гадаад дотоод уралдаан тэмцээнд оролцож, амжилттай яваад нь баярладаг юм. Манжуурт болох үндэсний хувцасны олон улсын арга хэмжээ оролцох, Хөх хотод болох олон улсын Экспо-д хоёр сарын хугацаатай ажиллахаар шавь нар маань бэлтгэж байна. Бид хүүхдүүдээ цалин хөлсгүй тиймэрхүү юманд явуулахаас эрс таталздаг. Хүүхэд гэдэг бол хөдөлмөрийн золиос биш, тодорхой хэмжээгээр урамшуулах хэрэгтэй. Тэдний хүсэл зорилгыг дэмжихийн зэрэгцээ улам сайн болгохын төлөө урамшуулал, цалин хөлстэй зүйлд оролцуулдаг.
-Хувийн бизнес эхлүүлж байгаа гэсэн. Нууц биш, ямар төрлийн бизнес вэ?
-Яг зуун хувь бүтсэн хойно нь хэлье. Одоохондоо 30-40 хувьтай явж байгаа учраас задлах хэмжээнд хүрээгүй. Тэгээд ч болоогүй байхад нь яриад олны хэл аманд өртөөд яахав дээ.
-Таныг УИХ-ын Р.Гончигдоржийн садан, түүгээр ч барахгүй МАН-д элссэн гэж сонссон?
-МАН-д элсээгүй ээ, би нам бус хүн. МАН төдийгүй АН-ын залуучуудын холбоонд ч миний найзууд ажилладаг. Тиймээс би аль нэг нам гэлгүйгээр, залуучуудад хандсан үйл ажиллагааг нь дэмжиж оролцдог юм.
-Урлаг соёлынхон маань улс төрд хөл тавьж эхэлсэн. Таны хувьд ийм бодол байхыг үгүйсгэх аргагүй юм?
-Улс төр сонирхоно шүү. Төрийн захиргааны менежментийн ангид сурч байгаа юм чинь сонирхохгүй байхын аргагүй. Тэгээд ч энэ нийгэмд оршин тогтнохын тулд тодорхой хэмжээнд улс төрийн мэдлэгтэй байх ёстой. Яг одоо биш ч гэсэн, ирээдүйд энэ талын зүйлүүд төлөвлөгөөнд орчихсон явж байгаа. Нам гэдгээр бус иргэн хүний хувьд өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч байх ёстой гэдэг үүднээс ингэж шийдсэн.
-Англи, герман хэлтэй гэсэн. Өөр хэл сурч байна уу?
-Одоогоор өөр хэл судалж амжаагүй л явна. Ер нь франц хэл сурья гэсэн сонирхолтой байгаа. Үсгийг нь дуудаж сураад орхичихсон байгаа, цаашид гүйцэд судална аа. Үүнээс өөр олон хэл сурч, хүсэл мөрөөдлөө биелүүлмээр байна.
-Загварын карьер хэдий хүртэл хөөх вэ. Гадаадад ажиллах санал олон ирдэг байх?
-Малайзад ажиллах боломж гарсан ч оюутан байсан учраас хүлээж аваагүй. Монголоос бусад оронд моделийн ажлыг албан ёсоор мэргэжилд тооцдог. Тогтсон цалин, ажлын байртай. Манайд тийм биш учраас загварын өмсөгчийн хажуугаар өөр хэдэн ч мэргэжил эзэмшсэн болно. Гадаадад суралцах бодол байгаа ч энд хийх ажлуудаа бүтээсний дараа явна даа.
-“SBN” телевийн “Оргил цаг” нэвтрүүлгийг хөтөлж байсан. Өөр телевизээс ийм санал ирж байна уу?
-Хоёр, гурван ч удаа ирсэн. “SBN” телевизэд нэвтрүүлэг хөтөлж, олон танигдсан учраас өөр телевизэд ажиллах хэрэггүй юм шиг санагдсан. Магадгүй, цаашид “SBN”телевизэд өөр томоохон нэвтрүүлэг хөтлөх боломж гарвал өөрийгөө дайчилна аа.
-Ээжээсээ үлгэр дуурайлал авах дуртай мисс маань охид бүсгүйчүүддээ хандаж юуг хэлэх вэ?
-Ээж маань миний хажууд байх нь хамгийн аз жаргалтай. Би өөр юу ч хүсдэггүй. Дунд сургуульд байхдаа жаахан зовоосон байж магадгүй. Одоо харин өөрийн гэсэн ажилтай, цалинтай болсон учраас ээжийнхээ ачыг бага ч гэсэн хариулж, баярын нулимсыг нь илүү олон удаа харах юмсан гэж их хүсдэг. Хийж бүтээхээр зорьсон ажил маань амжилттай болоход ээж минь баярладаг. Түүнээс нь би урам зориг авч, илүү их ажил бүтээх эрч хүчтэй болдог. Эмэгтэй хүн бол хамгийн хүчирхэг ертөнц, түүнийг хэрхэн удирдаж явах нь тухайн хүнээс л шалтгаална. Өөрийнхөө гаргасан шийдвэр, зорьсон зорилгодоо үнэнч байгаад тууштай хөдөлмөрлөөд ирээдүйд амжилттай байна гэдэгтээ бат итгэлтэй байгаасай гэж хүсдэг. Охид бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд “Өөртөө итгэлтэй бай. Чи энэ дэлхийд цорын ганц учраас хэн нэгнийг дуурайх гэж битгий хичээ. Зөвхөн өөрийнхөө ертөнцийг бий болгож, чаддаг зүйлээ хийж, аз жаргалтай байх ёстой” гэмээр байна. Эмэгтэй хүн бол энэ дэлхийн хамгийн гайхалтай ертөнц. Зөвхөн үр хүүхэд өсгөж, гэрийн ажил хийхээр заяагдсан эд биш шүү дээ. Хэрэв эрчүүд эмэгтэй хүнийг хайрлаж, хүндэлж чадвал улам илүү хайр, хүндлэлийг хүлээж авна. Эмэгтэй хүн айлын эзэгтэй боллоо гээд хүсэл мөрөөдлөө хаях ёсгүй. Өөртөө арчаатай байж, зөвхөн гадаа гэлтгүй гэртээ ч гэсэн хамгийн гоё харагдах ёстой. Үүнд тарган туранхай, сайхан муухай байх нь хамаагүй. Хамгимйн гол нь өөртөө зохицсон хувцсаа сонгож, үс зүсээ янзалж чадвал бүх эмэгтэй сайхан харагдаж чадна.
-Найз залуу байгаа юу. Хэр зэрэг өндөр шалгуур тавьдаг бол?
-Яг хайртай хүнээ олоогүй байгаа юм байлгүй. Гэхдээ цаг нь болохоор учрах байх. Өнөр өтгөн айлын эзэгтэй болохыг хүсдэг. Бүр нэг охин, гурван хүүтэй болно гэж боддог. Нэрийг нь арай бодоогүй юм байна.
-Хүйсийг нь хүртэл тодорхойлсон хэрэг үү?
-Эмэгтэй хүн хүүхдийнхээ хүйсийг тодорхойлж төрөх боломжтой гэж сонссон. Ээж маань ч тэгж төрсөн гэдэг. Тэгэхээр би ч гэсэн чадах байх. Аль болох олон хүүхэд төрүүлнэ ээ. Зөв хүмүүжүүлээд, тэжээж чадаж л байвал хүүхэд гэдэг чинь баялаг шүү дээ. Түүнээс биш олон хүүхэд төрүүлбэл зовно гэж огт боддоггүй. Харин ч бүр жаргалтай амьдрах байх.
-Өндөр шалгуурыг тавих хэрэгтэй хэдий ч бодит амьдралд зуун хувь төгс эр хүн гэж байхгүй шүү дээ?
-Эрэгтэй хүнд жаахан голонгуй ханддаг л даа. Яагаад гэвэл, би их эрч хүчтэй хүн. “Энэ ажлыг заавал хийх ёстой. Чи үүнийг хийж чадна” гэж өөртөө хэлдэг. Шантарч буцсан тохиолдол хэзээ ч гаргаж байгаагүй. Хажууд минь ч тийм байгаа хүн байгаасай гэж хүсдэг. Надаас зөвлөгөө, тусламж хүссэн хэнд ч би татгалзаж байгаагүй. Харин эрэгтэй хүний тал дээр би нэлээд хатуу. Надаас хоёр, гурван шат илүү байж л би тэр хүний үгийг сонсох байх гэж боддог. Би бол тийм л хүн. Бүх зүйлийг өөрөө хийчихдэг, хэнээс ч хараат бус учраас энэ тал дээр санаа зовдоггүй. Өөрөө юу ч үгүй байж, зөвхөн эр хүнд найдаж амьдрахыг хүсдэггүй.
-Алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй биз. Ийм тохиолдолд хэрхэн босч ирдэг бол?
-Алдаа гаргаж байсан, гэхдээ сэтгэлд хоногштол явдлыг санахгүй байна. Алдаанаасаа суралцдаг болохоор ахиж давтахгүй байхыг хүсдэг. Алдсан ч арай бага хувьтай байх биз. Хүн чинь алдаж байж л суралцдаг учраас үүнээс айж байгаагүй.
-Хэлэх дуртай үг тань?
-Хүс, зорь, мөрөөд. Түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлө. Хөдөлмөрлөсөн цагт үр дүн нь заавал ирнэ.
Р.Мөнгөн