Сонгодог урлагийн гайхамшиг тэр дундаа модерн урлагийг Европ оронд мэдрүүлж яваа авьяаслаг бүжигчин Д.Одсүрэнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна. Тэрээр Герман улсын Алтанбург хотноо сонгодог урлагийнханы дунд жил бүр зохиогддог “Герман Оскар” хэмээх нэр хүндтэй шагналын эзэн болсон юм.
Юуны өмнө эрхэм хүндтэй “Оскар”шагналыг авсанд чинь баяр хүргье. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Баярлалаа. Намайг Дагвын Одсүрэн гэдэг. Баянхонгор аймагт төрсөн. Анх 9 настайдаа Улаанбаатар хотод Хөгжим бүжгийн коллежид шалгуулах гэж ирсэн. Тэрнээс хойш долоон жил ХБК-ийн сонгодог бүжгийн ангид суралцан 2003 онд төгссөн. Дараа нь 2004-2007 он хүртэл ДБЭТ-ийн тайзнаа гоцлол бүжигчин хийдэг байсан.
Анх хэдэн оноос балетаар хичээллэж эхэлсэн бэ? Ямар тэмцээн уралдаанд оролцож байв?
Суралцаж байхдаа маш олон балетын тэмцээн уралдаанд оролцдог байсан. Шанхай, Хятад, Орос, Япон, Болгар, АНУ-д болсон тэмцээнүүдэд оролцсон. Хамгийн сүүлд 2008 онд Rudolf Nureyev гэдэг алдартай хүний бүжгийн нэрэмжит тэмцээнд оролцсон. Тус тэмцээн нь Унгар улсад болсон. Тэр тэмцээнээс Шилдэг өсөх ирээдүйн эрэгтэй бүжигчний шагналыг авсанаар надад Герман улсад ажиллах эрхийг олгосон. Тэрнээс өмнө 2007 онд Канадын Атланта гэдэг газар бүжигчнээр нэг жил ажилласан. Дараа нь Английн “English national Balet” гэдэг газар хэдэн сар ажиллаж байгаад, Монгол хүнд визны асуудал хэцүү байдаг ш тээ, тэр асуудлаас болоод гэрээгээ цуцалчихсан. Одоо Германы ОУ-ын их театрт гоцлол бүжигчин хийж байна даа.
“Театр оскар” хэмээх нэр хүндтэй уралдаанд урьд урьдны жилүүдэд ямар орны хүмүүс шагнал хүртэж байсан юм бэ?
Саяхан 2012 оны 6-р сарын 24-нд Германы Алтанбург гэдэг хотод жил бүрийн сүүлчээр “Театр Оскар” гэдэг сонгодог бүжгийнхэний дунд болдог томоохон уралдаан болсон. Уралдаанд зургаан орны бүжигчдын нэрсэнд манай театр орсон байсан. Тэр дундаа монгол хүний нэр тус номинацид байсанд би маш их гайхахын зэрэгцээ баярласан. Тэр уралдаан болохоос сарын өмнө намайг тус номинацын гала тоглолт дээр шинэ уран бүтээлээсээ бүжиглэж өгөөч гэж урьсан. Тоглож дууссаны дараа бүжигчдын номинацын шалгаруулалт явагдаад миний нэр шүүгдээд гараад ирсэн. Тэр үед өөртөө итгээгүй. Өнөөдөр Германчууд хэр баргын хүнд гавьяа шагнал өгөх хүмүүс биш. Дэлхийд Герман хүн шиг цагаа барьж, ажлаа хийдэг хүн ховор байдаг. Монгол хүн, тэр тусмаа балетын урлагт байгаа хүн театрын оскар гэдэг шагналыг авч байгаагүй юм билээ. Ноднин жил Орос хүн авсан байсан. Энэ жил Хятад, Япон, Орос, Итали, Герман, Монгол гэсэн бүжигчдээс шалгаруулсан байсан.
Та өөрийнхөө ажилладаг театрынхаа талаар манай уншигчдад сонирхуулаач
Миний ажиллаж байгаа театр, ОУ-ын бүжигчдээс бүрддэг. 2 жилийн өмнө захирлаа сольсон. Silvana Schroder гэдэг нэртэй Герман хүн болсон. Тэрнээс хойш шинэ хүн ирсэн учир яг л шинэ байгууллага шиг ажиллаж эхэлсэн.
Сонгодог урлаг таны бодлоор манай оронд хэр хөгжиж байна гэж бодож байна?
Хөгшин Европод сонгодог урлаг өөрөө төрчихсөн. Тэр тусмаа модерн урлаг дэлхийн хэмжээнд хөгжүүлэн баяжуулж гаргаж байна л даа. Тэрнээс үүдэж урлагийн бүх л чиглэлүүд өөрчлөгдөж, дэвшиж байна. Тэрэн дээр жишээ авч хөгжиж байна. Мөн Азид балетын урлаг нилээн хурдацтай хөгжсөн. Тэр тусмаа Монголд сонгодог урлаг дөнгөж бий болж байхад Япон, Солонгос зэрэг орнуудад хэр баргын сонгодог урлаг гэж байхгүй байсан. Тэгэхээр Монголын сонгодог урлаг нилээн олон жилийн түүхтэй, мөн сайн хөгжиж байгаа гэж үзэж байна. Яагаад гэвэл өнөөдөр Монголын балетчид юм уу? сонгодог урлаг дэлхий дээр дэлхийн хэмжээнд бүжиглэж чадах хүртлээ чадалтай сайн болсон. Би 5 жилийн өмнө Монголын театрт бүжиглэдэг байх үе одоогийнхтой харьцуулвал шал өөр болсон. Ер нь Европын сонгодог урлаг үнэхээр гайхалтай. Тэд бүх зүйлийг мэргэжлийн хэмжээнд бэлтгэж хийдэг.
Монголын бүжгийн урлагыг судлах зорилгоор манай улсад нэртэй бүжигчин ирэх гэж байгаа талаар сонссон. Тэр хүний талаар?
Португалын Hugo viera гэдэг бүжиг дэглээч, Германы бүх л орнуудад 12 жил ажилласан хүн юм билээ. Энэ хүн Европ оронд нэр хүндтэй бүжиг дэглээч хүн байгаа. Тэр хүн маш олон жил модерн бүжгийг судлаад, өөрийн гэсэн стильтэй болгосон.
Мөн Европын national opera house дээр урилгаар ажилладаг юм билээ. Би тэр хүнтэй жижиг студи дээр хамтран ажилладаг. Тэр хүнээс би 2 жилийн өмнө та Монголын урлагт нэг хөл том алхахад нь хувь нэмэр оруулаач гэж санал тавьж байсан. Хариуд маань би жаахан бодьёо, төлөвлөгөөнд ороогүй болохоор гэж хэлсэн.
Харин энэ жил өөрийн төлөвлөгөөндөө оруулаад би танай орны урдагийн байгууллагуудтай танилцья, цаашид хэрэг явдал юу болохыг сайн мэдэхгүй байна. Ямартай ч 8-р сарын сүүлч 9 сарын эхээр долоо юм уу найман хоног Монголын үндэсний урлаг болон сонгодог урлагийг харах гэж ирэх гэж байна.
Тэр хүний тоглосон орнуудын балетууд үнэхээр гайхалтай. Би тэр хүний хоёр гурван балетаар нь тоглосон л доо. Хийсэн уран бүтээлд нь оролцоод тойрон аялаад явж байхад үзэгчид босож ирээд алга ташаад уйлдаг юм билээ. Зарим бүжгийн тавилтууд гайхалтай зохиолоор тавигддаг.
Португал улс тийм баян тансаг биш тэнд амьдралын хар цагаан бараан болгон тэнд явагддаг. Тэрнээсээ үүдээд хүний эмзэг сэдвийг хөндсөн зохиолуудаар балетаа тавьдаг юм билээ. Манай Монгол орон тийм их хөгжөөгүй ч гэсэн хөгжиж байгаа буурай орноос илүү.
Ч. Батцэцэг