Бээжингийн олимпийн алтан медалиа хамгаалахаар ганцхан монгол аварга Лондонд ирсэн нь жүдоч Н.Түвшинбаяр. Тэрээр олимпийн наадмаас хоёр дахь медалиа өөрийн болгохдоо чамгүй хүнд бэрхшээлийг даван тууллаа.
Аварга маань медалиа зүүнгүүтээ л эмнэлгийн тусламж авч, үзлэг оношилгоонд явж, дараа нь өрөөнөөсөө ч гаралгүйгээр хөдөлгөөн багатай байсан болохоор хэвлэл мэдээллийнхэн түүнтэй хоёр өдөр уулзаж чадаагүй.
Медаль зүүсэн тамирчин бүр орох ёстой хэвлэлийн бага хуралд ч тэрээр оролцоогүй. Харин бид түүнийг Лондонгоос буцахынх нь өмнөх өдөр (наймдугаар сарын 4-ний бямба гариг) уулзаж ярилцлаа.
Аварга тэргэн дээр суун унаган багын найз, бэлтгэл хангагч ОУХМ Э.Энхбатаар түрүүлэн явж байна.
Нийт Монголын ард түмэн, спорт сонирхогчдын сэтгэл зовоож буй түүний бэртлийн талаар бидний яриа эхэлсэн юм.
-Мөнгөн медалийн төлөө БНСУ-ын бөх Хван Хи-Тэтэй барилдаж байхдаа дөчин хэдэн секунд өнгөрөх үед өөрөө үүрч суухдаа зүүн хөлөө даруулаад бэртэл авсан.
Тэр үед хамаг юм дууслаа л гэж бодож байлаа.
Харин босч ирээд гишгэж үзэхэд болмоор юм шиг санагдаад.
Тэгээд азаар ч гэх юм уу үнэлгээ авч хожсон. Тэрэндээ их баярласан л даа.
Гэхдээ аваргын төлөө барилдаж чадахгүй нь гэж бодохоор шоконд орсон шүү. Тэмцээн дуусаад олимпийн тосгоны эмнэлэгт үзүүлсэн. Бүр хөлний бэртлээр дагнасан эмч ирж үзэн зураг авахад дотор талын шөрмөс нь сунаад, өвдөгний чагтан холбоос нь тасарчихсан байна лээ.
Энд нь шууд хагалгаа хийлгэе гэсэн чинь дотор талын сунасан шөрмөсийг эдгэсний дараа мэс засал хийх шаардлагатай гэсэн.
Түүнд нь багаар бодоход зургаан долоо хоног хэрэгтэй юм байна. Тэгэхээр хоёр сарын дараа мэс засал хийлгэх боломжтой юм билээ.
-Барилдах нь байтугай явахад ч хэцүү мөртлөө финалд гарч барилдана гэдэг зоримог шийдвэр.
Тухайн үед багш, дасгалжуулагч нар битгий барилд гэж зөвлөж байв уу? Та яагаад гарахаар шийдсэн юм бэ?
-Зарим нь бэртлээ улам сэдрээхийн нэмэр, дэмий гэж байсан л даа. Эмч нар ч гэсэн барилдсанаас болж илүү хүнд гэмтэл авах, артерийн судсаа ч гэмтээж магадгүй байжээ, харин азаар гайгүй өнгөрч гэсэн.
Ер нь олимпийн алтан медалийн төлөө барилдана гэдэг олдоход ховор мөч.
Барилдсан бол яах ч байсан юм билээ гэж сүүлд харуусалтай үлдэж магадгүй. Тийм учраас барилдах шийдвэрийг өөрөө гаргасан л даа. Ямар ч байсан нэг шийдсэн юм хийгээд үзье гэж бодож байлаа. Гараад ямарваа нэг боломж хайсан боловч амжилтгүй болсон.
-Хэрвээ эрүүл байгаад барилдсан бол тэр Оросын бөхийг ялна гэдэгтээ 100 хувь итгэлтэй байв уу?
-Одоо бүх юм өнгөрсөн хойно тийм байсан бол гэж яриад яахав. Тамирчны хамгийн том дайсан нь бэртэл гэмтэл. Гэмтэл бэртэл бол хэлж ирдэггүй.
Болохгүй л байсан юм байлгүй дээ.
-Лондоны олимпийн татамид хийсэн барилдаануудаа дүгнээд яривал?
-Эхний тойргоос л өөртөө байгаа бүх боломжоо гаргаж барилдсан л даа.
Бэлтгэл сургуулилт сайн байсан. Хамт олон, багш нар, үндэсний шигшээ багийн алба, холбооны удирдлагууд, бэлтгэл хангалцсан бүх хүмүүс, миний төлөө зүтгэсэн бүх хүмүүст баярлалаа гэж хэлье.
-Энэ жил бэлтгэл сайтай байгаа нь анзаарагдаж байсан. Тиймээс Лондоны олимпод том зорилго тавьж ирсэн болов уу?
-Мэдээж олимпод оролцож байгаа хүн очоод зүгээр ялагдах биш, аль болох хичээж барилдахыг бодно. Оролцож байгаа бүх л хүн тийм бодолтой байгаа байх.
-Эхний хоёр өдөр жүдочид тааруухан барилдахад хүнд байв уу?
-Хэцүү байсан л даа. Тэгээд С.Ням-Очир сайхан барилдаж хүрэл медаль авсны дараа сэтгэл уужраад гоё болсон.
Манайхны хувьд бэлтгэл сургуулилт сайн байлаа. Есөн хүн ирснээс хоёр нь медаль авч, хоёр нь шагналт байрт орсон. Энэ бол боломжийн амжилт.
-Одоо таны сэтгэл санаа ямархуу байна?
-Сүүлийн хоёр жил байгаагүйгээрээ л тайван байна даа.
-Та Монголын спортын түүхэнд төрсөн анхны олимпийн аварга. Харин одоо олимпийн хос медальтай болсон анхны тамирчин боллоо…
-Анхны алтан медалийг аваад ирэхэд дэмжиж, хайрлаж байсан Монголын ард түмнийхээ л ач буянаар дахиж медаль хүртлээ.
Ард түмэндээ баярлалаа гэж хэлье.
Жүдогийн багийнхан түүний барилдааны тухайд “Түвшээ толгойгоо бөнжигнүүлээд ирэхээр сайн барилддаг юм.
Сая бол эхний тойргоос л гурав дараалан цэвэр ялахдаа яг тийм харагдсан, үнэхээр сайн байсан шүү” гэж билээ.
Тэрээр Бээжингийн олимпийн наадамд анх түрүүлэхдээ бас тиймэрхүү, толгой хаялан байсан нь гэнэт санаанд орлоо.